Өдрийн мэнд. Хэрвээ та дөнгөж энэ хуудсанд нэвтэрсэн бол энэ бол Unread-ийн коронавирусийн дэгдэлттэй холбоотой таны мэдэх ёстой хамгийн чухал мэдээллүүдийг нэгтгэн хүргэх шууд блог. Бид энэхүү блогийг тогтмол шинэчилж, хамгийн сүүлийн үеийн мэдээг цогцоор нь хүргэж байх болно. Та хуудсаа доош гүйлгэж мэдээллүүдээ уншаарай.

Өмнөх шууд блогуудыг унших хүсвэл дараах холбоосуудаар зочлоорой.

3-р сарын 17-19

3-р сарын 20-22

3-р сарын 23-25

Unread

таны мэдэх ёстой гол зүйлс

- Дэлхий даяар 200 улс, бүс нутагт нийт 600 мянган тохиолдол илэрч 27 мянган хүн амиа алдаад байна

- Монгол улсад COVID-19-ийн 11 халдвар бүртгэгдсэн

- Монгол Улсын Засгийн Газар ААН, бизнесүүдийг дэмжих 7 хөтөлбөрөө зарлалаа

- Их Британийн Ерөнхий Сайд Б.Жонсон халдвар авчээ.

- АНУ халдварын тоогоороо Хятадыг гүйцэв

2020 оны 3-р сарын 28

18:00 Герман улсад сүүлийн 24 цагт 6000 шинэ тохиолдол илэрсэн нь халдвар оргил үедээ дөхөж буйг илтгэж байна хэмээн шинжээчид үзэж байна. Тус улсад одоогоор 48 мянган хүн халдвар аваад байгаа бөгөөд канцлер А.Меркель гэрийн хорионд байгаа юм.

17:19 Итали улс дахь халдварын тоо 86 мянгад хүрснээр БНХАУ-г албан ёсоор гүйцлээ.

16:30 Энэтхэгт нэг өдөрт 149 шинэ тохиолдол илэрсэн нь дээд үзүүлэлт болов. 750 сая хүнийг хөл хорионд оруулаад буй тус улсад одоогоор 873 тохиолдол илэрч, 19 хүн нас бараад байгаа юм.

15:30 Вьетнам улс бүх нийтийн хөл хорио тогтоолоо.

14:42 ӨАБНУ-д хөл хорио тогтоосон ч ард иргэд болон хууль сахиулагчдын дунд үймээн үүссэн нь олны анхаарлыг татаж байна. Засгийн газраас цагдаагийн хүчийг чангатгаж, шаардлагатай тохиолдолд зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ.

13:00 Дэлхий даяар коронавирусын халдвар авсан тохиолдлын тоо 600 мянгыг давлаа.

12:00 Монгол улсад коронавирусын халдварын 12 дахь тохиолдол илэрснийг ЭМЯ-аас баталлаа. Истанбулаас ирсэн тусгай үүргийн нислэгийн зорчигчийн давтан шинжилгээ эерэг гарсан нь энэ юм.

10:00 АНУ-ын Abbott нэртэй компани 15 минутын дотор хариу гаргах чадвартай шинжилгээний оношлуурыг бүтээснийг хууль сахиулагчид үйлдвэрлэх зөвшөөрөл өгсөн байна. Тус компани ирэх долоо хоногоос өдөрт 50 мянган оношлуурыг нийлүүлж эхлэх ажээ.

09:00 БНХАУ өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрээ мөрдөж эхэлж байна. Өнгөрсөн 24 цагт нийт 54 тохиолдол тээвэрлэгдэн ирсэн байна. Тахлын эхний голомт Хятадад 81 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор 3100 гаруй хүн эмчлүүлж байгаа гэнэ.

06:30 Турк улс бүх олон улсын нислэгүүдээ тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Одоогоор тус улсад амиа алдсан хүний тоо 92 болоод байна.


05:40 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эдийн засгийг эрчимжүүлэх түүхэн дэх хамгийн том багцыг баталлаа. 2,2 триллион долларын уг багцын хүрээнд коронавирусын улмаас үйл ажиллагаа нь доголдож буй бизнесүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, иргэдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх зэрэг чухал заалтууд багтсан билээ.

05:00 Италид сүүлийн 24 цагт 919 хүн амиа алдсан нь дээд үзүүлэлт болов. Одоогоор тус улсад нийт 9134 хүн коронавирусын улмаас амиа алдаад байна.


04:00 102 настай Итали иргэн коронавирусын халдвар авсан ч бүрэн эдгэрсэн тухай мэдээлэл цацагдлаа. Жэноа хотод амьдардаг уг иргэн 20 хоногийг эмнэлэгт өнгөрүүлжээ. 1917 онд төрсөн гэдэг нь тэрээр 18-19 оны Испани ханиадны тахлыг давсан гэсэн үг билээ. Одоогоор Италид амиа алдаад байгаа хүмүүсийн дундаж нас 78 байгаа гэнэ.

