Анх 1908 онд 15 мянга орчим эмэгтэй Нью-Йорк хотноо эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авах, сонгуульд оролцох эрхийнхээ төлөө жагсаж байжээ. Үүнээс жилийн дараа албан ёсоор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь зөвхөн нэг хүйсэд хамаарах бус, хүний эрхийн тухай цогц асуудал юм. Тиймдээ ч бид энэ өдрийг тохиолдуулан "эмэгтэйчүүдийн эрх" хэмээх өргөн сэдвийн хүрээнд нийгмийн төрөл бүрийн төлөөллийг сонгон авч, тэдний бодит түүх хийгээд үзэл бодлыг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.
I. Б.АГиймаа, сэтгүүлч

Дэлхий даяар эмэгтэйчүүдэд тавих шалгуур илүү өндөр байдаг ч Азийн соёл, тэр дундаа монгол эмэгтэйчүүдэд нийгмээс төгс төгөлдөр байх шалгуур тогтоож, түүнд нь хүрэхгүй бол өөлөх, гоочлох үзэгдэл маш элбэг. Өндөр боловсрол мэдлэгтэй, сурлага сайтай байхаас гадна ажил эрхэлж, тогтмол орлого олдог, үүний хажуугаар олон хүүхэд гаргаж "Алдарт эхийн одон" авсан байх, гэхдээ царай зүс бие хаагаа үргэлж тордож өөртөө арчаатай байх, гэрийн ажилд сайн, амттай хоол хийдэг, зөөлөн намбалаг ааштай, даруухан ичимтгий, нөхрөө дээдлэн хүндэлж аль болох ачаалал өгдөггүй, ямар ч араншин гаргаж байсан "хатан" ухаан гаргаж байж аргалж амьдардаг, ажил төрөл ар гэрээ аль алийг нь өөгүй зохицуулж авч явдаг, тэгэхдээ ядарч, цөхөрч, сэтгэл санааны өөрчлөлтөд орж гомдоллох эрхгүй, нэг ёсондоо супер эмэгтэй байхыг Монголын нийгэм тэр аяараа шаарддаг. Ийм хүрч болшгүй стандартын хойноос хөөцөлдөж, төгс төгөлдрийн өвчнөөр шаналж яваа эмэгтэйчүүд маш олон бий.
Боловсрол эзэмшиж, хөдөлмөрийн зах зээлийн талаас илүү хувийг бүрдүүлж, нийгэмд яг адилхан үнэ цэн бүтээж байгаа боловч одоо болтол эр хүний чимэг, өмч, хүн ам нэмэгдүүлэх нөхөн үржихүйн хэрэгсэл, гэрийн үйлчлэгч, эрэгтэй хүний амьдралын ачааллыг хөнгөвчлөх хэрэгсэл төдийхнөөр үнэлэгдэж буй монгол бүсгүйчүүд яг ийм хандлагаас болж хүчирхийлэлд ч элбэг өртдөг. Наад зах нь гудамжинд хөх, өгзөг, эмзэг эрхтэндээ халдуулж үзээгүй монгол эмэгтэй бараг л байхгүй болов уу? Хүссэн хувцсаа өмсөөд, олон нийтийн газар айдасгүй алхаж чадахгүй байна гэдэг нь эмэгтэйчүүдийн эрх хаана явааг хамгийн ойлгомжтой, хялбар, ил тодоор харуулж байгаа хэрэг гэж би боддог. Хүчирхийлэлд өртсөн ч өөрөө буруутгагдаад дуусах тохиолдол элбэг.
Монголд эмэгтэй хүн болж төрснөөр эр хүнээс хоёр дахин өндөр шалгуурыг давж, ямагт нэг алхмын ард алхах заяатай юм шиг санагддаг.
