Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт тавтай морил. Энэ удаагийн дугаараа бид Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ойг тохиолдуулан бэлтгэлээ. 

Энэхүү журналын эзэн Билигзаяа 2011 онд ШУТИС-ийг нисэх хэрэгслийн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд үүнээс хойш мэргэжлээрээ хоёр жил ажиллажээ. Улмаар шинэ "Улаанбаатар олон улсын нисэх буудал"-ын төсөлд барилга угсралтын дизайнерын үүрэг гүйцэтгэж, энэ хугацаандаа барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр туршлага хуримтлуулсан юм. 2015 оноос карбон файбер технологийн чиглэлээр дагнан Монголд энэ төрлийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, хувиараа бизнес эрхэлж байсан туршлагатай. Улмаар 2023 оноос эхлэн Япон Улсад ажиллаж байна. 

Сонирхуулахад, 2025 оны хоёрдугаар сарын 27-нд SpaceX-ийн Falcon 9 пуужингаар саран дээр нэгэн авсаархан сар судлалын төхөөрөмжийг хөөргөсөн билээ. Энэхүү журнал дээр яагаад энэ талаар дурдаж буйг түүний нэг өдөртэй танилцах зуураа мэдэж аваарай. Ингээд түүний журналтай танилцъя.

07:00


Сайн уу? Өглөөний мэнд.

Миний нэг өдөр үргэлж 07:00 цагт эхэлдэг. Японд амьдраад ирэхээр амьдрал яг л цаг шиг зохион байгуулалттай бөгөөд тогтсон дараалалтай болчихдог. Өглөө босоод хоёр аяга ус уусны дараа шүршүүрт орж, өглөөний цайнд талх, өндөг шарж, авокадо, хагас банана идчихвэл ажлын өдрийн өглөөний бэлтгэл хангагдаж байгаа нь энэ. Мөн өглөө бүр ажилдаа явах замдаа ангилж, ялгасан хогоо хаяна. Гэрээсээ гараад хөршүүдтэйгээ мэндэлж, жижигхэн бөгөөд нам гүм гудамжаар дугуйгаа унаад ажилдаа явна. Ажил, гэр хоёр маань ойрхон болохоор гэрээс ажил хүртэл таван минут зарцуулдаг.

Журнал эхлэхээс өмнө нэг зүйлийг хэлэхэд, манай ихэнх ажил нууцлалын гэрээтэй байдаг учраас илүү тодорхой зураг үзүүлэх, ажлын үйл явцын талаар нарийн мэдээлэл өгөх нь хориотой байдаг. Иймд хамгийн боломжит байдлаар энэхүү журналаа бэлтгэлээ. Мөн журналаа сонирхолтой байлгах үүднээс оршил хэсэгт дурдсанчлан Yaoki роботтой би хэрхэн холбогдсоноо хуваалцах болно оо.

10:30


Ажилдаа ирээд хувцсаа сольж, өглөөний хурлаа хийсний дараа тухайн өдрийн ажлын төлөвлөгөөг компьютероосоо хянадаг. Манайх нүүрстөрөгчийн мяндас буюу карбон файбер материалыг ашиглан өндөр технологийн нарийн хийцтэй эд анги үйлдвэрлэдэг, улсдаа нэр хүндтэй компани юм. Энэ ажлыг хийхдээ бид олон улсын стандартуудыг чанд мөрддөг тул үйлдвэрлэлийн үйл явц бүрийг маш нарийн зохицуулах шаардлагатай болдог.

Мартсанаас, би энд ирэхдээ япон хэлний а ч үгүй байсан. Жил гаруйн хугацаанд Юүтүбээс хичээл үзэж, сурсан зүйлээ өдөр бүр ажил дээрээ бататгасаар байгаад одоо хэл маань овоо ойлголцох түвшинд хүрсэн шүү. Онцлог нь, энд англиар ойлголцох бараг боломжгүй тул хэрвээ энд ажиллаж амьдармаар байвал япон хэл сурахаас өөр аргагүй.

Аль нийтлэл эхэлснээс хойш цухуйлгаад байсан сар судлалын робот хөөргөсөн тухай яриандаа одоо оръё. "Yaoki" сар судлалын роботыг Японы "Dymon" компани бүтээсэн. Улмаар хоёрдугаар сарын 27-нд SpaceX-ийн "Falcon 9" пуужингаар "Intuitive Machines" компанийн "Nova-C" хөлгийн хамт саран дээр хөөрсөн юм. Уг роботыг бүтээхэд "Mitsubishi Chemical Group"-ийн өндөр технологийн материалуудыг ашиглан хөнгөн жинтэй, сарны орчны эрс тэс нөхцөлд тэсвэртэй байхаар бүтээсэн. Товчхондоо уг робот жижигхэн биетэй ч сансар судлалд чухал үүрэгтэйн дээр Японы сансар судлалын хөгжлийг дэлхийд сурталчлах нэгэн бэлгэ тэмдэг болж буй юм.

