Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт тавтай морил. Энэ удаагийн зочноор Английн Лондон хотноо аж төрж буй, боловсролын контент бүтээгч Оргил оролцож байна. Та бүхэн түүнийг Юүтүб сувгаар нь мэдэх болов уу. 

Тэрээр 2012 онд Англи Улсад ЕБС-иа төгсөж, улмаар 2020 онд Голдсмитс, Лондоны Их сургуулийг Бизнесийн тооцоолол ба энтрепренёршип мэргэжлээр суралцаж төгсжээ. Боловсролын контент бүтээх эхлэл нь 2017 онд тавигдсан бөгөөд 2022 - 2023 онд 24 сая захиалагчтай танин мэдэхүйн Юүтүб сувгийн продюсераар ажиллаж байв. Харин одоо хувийн бизнесээ эхлүүлж, илүү олон монгол залуусыг англи хэлээр дамжуулан боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхэд нь хувь нэмэр оруулж буй.       

Ингээд түүний журналтай танилцъя. 

08:30


Сайн уу? Өнөөдөр 2025 оны нэгдүгээр сарын 7. Найман цагт босож өглөөний инсулинаа тарьчхаад хүүхдийнхээ живхийг сольж, хамт жаал тоглолоо. Одоо гарч агаар амьсгалж, 15-20 минут подкаст сонсоод алхана. Доктор Эндрю Хуберман гэх Стэнфордын Их сургуулийн нүд болон мэдрэлийн шинжлэх ухааны профессорын зөвлөснөөр өглөө нарны гэрэлд гарах нь маш олон давуу талтай учир би өглөөд тогтмол алхахыг хичээдэг. Энэ нь ялангуяа гэрээсээ ажилладаг, нэгдүгээр зэргийн чихрийн шижинтэй надад нойрны хэмнэлээ тааруулахад тун хэрэгтэй байдаг юм.

09:15


Сая гадуур алхангаа UFC-ийн тулаанч Д.Батгэрэлийн оролцсон Burii-н подкастыг сонслоо. Одоо кофе уунгаа цахим сургалтын сурагч нар болон сонсогчдоос өглөө бүр ирсэн байдаг зурваст хариулж, бизнесийн өдөр тутмын ажлуудаа амжуулж байна. Сургалт гэснээс, миний бие англи хэлний цахим сургалтаа 2020 оноос бэлдэж, 2023 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо олон зуун сурагчтай болж, овоо жигдрээд явж байгаа. Ойрын 5-10 жилдээ 10 мянган монгол хүнд өндөр чанартай хэлний боловсрол олгохыг зорьж байна. Сурагч нар хэл сурахад хаанаас, хэрхэн эхлэх вэ? гэж их асуудаг. Тиймээс энэ асуултад зориулж үнэгүй хичээл болон зөвлөмжүүдийг Юүтүб хуудсаараа дамжуулан санал болгодог.

Буцаад өглөөний кофе руугаа яриагаа эргүүлье. Би кофег өглөө сэрмэгцээ шууд уудаггүй. Сэрээд дор хаяж нэг цагийн дараа кофе уудаг. Учир нь хүний бие нойрны молекул болох аденозинийг өглөө сэрснээс хойш нэгээс хоёр цагийн турш шингээн цэвэрлэсээр байдаг ба энэ хугацаанд кофе уучихвал үүнд агуулагдах кафеин нь дээрх үйл ажиллагаанд саад учруулж, улмаар ядаргаа бүрэн арилж өгдөггүй.

11:30


Ажлуудаа амжуулчихлаа. Одоо өглөөний цай хийхэд ашиглах шинэхэн талх болон ойр зуур хүнс цуглуулахаар хүнсний дэлгүүр рүү дугуйтай явж байна. Миний хувьд үд болтол мацаг барьдаг учир өглөөний цай болон өдрийн хоолонд нэг л хоол идчихдэг. Эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна нүүрс устай юм идэх бүрдээ тариа тарих шаардлагатай байдаг надад энэ нь амар байдаг юм. Тэгээд ч өглөө хүнд хоол идчихвэл нойр хүрээд ядрах гээд байдаг болохоор нэг мөсөн Intermittent Fasting буюу цагаар мацаг барьчихдаг.

