Манай редакцын бэлтгэн хүргэдэг 100 жагсаалтын ээлжит дугаарт тавтай морил. Өмнө нь бид 100 кино, баярын үеэр хийх 100 зүйл зэрэг жагсаалтууд гаргаж байсан бол энэ удаа уншигч таны боловсрол эзэмших, өөрийгөө хөгжүүлэх аялалд туслах аппуудыг жагсаалаа.
Дотоод болон гадаадын 100 аппыг гадаад хэл, ур чадвар, ерөнхий боловсрол, танин мэдэхүй гэсэн дөрвөн бүлэгт хуваан танилцуулж байна. Өөрийн шаардлага, сурах арга барилд таарсан аппаа олж, эрдмийн оргилд гарахыг хүсэн ерөөе.
Гадаад хэл
1. TomYo Ella
TomҮo EdTech боловсролыг технологиор дамжуулан бүх насны хэрэглэгчдэд хүргэх зорилгынхоо хүрээнд TomYo цуврал аппыг хөгжүүлдэг. Энэ зун танилцуулсан TomYo Ella аппын хувьд шалгалт, богино видео хичээл, сонирхолтой тоглоом, ярианы дадлагад тулгуурлан англи хэлний бүх түвшний дүрмийг ойлгож, үгийн сангаа нэмэгдүүлэх боломжийг олгоно.
Үнэ: Нэг сарын 9,900₮, нэг жилийн 89,000₮
Веб: tomyo.mn
Апп: iOS | Android
2. Lingors
“Өөрийнхөө дуртай түүхүүдээр англи хэл сураарай” уриатай Lingors апп олон улсын 27 хэвлэлийн компанийн, 15 түвшний 1700 гаруй хялбаршуулсан номтой. Номоо уншиж байх явцдаа аудиог нь сонсох бөгөөд ном бүр таван ширхэг тесттэй тул төгсгөлд нь ойлгосон эсэхээ шалгах боломжтой.
Үнэ: Нэг сарын 30,000₮, нэг жилийн 120,000₮
Веб: lingors.com
Апп: iOS | Android
3. Brova
Brova аппаас богино хэмжээний кино үзэж, хөгжим сонсонгоо англи болон хятад хэлийг системтэйгээр сурах боломжтой. Хэрэглэгч өөрийн нас, англи хэлний түвшинд тохирсон 200 орчим видео контентоос сонгон үзэж байхдаа дурын үг дээр дарж, Монгол орчуулгыг нь харж болно. Түүнчлэн боловсрол, танин мэдэхүй зэрэг сэдвийн интерактив нийтлэлүүдийг үнэгүй уншиж хэлний чадвараа ахиулаарай.
Үнэ: Нэг түвшин 22,200₮-24,200₮
Веб: lingos.mn
Апп: iOS | Android
4. Easy english mongolia
Easy english апп нь видео хичээл, дүрмийн хичээл, шинэ үг, уншлага, харилцан яриа, киноны хэсэг, зурагт үгс, дасгал ажил, бичих хэсэг, шалгалт зэргээр англи хэл эзэмшихэд шаардлагатай бүх ур чадварыг үр дүнтэй, нэгэн зэрэг дээшлүүлэхэд тусалдаг.
Үнэ: Нэг жилийн 100,000₮
Веб: easyenglish.mn
Апп: iOS | Android
5.Тод толь
Англи, хятад, япон, солонгос хэлний толь бичгээс гадна дүрмийн мэдлэгээ шалгах тестүүд бий. Мөн гадаад дуунууд орчуулгын хамт байршдаг.
Үнэ: Гурван сарын 6,900₮, нэг жилийн 20,900₮
Апп: iOS | Android
6. Neolingo
Neolingo аппын “9-15 насны хүүхдүүд”, “Анхан шатаас гүнзгий”, “Албаны англи хэл”,” IELTS-д бэлтгэх” гэсэн тус бүр зургаан сарын хөтөлбөрүүдээс өөрийн сонирхолд нийцүүлэн сонгож болно. Хөтөлбөрийн хүрээнд сар бүр стори, лекц, дүрэм, үгсийн сан зэрэг нийт 130 минут хичээлийг үзэх ёстой.
Үнэ: Нэг хөтөлбөр нь 125,000₮
Веб: neolingo.mn
Апп: iOS | Android
7. Bolor toli
Болор толь бичиг бол хамгийн баялаг үгийн сантай долоон хэлний толь бичиг юм. Интернэтгүй үед ч ажиллаж болдог давуу талтай бөгөөд үг бүрийн дуудлагыг сонсох боломжтой. Түүнчлэн Чимэгэ технологийн ачаар дуу хоолойгоороо хайлт хийдэг болон шинэчлэгджээ.
Үнэ: Үнэгүй
Веб: bolor-toli.com
Апп: iOS | Android
8. Teme-app
Teme апп нь англи хэлний дүрмийг монгол хэлний дүрэм дээр үндэслэн сурах боломжийг олгоно. TOEFL iBT 100 оноо авахад туслах, мэдлэгийг орон зайн санах ойтой холбож цээжлэх “Мнемоникс” арга дээр суурилсан 5000 гаруй үгийн сантай. Мөн англи хэлний ярианы хэлэнд өргөн ашиглагдах 44 авиаг сурах видео хичээл, дасгал ажилтай.
9. AI ENglish
Хиймэл оюун ухаантай төрөл бүрийн сэдвээр ярилцаж англи хэлээ сайжруулах боломжтой. Мөн ойлгохгүй өгүүлбэрээ монгол хэл рүү орчуулах боломжтой тул англи хэлний бичих, унших чадвараа дээшлүүлэхэд ихээхэн тус болно.
Үнэ: Үнэгүй
Апп: iOS
10. English Enjoy
Уг сургалтын хичээлийг олон улсад англи хэл заах эрхтэй мэргэжлийн багш нар харилцан яриан дээр тулгуурлан заадаг. Сургалтыг цахим хэлбэрээр, ганцаарчилж сурах боломжтой учир өөрийн сонирхол, цаг завдаа тааруулах бүрэн боломжтой.
Үнэ: Нэг сарын 26,500₮, зургаан сарын 79,500₮
Веб: english-enjoy.com
Апп: iOS | Android
11. Misheelstudy
Уг аппаас анхан, дунд, гүнзгий шатны 50 мянга гаруй үгсийн сангаас бүрдсэн Солонгос - Монгол толь бичгийг интернэтгүй үедээ ч ашиглаж болно. Үгийн салаа утга, дуудлага, галиг гэх мэт олон төрлийн мэдээллийг нэг дороос харахаас гадна дүрмийн сантай танилцаж, TOPIC түвшин тогтоох анхан, дунд шатны шалгалтыг өгч болно.
Үнэ: Үнэгүй
Веб: misheel.study
Апп: iOS | Android
12. Солонгос хэл сурах
“Тогло, сур, ярь” уриатай уг аппыг ашиглаад Солонгос хэлний харилцан ярианы хамгийн түгээмэл үг хэллэгүүдийг өөрийн болгоорой. Харилцан ярианд хамгийн их ашиглагддаг 5000 үг болон интернэт холболт шаардахгүй 11 тоглоомтой.
Үнэ: Үнэгүй
Апп: iOS
13. Hippocards
Нийт 14 хэлний 20 мянган үгтэй толь бичиг, 10 мянган төрлийн багцаас бүрдсэн Hippocards апп бол товчхондоо Монгол “Duolingo”. Зөвхөн үг цээжлээд зогсохгүй өөрийгөө шалгах, бусадтай өрсөлдөх гэх зэрэг олон төрлийн нэмэлт боломжтой.
