Бид өмнө нь дэлхийн залуус шийдвэр гаргагчдад хэрхэн үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэдэг тухай танилцуулж нэгэн сонирхолтой хөтөлбөрт урьж байсан билээ. Тодруулбал, өсвөр үеийн залуус үзэл бодол, дуу хоолой, идэвх оролцооныхоо үр дүнд шийдвэр гаргагчдад нөлөөлөх боломжтойг “Өсвөрийн парламент” хөтөлбөр харуулсан. Эл хөтөлбөрийн анхан шатны сургалтууд дууссан бөгөөд оролцогчид өөрсдийн амьдран суугаа орон нутаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлууд хэрхэн хийснийг энэ удаагийн нийтлэлдээ танилцуулъя.
Хөтөлбөрийн товч танилцуулга
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар, УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний утга учиртай оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж буй юм. Хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргээс нийт 90 хүүхэд оролцож, 32 багт хуваагдан нөлөөллийн ажлыг хийлээ.
Тэд аравдугаар сарын 2-ноос арван нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн хүрээнд шат дараалалтайгаар сургалт, уулзалтуудыг авч байв. Ийнхүү хөтөлбөрийн сүүлийн хоёр долоо хоногт буюу арван нэгдүгээр сарын 8-21-ний өдрийг дуустал оролцогчид өөрсдийн оршин суугаа газар, нутаг орондоо үе тэнгийнхэн, анги, сургуулийнхны хамтаар уур амьсгалын өөрчлөлтөд тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн нөлөөллийн ажлаа хийж гүйцэтгэсэн юм.
Нөлөөллийн ажлын ач холбогдол
Томчуудын асуудлыг ерөнхийлж, гүн гүнзгий ойлголгүй орхигдуулдаг байдал нь хүүхэд залууст хохиролтой байх нь бий. Жишээ нь, бид он удаан жилийн турш уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн талаар ярьж байгаа хэдий ч түүнийхээ төлөө дорвитой алхам хийлгүйгээр өдийг хүрч буй нь өнөөгийн хүүхдүүд болон бидэнд өөрсдөд маань ч хүндээр тусаж байгаа. Хүүхдийн нүдээр харсан жижиг ч болов асуудал хамгийн хөрсөн дээр буусан, оновчтой шийдвэрүүд байж чаддаг тул нийгмийн аль ч салбарт хүүхэд, залуусын дуу хоолой, идэвх оролцоо зайлшгүй шаардагдаж байна.
Уг хөтөлбөрийн хамгийн том давуу тал нь байгаль, эх дэлхийгээ хайрлаж, хамгаалахад хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, томчууд, шийдвэр гаргагчдад нөлөөлөх явдал юм. Ийнхүү хүүхдүүдийн оролцоог бүх түвшинд дэмжиж тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэснээр зөв иргэн болж төлөвшин, үе тэнгийнхээ мянга мянган залууст нөлөөлөх боломжтой болж байгаа юм.
Өсвөрийн парламент хөтөлбөрт оролцогчид Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн хүрээнд зохиогдож буй олон улсын хурал, чуулган, томоохон үйл ажиллагаанд урилгаар оролцож, үе тэнгийнхэн, өсвөр үеийнхнийхээ дуу хоолой болсоор байна. Үргэлжлүүлэн оролцогчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь хүргэж байна.
М.Гарьд /Баянзүрх дүүрэг/

Фэйсбүүк хуудас: Өсвөрийн парламент БЗД
Уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн асуудал мэтээр бодон, монголын хөрсөн дээр яаж буух талаар бодож байгаагүй юм билээ. Харин уг хөтөлбөрт хамрагдсанаар шат дараалсан, системтэй мэдлэгийг олж авч чадсан. Хөтөлбөрт албан ёсоор 90 хүүхэд оролцож байгаа боловч биднээс салбарлан 21 аймаг, есөн дүүргийн мянга мянган хүүхэд, залуус уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, парламентын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болж чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Саяхан НҮБ-ын Хүүхдийн сангаас “Post-COP26” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хурлыг зохион байгуулсан. Тус хуралд “Өсвөрийн парламент”-аас сонгогдон, монголын хүүхэд, залуучуудын дуу хоолой болон оролцсон минь бидний зүгээс хийж буй томоохон ажлуудын нэг болон өндөрлөлөө. Учир нь уг хуралд “Өсвөрийн парламент”-д хэлэлцэж буй асуудлууд буюу монголын хүүхэд, залуусын хувьд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүдийг илтгэсэн юм. Ирж буй онд бид "Өсвөрийн парламент"-ын чуулганыг зохион байгуулж, өсвөр үеийнхэнд тулгамдаад буй асуудлуудыг ярилцах болно. Энэ л бидний үе тэнгийнхнээ төлөөлж, тэдний хамгийн тод дуу хоолой болж байгаа жишээ юм болов уу.
Г.Энхжин /Хан-уул дүүрэг/