02:00 Apple коронавирусын халдвартай холбоотой бүх мэдээллийг нэг дор багтаасан тусгай вебсайт нээжээ.

2020 оны 3-р сарын 27

20:00 АНУ-д бүртгэгдсэн халдварын тоо 100 мянгыг давлаа. Энэ нь Хятад, Италиас илүү гарсан гэсэн үг юм.

19:20 Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсон халдвар авснаа зарлалаа. Гэхдээ тэрээр гэрийн хорионоосоо засгийн газраа удирдана гэдгээ мөн мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн Их Британийн Эрүүл Мэндийн сайдын шинжилгээнээс ч эерэг хариу илэрчээ.

16:00 Монгол улсын Засгийн Газраас коронавирусын эсрэг эдийн засгийн 7 арга хэмжээг авч байгаагаа зарлалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдснээр 4-р сарын нэгнээс эхлэн албан байгууллагуудыг НДШ-ээс чөлөөлж, иргэдийг ХАОАТ-аас мөн чөлөөлж байгаа гэнэ. Мөн хямралын үеэр цомхотгол хийгээгүй албан байгууллагуудын ажилчдад 200 мянган төгрөгийн дэмжлэгийг 3 сарын хугацаанд үзүүлэх ажээ.

Үүнээс гадна ноолуур худалдан авах зорилгоор 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгохоос гадна шатахууны үнийг 200-300 төгрөгөөр буурах болсныг зарлалаа.

15:00 Их Британид коронавирусийн халдварын улмаас хол хорионд орсон хүмүүс ном худалдан авах нь огцом нэмэгджээ. Энэ хүрээнд уран зохиол, хүүхдийн номын худалдааны борлуулалт тэргүүлж буй аж. Гэхдээ номын дэлгүүрт олон хүн цуглах магадлал үүсэх магадлалтай тул онлайн худалдааны эрэлт өсч, борлуулалт нь дөрөв дахин нэмэгджээ.

13:00 АНУ коронавирусийн халдвар авсан хүний тоо 85,991 -д хүрч, БНХАУ-ыг давлаа. Тус улсад COVID-19 өвчний улмаас нас барсан хүний тоо 1100 хүрээд байна. Энэ хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин короновирусийн халдварыг хэрхэн даван туулах тухай утсаар ярилцаж, санал солилцжээ.

10:00 Хятад улсын засгийн газар өнөөдрөөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ зөвхөн транзит визтэй болон Хонг Конг, Макаогоор дайрч ирсэн богино хугацааны визтэй гадаадын иргэдэд хилээ нээх гэнэ.

09:00 Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд АНУ-д 3,3 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдөл гаргасан нь түүхэн үзүүлэлт болов.

07:45 Дэлхийн алдарт "Большой театр" алтан сан хөмрөгийн бүтээлүүдээ онлайнаар үнэ төлбөргүй цацах болсноо зарлажээ.

2020 оны 3-р сарын 26

20:30 Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргажээ. Тэрээр үүндээ 6-р сарын 24-нд хуваарьтай буй УИХ-ын сонгуулийг хойшлуулах, удирдлагыг төвлөрүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн байна.

18:41 Франц улсад COVID-19 вирусээр халдварласан нийт 25233 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн дотор нас барагсдын тоо 231-ээр нэмэгдэж нийт 1331 хүн амиа алдсан бөгөөд тэдний 86 хувь нь 70-аас дээш насны хүмүүс байв. Гэвч энэ тоо нь зөвхөн эмнэлэгт нас барсан хүний тоо гэдгийг онцолжээ.

Одоогийн байдлаар Францын эмнэлэгүүдэд коронавирусийн халдвартай 11539 хүн байгаагаас 2227 нь эрчимт эмчилгээ хийлгэж байна.

11:35 Эрүүл Мэндийн Яам, ХӨСҮТ-өөс цаг үеийн байдлыг мэдээлэх ээлжит мэдэгдлээ хийлээ.

Истанбул-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэгээр ирсэн 221 хүнд коронавирусийн шинжилгээг хийсэн бөгөөд нэг монгол иргэнээс COVID-19 вирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсад нийт 11 батлагдсан тохиолдол илрээд байна.

08:10 Халдварын эх голомж болоод байсан Хубэй мужид байдал дээрдсэн бөгөөд Хятад улс халдварлагчдын тоо нь нэмэгдээгүй 2 дахь өдрөө угтаж байна. Харин Үндэсний Эрүүл Мэндийн Комисс Лхагва гарагийн сүүлийн байдлаар шинээр нэмэгдсэн 67 батлагдсан тохиолдлыг гаднаас ирж буй жуулчидтай холбон тайлбарласан юм. Одоогоор эх газрын Хятадад халдвараар өвчлөгсдийн нийт тоо 81285 болжээ.

08:06 Дэлхий даяар нийт 2,6 тэрбум хүн хөл хорионд орлоо.


06:30 Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Чарльзаас коронавирусын халдвар илэрсэн байна. 71 настай түүний биеийн байдал хэвийн байгааг хэвлэлийн төлөөлөгч нь онцолжээ.