Үнэ: Хоёр сарын 7,900₮, зургаан сарын 19,900₮
Веб: hippo.cards
Апп: iOS | Android
14. Memowords
Memowords бол 10 мянган үгийн сантай, ой тогтоолтын аргаар шинэ үг цээжлүүлдэг апп. Монголын Оюун Ухааны Академийн гадаад хэлний үг цээжлэх сургалтын хөтөлбөр дээр үндэслэсэн учир тархины ажиллах онцлогт тохирсон, сонирхолтой, хөгжилтэй байдлаар хүссэн хэлний үгээ цээжлэх боломжтой.
Үнэ: Нэг багц 5,000₮
Веб: memowords.mn
Апп: iOS | Android
15. Ярианы Солонгос хэл
Солонгос хэлний өдөр тутмын хэрэглээний 1,500 гаруй хэллэгийг уг аппаас сурч болно. Үг, хэллэгүүдийг мэндчилгээ, тоо, харилцан яриа, цаг хугацаа, орон байр, зүг чиг, тээврийн хэрэгсэл, амралтын газар, гадуур хооллох гэх зэргээр ангилсан байх учир солонгос хэл сурж буй хүмүүсээс гадна Солонгос руу явж буй анхан шатны суралцагч нарын аяллыг хялбаршуулж чадна.
Үнэ: Жилийн 4,900₮
Апп: iOS | Android
16. HSK Монгол
HSK Монгол бол хятад хэлний ханзыг түвшин бүрээр нь ангилж, толь бичиг байдлаар хуваасан апп юм. Өөрийн түвшиндээ тохируулан картаар ханзаа цээжилж, мэдлэгээ бататган шалгалт өгөх боломжтой.
Үнэ: Үнэгүй
Апп: iOS
17. Ярианы Япон хэл
Япон хэлний үсэг, өдөр тутмын ярианы хэллэг, үгсийн сан зэргийг нэг дор багтаасан уг аппаас 15 ангиллын хоёр мянга гаруй үгийн дуудлага, ханзыг цээжлэх боломжтой. Хүссэн хэллэгээ тэмдэглэж аваад дараа нь уншиж бас сонсож болдог.
Үнэ: Зургаан сарын 5,900₮
Апп: iOS | Android
18. СОронз ХЯтад хэл
Энэхүү тоглоомжуулсан аппаас таван түвшний 1500 гаруй хэллэг, 2500 орчим түгээмэл ханзыг сурах боломжтой. Тоглоомын зорилго нь ханз бүрийг зөв дарааллаар байрлуулах юм.
Үнэ: Нэг сарын 4,99$
Апп: iOS
19. Mazaalai dictionary
Хамгийн баялаг үгийн сангаас бүрдсэн Англи-Монгол, Монгол-Англи, Орос-Монгол, Монгол-Монгол толь бичиг. Интернэтгүй ашиглаж болохоос гадна хүссэн үгээ хадгалах, дан ба холбоо үгс орчуулах, үгсийн санд ѳѳрийн орчуулгаа нэмэх боломжтой.
Ур чадвар
20. TomYo Skills
Шилдгүүдээс суралц уриатай TomYo EdTech-ийн бүтээсэн уг аппд салбартаа манлайлагч эрхмүүд ажил, карьерын туршлагаа хуваалцдаг бөгөөд одоогоор 15 салбарын 128 гаруй ур чадварын хичээлүүд бий. Санхүүгийн боловсрол, компьютерын үндсэн мэдлэг, ажилд орох ур чадвар, бизнес эхлүүлэх зэрэг амьдралд хэрэгтэй хичээлүүд үнэ төлбөргүй байдаг нь онцлууштай.
Үнэ: Нэг сарын 39,000₮, нэг жилийн 365,000₮
Веб: skills.mn
Апп: iOS | Android
21. TomYo
Гадаадад тэтгэлэгтэй суралцах, мөрөөдлийн сургуульдаа өргөдөл илгээх, шалгалтад бэлдэх зэрэг олон ээдрээтэй асуултад хариулт болох апп бол TomYo. Таван хэлний, зургаан түвшний хичээл, тухай бүрт нэмэгдэх сургалтын төвүүдийн хэлний хичээлтэй. IELTS шалгалтын бүх тест болон стратегийн хичээлүүдийг судлаад зогсохгүй албан ёсны сертификат авах ч боломжтой.
Үнэ: Зургаан сарын 189,900₮, нэг жилийн 249,000₮
Веб: tomyo.mn
Апп: iOS | Android
22. Melearn
Боловсролыг сошиалаар сурах уриатай Melearn аппд контент бүтээгчид фэйсбүүк, инстаграмдаа пост, стори оруулж буй мэтээр хичээл, сургалтаа заадаг онцлогтой. Ингэснээр хэрэглэгчтэй шууд харилцах, дэлгэц ширтэж хичээл хийхээс ондоо аргаар суралцах боломж бүрдүүлж буй. Түүнчлэн апп доторх хичээлүүд видео, подкаст, нийтлэл хэлбэрээр тавигдах тул аль ч хэлбэрээр хүлээн авах боломжтой.
Үнэ: Нэг сарын 39,000₮, нэг жилийн 300,000₮
Веб: melearn.mn
Апп: Android, iOS
23. Memoclass
Монголын Оюун Ухааны Академийн бүтээсэн уг платформоос оюуны хөгжил, оюуны спорт, гадаад хэл, сэтгэл судлалын мэргэжлийн багш нарын хичээлийг үзэхээс гадна контент бүтээгч болж сургалт, ном, бүтээл, блог нийтлэлээ байршуулж хамтран ажиллах боломжтой. Жишээлбэл, спорт өрөлт, шоо эвлүүлэг зэрэг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хичээлүүд нь ихдээ л хоёр минут хүртэл үргэлжлэх тул богино хугацаанд сонирхон судлахад нэн тохиромжтой.
Үнэ: Нэг хичээл 5-12$
Апп: Android, iOS
24. Momade Academy
Момэйд бол гэрээсээ ажиллах хүсэлтэй ээжүүдийг нэгтгэж, ажиллах, нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх зорилготой виртуал туслахын агентлаг. Харин уг апп нь агентлагийн гишүүд болон цахим орчинд ажиллаж, нэмэлт орлого олох сонирхолтой хэн бүхэнд нээлттэй. Апп доторх хичээл, зарлагдсан хөтөлбөрүүдэд хамрагдаж дагалдах даалгавар гүйцэтгэн гишүүн болох сонгон шалгаруулалтад ч оролцож болно.
Үнэ: Үнэгүй
Веб: momade.org
Апп: Android, iOS
25. Odosury
Салбар бүрийн чадварлаг багш нараар бэлдүүлсэн 13 чиглэлийн ур чадварын хичээл болон ЭЕШ-ын хичээл, сонсдог номуудыг зөвхөн нэг удаа төлбөрөө төлөөд л интернэттэй орчинд хязгааргүй үзэх боломжийг Odosury апп бүрдүүлжээ. Мөн premium эрхтэй хэрэглэгчид хичээлээ бүрэн судалсны дараа сертификат авах боломжтой.
Үнэ: Жилийн эрх 365,000₮
Веб: odosury.com
Апп: Android, iOS
26. Meborny
Компьютер, интернэттэй холбоотой төрөл бүрийн сэдвийн хичээлийг багтаасан платформ. Үзэж буй хичээлийн сэдвийн дагуу суралцагчид хоорондоо болон зөвлөх багштайгаа ярилцах асуух булан, тэмдэглэл бичих булан, сурагч нарт зориулсан тусгай файлын сантай нь давуу талтай. Онцлох зарим сургалтад бусад сургалтын хичээлүүд үнэгүй дагалдах ба үзсэн мэдлэгээ бататган шалгалт өгөх ч боломжтой.