Б.Агиймаа
II. б.мандуул, "Ondo" брэндийн маркетинг хариуцсан захирал

Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ямар түвшинд байгааг харьцуулахын тулд олон талаас нь харах шаардлага гарна. Энд соёлын асуудал ч хөндөгдөнө. Жишээ нь, ази соёлд эцгийн эрхт ёс давамгайлсан байдаг учраас Монгол Азийн улсуудтай харьцуулахад дээгүүр, харин Европ болон Скандинавийн орнуудтай харьцуулахад учир дутагдалтай. Би эмэгтэйчүүдийн эсвэл эрэгтэйчүүдийн эрхийн асуудал гэж хүйсээр ялгалгүйгээр "хүний эрх"-ийн асуудалд түлхүү анхаарал хандуулаасай гэж хүсдэг. Эр, эм юм уу эсвэл ЛГБТК гэж хуваалгүйгээр "бид бол хүн" гэх нэг л хэмжүүр гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ утгаар нь бодож Улаанбаатар хотоо, эргэн тойрноо нэг хараад үзээрэй. Бид үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг дээдэлсэн нийгэмд амьдарч чадаж байна уу?
Жендэрийн эрх тэгш байдал хэмээх ойлголтын талаар ярихаас өмнө эмэгтэйчүүдийн баярын өдрийн талаар авч үзье л дээ. Бид бүхэн "ОУЭЭХӨ" гээд нэрлэчихдэг. Тэгэхлээр тус өдрийг зөвхөн "Эрх нь зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийг хамгаалах ёстой" мэтээр ойлгож нөхцөл байдлыг дан гагц асуудал тулгарсан хүмүүсийн үйл явц руу чиглүүлдэг. Орчин үеийн заах арга ухаанд асуудал дээр төвлөрөх бус шийдэл үзүүлэхийг илүү чухалчилдаг. Энэ нь асуудлыг умартаад зөв гольдролд шилжихэд тусалдаг арга барил л даа. Үүний нэгэн адил бид зөвхөн асуудалд төвлөрөөд зогсох бус үйлдэл хийх хэрэгтэй. Энэ ойлголтыг нийгэмд хэвшүүлэхийн тулд хамгийн эхний хийх алхам бол хүн болгоны "ONDO" нөхцөл байдал, байгалийн өгөгдлийг хүлээн зөвшөөрөх юм. Харилцан адилгүй амьдралын хэв маяг, нийгмийн өөр, өөр "норм"-ыг эзэмшсэн хүмүүст ижил ойлголт өгнө гэдэг амаргүй. Гэхдээ жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголтыг аливаа хүмүүст бага наснаас нь эхлүүлэн системтэйгээр танин мэдүүлж, хүн бүрийн ялгаатай байдлыг ойлгуулах нь чухал. Тиймээс боловсролын системд үүнийг хэрэгжүүлэх нь эерэг үр дүнтэй байх болов уу гэж боддог. Ингэснээр бие биеэ хүндэлдэг "Хүний эрхийг дээдэлсэн нийгэм" бий болно гэдэгт итгэдэг.
Эр, эм юм уу аль эсвэл ЛГБТК гэж хуваалгүйгээр "бид бол хүн" гэх нэг л хэмжүүр гэдгийг ойлгох хэрэгтэй.
Б.Мандуул
III. ч.бат-уянга, эрх зүйч, судлаач

"Эмэгтэй хүн" гэж хэлэхдээ бид дотроо хэнийг төсөөлдөг вэ? Өөрийгөө, ээж, эгч, охиноо, ажлынхаа эмэгтэйг үү? Төсөөлсөн эмэгтэй бүр тань эмэгтэй хүн мөн байх. Мөн төсөөлснөөс тань ч олон янзын эмэгтэйчүүд бий. Энэ удаад онцгойлон хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг яримаар байна. Хөдөө гэдэг нь ч ганц цул ойлголт бус. Аймгийн төв, сум, багт амьдрах хоорондоо ялгаатай. Малчин байх, сумын сургуулийн багш байх ч ахуйн хувьд өөр. Төвөөс алслагдах тусмаа л зарим эрхээ эдлэе гээд ч боломж нь алга. Тухайлбал, эмнэлгийн чанар, хүртээмж тааруугаас нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндээ хамгаалах хэцүү. Ялангуяа хөдөөгийн охидын эрхийг мартаж боломгүй. "Охидын үзлэг" гэх бурангуй зүйлийг хотод халсан байж магад ч орон нутагт байсаар л байна. Насанд хүрээгүй, төвөөс алс, мэдээллээс хол, "энэ чинь хүний эрхийн зөрчил" гэх өнцгөөр эсэргүүцдэггүй зэргээс нь болж эдгээр охидыг "элэг барьж" буй мэт санагддаг.