11:00


Өглөөний кофегоо ажлын байран дээрээ ууж, өдөрт шаардлагатай эрч хүчээ нэмдэг. Манай кофе машин ердөө 30 иенээр шинэхэн кофе гаргадаг бөгөөд ажил эхлэхийн өмнөх хамгийн сайхан мөчүүдийн нэг нь энэ юм.

Манай компани карбон файбер эд анги үйлдвэрлэлээрээ Японд төдийгүй дэлхийд нэр хүндтэй бөгөөд сансар судлалын төслүүдэд оролцож, судалгааны прототип бүтээгдэхүүнийг тогтмол үйлдвэрлэдэг. Иймд "Dymon" компани болон JAXA (Japanese Aerospace Exploration Agency) манай туршлага, чадварыг үнэлж, "Yaoki" роботын бүтцийн эд ангиудыг боловсруулахад хамтран ажиллах санал тавьсан. Карбон файбер бол дэлхий дээрх хамгийн хөнгөн бөгөөд бат бөх материал учраас жин, бат бөх чанар нэн чухалд тооцогддог салбаруудын гол бүтцийн материал болдог юм.

11:30


Манай үйлдвэрийн хамгийн чухал хэсгүүдийн нэг нь autoclave бөгөөд энэ нь карбон файбер эд ангийг өндөр даралт, өндөр температурт бэхжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Тэр ч утгаараа аutoclave-ийн өрөө нь үйлдвэрийн хамгийн их анхаарал шаарддаг, техникийн нарийн хяналттай хэсэг. Энд ажиллахдаа бид аюулгүй ажиллагааг хатуу чанд баримталдаг.

Энэ төхөөрөмжийг аварга том жигнүүр зуух гэж ойлгож болно. Өндөр даралт температураар карбоныг боловсруулж, дээд зэргийн чанарын үзүүлэлтийг бий болгоход чухал үүрэгтэй дамжлага юм. Энэ удаа би өчигдөр хэвэнд шахсан эд ангийг задалж, хэвнээс салган хүлээн авах ажлыг гүйцэтгэж байна.

Манайх карбон материалыг өндөр технологиор боловсруулж, "Yaoki" роботын үндсэн бүтцийн эд ангиудыг үйлдвэрлэхэд оролцсон юм. Ингэхдээ, таван тасагт хуваагдан эд ангиудыг үйлдвэрлэж, гараар маш анхааралтайгаар угсрах, наах, тохируулах гэх мэт ажлуудыг гүйцэтгэсэн. 2018 онд Монголд байхдаа Японы сансар судлалын агентлагаас (JAXA) зохион байгуулсан “Хиймэл дагуул, сансрын технологийн системийн инженерчлэл” сургалтад хамрагдах үедээ энэ технологийг өөрөөсөө хол хөндий мэтээр төсөөлж байлаа. Харин өнөөдөр тэрхүү сансрын хол мэт санагдаж байсан ажилд хувь нэмрээ оруулж яваа минь амьдрал хэчнээн баялаг болохыг мэдрүүлж, боломж бидний төсөөлснөөс ч ойрхон байдгийг ойлгуулсан билээ.

12:30


Үдийн хоолны цагаар бид Япон маягийн "бэнто" буюу савласан хоол иддэг. Хоолны үеэр бид амарч, ажлын завсарлага авдаг бөгөөд хамт олонтойгоо ярилцан өдөр бүрийн ажлын явцаа эргэцүүлдэг.

Сансрын төхөөрөмжийн эд ангиудыг үйлдвэрлэхэд олон улсын сансрын стандартуудыг чанд мөрдөх шаардлагатай. Үүнд:
• ISO 14644: Цэвэр өрөө болон хяналттай орчны стандарт
• NASA-STD-6016: Материалын нийцэл ба боловсруулалтын стандарт гэж байдгаас манайх ISO 9100 үйлдвэрлэлийн стандартыг баримталдаг. Мөн дотоодын чанарын удирдлагын тогтолцоог баримталж, бүтээгдэхүүний найдвартай байдал, нарийвчлал, аюулгүй байдлыг хангаж ажилласан.