Үнэ: Нэг хичээл 99,000-1,100,000₮
Веб: meborny.mn
Апп: Android, iOS
Ерөнхий боловсрол
27. Журамласан толь
Эх хэлээрээ дүрмийн алдаагүй бичихэд туслах апп. Хүссэн үгээ нөхцөл, залгаврын хамтаар хайснаар үгийн утга болоод дүрмийн тайлбар гарч ирэх ба монгол хэлний бүх зөв бичгийн дүрмийг дэлгэрэнгүй тайлбар, жишээ өгүүлбэрийн хамтаар багтаажээ. Интернэтгүй нөхцөлд ч ашиглах боломжтой, мөн үнэ төлбөргүй учраас бичгийн соёлдоо анхаардаг хэн бүхний гар утсанд зайлшгүй байх апп юм.
Үнэ: Үнэгүй
Веб: toli.gov.mn
Апп: Android, iOS
28. Medle
Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн 12-р анги хүртэлх бүх сургалтын материал, сурах бичгүүдийг багтаасан боловсролын цогц платформ. Багш нар уг платформд хүсэлт гаргаснаар боловсруулсан цахим хичээлээ байршуулах боломжтой бөгөөд нөгөө талаас сурагчид бүх ангийн, бүх хичээлийн сурах бичгийг үнэгүй татаж авах, теле хичээл үзэх, дасгал ажиллах боломжтой. Мөн эцэг эхчүүдэд зориулан эрүүл мэнд, хоол зүйн хичээлүүд, хүүхдэдээ уншиж өгөх сургамжит өгүүллэгүүдийг нэмэлт контент хэсэгтээ оруулжээ.
Үнэ: Үнэгүй
Веб: medle.mn
Апп: Android, iOS
29. Монгол бичиг
Уг аппыг ашигласнаар үндэсний босоо бичгээрээ түргэн шивэх боломжтой. Мөн монгол бичгийн нийт 12 хичээлтэй бөгөөд тэдгээр хичээлээс цагаан толгойн үсэгнээс эхлэн галиглаж бичих, хичээнгүй цэвэр бичих, залгавар залгах дүрэм гэх мэт монгол бичигтэй холбоотой бүх агуулгыг авч болно.
30. Bagshiin tuslah
ЕБС-ын дунд болон ахлах ангиудад ордог бүх хичээлийг 20 минутын видео контент болгож, хичээлээ үзэнгээ мэдлэгээ бататгах боломжийг бүрдүүлсэн багшийн туслах апп. Мөн англи, солонгос, хятад зэрэг олон орны хэлний шалгалтад бэлдэх, хөтөлбөрт багтдаггүй уран зураг, гитар, дижитал арт, одон орон, сэтгэл судлал гэх агуулгын хичээлүүдийг ч бэлтгэн оруулжээ.
Үнэ: Нэг сарын 20,000₮
Апп: Android, iOS
31. After School MN
Уг апп нь хичээлээс гадуурх олон төрлийн сургалтуудын танилцуулга, үнэ, хаяг, цагийн хуваарь зэрэг мэдээллийн нэгдсэн сантай. Онцлох цэс нь “урамшуулал” бөгөөд аль нэг сургалтад бүртгүүлснээр сургалт тус бүрээс 50-150 оноо цуглуулж, тэрхүү оноогоороо олон төрлийн бэлэг, эрх авах боломжтой. Жишээлбэл, 140 оноо цуглуулбал хичээлийн хэрэгсэл, 460 оноо цуглуулбал англи хэлний сургалтын эрх авч болно.
Үнэ: Нэг сургалт 200,000-1,500,000₮
Веб: afterschool.mn
Апп: Android, iOS
32. YESH.MN
Уг аппыг ашиглан 2015 оноос хойших ЭЕШ-ын бүх хичээлийн бүх даалгаврыг хийж, элсэлтийн шалгалтдаа бэлдэхийн зэрэгцээ мэргэжил сонголт, их сургуулиудын талаарх мэдээллийг авах боломжтой.
Үнэ: Нэг жилийн 89,000₮
Веб: yesh.mn
Апп: Android, iOS
33. Үндэсний бичиг
Уг аппыг монгол бичгээр баримт бичиг хөтлөх, боловсруулах, цахим орчинд хэрэглэх чадвар эзэмшүүлэх зорилгоор бүтээжээ. Цагаан толгой, суурь ойлголт, сорил, видео хичээл гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх хичээлүүдтэй.
Үнэ: Үнэгүй
Апп: Android, iOS
34. Mathematic
Математик бол Ерөнхий боловсролын сурагчдад заадаг математекийн онолуудыг багтаасан апп юм. Тоо тоолол, анализ, тригонометр, магадлал, алгебр, хавтгайн геометр, огторгуйн геометр, хэмжүүр, анхны тооны зэрэг олон онолууд бий.
Үнэ: Үнэгүй
Апп: iOS
Танин мэдэхүй
35. Englighten
Бизнес, эрүүл мэнд, түүх намтар гэх зэрэг 11 сэдвийн дэлхийн шилдэг ном, бүтээлүүдийн гол агуулгыг 20 минутад багтааж, хураангуйлан тайлбарладаг апп. Аудио болон текст хэлбэрийн аль хүссэнээрээ хүлээн авах боломжтой.
Үнэ: Нэг жилийн 49,900₮
Веб: enlighten.mn
Апп: Android, iOS
36. Дино хүрд
Бага ангийн сурагчдад зориулсан, тоглоом тоглонгоо хүрд цээжлүүлэх апп. Дүрс эвлүүлэх, амьтны нэр таах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрөөнгөө шинэ зүйлс сурч мэдэх нь хүүхдэд хэт ачаалал өгөхгүй бөгөөд богино хугацаанд үр дүнтэй цээжлэхэд нь тустай.
Үнэ: Үнэгүй
Апп: Android, iOS
37. Noda kids
Нэг болон хоёрдугаар ангийн сурагчдад монгол хэлийг сонирхолтой аргаар заадаг апп. Багачууд төрөл бүрийн амьтдын дүрс, зургийг ажиглангаа үсэг таних, нүдлэх, унших чадвартай болох юм.
Үнэ: Үнэгүй
Апп: Android, iOS
38. Zuuzuu
Хүүхэд багачуудад хүүхэлдэйн киногоороо хэдийн танил болсон Зуузуугийн найзууд уг аппаар дамжуулан үлгэр, түргэн хэллэг, зүйр цэцэн үг, дуу, шүлэг заадаг.
Үнэ: Үнэгүй
Апп: Android, iOS
39. Марчаахай
Марчаахай нь дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаар дамжуулан 2-8 насны хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой апп юм. Уг аппд Монголын зан заншил, уламжлал, түүх соёлыг таниулсан, хүүхдийг багаас нь зөв хүн болж төлөвшүүлэхэд чиглэсэн контентуудыг байршуулжээ.
Үнэ: Үнэгүй
Веб: marchaakhai.mn
Апп: Android, iOS
40. Memokid math
Өмнө нь дурдсан Hurundai аппын адилаар түргэн бодолтын апп юм. Уг аппыг түргэн бодолтын хөтөлбөрийн төгсөгч болон тамирчид ашиглаж түргэн бодолтын чадвараа ахиулах, тэмцээн уралдаанд бэлдэхэд хамгийн тохиромжтой.