Нэмээд сум, багт "ээжийн үүрэг"-ийг хуваалцах хүүхэд асрах, гэрийн ажил хөнгөвчлөх нэмэлт үйлчилгээ алга. Үр дүнд нь бие даан сурч, боловсрох, хөгжих цаг ч алга, боломж ч олдохгүй. Энэ мэтээр тоочвол хөдөө рүү, хөдөөгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлого хэрэгтэй. Ер нь цаана нь яг ямар бүлэгт хамаарах хэний эрхийг ярьж буй нь тодорхойгүй, хэт ерөнхий эрх ярихаас гадна хөдөөгийн, хотын, хот дотроо гэр хорооллын зэргээр аль болох нэгж рүү хандсан, тодорхой бодлого хэрэгтэй болов уу.
Монголын нөхцөлд төвөөс алслагдах тусмаа л хамгийн эмзэг асуудал болох нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбогдох эрхээ эдэлье гээд ч боломж бага.
Ч.Бат-Уянга
IV. Б.АРИУНДЭЛГЭР, НАЙМДУГААР АНГИЙН СУРАГЧ

Ирээдүйд би өөрийн гэсэн гэр бүлээ зохиовол зөндөө их хөдөлмөрлөж, эхнэрээ мөнгөнд санаа зовохгүйгээр сайн ажиллана даа гэж боддог. Гэхдээ манай эхнэр ажил хиймээр байна аа гэвэл бид хүүхдүүдээ дуртай нь аргагүй харах болно оо. Би чинь доороо дөрвөн дүүтэй айлын том болохоор хүүхдийг бол ёстой асуудалгүй зохицуулна. Ер нь эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай хүн хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй шүү дээ. Нэгэнт л хамтдаа амьдрахаар шийдсэн бол хайртай хүнийхээ хүслийг нь дэмжих хэрэгтэй.
Эрэгтэй хүмүүс хэнтэй ч юу ч ярилцахгүй байж байснаа гэнэтхэн аймар хүчтэй уурладаг муухай зангаасаа болоод хайртай хүмүүсээ гомдоодог байх. Би ч гэсэн хааяадаа найзуудтайгаа муудалцах үедээ уурламаар санагддаг. Гэхдээ бусад хүмүүс шиг гэр бүлийнхэндээ уураа гаргадаггүй ээ. Тайвшрах хүртлээ хүлээж байгаад л найзуудаасаа уучлалт гуйчихвал зүгээр болчихдог. Том болсон эрэгтэй хүмүүс уураа гартал тэсээд сурчихвал уг нь эхнэр, хүүхдtдээ муухай зангаа харуулахгүй байж болох л байх.
Ер нь эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай хүн хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй шүү дээ.
Б.Ариундэлгэр
V. ч.ган-инж, бизнес эрхлэгч

Орон гэрээ цэвэрлэх, оройн хоолоо хийх, үр хүүхдээ халамжлах гээд гэр бүл доторх үй олон үүрэг хариуцлагууд зөвхөн гэрийн эзэгтэйд хамаатай асуудал мэт хандлага одоог хүртэл Монголд оршин тогтносоор буй нь туйлын харамсалтай. Хоёр охин маань ойрхон зайтай төрцгөөсөн тул манай гэр бүлийн хувьд хүүхдүүдээ асрах, хооллох, унтуулах гээд бүх ажлыг нөхөр бид хоёр эн тэнцүү хуваалцахаас өөр аргагүй. Үүргээ тэнцүү хувааж байгаа энэ зохицуулалтандаа ч бид хоёр туйлын сэтгэл хангалуун байдаг. Хэрэв эхнэр нь санхүүгээ хариуцаж чадахаар байвал нөхөр нь гэртээ суугаад хүүхдээ харж ч болох шүү дээ.
Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлын тухай ярихдаа зөвхөн эмэгтэйчүүдийг онцлох нь өрөөсгөл. Эрэгтэй хүмүүс биднээс зөвхөн булчингийн массын хувьд л ялгаатай. Чи өрхийн тэргүүн юм чинь мөнгө олж гэр бүлээ тэжээх ёстой гэсэн нийтлэг ойлголт эргээд тэднийг дарамтад оруулж улмаар монгол эрчүүдийн дундах амиа хорлолт хүртэл нэмэгдэж байна. Ердөөсөө бид бүгдээрээ эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйс бус "хүн" гэх ойлголт дээрээ л төвлөрөөд, эрхээ ч тэгш эдлэн үүргээ ч хамт хуваалцаад явбал амар биш гэж үү?
Бусдыг уужим сэтгэлээр хайрлах, ойлгох, хүлээцтэй хандаж чаддаг ээжийнхээ хүчирхэг зан чанарыг би хар багаасаа л биширч өссөн. Манай ээж өдийг хүртэл намайг ганц ч удаа шүүмжилж, хүлээлтэнд нь хүрсэнгүй хэмээн зэмлэж үзээгүй. Ээжийнхээ ямар ч нөхцөлгүй хайран дунд бөмбөрч өссөн болохоор би одоо ямар ч дутуугийн мэдрэмж байхгүй, өөртөө итгэлтэй нэгэн болж өссөн болов уу. Охидоо ч гэсэн би ирээдүйд яг л ээжийнхээ өвлүүлж өгсөн энэ зарчмаар өсгөнө дөө гэж боддог.
Чи өрхийн тэргүүн юм чинь мөнгө олж гэр бүлээ тэжээх ёстой гэсэн нийтлэг ойлголт эргээд тэднийг дарамтад оруулж улмаар монгол эрчүүдийн дундах амиа хорлолт хүртэл нэмэгдэж байна.
Ч.Ган-Инж
vi. Ч.ЦЭЛМҮҮН, ДОКТОР

Монголд эмэгтэйчүүдийн эрх, жендерийн эрх тэгш байдалтай холбоотой ажлууд боломжийн хэмжээнд, амжилттайгаар хийгдсээр ирсэн гэж боддог. Мэдээж бүх шатны шийдвэр гаргах бүтцэд эмэгтэйчүүдийн тоо хангалттай биш байгаа нь нэг талаас уламжлал болсон эрчүүд давамгайлах үзэл баримтлал, өрхийн ажил үүргийн хуваариас болоод эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд илүү ногддог хөлсгүй хөдөлмөрийн ачаалал их зэрэг шалтгаантай байж болох юм. Үүнээс гадна төрөөс төрөлтийг дэмжих бодлого явуулдаг ч эх хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа харагддаг. Нэгэнт олон хүүхэдтэй болохыг урамшуулдаг бол төрөөс залуу ээж нарыг дэмжих, хүүхэд асран хамгаалах зэрэгт анхааран ажиллах шаардлагатай. Бага насны хүүхдүүдэд цэцэрлэгт орох хүрэлцээ хангамж муутай байдаг нь эргээд эмэгтэйчүүд эдийн засгийн үр ашиггүй сонголт хийхэд хүргэх магадлалтай.
НҮБ-ын 2020 оны Хүний Хөгжлийн Тайлангийн дагуу жендэрийн эрх тэгш байдлын индекс нь бүсийн болон дэлхийн дунджаас доогуур байгаа юм. Ижил ажлын байранд эмэгтэйчүүд бага цалинтай байх мөн ижил боловсролын зэрэгтэй ч эрчүүдээс 22%-аар бага цалин авдаг болнo. Хэдийгээр манай улсын эмэгтэйчүүд боловсролын хамрагдалтын түвшингээрээ бусад орнуудтай харьцуулахад өндөр ч хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож чадахгүй байгааг дээрх үндэсний статистикийн мэдээллээс харж болно. Үндсэндээ 2008 оноос хойш эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо эрчүүдийхээс илт зөрүүтэйгээр буурсан хэвээр, эрчүүдтэй харьцуулахад эдийн засгийн хямралд эмэгтэйчүүд илүү өртдөг. Ингээд харахад ажил эрхлэлт, цалин хөлс, залуу гэр бүл дотроо эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого боловсруулалт дутмаг байгаа гэж бодно.
Бага насны хүүхдүүдэд цэцэрлэгт орох хүрэлцээ хангамж муутай байдаг нь эргээд эмэгтэйчүүд эдийн засгийн үр ашиггүй сонголт хийхэд хүргэх магадлалтай.
