Идэр есийн тачигнасан жавар харьж, хүн малын зоо тэнийн хаврын урь ороход хэдхэн өдөр үлдлээ. Ирэх мягмар гарагт бид монгол түмний үндэсний их баяр Цагаан сарыг хотол олноороо тэмдэглэж, “Үзэсгэлэнт болгогч” хэмээх усан туулай жилтэй золгох гэж буй.

Шинийн нэгний өглөө эртлэн боссон эзэгтэй тэнгэрийн хаяа, хангайн бараа, үүлний өнгөөр гарч буй жилийн өвс ногоо, хур чийг зэргийг шинжих зуур гэрийн эзэн жавар сөрөн бэлчиж буй мал сүргийнхээ манлайгаар энэ жил өн өлчир, өег цатгалан болох нь хэмээн бэлгэшээн баясдагаас авхуулаад монгол түмний төрөл бүрийн баялаг уламжлал энэхүү баяртай холбоотой.

Тиймдээ ч сар шинийн баярыг тохиолдуулан бид энэ удаа идээ шүүс, зурхайн тоолол, хөөрөг зөрүүлэх ёсон гээд уламжлалт шинэчлэлийн огтлолцол болсон олон сонирхолтой сэдвүүдээр онцлох зочидтой ярилцсанаа ийнхүү хүргэж байна.

хөөрөг зөрүүлэх ёсон 

Дэлхийд биднээс өөр биенээ хүндэтгэж эрдэнийн чулуун хөөргөөрөө мэндчилдэг ард түмэн, улс гүрэн гэж байхгүй.

Сайн уу гэж мэндлээд өнгөрөх

Амар мэнд үү,

Даага далантай юу,

Бяруу булчинтай юу

Онд тарган орсон уу,

Одоо сайхан хаваржиж байна уу,

Бие амархан байна уу

Сүрэг тарган байна уу

Бэлэгтэй сайхан уулзъя

Жаргалтай нь дэлгэрэг зэргээр хөөрөг зөрүүлэн бэлэг дэмбэрийн үгсээр харилцан нэгнээ мэндлэн хүндэлдэг сайхан уламжлалтай. Бэлгэтэй сайхан үгсийг хэлэлцэх завшаан олгодог хөөрөг зөрүүлэх ёсны талаар Хөөрөг урлаач Д.Пүрэвдорж бидэнд тайлбарлаж өгсөн билээ.


Хөөрөг урлаач Д.Пүрэвдорж

Монгол түмэн мэнд мэдэлцэж тамхилахдаа хөөрөгний толгойг чангалж, дарж өгвөл гашуудалтай, хүнд байдалтай байна гэсэн утгатай. Харин сэтгэл тэнүүн сайхан үедээ халбагыг гүйцэд гаргаж тамхилна. Цаг давчууд яарч явбал үнэрлээд буцаана гэх мэтээр хөөрөг зөрүүлэх аж байдлаар нь тухайн хүний хэрэг явдал, сэтгэл санааг таньж мэдэж байгаа юм.

Хөөрөгний үүсэл гарал нэн эртнээс эхтэй гэдэг. Хүн гүрний үеийн Жагарын туульд элчийг хөөргөөр нь танилаа гэж гардаг. Түүхэн явцдаа 1800-аад оны үед оргил үедээ өндөр түвшинд хөгжсөн гэж үздэг юм билээ. Мана чулууг Агат /Agate/ гэдэг. Харин монголчууд халтар мана, манат гартаам, замагт мана, хас мана зэргээр 200 орчим төрлөөр үнэлдэг.

Хөөрөг бүтээх жаяг гэж бий. Чүнчигноров хөөрөг, Мана хөөрөг, Гартаам хөөрөгний хэлбэр хийц донж загвар нь өөр байдаг. Халбагыг заавал зааны соёогоор хийдэг ёс нь хүчирхэг, өнө мөнх, урт удаан, амар амгаланг бэлгэддэг. Зааны соёог эм бэлдмэлд ашиглах ба аливаа хорыг таньж өнгө нь хувирдаг зэрэг олон шинжтэй. Мөн хөөрөгний толгойг шүрээр хийдэг нь алтнаас даруй хэд дахин үнэтэй үнэ цэнтэй эрдэнэ тул өвлөгдөн дамжуулахад үнэ цэн нь хэвээр байх утгатай.