Үнэ: Гурван сарын 35,000₮ зургаан сарын 55,000₮, Жилийн 95,000₮
Веб: memokid.com
Апп: Android, iOS
41. Sonos books
Бид нийт сурч буй зүйлийнхээ 85 хувийг сонсож сурдаг гэнэ. Энэхүү аппыг ашиглан гадаад дотоодын, олон төрлийн, албан ёсны эрхтэй номыг гар утаснаасаа сонсох боломжтой.
Үнэ: Нэг сарын 25,500₮
Веб: sonos.mn
Апп: iOS, Android
42. Нарны аймаг
Эвлүүлдэг тоглоом тоглонгоо нарны аймаг, сансар огторгуйн талаарх мэдлэгээ тэлэх апп. Зураглал, харагдацын хувьд VR технологийг ашиглан бодит мэдрэмж төрүүлэхээр бүтээсэн тул бага насны хүүхдүүдэд тун сонирхолтой байх болно.
Үнэ: Үнэгүй
Апп: Android, iOS
43. М+
Дэлхийн шилдэг олон зуун бүтээлүүдийг түрээслэн уншиж эсвэл сонсож болохоос гадна “Товч ном” цэсээс номын хамгийн чухал санааг 20 минутад багтаан сонсох боломжтой. Номоос гадна хувь хүний хөгжлийн агуулга бүхий сонирхолтой подкастуудыг ч мөн багтаажээ.
Үнэ: Нэг сарын 14,900₮
Веб: mplus.mn
Апп: Android | iOS
44. Ulger
Дэлхийн шилдэг үлгэрүүд болон монгол ардын үлгэрүүдийг аудиогоор сонсох, текстээр унших боломжтой апп бол Ulger. Дуртай үлгэрүүдээ өөрийн авдарт нэмэх, найзуудтайгаа хуваалцах зэрэг олон функцтэй.
Үнэ: Үнэгүй
Апп: Android | iOS
45. Tungaamal toli
Тунгаамал толь нь Чимэгэ монгол дуу яриа боловсруулагч технологийн тусламжтай хэлсэн үгийг таньж түүний салаа утгуудыг монгол бичгийн хувилбартай нь харуулдаг. Эх бичгээ түгээн дэлгэрүүлж, шамдан суралцаж буй хэн бүхний ашиглах ёстой апп юм.
Үнэ: Үнэгүй
Апп: Android | iOS
Гадаад хэл
46. Duolingo
Хагас тэрбум хэрэглэгчтэй Duolingo хэзээд хэрэглэхэд амар байдал, сонирхолтой шийдлүүдээрээ ялгардаг. Цуглуулсан оноогоор найзуудтайгаа өрсөлдөж, "амь"-аа алдахгүйн тулд шамдан суралцах болно. Суралцах цаг, арга барил, хурдаа өөрөө тохируулах бүрэн боломжтой. Хамгийн сонирхолтой нь цаг үетэй холбоотой контент орчуулах, ярих, бичих даалгавар хийх зэрэг нэмэлтүүдтэй.
Үнэ: Нэг сарын 6.99$, нэг жилийн 83.88$
Веб: duolingo.com
Апп: Android | iOS
47. Quizlet
Аливаа шалгалтад бэлдэхдээ тухайн сэдэв, бүлэг эсвэл чухал ойлголтын дагуу асуулт зохиож, өөрийгөө сорих нь бүх цаг үеийн хамгийн амжилттай аргуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Энэхүү аппаар дамжуулан тэрхүү стратегийг сонирхолтой, хүртээмжтэй, хялбар байдлаар хэрэгжүүлэх боломжтой.
Үнэ: Нэг сарын 7.99$, нэг жилийн 35.99$
Веб: quizlet.com
Апп: Android | iOS
48. Grammarly
Орчин цагт англиар бичих, ярих хэрэгцээ хаа сайгүй. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд Grammarly оюутнууд төдийгүй мэргэжилтнүүдийн чухал хэрэгсэл болсон. И-мэйл бичих, гадаад хүнтэй чатлахаас эхлээд эсээ бичих, илтгэл танилцуулах, тайлан бэлдэх зэрэгт алдаагүй зөв бичих нь чухал. Тэр үед хамгийн тус болох апп бол эргэлзээгүй Grammarly. Зөвхөн дүрмийн алдаагаа засуулаад зогсохгүй үгийн сонголтоо сайжруулах, өгүүлбэрийн хэлбэрийг өөрчлөх, эх сурвалж шалгах зэрэг олон функцтэй.
Үнэ: Энгийн функцүүд нь үнэгүй. Бүх функцийг ашиглахыг хүсвэл нэг сарын 30$, нэг жилийн 144$
Веб: grammarly.com
Апп: Android | iOS
49. Promova
Promova нь угтаа англи, испани, япон, франц, араб, хинди зэрэг олон хэлэнд зориулагдсан боловч хэрэглэгчийн зүгээс англи хэлээ сайжруулах зорилгоор ашиглавал зохистой хэмээн зөвлөе. Группийн сургалт, онлайн багштай ганцаарчилсан сургалт гэх мэт аппын нэмэлт боломжууд нь одоогоор зөвхөн англи хэл суралцагчдад зориулагдсан учраас тэр. Анхнаас гүнзгий шат хүртэлх төрөл бүрийн хичээлүүдийг та бизнес, аялал, энгийн англи хэл гээд өөрийн хэл сурах шаардлагаасаа хамааруулан сонгох боломжтой.
Үнэ: 4 хичээл 31.99$, 20 хичээл 99.99$
Веб: promova.com
Апп: Android | iOS
50. Tandem: conversation exchange
Хэл сурна гэдэг нь тэр чигтээ тасралтгүй суралцах, сурснаа тогтмол ашиглах тухай ойлголт. Тийм ч учраас зөвхөн ном шагайж, дүрэм судалж цагаа "үрж" байхаар гадаад найз нөхөдтэй болж, тэдэнтэйгээ харилцан, соёлыг нь судалж, "дунд" нь орж, тухайн хэлээрээ амьсгалж чадвал хэл сурах явц илүү үр дүнтэй байдаг. Tandem танд ижил зорилготой нөхөдтэй болж, тэдэнтэй хамт хэлний чадвараа хөгжүүлэх боломжийг олгоно.
Веб: tandem.net
Үнэ: Энгийн функцүүд нь үнэгүй. Бүх функцийг ашиглахыг хүсвэл нэг сарын 13.99$, нэг жилийн 79.99$
Апп: Android | iOS
51. Ewa english language learning
Duolingo зэрэг аппуудын санал болгож буй хэл сурах уламжлалт арга барил хэтэрхий хоцрогдсон хэмээн бодсон энтрепренер залуу 2018 онд анх Ewa аппыг бүтээжээ. Уг апп тест бөглөх, дүрэм давтах, өнгөрсөн одоо ирээдүй цагийн учир жанцанг тайлбарлаж таныг зовоохгүй. Ердөө л таны хамгийн дуртай “pop culture” сэдвүүд, олон ангит цуврал, киногоор дамжуулан англи хэлний түвшинг тань ахиулах юм.