Ч.Цэлмүүн
vii. Ч. Ундрах, "Гүнж" тбб-ийн тэргүүн

Эмэгтэйчүүдийг зөвхөн ахуйн асуудлуудтай холбож, бидний ур чадвар, мэдлэг, туршлагыг үнэгүйдүүлэх хандлага манай нийгэмд их байгаа. Зөвхөн хүйсийн асуудлаас шалтгаалан боломжоос хоцрох, нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах, ажлын байран дээр хүчирхийлэлд өртөх гэх мэт нийгмийн зүгээс эмэгтэй хүнд хандах хандлага хатуу байх шиг надад санагддаг.
Аливаа асуудлыг шийдэхэд улс төрийн хүсэл сонирхол гэдэг маш чухал ойлголт бий. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тал дээр ч энэхүү байдлыг өөрчлөх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүсэл сонирхол манай улс төрчдөд бага байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Хөдөлмөрийн хуульд "Ажлын байрны бэлгийн дарамт"-тай холбоотой заалт оруулахын тулд арав гаруй жилийн туршид олон ажиллаж, нөлөөлөл үзүүлж байж ганцхан заалт оруулсан байх жишээтэй. Ингээд дурдаад байвал дуусахгүй. Одоо бид "Хөөрхөн зүрх ТББ"-тай хамтран "Охидын үзлэг"-ийн эсрэг нэлээн хүчтэй дуугарч, энэ зүйлийг нэр томьёоноос эхлүүлээд бүрэн халахыг зорьж байна. Эрүүл мэндийн үзлэг гэдэг бол сайн дурын үндсэн дээр хүйс ялгалгүй, урьдчилан сэргийлэх зорилготой байх ёстой. Тэрнээс биш "охидын" гэдэг нэр дор хүчээр, мэдээлэлгүйгээр үзэж шалгадаг бүдүүлэг зүйл огт байж болохгүй.
Эмэгтэйчүүдийг үнэлэх нийгмийн үнэлэмж эрчүүдтэй адил байгаасай гэж хүсдэг.
Ч.Ундрах
VIII. Ч.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ГИШҮҮН

Саяхны нэг өдөр би 14 настай охинтойгоо цуг цанын баазад очиж, хамгийн өндөр зам дээрээс гулгахаар тохиролцсон юм. Тухайн үед би охиндоо хандаж "Хоёулаа эмэгтэй хүмүүс юм чинь арай ч ийм өндөр дээрээс гулгаж чадахгүй байх аа" гэхэд манай хүүхэд "Ээж ээ, та ямар жендэрийн мэдрэмжгүй юм бэ? Би чинь триатлоны олон улсын медальтай тамирчин. Хэр баргийн эрэгтэй хүүхдээс ч чадварлаг цанаар гулгаж чадна" гэхэд би дотроо жендэрийн мэдрэмжтэй, хүчирхэг охин өсгөж байгаа юм байна даа гэж өөрөөрөө хэрэндээ бахархсан шүү. Орчин цагийн залуус хүний эрхийн өндөр мэдрэмжтэй болон өсөж буй нь сайшаалтай ч нөгөө талдаа эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн зааг ялгаа улам гүнзгийрч байх шиг. Үүнд өсөж хүмүүжиж байгаа орчин, боловсролын чанар, эцэг эхийн суурь хүмүүжил гээд олон зүйлс үүнд нөлөөлж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн талаар хөндөн ярихад зайлшгүй эдийн засгийн өсөлт давхар яригдах учиртай. Яагаад гэвэл хөгжил буурай улс оронд нийгмийн хаа нэгтээ хүний эрх зөрчигдөх магадлал маш өндөр. Хууль тогтоогч хүний үүднээс би эмэгтэйчүүд хүүхдүүддээ санаа зоволгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх орчинг бүрдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг хангалттай болгох, нөхрөөсөөө эдийн засгийн хувьд хараат бус хүчирхэг амьдрах бололцоог нь нээж өгөх ёстой. Товчхондоо, зөвхөн хэсэг бүлэг эмэгтэйчүүд хүчирхэг, амжилттай карьер бүтээх бус нийгмийн бүх давхаргын бүсгүйчүүд хүчирхэг байх нөөц бололцоог бүрдүүлэх нь туйлын чухал. Иргэддээ ээлтэй нийгмийг бүтээхийг хүсэж байвал өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнх, залуу үе гээд нийгмийн бүх төлөөллийг шийдвэр гаргах түвшинд оролцоотой байлгах нь зүйтэй. Үүний төлөө зөвхөн эмэгтэйчүүд биш, эрэгтэйчүүд ч гэсэн дуугарах ёстой юм. Учир нь гэвэл жендэрийн тэгш эрхийн ойлголт зөвхөн эмэгтэй хүнд хамаарахгүй, хүний эрхийн цогц ойлголт.