ЦАГААЛАХ ЁСОН

Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хаврыг угтан буй баяр. Хаврын улирал нь шинэ бүхний эхлэл, өнгөлөг, аз жаргалтай гэгээлэг тэмүүллийг илэрхийлэх утгатай. Харин энэхүү бэлгэдлийн сүнсийг идэж буй хоол хүнсэндээ эрүүл, энгийнээр шингээх боломжтой.

Эрт үеэс цагаан сарын шинийн нэгний бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу сүү, шар тос, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсаар ирсэн. Харин орчин цагт хот суурин газарт амьдарч буй залуус тавгийн идээндээ уламжлалт шинж чанарыг агуулсан, шинэлэг бүтээгдэхүүнүүд сонгож болох талаар бид Foody.mn Үүсгэн байгуулагч Б.Золжаргал ярилцсан юм.


Foody.mn Үүсгэн байгуулагч Б.Золжаргал

Манай гэр бүл цагаан сараар веган болон махан бууз хольж жигнэдэг. Ирсэн зочид зөвхөн веган буузыг захиалж жигнүүлдэг болсон. Буузыг улаан буудайн болон маалинган гурилаар хоёр төрлөөр хийдэг. Энд харагдаж буй шиг хүрэн манжингийн гурил, чацаргана, турмерик, бууцайгаар өнгө оруулсан. Гурван өөр амттай энэ буузнуудад дөрвөн төрлийн уурагт ургамал болон 15 төрлийн хүнсний ногоо орсон. Нэг жигнүүр буузнаас л биед хэрэгтэй олон төрлийн шим тэжээлээ авч байна гэсэн үг. Орц найрлагыг арвижуулж, баяжуулснаараа идэхэд амттай, харахад сонирхолтой.

Хүнсний салбарт “Байгальд ээлгүй хоол, хүнд ээлгүй” гэдэг логик байдаг. Байгальд шингэдэггүй хүнс, хүний биед мөн адил шингэдэггүй. Амьтны гаралтай мах, сүү, ур тариа хамгийн удаан боловсордог, байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй.

Бидний зүгээс баярын тавгийн идээг эрүүл бөгөөд шинэлэг байлгахаар зорьж, дөрвөн төрлийн еэвэн хийсэн. Ягаан нь хүрэн шош, үзэм, хүрэн манжингийн гурилтай. Шар нь чацаргана, арвайн гурил зэргээр улаан буудайн гурилаа баяжуулж монгол орцыг түлхүү оруулсан. Нийт орцны 70 хувь нь шанз орсноороо онцлог.

Мөн бид “ногоон цагаан идээ”-г боловсруулж эхэлсэн. Сүүн бүтээгдэхүүнтэй ижил аргаар борлуулах бөгөөд ургамлын гаралтай гэдгээрээ ялгаатай. Шар буурцгийг тээрэмдэн сүү болгож бусад коксны сүү, самрын сүүгээр баяжуулан тослог, уургийн хэмжээг нэмнэ, ча үр, хулуугаар баяжуулж илүү амттай болгодог. Түүгээрээ аарц, ааруул, бяслаг, хайлмаг, сүү, тараг бүх төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Ургамлын гаралтай сүүгээр цөцгий гаргаж, цай сүлбэл илүү амттай болдог. Сүү, цагаан идээний харшилтай хүмүүст нэн тохиромжтой.



Бэлэг өгөх ёсон

Эртний монгол ёсонд бэлгийн зүйл нь цагаан өнгө, есийн тоог нэн эрхэмлэдэг байсан тул аливаа өгөх бэлгээ өнгийг нь цайруулах талаас бодолцдог байжээ. Бараан өнгийн эдлэлтэй хамт заавал цагаан цайвар зүйлийг дагуулах жишээтэй.

Буриад ястнууд аавдаа шинэхэн оёсон цамц, ээждээ алчуур барьж золгодог ёсноос үүдэн “алчуур бэлэг” хэмээх нэршил дэлгэрсэн гэдэг. Мөн монголын олон ястан дундаас хамниган буриадууд хадгийн оронд “тасам” хэмээх ногоон, цагаан өнгийн сарьс, илэг барьж золгодог уламжлалтай байсан бөгөөд хариуд нь гэрийн эзэн золголтод авсан тасмынхаа өнгийг зөрүүлж, өөр өнгийн тасмыг бэлэглэдэг байж.


