Энэ удаагийн “галзуу” бүтээлч санаагаар ETH Zurich-ийн их сургуулийн "ETH Excellence Scholarship" буюу тэтгэлэгт хөтөлбөрийн сурталчилгаа тодорлоо. Уг сургууль нь тэтгэлэгт хөтөлбөртөө хандив босгохын тулд хийсэн гурван цуврал хэвлэмэл сурталчилгаандаа өөрсдийн эхэн үеийн төгсөгч Альберт Эйнштейнийг цагийн ажилтантай харьцуулан харуулжээ.

Альберт Эйнштейн манай цаг үед амьдардаг, боловсрол эзэмшиж чадаагүй, тэгээд хаа нэгтээ хүргэлт хийгээд, эсхүл аль нэг ресторанд тогооч хийгээд явж байна гээд төсөөл дөө. Толгойдоо "Цаг хугацаа гэж юу вэ?" гэх мэтийн элдэв бодол эргэлдүүлээд аяга шаазан угаасан шигээ сууж байсан бол хичнээн хайран билээ? Ингээд бодохоор мөнгө санхүү гэдэг цаас мэт санагдах хэр нь маш олон боломжийн эх үүсвэр байдаг шүү дээ.

Азаар Альберт Эйнштейн боломжийн гэр бүлд өсөн торниж тухайн цаг үедээ ирээдүйг өөрчлөх суут бүтээлээ гаргаж чадсан гэдгийг бид мэднэ. Тэрбээр энэхүү ETH Zurich буюу Цюрих дэх Швейцарийн технологийн холбооны хүрээлэнд 1896-1900 оны хооронд суралцан төгсжээ.

Харин "ETH Excellence Scholarship" бол тэдний магистрын зэрэгт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд хандивын тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрээс жилд 60 оюутныг сургуульдаа элсүүлж ирээдүйн суутнуудад хөрөнгө оруулдгаараа онцлог. Одоогийн байдлаар энэ сургуулиас Нобелийн 21 шагналтан төрсөн бөгөөд физик, хими, эмзүйн салбаруудад томоохон хувь нэмэр оруулаад байна.

Ээлжит зочноор @botgonshar буюу Харвардын их сургуулийн төгсөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал орж кампанит ажлын талаар сэтгэгдлээ хуваалцаж, Ховдоос Харвард руу хүрсэн түүхээ дурдсан билээ.