Үнэ: Нэг сарын 8.95$, нэг жилийн 47.4$
Веб: appewa.com
Апп: Android | iOS
52. Babbel: language learning
Duolingo-той харьцуулахад Babbel нь унших, бичих, сонсох, ярих зэрэг бүх чадварыг нэгэн зэрэг хөгжүүлдгээрээ давуу талтай. Нийтдээ 14 хэлний сонголттой бөгөөд төрөлх хэл дээрээ тулгуурласан заах арга зүйгээр хоёрдогч хэлийг сурах боломжтой. Мөн Babbel-ийн хиймэл оюун ухаан таны даалгавар бүрийн гүйцэтгэл, алдсан тест дээр тань анализ хийж, дараагийн тестээ бэлддэг нь тухайн хэлийг өөрийн түвшиндээ тааруулан үр дүнтэй сурахад тун тустай.
Үнэ: Нэг сарын 14.95$, нэг жилийн 89.40$
Веб: get.babbel.com
Апп: Android | iOS
53. BUSUU
Уг апп бусад ижил төстэй аппуудтай харьцуулбал дүрмийн маш сайн хичээлүүдтэй. Энэхүү аппаас нийт 12 хэл сурах боломжтой бөгөөд төлбөр нэмж төлснөөр нэрэмжит хэлний шалгалтыг нь өгөн батламж авах, явцын шалгалтуудад оролцох, бизнесийн англи хэлний хичээлд суух боломжтой.
Үнэ: Нэг сарын 13.95$, нэг жилийн 83.40$
Веб: busuu.com
Апп: Android | iOS
54. ELSA: Learn and speak english
Англи хэл сурч буй хүмүүст тулгардаг түгээмэл асуудлуудын нэг бол яахын аргагүй ярианы чадвар болон дуудлага байдаг. Дүрэм, бичих чадвар, үгсийн сан зэрэг дээр удаан хугацааны академик оролдлогын ачаар сайжирч болдог ч дуудлагаа засах, яриагаа сайжруулахын тулд орчинд нь суралцах, байнга хэрэглэх, хүнтэй ярилцах шаардлага гардаг. ELSA апп яг л энэ асуудлыг шийдэж буй. Аппыг анх ашиглахад хэд хэдэн сорилоор таны яриа болон дуудлагын чадварыг тодорхойлох бөгөөд үүний дараа хиймэл оюун ухаан зөвхөн танд зориулсан хичээлийн хөтөлбөрийг боловсруулдаг.
Үнэ: Нэг сарын 11.99$, нэг жилийн 74.99$
Веб: elsaspeak.com
Апп: Android | iOS
55. Memrise
Memrise нь зөвхөн гадаад хэл сурахад төдийгүй түүх, газарзүй, шинжлэх ухаан, энтертэйнмент гэх мэт бүхий л сэдвээр ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд тустай апп юм. Википедиа шиг хэрэглэгчид өөрсдөө контент бэлдэн нийлүүлдэг онцлогтой. Хэлний курс нь Duolingo-той адил тоглоомжуулсан бүтэцтэй бөгөөд шинэ үг сурах, дасгал гүйцэтгэж дуусгах болгондоо оноо цуглуулж түвшин ахидаг. Төлбөр төлсөн тохиолдолд апп дотор тухайн хэлний дуудлага, сонсох болон дүрмэнд зориулсан тусгай хэсгүүд нэмэгдэж, унаган хэлтэй хүмүүстэй видеогоор харилцах боломжтой.
Үнэ: Нэг сарын 8.49$, насан туршийн 119.99$
Веб: memrise.com
Апп: Android | iOS
56. Mondly
Хэл сурах явцдаа бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь шинэ үгийг эх хэл рүүгээ орчуулж ойлгох, харанхуйгаар цээжлэх явдал байдаг гэнэ. Mondly-ийн гол онцлог нь дан ганц үг бус хэлц үгэнд төвлөрч, тэдгээрийг энгийн харилцан ярианд хэрхэн ашиглахыг заах болно. Мөн чатботтой нь харилцан ярьж, дуудлагаа засуулж болох нь үнэхээр том давуу тал. Хувийн багштай боллоо л гэсэн үг.
Үнэ: Нэг сарын 9.99$, насан туршийн 89.99$
Веб: mondly.com
Апп: Android | iOS
57. BBC learning English
Дэлхийн шилдэг медиа компаниудын нэг хэл сурах үнэгүй боломжийг олгож байна. Хэдийгээр хөгжүүлэлт хийхээ зогсоосон ч BBC-ийн архиваас та 41 хэлийг видео болон дүрмийн хичээлээр дамжуулан үзэх боломжтой. Мэдээж тэд өөрсдийн давуу тал болох мэдээний контентоор дамжуулан тухайн хэлний түүх, үгийн утга санаа зэргийг нэн сонирхолтой байдлаар заах болно. Guide To хэсэг танд сурч буй хэлнийхээ талаар үндсэн мэдлэгийг олж авах боломжийг олгоно. Аяллаар явж буй хүмүүст зориулсан "хэллэг"-үүд нь их үр дүнтэй. Англи, испани, герман, франц зэрэг зургаан хэлний 12 долоо хоногийн курсийг нь сонирхоод үзээрэй.
Үнэ: Нэг сарын 9.99$, насан туршийн 89.99$
Веб: bbc.co.uk
Апп: Android | iOS
58. Pimsleur
Уг аппыг бүтээгчид 30 өдрийн турш өдөрт 30 минутыг зарцуулаад герман, испани, франц, итали, хятад, япон хэлний ярих ур чадварыг сурах боломжтой хэмээн амлажээ. Pimsleur апп дуурайн хэлүүлэх, асуулт асуух зарчмаар ажилладаг.
Үнэ: Сарын 20.95$
Веб: pimsleur.com
Апп: Android | iOS
59. Lingoda
Өндөр үнэтэй, гадаад хэлний дамжаа эрэлт өндөртэй байдгийн гол шалтгаан нь амьд харилцаа шүү дээ. Ямар ч мундаг хиймэл оюун ухаан, хором ч уйдахааргүй тоглоомууд хоорондоо харилцан ярих, багшийн удирдлага дор суралцах үйл явцыг орлохгүй. Хэрэв та хэлний сургалтад суумаар байгаа ч цаг зав, санхүүгийн асуудлаас шалтгаалан хойшлуулсаар байгаа бол Lingoda-г яг одоо татаад ав. Олон жилийн туршлагатай мэргэжлийн багш таны түвшинд тохирсон хичээлийг Zoom-ээр заах болно.
Веб: lingoda.com
Үнэ: Групп: 4 хичээл 59$, 20 хичээл 219$
Ганцаарчилсан: 4 хичээл 139$, 20 хичээл 489$
Апп: Android | iOS
60. Drops
1000 ширхэг хөзрийг цээжлээд нэг бүрчлэн нэрлэж чаддаг ой тогтоолтын аваргуудын нууц нь юу гээч? Тэд хөзөр тус бүрийг цээжлэх бус бүхэл зургаар нь тархиндаа тогтоодог аж. Яг энэ аргыг ашиглан бүтээсэн апп бол Drops. Уг апп нийтдээ 39 хэлний сонголттой. Хоол хүнс, аялал, бизнес, технологи гээд хэдэн арван сэдвээс сонгож болно. Гэхдээ Drops нь зөвхөн үг цээжлэхэд зориулагдсан бөгөөд дүрмийн хичээл, яриа, дуудлагын дасгал зэрэг нэмэлт боломж байхгүй гэдгийг анхаараарай.
Үнэ: Нэг сарын 13$, насан туршийн 160$
Веб: languagedrops.com
Апп: Android | iOS
61. Preply
Нийт 24 орны хэлийг 32 мянга гаруй багш нараас сурах боломжтой апп бол Preply. Өөрийн цагийн хуваарь, сонирхолд нийцсэн багшаасаа ганцаарчилсан хичээл авч болох ба хүсвэл өөрөө ч гэсэн багшаар бүртгүүлэх боломжтой.
