Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт тавтай морил. Энэ удаагийн зочноор Falcons Force (PUBG Mobile) багийн тоглогч Top оролцож байна. 

Түүний мэргэжлийн тоглогчийн карьер 2020 оноос эхэлсэн бөгөөд Astra Academy, Stalwart Esports, Sky Force багуудад тоглосон туршлагатай бөгөөд Дэлхийн тавцанд цөөнгүй удаа “Үнэ цэнтэй тоглогч” (MVP)-оор шалгарч байжээ. 

Ингээд түүний хамгийн сүүлд оролцсон тэмцээн болох Английн Лондон хотноо зохион байгуулагдсан "PUBG Mobile Global Championship 2024"-ийн финалын шатны тоглолтын нэг өдөртэй танилцъя.

07:00


Өглөөний мэнд. Өнөөдөр бидний хувьд маш чухал өдөр. Яг одоо бидний оролцож буй тэмцээн бол PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд нийт 16 баг финалын тоглолтод оролцохоор Лондон хотноо ирээд байна. Багууд “PUBG Mobile Super League”, “PMGC League Stage”-д оролцож, амжилтаараа тэргүүлснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авдаг. Харамсалтай нь ихэнх Ази багууд “PMGC League Stage”-ээс эрхээ авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлдэг. Энэ удаа Монголын хоёр баг финалын шатанд шалгарсны нэг нь манай баг.

Бид одоо зочид буудлаасаа гараад тэмцээн болох байршил руу хөдлөх гэж байна. Сонирхуулахад, бид цагийн зөрүүгээ тооцож, тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө Лондонд ирсэн учраас гадуур гарч, хоттой танилцаад амжсан. Гэхдээ л цагийн зөрүүндээ нэг л дасаж өгөхгүй хэвээрээ байна. И-спорт сонирхдог, тэмцээн уралдаан тогтмол үздэг уншигчид мэдэж байгаа байх. Бид өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд аваргаар тодорч, чамлахааргүй амжилт гаргасан. Тухайн үед бид финалын тоглолт дээр амжилтаараа тэргүүлж байсан ч эцсийн мөчид хоёрт эрэмбэлэгдэж байсан баг биднийг ялснаар манайх дэд байр руу уруудсан юм. Өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын эхний дөрвөн байрын гурвыг нь ийнхүү Монгол багууд эзэлж, PUBG Mobile тоглоомд ноёрхлоо тогтоож чадсан гэхэд болно.

09:30


ExCel London гэх олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд ирлээ. Энд тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр эхний өдөр нь учраас тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болно. Яг одоо Survival Stage болон Last Chance шатны тоглолтуудаас финалын шатанд өрсөлдөхөөр тунаж үлдсэн шилдэг 16 багийн 64 тамирчин тайз руу гарч нээлтийн бэлтгэл хийж байна. Дараа нь бид 30 минут туршилтын тоглолт хийчхээд өдрийн хоолондоо орж, хэсэг амарна.

11:15


Тэмцээний нээлт болж, шууд дамжуулалт эхэллээ. Нээлтийн ёслол ойролцоогоор 20 минут үргэлжилсэн ба манай баг 12-т тайз руу гарч, тайзны зүүн жигүүрт суудлаа эзэллээ. Маргааш болон нөгөөдөр нээлтийн арга хэмжээ болохгүй учраас тоглолтын цагийн хуваарь бага зэрэг өөрчлөгдөнө. Тав орчим минут чихэвч, гар утас зэрэг төхөөрөмжөө шалгаад тоглоход бэлэн боллоо. Эрх тэгш, шударгаар өрсөлдөөн үзүүлэх үүднээс бүх тамирчин цаанаас олгосон Infinix GT20 Pro гар утсаар тоглодог. Нэг тоглолт 45 орчим минут үргэлжлэх бөгөөд тоглолт бүрийн дундуур таван минут, гурван тоглолт бүрийн дундуур 20 минут завсарлана.

