“Тавцангаар наадагчид” буюу Скэйтбордингийн олон улсын өдрийг тохиолдуулан энэ удаа “Nike” брэндийн 1997 онд хийсэн нэгэн хоржоонт кампанит ажлыг “Уухай” скэйтбоардын холбоотой хамтран хүргэж байна. Уухай!
Бид хотын гудмаар салхи татуулан скэйтборд унаж яваа залуустай тааралддаг. Угтаа 1940 оноос эхлэлтэй скэйтбординг нь гудамжны зам, шат гэх зэрэг элементүүдийг ашиглаж төрөл бүрийн хөдөлгөөн хийдгээрээ соёл гэгдэхүйц болтлоо хөгжсөн зүйл билээ. Тэгвэл соёл гэдэг нь хүний байнгын, идэвхтэй, чөлөөт үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдаж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил, бэлгэ тэмдэг, үнэт зүйлсийн цогц, хүний хөгжсөн түвшнийг хэлдэг. Иймд скэйтбординг нь яах аргагүй орчин цагийн соёлын салшгүй нэг хэсэг юм.
Хөгжиж буй зүйлд үргэлж бэрхшээл тулгарч байдаг шиг гудамж талбайд скэйтбоардын соёлыг ойлгож, хүлээж авдаг хүмүүс тийм ч олон биш байгаа нь харагдана. Жишээ нь: энэхүү видеонд иргэдийн амгалан тайван байдлыг зохицуулагч цагдаа нар скэйтбордингийн соёлд хэрхэн ялгаатай ханддаг тухай хэдийн танил болсон спортын төрлүүдээр зүйрлэн харуулахыг зорьжээ.
"УУХАЙ"

1988 онд 9-13 насны хүүхдүүд анх Самокат (Скүүтэр) хэмээх зүйлээр байрныхаа урд гулгадаг байснаас Монголд скэйтбордын соёл үүсэх эхлэл болжээ. Бидний сайн мэдэх дуучин Б.Сарантуяагийн “Бороо” дууны клипээс бид тэднийг харж болно. Уг нэгдэл удалгүй тарсан ч скэйтбоардын соёлыг үргэлжлүүлэхээр 2013 онд "Уухай" Монголын Скэйтбоардын холбоо байгуулагджээ. Уг холбоо нь Сэкэ, Куша, Одко, Eddie гэх залуучуудын “Dirty Tricks” нэгдлээр эхлэж анхны видеогоо гаргаснаар Монголд скэйтбоард сонирхох хүмүүс нэмэгдэх болжээ.
Одоо ч Монголд скэйтбоардингт зориулсан орчин нөхцөл, соёлын түгээмэл ойлголт байхгүйгээс үүдэж олон нийтийн талбайд "бусдад саад учруулж дуу чимээ гаргалаа"гэх шалтгаанаар хүүхэд залууст торгууль ногдуулдаг тухай "Уухай" холбооны хамтран үүсгэн байгуулагч Одмандах дурдаж байлаа.
Иймд өсвөр үеийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, скэйтборд, экстрим спортыг Монголд хөгжүүлж, ирээдүйн олимпын тамирчдыг бэлдэх, анхны мэргэжлийн заалны "Скэйт Парк"-ийг барихаар Монголын "Уухай" скэйтбордын холбоо зорин ажиллаж байгаа аж.
Энэхүү холбоо нь одоогоор үндсэн 8н гишүүн, 19н тамирчидтай ба Монголд нийтддээ 200-300н хүүхэд залуучууд скэйтбоардоор тогтмол хичээллэсээр байна.
Ээлжит guest contributor болох залуу үеийн төлөөлөл жүжигчин Ц.Номин уг кампанит ажлын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Соёл судлаач Б.Доржпагма (Доно) бидэнд хэрхэн "метафор" ашиглаж, гол санаагаа хөндөж буй тухай тайлбарласан билээ.

Хүн ам нэмэгдэж, хотын хүрээ тэлэх тусам л олон дэд соёлууд үүсэж хөгждөг.
Урбан социологич Роберт Парк
Соёл судлалын үүднээс авч үзэхэд хүн ам ихтэй, том хот болгон өөр өөрийн гэсэн нийтлэг соёлыг бий болгосоор байдаг бөгөөд тэдгээральтернатив соёлууд нь өөр өөрийн тусдаа өвөрмөц хэл, ертөнцийг үзэх үзэл, үнэ цэн, хил хязгаартай байдаг аж. Харин дэд соёлд харьяалагддаггүй хүмүүсийн зүгээс энэ өвөрмөц шинж чанарыг нь ойлголгүйгээр сөрөг хэвшмэл ойлголт буюу "стереотип" хандлагаар хандах үзэгдэл цөөнгүй. Улаанбаатар хотод маань ч к-поп хөгжмийн урсгал сонирхогч, граффит зураач, скэйтерүүд гэх мэт олон төрлийн сонирхолтой бүлгүүдийг харж болно.
Энэ удаа бид өөрсдийн өвөрмөц үзэл санаа, ертөнц бүхий "Скэйтбоард"-ын ертөнцөөр аяллаа. Дараагийн дугаарт биднийг өөр ямар галзуу санаа хүлээж байгаа бол?