15:00


Үйлдвэрт маань CNC таван тэнхлэгт зорох машин тэргүүтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд байдаг бөгөөд эдгээр төхөөрөмжөөр өндөр нарийвчлал шаардсан сансрын төхөөрөмж, автомашины эд ангиудыг үйлдвэрлэдэг. Эдгээр төхөөрөмжүүдтэй ажиллахдаа бидний хамгийн гол баримтлах зарчим бол чанарын өндөр түвшин, нарийн ажиллагаа юм.

Яг одоо би удахгүй хийгдэх эд ангийн хэвний боловсруулалтыг таван тэнхлэгт CNC машинаар зорж байна. Бэлдэц том учраас зөөх, нарийвчлалтай байрлуулах зэрэг ажилд тусалж, зорох үйл явцын талаар гүйцэтгэлийн чанар, асуудлыг ярилцдаг.

Роботын дизайны санаа боловсруулалт, баталгаажуулалт, прототип үйлдвэрлэл, туршилт, эцсийн үйлдвэрлэл, хүлээлгэн өгөх хүртэл ойролцоогоор зургаан сарын хугацаа зарцуулсан.


Бид тухайн өдөрт хийх ажлаа ярилцаж төлөвлөөд, гэнэтийн эрсдэл эсвэл алдаа гарах үеийн хугацааг давхар тооцдог. Хэдийгээр манайд хүчирхэг тоног төхөөрөмжүүд байдаг ч машинаар хийх боломжгүй эд ангиудыг гараар өндөр нарийвчлалтай боловсруулж, угсралт хийх нь миний ажил. 2024 онд эхлүүлсэн YAOKI хэмээх саран дээр явагч бяцхан роботын эд ангиудыг хийхэд оролцсон нь надад нэр төрийн, бахармаар үйл явдал байлаа. Манай үйлдвэрийн үзэсгэлэнгийн өрөөнд бидний бүтээсэн карбон эд ангиуд болон бидний хамтран ажилладаг томоохон төслүүдийн бүтээгдэхүүнүүд тавигдсан байдаг нь бидэнд үргэлж урам зориг өгдөг.

Миний хувьд сарны роботын төсөлд анх удаа оролцсон нь энэ бөгөөд роботын эд ангиудыг амжилттай үйлдвэрлэж, чанарын шалгалтыг давсны дараа хийсэн зүйлээрээ, ажлаараа хамгийн их бахархсан. Мөн пуужингийн хөөргөлтийг хамт олонтойгоо хамт үзэж, бидний хөдөлмөрийн үр дүн сансарт хөөрч буйг харах нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байж билээ. Хэзээ нэгэн цагт Монголын сансрын төсөлд гар бие оролцоно доо гэсэн хүсэл төрж байлаа.


18:00


Өнөөдрийн ажил дууслаа. Бид ажил тарахын өмнө хөнгөн цэвэрлэгээ хийнгээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг.

Конбини буюу жижиг дэлгүүрээс оройн хоолоо сонгохоор шийдлээ. Гэртээ ирээд өдрийн хамгийн гоё ажил эхэлнэ. Энэ бол миний судалгаа хөгжүүлэлт хийдэг хувийн төслүүд юм. Гэртээ очоод 3D принтер дээр янз бүрийн загвар бүтээх, туршилт хийх ажилдаа төвлөрөх бөгөөд энэ нь ажлын дараах хамгийн дуртай цаг мөчүүдийн нэг билээ. Энэ үеэр би дизайны шинэ санаагаа бодит болгож, мэргэжлийн ур чадвараа илүү хөгжүүлэх боломжтой болдог.

22:30


Унтахаасаа өмнө ихэвчлэн өдрийн турш хийсэн ажлаа эргэн нэг харж, ахиулсан зүйлсээ тэмдэглэж, ирэх өдрүүдийн төлөвлөгөөгөө боловсруулдаг.

Би өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг бөгөөд өнөөдөр ч мөн тэр өдрүүдийн минь нэг байлаа. Ажил дээрээ хамгийн зүрхшээм, хэцүү санагдах ажлуудыг амлаж авах нь миний ажлаасаа авдаг хамгийн том таашаал юм. Миний ажлын өдөр бүр нэгэн шинэ сорилт, шинэ боломж авчирдаг учраас өдөр бүрийн амьдрал минь утга учиртай байдаг даа.

Миний нэг өдөртэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Энэ хүртэл Сайтама мужийн Фүжимино хотоос Билигээ бичлээ.