Зөгийн аж ахуй эрхлэгч, "Михачи" компанийн гүйцэтгэх захирал Ибүкүро Томоко

Монголд тэмдэглэсэн анхны цагаан сараараа айхтар хямарч байснаа огт мартдаггүй. Би 1999 оны намар Монголд анх судлаач оюутнаар ирж, 2000 оны нэгдүгээр сард анхны цагаан сараа тэмдэглэж байв. Тухайн үед гадаад оюутан Улаанбаатар хотод нүдний гэм, дээрээс нь хэл соёлын ялгаанаас болоод өөрийгөө ч бусдад чөлөөтэй ойлгуулж чадахгүй хямардаг байлаа. Манай монгол найзууд надад малчин айлын цагаан сар үзүүлж, уламжлалт хоолноос амсуулахыг хүсээд тэр жил хөдөө дагуулж явсан юм. Монгол хоол идэхээр л гэдэс хямарчихдаг байсан надад тэр цагаан сар хэцүүхэн дурсамж болж үлдсэн дээ. Сонирхолтой нь гэвэл, дараа зунаас нь гэнэтхэн монгол хоол шингээж чаддаг болоод дотор муухайрч бөөлжихөө больсон.

Харин хүүхэдтэй болсон цагаасаа хойш цагаан сарын баярт улам их дуртай болсон. Ялангуяа манай охин танихгүй айл хэсэх, бэлэг цуглуулах гойд дуртай. Ер нь сар шинэ, үндэсний их баяр наадам хоёр бусад баяраас их онцлог. Монголчууд тэр чигтээ эдгээр өдрүүдээр наадамчид, шинэлээчид болон хувирч, шинэ нэр авдаг нь илбийн юм шиг гайхалтай. Баярын үеэр хүмүүсийн уур амьсгал хүртэл өөрчлөгдөж, агаар нь хүртэл цэвэршчихсэн мэт санагддаг.

Тэрчлэн цагаан сарын сонирхолтой уламжлалуудын нэг бол бэлэг. Миний авч байсан хамгийн мартагдашгүй бэлэг гэвэл тос хийдэг асаагууртай, тамхины төмөр сав. Өнөөх төмөр сав нь зүгээр ч сав биш дээрээ усны хувцас өмссөн нүцгэн хүүхний зурагтай. Энэ мэтчлэн өөрийнхөөрөө мөнгөөр хэзээ ч худалдаж авахааргүй эд зүйлсийг бэлгэнд авах тун сонирхолтой. Харин сүүлийн жилүүдэд ихэнх айл зочдынхоо өдөр тутамдаа хэрэглэх бэлгийг сонгох болжээ. Ингээд бодохоор зөвхөн цагаан сарын бэлгэн дээрээс л өнгөрсөн 20 жилийн монголчуудын соёлын өөрчлөлтийг харж болохоор мэт. Хэрэв цагаан сар бүрээр авсан бэлгийнхээ зургуудыг дарж хадгалсан бол хожим монголын нийгмийн шилжилтийн түүхийг харуулах их онцгой дурсгал болох байж дээ гэж би бага зэрэг харамсдаг.



Баярын өдрүүдээр тухлан үзэх кино 

Суваг эргүүлэх тутам хар цагаан кино ээлжлэн гарч байдаг жилийн энэ л өдрүүдэд бид хуучны кинонуудаа шимтэн үзэж, тэдгээр бүтээлүүдээр дамжуулан үр хойчдоо монголчуудын уламжлалт зан үйл, өвөг дээдсийнхээ үүх түүх хийгээд социалист нийгмийн бүтээн байгуулалт гэхчлэн олон сэдвийг төвөггүйхэн ойлгуулах нь бий. Тэгвэл цагаан сарын өдрүүдийн “амин сүнс” болсон хуучны монгол киноны тухай MGLRADIO-ийн хөтлөгч, фэйсбүүк дээрх “Монгол кино, шүүмж” группийн админ Г.Ариунчулуун ийнхүү хүүрнэлээ.


MGLRADIO-ийн хөтлөгч Г.Ариунчулуун

Миний хувьд домогт Д.Жигжид найруулагч, оператор Г.Цэрэнгийн хамтын бүтээл “Хүргэн Хүү” (1970)-г санал болгож байна. Цагаан сар хэдийгээр монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг, үндэсний баяр боловч XX зууны дэлгэцийн урлагт төдийлөн тусгагдаагүй байдаг нь харамсалтай. Тухайн үед цагаан сарыг “нэгдэлчдийн баяр” хэмээн нэрлэдэг байсан. Гэхдээ орчин цагийн нэгдэлчин ард түмэн хэрхэн уламжлалт баяраа тэмдэглэж, золгуут хийж буйг харуулсан бүтээл барагтай бол байдаггүй. Магадгүй төрийн бодлогоор энэхүү баярыг урлагт тусган харуулахыг дэмждэггүй байсантай ч холбоотой биз ээ.