Өмнө нь бичсэнчлэн чихрийн шижинтэй учир эрүүл амьдралд шамдахаас өөр аргагүй. Гэхдээ өвчин тусахаасаа ч өмнө шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн талаар олон ном уншиж, хувьдаа туршилт, судалгаа хийсээр ирсэн. Тийм ч тууштай биш ч 2018 оноос бага багаар өдөрт 14-16 цагаар мацаг барьж эхэлсэн. Доктор Жейсон Фунгийн бичсэн, мацаг барих тухай номыг уншиж, судалгаа хийж, мацаг барьж эхэлснээр жин хасах, эрч хүч нэмэгдэх, анхаарал төвлөрөлт сайжрах гэх мэт олон давуу талыг мэдэрч эхэлсэн шүү.

12:30


Дэлгүүрээс хүнс аваад ирэхэд нэг талдаа 10 минут дугуй унасан байна. Замдаа нөгөө подкастаа үргэлжлүүлэн сонслоо. Одоо миний авч ирсэн шинэ талхаар эхнэр маань надад өглөөний цай хийж өгөх гэж байна. Энэ далимаар бид хоёр удаан төлөвлөсөн хоолны контентоо хийж эхлэхээр болсон.

13:00


Энэ хоолыг яаж хийсэн тухай бичлэг эхнэртэйгээ хамт хийлээ. Одоо хоолоо идчихээд бичлэг эвлүүлэх талаар эхнэртээ зааж өгнө. Манай эхнэр тогооч мэргэжилтэй учир хоолны контент хийх гэж олон жил хүсэж, төлөвлөсний эцэст өнөөдөр эхэлж буй нь энэ юм.

16:00


Өдөр хийсэн хоолны бичлэгээ эвлүүлж дууслаа. Одоо буцаад хувийн ажилдаа төвлөрч, хэсэг суучхаад жюжицүгийн бэлтгэлдээ явна. Өмнө нь өөртөө сахилга бат, тэсвэр хатуужил суулгах гэж жудо, бокс, кикбокс, таеквондо, бүр винчун кунфугаар хүртэл хичээллэж байсан бөгөөд 2018 оноос эхлэн жюжицүгээр хичээллэх болсон. Сонирхуулахад, ирэх хоёрдугаар сарын 1-нд “Grappling Industries” гэх олон улсын тэмцээний 84кг жинд оролцохоор бэлтгэлээ эрчимтэй хийж байна.

18:30


Бэлтгэлдээ ирлээ. Оройн хоолонд шарсан гахайн мах, мөөг, брокколи, амтат чинжүүтэй хоол идсэн боловч зургийг нь авахаа мартжээ. Өглөөний цайныхаа зургийг хэт их аваад ч тэр үү, оройн хоолыг мартаж орхисон байна.

21:00


Бэлтгэлээ тараад найм хагас гэхэд гэртээ ирсэн. Тариагаа арван хоёр цагийн зайтай тарьдаг учир найман цагт оройны инсулинаа тарьчихсан. Гэртээ ирээд өнөөдрийн сүүлийн зууш болох жимстэй тараг идлээ. Одоо намайг бэлтгэлдээ явсан хойгуур нялх хүүхдээ хараад үлдсэн эхнэртээ туслахгүй бол болохгүй. Гучин минут подкаст сонсонгоо гал тогоогоо цэвэрлэх гэж байна. Би ингэж гэрээ цэвэрлэх тун дуртай. Урьд нь цэвэрлэгч, тогооч гэх мэт ажлуудыг бишгүй хийж байсан учир гэрээ цэвэрлэх ер хэцүү санагддаггүй. Харин ч ном эсвэл подкаст сонсонгоо гадуур алхах, гэрээ цэвэрлэх нь өөртөө зориулах цаг болж, тархийг минь цэнэглэж өгдөг.

22:30


Гэрээ цэвэрлэж дуусаад эхнэр, бага хүүтэйгээ хамт цагийг өнгөрөөлөө. Том хүү маань өглөө эрт хичээлтэй учир 20:30 гээд орондоо ордог. Харин би 23:00-с цахим хичээлээ орчхоод унтана.

00:30


Хичээл сая дууслаа. Уг нь эрт амрахыг хичээдэг ч цагийн зөрүүнээс болоод энэ удаа оройтож хичээл орох шаардлагатай болсон юм.

Өнөөдөр миний догдлон хүлээсэн дрон ирсэн боловч ажиллуулж амжаагүй л байна. Энэ жил олон бичлэг төлөвлөсөн байгаа болохоор тэдгээртээ зориулж, бас контентын чанараа нэг шат ахиулахын тулд худалдаж авсан юм. Одоо дэндүү орой болсон байгаа учир маргааш өглөө туршиж үзэн гоё контент хийж сурна даа.

Миний нэг өдөртэй хамт байсанд баярлалаа. Энэ хүртэл Английн Лондон хотоос Оргил бичлээ.