Зөвхөн хэсэг бүлэг эмэгтэйчүүд хүчирхэг, амжилттай карьер бүтээх бус нийгмийн бүх давхаргын бүсгүйчүүдийг хүчирхэг байх нөөц бололцоог нь бүрдүүлэх нь туйлын чухал.
unread.media
IX. М.БААСАНДЭЛГЭР, "humanz start up" болон "humanz.mn" сайтын үүсгэн байгуулагч

Маш олон эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтын золиос болохыг бид зүгээр л утаснаасаа хараад бачуурахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа нь харамсалтай. Яахав, амжилттай яваа бүсгүйчүүдийг харсаар байвал нийгэм гэрэлтэй мэт санагдаж болно. Гэвч хаалттай хаалганы цаана хэнд ч хандаж чадахгүй нуугдаж байгаа зуу зуун эмэгтэйчүүд бий. Миний хувьд "Шук нийтлэв" цахим хуудсаараа бүсгүйчүүдэд итгэл, урам зориг өгөх нийтлэл бичиж, тэднийг аливаа зүйлд хашир хандаж сурах ухамсар өгөхийг хичээдэг. Маш жижиг үйлдлүүдийн нийлбэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах том алхам болно гэж боддог.
Манайханд нэг тийм хачин хандлага байдаг. Эмэгтэй гэхээр л хоол хийж, гэр цэвэрлээд, хүүхэд төрүүлж, хувцас угаах ёстой юм шиг. Эрэгтэй гэхээр мөнгө олж ирээд, уйлж гуниглахгүй, хатуу чанга байх ёстой ч юм шиг. Байнга хүнийг хайрцаглана. Энэ уламжлалт ойлголт нь бүр бугшаад, албатай юм шиг байдал үүсчихсэн. Эхнэр нь шалаа угааж байхад удирдлага бариад хэвтэх нь жирийн үзэгдэл. Ийм жижиг зүйлээс л жендэрийн тэгш байдал хангагдахгүй байгаа нь илэрхий харагддаг. Уг нь эмэгтэйгээ хүлээлгүй аль завтай нь хоолоо хийгээд, шалаа угаах нь эрүүл харилцаа шд. Гэтэл үгүй. Эр юм байж, эм юм байж гээд л үүрэг оноогоод байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 87 хувь нь эмэгтэйчүүд. Тэгсэн хэрнээ их, дээд сургуульд суралцагсдын 60 хувь нь эмэгтэй буюу тэд боловсролтой. Ар гэрээ авч яваа хөдөлмөрч эмэгтэйчүүд хаа сайгүй. Нэг тийм хачин зүй тогтолтой. Хүн амын дийлэнх нь эмэгтэй хэрнээ шийдвэр гаргах түвшний оролцоо маш бага. Зүгээр л энэ амьдралын хэцүү бүхнийг нуруун дээрээ үүрч, дотроо асар их гуниг шаналалтай, гаднаа хүчирхэг харагддаг бүсгүйчүүд. Энэ дүр зургаас харахад манай улс жендэрийн тэгш эрх ярих болоогүй.
Хэдхэн жилийн өмнө бол мартаар ээж, охин дүүгээ яаж баярлуулах вэ, ямар бэлэг өгөх вэ гэдэг л санаа зовдог байлаа. Бас өөртөө бэлэг хүлээнэ, догдлоно. Сэтгүүлч болсноосоо хойш баяраар цэцэг авах нь битгий хэл шөнө бүтэн нойртой хонож чадахгүй нөхцөлд байгаа эмэгтэйчүүдийн төлөө юу хийж чадах вэ гэж боддог болсон. Миний нүдээр өнөөдрийн нийгэм эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд халтай. Дэндүү хэрцгий бас харанхуй санагддаг. Нэг өдөр шоудаад дуусахаас илүү нэг хэсэг эмэгтэйчүүдийн төлөө нийтээрээ дугардаг байх юм сан гэж хүсдэг дээ. Бүх эмэгтэйчүүд хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдраасай.