Бэлтгэлийн талаар и-спорт сонирхогчид их асуудаг. Тамирчин бүр л өөр өөрийн бэлтгэлийн арга барилтай байдаг байх. Зарим тамирчид тоглохын зэрэгцээ бусад тоглогчдын бичлэг үзэх байдлаар бэлтгэл хийдэг ч миний хувьд тоглоход илүү олон цагийг зарцуулдаг арга барилтай. Үдээс хойш 15:00-аас шөнийн 03:00 хүртэл буюу өдөрт дунджаар 12 цаг тоглодог. Бэлтгэл сургуулилтыг тогтмол хийж байж, чадвараа удаан хадгалж, амжилтаа ахиулах боломжтой.

12:00


Тоглолт эхэллээ. Бидний эхний гурван тоглолт Sanhok болон Erangel map дээр өрнөнө.

Бид өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд цөөнгүй удаа оролцож, долоон удаа Азийн аварга болж байсан ч тухайн үед цахимаар зохион байгуулагддаг байсан болоод ч тэр үү аваргын цом нэг ч удаа авч байсангүй. Миний хувьд эдгээр долоон тэмцээний зургаад нь “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан ч бас л ямар нэгэн цом аваагүй.

16:30


Эхний гурван тоглолт өндөрлөж, хэсэг завсарлаад буцаад тоглолтдоо орлоо. Энэ удаа Erangel болон Miramar map дээр сүүлийн гурван тоглолтоо хийгээд өнөөдрийн зургаан тоглолт өндөрлөв. Тоглолтын бүх оноогоор бид нийт багуудын зургаадугаарт эрэмбэлэгдэж байна. Одоо хэсэг завсарласны дараа нэгийн эсрэг нэг тоглолт болох бөгөөд миний хувьд Guild Esports багийн WAGNERZADA-тай өрсөлдөнө.

Багийн бүрэлдэхүүний хувьд харилцан адилгүй байх бөгөөд зарим багууд сэтгэл зүйч, дасгалжуулагч, аналист гэх мэт олон гишүүнтэй, том бүрэлдэхүүнтэй оролцож байгаа харагддаг. Харин бидний хувьд дөрвөн тамирчин, хоёр арын албаны ажилтан гэсэн цомхон бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Өмнө нь хэлсэнчлэн өнгөрсөн жил дэлхийн аварга болох боломжтой байсан ч сүүлийн тоглолтод хожигдож, дэд байранд шалгарахдаа сэтгэл санааны байдал тун таагүй түвшинд очсон. Манай багийн дасгалжуулагч бидэнд сэтгэл зүйчийн хувиар зөвлөгөө өгч, ярилцдаг болохоор тэр хүнд үеийг давж гарсан даа. Гэхдээ тэмцээний үеэр ямар ч нөхцөл байдалтай тулж магадгүй болохоор мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажиллах хэрэгтэй юм шиг санагдсан.

17:30


Зургаан цаг тоглосны эцэст өнөөдрийн тоглолт дуусаж, бүх багууд оройн хоолоо идэж байна.

Энэ удаагийн тэмцээнд бид нэг сарын өмнөөс бэлдэж эхэлсэн. Тэмцээний үр дүнгээс харахад, бид багийн харилцаа холбоо дутмаг, сэтгэлзүйн хувьд тогтворгүй байснаас болж харьцангуй уналттай, тааруу тоглолт үзүүллээ гэж харж байна. Гэхдээ цаашид бэлтгэл сургуулилт, сэтгэлзүй гэх мэт зүйлс дээрээ тулж ажиллаад ирэх гуравдугаар сард болох тэмцээндээ амжилтаа ахиулах болно оо.

Миний нэг өдөртэй хамт байсанд баярлалаа. Та бүхний шинэ өдөрт амжилт хүсье. Энэ хүртэл Английн Лондон хотоос TOP бичлээ.