Үнэ: 29$ - 49$
Веб: preply.com
Апп: Android | iOS
Ур чадвар
62. IXL
Математик, англи, испани хэл, шинжлэх ухааны 8,000 төрлийн хичээлээс сонгон суралцах апп бол IXL юм. 3-18 насны 14 сая гаруй хэрэглэгчтэй тус апп интерактив хариулт, хариулт бүрийг нарийвчлан тайлбарласан зааварчилгаа, хэрэглэгч бүрд зориулан гаргасан зөвлөгөө зэргээс бүрдэнэ.
Үнэ: Нэг сарын 9.95$, нэг жилийн 79$
Веб: ixl.com
Апп: Android, iOS
63. The Great Courses
Их сургуульд өөрийн биеэр суралцаагүй ч дээд боловсролтой болохыг хүсэж буй бол The Great Courses аппыг туршаад үзээрэй. Зөвхөн академик болосвролоос гадна хувь хүний хөгжил, хөгжим, зураг авалт, хоол зэрэг сэлвийн 1,200 гаруй хичээл бий.
Үнэ: Нэг сарын 23.74$, нэг жилийн 14.84$
Веб: thegreatcourse.com
Апп: Android, iOS
64. ScratchJr
“Код бол шинэ бичиг үсэг” уриатай уг апп 5-7 насны хүүхдүүдэд программын чадвар эзэмшихэд нь тусалдаг. Интерактив түүх, асуудал шийдэх тоглоом, дизайн хийх боломжуудтай.
Үнэ: Үнэгүй
Веб: scratchjr.org
Апп: Android, iOS
65. Masterclass
"Шилдгүүдээс суралцаж шилдэг нь бол" уриатай уг платформыг салбарын мэргэжилтнүүд багш болж хичээл заах давлагааны загалмайлсан эцэг хэмээн нэрлэж болно. Masterclass-аас сагсан бөмбөгийн од Стивен Карригийн шидэлтийн хичээлээс эхлээд Гордон Рамсейгийн хоолны, Натали Портманы жүжиглэлтийн хичээлийг ч үзэх боломжтой. Хамгийн гол нь хичээлүүд нь танхимд суугаад самбар дэр заадаг бус тун сайн хийцтэй учир яг л баримтат кино үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Долоо хоног бүр шинэ мэргэжилтний шинэ хичээл нэмэгддэг тул ур чадварын уурхай л гэсэн үг.
Үнэ: Нэг жилийн 120$
Веб: masterclass.com
Апп: Android, iOS
66. Chegg
Даалгавраа хийх, шалгалтад бэлтгэх, аливаа сэдвийг хөгжилтэй байдлаар сурахыг хүсэж байвал Chegg аппыг туршаарай. Өөрийн хүссэн сэдвийг 84 сая гаруй карттай сан ашиглан алхам алхмаар суралцаж болно.
Үнэ: Сарын 14.95$
Веб: chegg.com
Апп: Android, iOS
67. Udemy
Udemy бол 2010 онд үүсгэн байгуулагдсан, өдгөө 210,000 гаруй цахим хичээлтэй цахим сургалтын анхдагчдын нэг юм. Бизнес, технологи, маркетинг, хувь хүний хөгжил гээд олон төрлийн хичээлүүд бий бөгөөд одоогийн байдлаар 57,000 багш, 35 сая сурагч уг платформд бүртгэлтэй аж. Хичээлүүд нь сорилт, бусад сурагчидтай харилцах форум, амжилттай дуусгасан тохиолдолд батламж олгодгоороо давуу талтай.
Үнэ: Хичээл тус бүр 0-200$
Веб: udemy.com
Апп: Android, iOS
68. emeritus
Stanford, Harvard, MIT зэрэг дэлхийн топ их сургуулийн профессоруудын хичээлийг Emeritus-аас үзэх боломжтой. Бизнес, технологи, хууль зэрэг сэдвийн 200 гаруй хичээл тус платформд байршжээ. Бусад платформуудтай харьцуулахад харьцангуй өндөр төлбөртэй ч шилдэг их сургуулийн хичээлийг харьцангуй бага зардлаар үзэх таатай боломж юм.
Үнэ: Хичээл тус бүр 500-2000$ (Хичээлээс хамааран тэтгэлэг хүртэх боломжтой)
Веб: emeritus.org
Апп: Android, iOS
69. skillshare
График дизайн, гэрэл зураг, дүрс бичлэг, программын хэл, бичих ур чадвар зэрэг түлхүү орчин үеийн, бүтээлч салбарт шаардагдах ур чадваруудад сургах хичээлүүдтэй. Нийтдээ 10,000 гаруй багшийн 34,000 орчим хичээл бий бөгөөд 30 гаруй сая хэрэглэгчтэй уг платформд таны сурахыг хүсэж буй ур чадварын хичээл байх нь гарцаагүй.
Үнэ: Нэг сарын 19$ (Шинэ хэрэглэгч бүр долоо хоног үнэгүй турших эрхтэй)
Веб: skillshare.com
Апп: Android, iOS
70. Mimo
Технологийн эрин үеийн хамгийн чухал чадвар болох программын хэлийг уг платформоос сурч болно. Python, JavaScript, HTML, CSS зэрэг олон төрлийн хэлний сонголттой бөгөөд хичээлүүд нь урт, уйтгартай бус тоглоомжуулсан, сонирхол татахуйц, олон төрлийн хэлбэртэй учир программын хүнд сэдвүүдийг сонирхолтой байдлаар сурах боломжтой.
Үнэ: Нэг сарын 12$ (Цөөн тооны хичээлийг үнэгүй үзэн турших боломжтой)
Веб: mimo.org
Апп: Android, iOS
71. Sololearn
Веб хөгжүүлэлт, дата анализ зэрэг технологийн чиглэлийн хичээлийг агуулсан энэхүү платформ өдгөө 500 гаруй хичээл, 30 сая орчим хэрэглэгчтэй. Онолын мэдлэг олгохоос гадна дасгал ажил, бусад сурагчидтай харилцах форум, бие даалтын ажил, амжилттай төгссөн сурагчдад олгох батламжтай.
Үнэ: Нэг сарын 10$
Веб: sololearn.com
Апп: Android, iOS
72. Linkedin learning
Анх 1995 онд Lynda нэртэй үүсгэн байгуулагдаж, 2015 онд LinkedIn худалдан авснаар LinkedIn Learning платформ мэндэлсэн билээ. Ажил карьерын олон нийтийн сүлжээ гэж хэлж болох LinkedIn-ийн нэгэн бүтээгдэхүүн учир таныг илүү сайн мэргэжилтэн болж, карьераа өсгөхөд туслах төрөл бүрийн сэдвийн 16,000 хичээлтэй. Дэлхий дахинаа уг платформыг 30 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд хамгийн том давуу тал нь амжилттай төгссөн хичээлээ өөрийн LinkedIn хуудаснаа харуулж, ур чадвараа батлах боломжтой.
Үнэ: Нэг сарын 29$ (Шинэ хэрэглэгч бүр нэг сар үнэгүй турших эрхтэй)
Веб: linkedin.com
Апп: Android, iOS
73. Udacity
Хиймэл оюун ухаан, дата анализ, машин сургалт зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг сурахыг хүссэн хэн бүхэнд зориулсан платформ. Хичээл бүрийг тухайн салбарын мэргэжилтнүүд заадаг бөгөөд өнөөдрийн байдлаар 250 орчим хичээл, 20 сая гаруй хэрэглэгчтэй. Бусад платформуудын адилаар хичээлээ амжилттай дуусгасан тохиолдолд батламж олгодог.