Эмэгтэйчүүдийн эрхийг ямар нэгэн холбоо, ТББ, клуб хамгаалж чадахгүй. Бид өөрсдөө л асуудалд нухацтай хандаж, эмэгтэй хүн эмэгтэй хүнээ гэсэн сэтгэлтэй байж, нийтээрээ байж боломгүй хүчирхийллийн эсрэг нэгдэж чаддаг болсон цагт нийгэм жаахан ч гэсэн өөрчлөгдөх болов уу.
М.Баасандэлгэр
x. dannasdoodlee, дижитал артист

Яг судалгаа хараад үзэхээр эмэгтэйчүүд нь илүү их боловсролтой, удирдах албан тушаал эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс тийм ч бага биш, жендэрээс үүдсэн орлогын хэмжээ нээх зөрүүтэй байдаггүй. Статистикийн хувьд бол манай улс энэ тал дээр "төгс" байгаа хэдий ч бодит амьдрал руу өнгийгөөд үзвэл жижиг зүйл дээр жендэрийн асуудлууд их харагддаг. Мэдээж жендэрийн хувьд эрх тэгш, төгс нийгмийг байгуулна гэдэг нь бараг боломжгүй зүйл хэдий ч бид өдөр тутам бусдад хэлдэг зарим нэг үгс дээрээ анхаарчихвал жижиг ч атугай өөрчлөлт гарах мэт санагддаг. "Одоо хөгширлөө, хүнтэй суугаач" гэх дарамт их ирээд байхаар яарч буруу хүнтэйгээ суух, гэр бүл төлөвлөлтгүй амьдрах , "Яагаад уурлаад байгаа юм, юм чинь ирчихсэн юм уу?" гэхээр эмэгтэй хүн уурлах эрхгүй гэх мэт болчхоод байдаг. Нэг үг өөрчиллөө гээд ялгаа байхгүй мэт боловч олон хүн ийм үгс хэлээд байхаар нийгмийн норм мэт болоод, том асуудалд хөтлөөд байгаа юм шиг.
Манай улс гэлтгүй аль ч улсад тохиолддог, миний хамгийн их эмзэглэж явдаг зүйл бол хүчингийн хэрэг. Хүчин хийсэн хэрэгтнийг би жигшдэг, хохирогч болсон эмэгтэйг буруутгадаг хандлагыг ч ижил хэмжээнд жигшдэг. "Чи хүчиндүүлж байхдаа юу өмсөж байсан юм?", "Угаасаа л явдалтай охин ш дээ" гэж хэрэгтнийг өмөөрөх тусам "Задгай хувцас өмсдөг бол хүчиндэж болно" гэх сэтгэхүй суугаад байгаа мэт. Хүн болгоны хийж чадах хамгийн энгийн эхний алхам бол аливаа хэргийн хохирогчийг буруутгаад өнгөрдөг хандлагаа засах юм болов уу.
Жендэрийн хувьд эрх тэгш, төгс нийгмийг байгуулна гэдэг нь бараг боломжгүй зүйл хэдий ч бид өдөр тутам бусдад хэлдэг зарим нэг үгс дээрээ анхаарчихвал жижиг ч атугай өөрчлөлт гарах мэт санагддаг.
DANNASDOODLEE
Сэтгэгдэл бичих (1)


z zochin 124.110.112.245
X. DANNASDOODLEE digital artist-tai mash ih sanal niilj bn zadgai huvtsac umsuud terniihee ur shimiig hurtej bui hereg gej huchingiin hergiig zuvtguj yarisan zaluu nudend haragdchihlaa baiz.untsug l yumdaa zadgai huvtsaclalaa geed nuguu bie barij chadahgui bgaa gemt etgeediin buruu gj heleed diileeguii dee tm humuus ireeduid ohintoi bolohooroo oilgoh bizee