Фэйсбүүк хуудас: Khan-Uul Youth Parliament
Би уг хөтөлбөрт урилгаар оролцогчдын нэг. Хөтөлбөрт хамрагдсанаар хууль эрх зүй, иргэний боловсрол, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна олон ур чадварыг эзэмшиж чадлаа. Хэдийгээр би өмнө нь сайн дурын ажил олныг хийж байсан ч энэ хөтөлбөр шиг богино хугацаанд их ажил амжуулсан тохиолдол байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн нөлөөллийн ажил богино хугацаанд ирсэн маш том хариуцлага байсан.
Бид багаараа “K-U Youth” гэх төсөл санаачлан дөрвөн сургуульд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сургалт орж, Хобби сургуульд арга хэмжээ зохион байгуулан, Орчлон сургуулийн 6-8-р ангийн сурагчдын дунд “Science Fair” шинжлэх ухаанч бүтээлийн уралдаан зарласан. Мөн өөрсдийн фэйсбүүк хуудсыг нээн хөтөлбөртэй холбоотой сэдвүүдийн хүрээнд олон сонирхолтой постер, видео контентуудыг бэлтгэн хүргэж байлаа. Бидний зохион байгуулсан үйл ажиллагаануудад сурагчид идэвхтэй оролцож байсан нь талархууштай.
О.Шинэтунгалаг /Сонгинохайрхан дүүрэг/

Фэйсбүүк хуудас: SonginoKhairhan Youth Parliament
Миний хувьд өсвөр үеийн хүүхэд, залуусаа төлөөлөн НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан “Post-COP26” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хуралд илтгэгчээр оролцон, дуу хоолойгоо хүргэж чадсан. Хөтөлбөрийн туршид олж авсан мэдлэг мэдээллээ үе тэнгийнхэндээ түгээхээс гадна, хүрээлэн буй орчиндоо ээлтэй ажил хийсэндээ баяртай байна.
Манай баг таван гишүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргээ төлөөлөн “Байгаль эхээ хайрлая”, “Усаа хайрлая” сэдвийн хүрээнд нөлөөллийн ажил хийж гүйцэтгэсэн. Нөлөөллийн ажлаараа бид хоёр сургууль болон Сонгинохайрхан Дүүргийн Хүүхдийн холбоонд Уур амьсгалын өөрчлөлтийн талаар сургалт зохион байгуулсан юм. Эхэндээ зөвхөн хоёр сургуульд сургалт хийхэд нэг л хүртээмжгүй юм шиг санагдаж байлаа. Учир нь манай дүүрэгт 50 гаруй сургууль байдаг. Тиймээс Хүүхдийн холбооныхоо хүүхдүүдэд сургалт орсноор тэднээр дамжуулан илүү олон хүүхэд мэдээлэл түгээх боломжтой юм байна гэж үзсэн нь зөв шийдэл болж таарсан. Мөн амьтад бүхэн экологийн тэнцвэрт байдлыг хангаж байдгийн хувьд бид 15 шувууны үүр хийн Баруун-салаа дахь ууланд байршуулсан.
М.Хүслэн /Сүхбаатар аймаг/

Фэйсбүүк хуудас: Өсвөрийн Парламент Сүхбаатар аймаг
Хөтөлбөр маань эхлээд хэдийн хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон хүүхдийн ертөнцөөр аялж, их зүйлийг сурсан байна. Бид нөлөөллийн ажлаараа бүх насны хүмүүст зориулж “Түн Түнд тохиолдсон явдал” нэртэй үлгэрийн номыг гаргаад байна. Номын агуулгын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг бага насны хүүхдийн сэтгэхүйд тааруулан, сургамжтай байдлаар өгүүлсэн. Уг ном нь англи, монгол, монгол бичгээр бичигдсэн гэдгээрээ онцлогтой. Цаашид цувралаар хүргэхээр зорьж байна.
Бусад аймгийн хүүхдүүд сонин содон олон санаачилгыг гаргасныг дурдууштай. Жишээлбэл, Баянхонгор, Дорнод аймгийн хүүхдүүд хуруу зайг хаях зориулалтын сав хийж, хэрэглээнд нэвтрүүлэхийг олон нийтэд уриалсан. Цаашлаад Дорноговь аймгийн хүүхдүүд нөлөөллийн ажлын хүрээнд эко клубыг байгуулж, одоогоор 20 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Дорнод аймгийн хүүхдүүд “Эрчим хүчээ хэмнэе” уриатай хүүхэд, залуучуудад эрчим хүчээ хэмнэх, зохисгүй хэрэглээг багасгах талаар видео контент бэлтгэн хүргэсэн байна лээ. Ийнхүү Монгол орны өнцөг булан бүрд суугаа хүүхдүүд Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн дор өөрсдийн оршин суугаа газрын онцлог шинж чанарт тохирсон нөлөөллийн ажлуудыг хийж, үе тэнгийнхэн цаашлаад олон мянган хүмүүст нөлөөлж чадсан нь бахархууштай санагдаж байна.

Сэтгэгдэл бичих