Үнэ: Хичээл тус бүр дунджаар 299$ (Nanodegree хөтөлбөрийн хүрээнд 1,999-5,999 ам.доллар төлөөд олон цаг хичээл болон салбарын мэргэжилтнүүдээс шууд менторшип авах боломжтой)
Веб: udacity.com
Апп: iOS
74. Edx
Harvard болон MIT их сургуулиуд хамтран 2012 онд уг платформыг нээсэн түүхтэй. Зөвхөн шилдэг их сургуулиуд бус тэргүүлэгч байгууллагууд хүртэл уг платформоор дамжуулан өөрсдийн салбарын хичээлээ заадаг. Текст, дүрс бичлэг, дасгал ажил зэрэг олон төрлийн форматыг агуулсан 2500 гаруй хичээл бий. Зарим хичээл нь зөвхөн цахим хичээл бус мэргэжлийн батламж олгох сургалт гэдгээрээ онцлогтой.
Үнэ: Бүх хичээлийг audit буюу төлбөр төлөхгүй үзэж болох ч 29-99$ төлснөөр хичээлийг бүрэн үзэж, шалгалт өгч батламж авах боломжтой. Мэргэжлийн хичээлүүдийн төлбөр нь 1,000-5,000$.
Веб: edx.org
Апп: Android, iOS
75. Datacamp
Өдгөө 10 жилийн ойгоо тэмдэглэж буй уг платформ дата анализ, машин сургалт, Python хэл, ChatGPT, SQL, Power BI зэрэг өгөгдөлтэй холбоотой хичээлүүдтэй. Нийтдээ 400 гаруй хичээлтэй бөгөөд дэлхийн топ компаниудад ажилладаг багш нар технологийн хүнд сэдвүүдийг анхан шатнаас нь эхлэн заадаг гэдгээрээ онцлог.
Үнэ: Нэг сарын 19$ (Шинэ хэрэглэгч бүр долоо хоног үнэгүй турших эрхтэй)
Веб: datacamp.com
Апп: Android, iOS
Ерөнхий боловсрол
76. Learn to read - Duolingo ABC
Энэхүү апп нь Duolingo боловсролын аппын хүүхдэд зориулсан, уншиж сурахад нь туслах хувилбар юм. 3-8 настай хүүхдийн онцлогт тулгуурлан бүтээсэн 700 орчим төрлийн хичээлээс сонгон суралцах боломжтой.
Үнэ: Үнэгүй
Веб: abc.duolingo.com
Апп: Android, iOS
77. Gauthmath - AI Homework Helper
Gauthmath аппыг ашиглан математикийн хэцүү бодлогыг хиймэл оюун ухаанаар бодуулж болох юм. Үүний тулд бодлогынхоо зургийг дарахад л хангалттай. Зөвхан хариуг нь гаргах бус ямар дарааллаар бодсноо тус бүрээр нь задлан тайлбарладаг.
Үнэ: Нэг сарын $9.99
Веб: gauthmath.com
Апп: Android, iOS
78. SplashLearn
SplashLearn бол бага насны хүүхдүүдэд зориулсан математикийн апп юм. Ойролцоогоор 4,000 төрлийн интерактив тоглоомоор дамжуулан математикийг хөгжилтэй байдлаар сурахад тусална.
Үнэ: Нэг сарын 7.99-11.99$
Веб: splashlearn.com
Апп: Android, iOS
79. Brilliant
Математик, шинжлэх ухаан, компьютерын мэдлэгээ сайжруулахыг хүсэж буй хэн бүхний татах ёстой апп. Энд орсон хичээл бүр интерактив дасгал, зөвлөгөөтэй бөгөөд хамгийн төвөгтэй сэдвүүдийг хүртэл энгийнээр задлан тайлбарласан хэсэгтэй.
Үнэ: Сарын 8.73$, нэг жилийн 65.88$
Веб: brilliant.org
Апп: Android, iOS
80. coursera
Компьютер, өгөгдөл, бизнес, мэдээллийн технологи зэрэг өндөр эрэлттэй салбарын ур чадварыг эзэмшиж, Дьюк, Лондон, Йел шиг дэлхийд тэргүүлэх их сургууль, компаниудын шилдэг багш нараас суралцаж карьераа ахиулах боломж Coursera.
Үнэ: Сарын $39.99, жилийн $399
Веб: coursera.org
Апп: Android, iOS
81. Oxford Dictionary
Оксфорд толь бол дэлхийн хамгийн найдвартай англи хэлний толь бичиг юм. Нийт 15 хэлний орчуулга болон үгийн дуудлагыг аудиогоор сонсох, өдөр бүр нэг үг цээжлэх зэрэг олон хэрэгтэй функцтэй.
Үнэ: Долоо хоногийн 4.99$, жилийн 39.99$
Веб: oxfordlearnersdictionary.com
Апп: Android, iOS
82. Prodigy math game
ЕБС-ийн нэгээс наймдугаар ангийн сурагчдад зориулсан, математикийн ойлголтуудыг зугаатай, сонирхолтой байдлаар ойлгуулах тоглоомын апп. Нийт 100,00 бодлого, 50 сая гаруй тоглогчтой уг аппаар дамжуулан математикийн хичээлийг тоглонгоо сурах, найзуудтайгаа баг болж чадвараа сорих боломжтой.
Үнэ: Үндсэн функцууд нь үнэ төлбөргүй. Сарын 6.25-8.33$ төлөөд илүү их функцуудыг нээх боломжтой.
Веб: prodigygame.com
Апп: Android, iOS
83. Newsela
Маш товчхондоо сурагчдад зориулсан мэдээний платформ. Цаг үеийн мэдээллийг мэдэж байх нь өндөр ач холбогдолтой ч уламжлалт мэдээ залуу уншигчдын сонирхлыг татахгүй байх нь нийтлэг. Харин уг платформын тусламжтай сурагчийн мэдлэг, үгийн сан, сонирхол зэрэгт таарсан мэдээг текст, аудио, видео хэлбэрээр авах боломжтой.
Үнэ: Нэг сарын 0-29.99$
Веб: newsela.com
Апп: Android, iOS
84. Duolingo Math: Learn, Practice
Цэцэрлэгийн багачуудаас эхлээд зургаадугаар сурагчдад зориулсан матемтикийн тоглоомжуулсан апп. Тоглогчийн нас, чадвар зэрэгт суурилан тусгайлан хөтөлбөр бэлдэж өгдөг бөгөөд онооны систем, сонирхолтой зураглал, багаараа бодлого бодох боломж зэргээрээ онцлогтой. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ явцыг хянаж болно.
Үнэ: Үнэ төлбөргүй
Веб: duolingo.com
Апп: Android, iOS
85. Nibble: Your Bite of Knowledge
Хүүхдээ багаас нь програмчлалын мэдлэгтэй болгохыг хүссэн эцэг эх бүрийн мэдэж байвал зохих платформ. Уг платформыг 2016 онд Google-ийн хоёр инженер 6-12 насны хүүхдэд зориулан бүтээжээ. Тоглоом тоглонгоо программын суурь мэдлэгийг эзэмших боломжтой энэхүү платформ нь бие даан хийх төсөл, сорилт, онооны самбар зэрэг функцуудтэй.