“Хүргэн хүү” кинон дээр цагаан сарын тухай гардаггүй ч гэлээ сар шинийн өдрүүдээр орчин цагийн завгүй амьдралын хэмнэлээс хэсэгхэн чөлөө авч, тухлан сууж үзэхэд хамгийн тохиромжтой, шидэвр бүтээлүүдийн нэг хэмээн санал болгож байна.

Энэ кинон дээр нийгмийн анги давхарга, хүний мөн чанар, залуусын хайр дурлал гээд ялгаатай байдлыг тод томруунаар дүрсэлж чадсан нь гайхалтай. Сайтар анзаарч үзвэл дотроо маш их өгүүлэмжтэй бүтээл шүү дээ. Хувийн малыг нэгдэлжүүлэх, банканд мөнгөө хадгалах төрөөс дэвшүүлж буй үзэл суртлын санааг түгээхийн зэрэгцээ тэрхүү хөдөлгөөний улмаас зарим иргэдийн амьдрал хэрхэн доройтож байсныг ч уран яруу үзүүлэхээ мартаагүй. Кино урлаг гэдэг хүний амьдралын эгэл мөчүүд, өнгө будгийг хэрхэн сүлж, чадварлагаар дэлгэцнээ буулгаж болдгийн тод томруун жишээ бол яахын аргагүй “Хүргэн хүү”. Хэд ч үзсэн уйддаггүй, үзэх бүрийд урлаг үнэртэж байдаг, монголын сонгодог уран сайхны кино. Тиймдээ ч баярын өдрүүдийн орой, халуун ам бүлээрээ энэхүү бүтээлийг тухлан сууж, саатан үзээрэй.


зурхайн тоолол 

Билгийн тооллын цагаан сарын баярыг Монголын Бурханы шашин буюу Шарын шашны Төгсбуянтын зурхайн дагуу хаврын эхэн сарын нэгэнд тэмдэглэж эхэлсэн. Төгс буянтын зурхайг 1747 онд Хөхнуурын Монголын түүхч, гүн ухаантан, одон оронч Ишбалжир Монгол орны цаг агаар уур амьсгал, газар зүйн байрлалд тохируулж бүтээжээ.

Монголчууд 200 гаруй жил Манжийн харьяанд явахдаа Хятадын уламжлалт шар зурхайгаар Цагаан сарын баяр тэмдэглэдэг байсан бол 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, 8-р Богд Жавзандамба хутагт хааны зарлигаар Төгс буянтын зурхайг буцаан сэргээн хэрэглэх болсон түүхтэй. Шинийн нэгний ургахын улаан нарнаар зүг мөрөө гаргах нь монгол түмний уламжлал тул бид Гандантэгчэнлин хийдийн зурхайч Д.Амгаланбаатартай уулзаж, энэ жилийн цээртэй зүгийн тухай тайлбарлуулсан юм.


Гандантэгчэнлин хийдийн зурхайч Д.Амгаланбаатар

Монгол лит (зурхай) номон дээр жаран жарнаараа жилийнхээ зүг мөрийг хэрхэн гаргах талаар тооцоолоод бодсон байдаг. Сүсэгтэн олны хувьд жилийн, сарын, өдрийн хар нохойн ам болох зүг чигээ ойлгосон байхад зүг мөрөө гаргах явдал тун хялбар болоод ирнэ. Хар нохойн ам гэдэг нь товчхондоо таны энэ жилийн цээрлэх зүг гэсэн үг. Энэ жил “Үзэсгэлэнт болгогч” хэмээх туулай жил гарч буй тул хар нохойн ам зүүн зүгт байх юм.

Тийм ч учраас зүүн зүг рүү цог хийморийнх нь зүг таарсан усан суудалтай хүмүүс зүүн урд зүг рүү гардаг ч юм уу зүгээ өөрчилж гарвал зохилтой. Сарын хар нохойн ам гэж бас байна. Бар сар энэ жил бас зүүн зүгтээ оршиж байгаа тул жилийн хар нохойн амтайгаа нийлээд маш их цээртэй зүг нь зүүн зүгт оршиж буйг анхаарууштай. Мөн шинийн нэгэн буюу тухайн нохойн өдрийн хар нохойн ам нь баруун хойноо буй. Тэгэхээр сар шинийн эхний өдөр зүг мөрөө гаргаж буй хүмүүс зүүн зүг болон баруун хойшоо мөрөө гаргахгүй гэдгээ л сайтар ойлгох хэрэгтэй.