Үнэ: Нэг сарын 0-9.99$
Веб: headway-academy.net
Апп: Android, iOS
Танин мэдэхүй
86. Universe in a Nutshell
Нүдэнд үл үзэгдэх хамгийн жижиг атомоос эхлээд гараг эрхэс хүртэлх танин мэдэхүйн сэдвийг сонирхолтой бичлэг болгон хүргэдэг Kurzgesagt - In a Nutshell Youtube сувгийн апп болох Universe in a Nutshell. Яг үнэндээ атом хэр жижиг болохыг зөвхөн текст уншаад ойлгохоос илүүтэй анимейшн байдлаар нүдээр харснаар бидний толгойд илүү ойр буух нь ойлгомжтой. Энэ мэтээр уг апп бидний зөвхөн төсөөлж явдаг ер бусын зүйлсийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно.
Үнэ: Насан туршийн 2.99$
Апп: Android, iOS
87. Epic - Kids' Books & Reading
Хүүхдэд зориулсан 40 мянга гаруй ном, бичлэгүүдийг тус аппын тусламжтай унших, сонсох, үзэж болно. Нас насаар нь ангилсан байх тул уншихыг хүсэж буй номоо түргэн хугацаанд олж болох дауу талтай.
Үнэ: Нэг сарын 7.99$, нэг жилийн 71.99$
Веб: getepic.com
Апп: Android, iOS
88. Brainscape
Brainscape сонгосон сэдвийн хүрээнд төрөл бүрийн асуулт асуудаг. Хариултыг нь мэдэхгүй байсан ч санаа зоволтгүй. Учир нь тухайн асуулт хоёроос гурван удаа гарч ирж, хариуг нь нэг л мэдэхэд автоматаар цээжэлчихсэн байх болно. Сэдэв бүрийн эхний хоёр бүлгийн асуулт үнэ төлбөргүй бөгөөд тухайн сэдвийн бүх бүлгийн асуултад хариулж, сертификат авах боломжтой.
Үнэ: Нэг сарын 19.99$, насан туршийн 199.99$
Веб: brainscape.com
Апп: Android, iOS
89. GoNoodle
Сурагчдын анхаарал төвлөрөл, идэвх оролцоо, эрч хүчтэй байдлыг нэмэгдүүлэхэд GoNoodle туслах болно. Цэцэрлэгийн өмнөх үеэс эхлээд зургаадугаар анги хүртэлх сурагчдад зориулсан уг аппд хичээлийн агуулгыг дасгал хөдөлгөөнтэй уялдуулсан 5-10 минутын бичлэгүүд бий.
Үнэ: Үнэ төлбөргүй
Веб: gonoodle.com
Апп: Android, iOS
90. Redshelf
RedShelf нь багш, оюутан, байгууллагуудыг дижитал сургалтын хэрэглэгдэхүүн, цахим сурах бичгээр хангах зорилготой платформ бөгөөд хэвлэмэл сурах бичгээс 80 хувиар хямд үнийг санал болгодог. Мөн аливаа материалын дээр нь тэмдэглэл хөтөлж, шинэ үгсээ тодруулах боломжтой.
Үнэ: Нэг сурах бичиг 30-200$
Веб: redshelf.com
Апп: Android, iOS
91. Headway
Хүн бүрд тохирсон ном санал болгох платформ. Хэрэглэгчийн суралцах арга барилыг тодорхойлж, тухайн хүнд ямар төрлийн ном тохиромжтойг тооцоолж, нэг сарын төлөвлөгөөгөө гаргаж өгдөг.
Үнэ: Нэг сарын 10.99$, зургаан сарын 34.99$
Веб: headway-product.com
Апп: Android, iOS
92. ted
Олон төрлийн сэдвээр маш сонирхолтой илтгэлүүдийг багтаасан плафторм. Тус арга хэмжээ дэлхийн өнцөг булан бүрд болдог учир олон төрлийн хэлээр, өөрт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой.
Үнэ: Үнэ төлбөргүй
Веб: ed.ted.com
Апп: Android, iOS
93. Peak
Ой санамж, хэл яриа, анхаарал, асуудал шийдвэрлэх зэрэг танин мэдэхүйн төрөл бүрийн чадварыг сайжруулах зорилготой уг апп нь олон төрлийн тоглоом, сургалт, дасгал санал болгодог.
Үнэ: Нэг сарын 4.99$, нэг жилийн 34.99$
Веб: peak.net
Апп: Android, iOS
94. Blinkist
Хувь хүний хөгжил, карьер, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи зэрэг өргөн сэдвийн хүрээнд хүссэн номоо сонсох боломжтой. Зав чөлөөгүй амьдралын хэв маягтай залуу мэргэжилтнүүдэд яг тохирох апп.
Үнэ: Нэг сарын 12.99$
Веб: blinkist.com
Апп: Android, iOS
95. Elevate
“Сэргэг бай, өөртөө итгэ, бүтээмжээ нэмэгдүүл” уриатай тус апп нь одоогийн байдлаар 50 сая гаруй хүнд харилцаа, математик, ой тогтоолтын чадвараа сайжруулахад нь тусалжээ. Хэрэв та хэл яриа, бичгийн чадвараа сайжруулж, анхаарал төвлөрлөө дээшлүүлэхийг хүсвэл Elevate-ийг туршаад үзээрэй.
Үнэ: Нэг сарын 7.99$, насан туршийн 149.99$
Веб: elevateapp.com
Апп: Android, iOS
96. Lumosity
14 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Lumosity нь өдгөө 100 сая хэрэглэгчтэй болжээ. Тархи судлалаас эхлээд дүрслэх урлаг хүртэлх олон янзын хичээл, тоглоом зэргийг багтаасан энэхүү платформ нь тархины хөгжил, анхаарал төвлөрөл, чанартай нойр авах зэрэг амьдралын чанарт тань нөлөөлөхүйц олон асуудлын шийдэл болно.
Үнэ: Нэг жилийн 11.99$
Веб: lumosity.com
Апп: Android, iOS
97. Minecraft Education
Алдарт Minecraft тоглоомын боловсролын зорилгоор бүтээгдсэн тусгай хувилбар болох Minecraft Education нь бүтээлч, нээлттэй ертөнцийг ашиглан суралцах тун өвөрмөц арга барилыг бий болгожээ. Хэрэглэгчид заах агуулынхаа дагуу тоглоом бүтээж болдог нь хамгийн том давуу тал.
Үнэ: Нэг жилийн 12$
Веб: education.minecraft.net
Апп: Android, iOS
98. Kids by Tappity
Kids by tappity бол 4-10 насны хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухааны апп. Хүүхдийн сониуч байдлыг төрүүлэх, гэртээ туршиж боломжтой 500 гаруй шинлэх ухааны туршилтуудыг интерактив бичлэг, хөгжилтэй тоглоомуудаар дамжуулан хүргэдэг.
Үнэ: Нэг жилийн 12$
Веб: tappityapp.com
Апп: Android, iOS
99. NOVA Elements
Nova Elements бол хүүхдүүдэд химийн элементийн хүснэгтийг мултимедиа материал, 3D модел, хөгжилтэй туршилтаар дүрслэн харуулдаг апп юм.
Үнэ: Нэг жилийн 59.90€
Веб: novaelements.com
Апп: Android, iOS
100. The Human Body by Tinybop
Хүний биеийн бүтцийг сонирхолтой байдлаар сурахад туслах апп бол The Нuman Вody Вy Тinybop юм. 50 гаруй хэлтэй уг апп нь хүний биеийн анатомийг зөвхөн текст, зураг бус интерактив байдлаар сургах тул хүн бүхэн туршаад үзэхийг зөвлөж байна.
Үнэ: Насан туршийн $0.99
Веб: tinybop.com
Апп: Android, iOS