Үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудын төлөөлөл “Монголын Алт" (МАК) ХХК-ийн 30 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ 1993 онд геологи хайгуул, уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэдний өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулж, бий болгосон үнэ цэн, одоогийн ололт амжилт, ирээдүйн төлөвлөгөөг А-Я үсгэнд багтаан хүргэж байна. 


А БОЛ АНХДАГЧИД 

“Монголын Алт" (МАК) ХХК нь ашигт малтмалын олборлолт, борлуулалт, экспортод түшиглэн Монгол Улсыг үйлдвэрлэгч, бүтээгч улс болгон хөгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үнэ цэнийг бий болгоно хэмээх алсын харааг баримтлан ажиллаж буй бөгөөд анх 42 ажилтантайгаар 1993 онд үүсгэн байгуулагджээ. Тухайн үед геологи хайгуул, уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэднийг анхдагчид хэмээн тодорхойлсны учир нь 1997 онд алтны үндсэн ордыг ашиглах Монгол Улсын анхны үйлдвэрийг байгуулж, 2002 онд нүүрсний анхны экспортыг эхлүүлсэн юм.

Б БОЛ БҮТЭЭГЧИД

Тэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4000 гаруй ажлын байрыг бий болгосон ба 1200 гаруй ханган нийлүүлэгчээс тогтмол худалдан авалт хийж, 100 гаруй олон улсын компанитай түншлэн ажиллаж буй. Илүү тодруулбал, тэд эх орныхоо эрдэс түүхий эдээр баялаг бүтээж, импортын хараат байдлыг бууруулахад чиглэсэн барилгын материал үйлдвэрлэлд жинтэй хөрөнгө оруулж, 2015 оноос Европын тэргүүлэх технологиудыг улсдаа нутагшуулж, өндөр чанартай барилгын материал үйлдвэрлэхэд олон улсын компаниудтай хамтран ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар цемент, блок, хаалга, цонх болон агаар сэлгэлтийн хоолой зэрэг үндсэн дөрвөн үйлдвэрийг ашиглалтад оруулан таван төрлийн 20 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

В БОЛ ВИНДООР ҮЙЛДВЭР

МАК Евро Виндоор үйлдвэр нь 2019 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд танигдсан европ брэндийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж, түүхий эд, арга туршлагад тулгуурлан хөнгөн цагаан, хуванцар, модон цонх хаалга, фассат шилэн багцыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй. Мөн Монгол Улсын цаг уур, орчин нөхцөлд тохирох, дулаан алдагдлыг бууруулах өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид хаалганы үйлдвэр, шил ганжуулах, матах технологи, бүрэн автомат будгийн цехээр үйл ажиллагаагаа өргөтгөхөөр зорьж байгаа юм.



Г БОЛ ГАН АГААР СЭЛГЭЛТИЙН ХООЛОЙ

Аливаа барилга байгууламжийн дотоод орчны агаарын чанарыг стандарт түвшинд хүргэж, эрүүл орчин бүрдүүлэхэд агаар сэлгэлтийн оновчтой шийдэл нэн чухал. Энэ эрэлт хэрэгцээг олж харсан МАК компани нь 2022 онд МАК Евро Венти үйлдвэрийг ашиглалтад оруулж, Швейцарь, Германы хагас болон бүрэн автомат төхөөрөмжөөр европ стандартын дагуу ган агаар сэлгэлтийн хоолойг үйлдвэрлэж байна. Жилд 111 мянган м.кв хоолой үйлдвэрлэж буй тус үйлдвэр нь дараагийн шатанд дугариг, спираль хоолой үйлдвэрлэх хэсгээр өргөтгөл хийхээр төлөвлөж буй.

Д БОЛ ДҮҮЛЭН НИСЭГЧИД

Дотоод болон олон улсын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулахаар 2011 онд Хүннү Эйр компанийг үүсгэн байгуулжээ. Өдгөө тус компани нь олон улсын 11, орон нутгийн дөрвөн чиглэлд тогтмол болон захиалгат нислэгүүдийг амжилттай үйлдэж байгаа ба үйлчилгээндээ 48 хүний суудалтай ATR-42, 98 хүний суудалтай Embraer-190 агаарын хөлгүүдийг ашиглаж байна.

Е БОЛ ЕВРО БЛОК ҮЙЛДВЭР

2015 онд ашиглалтад орсон МАК Евро Блок үйлдвэр нь Германы HESS AAC SYSTEMS-ийн технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд жилдээ 336 мянган м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайн зэрэгцээ олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны гурван төрлийн ISO стандартыг нэвтрүүлсэн үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь өнөөдрийн байдлаар есөн хэмжээсийн сонголттой, МАК Евро блок брэндийн бүтээгдэхүүн болон U блок асгамал дулаалгыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.



Ё БОЛ ЁС ЗҮЙ

Үндэсний үйлдвэрлэгч компанийн амжилттай жишиг болсон МАК компани нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс орон, орон нутгийн төсөвт 2.1 их наяд төгрөгийн татвар төлж, нийгмийн хариуцлагын 100 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Ж БОЛ ЖУУЛЧЛАЛ

МАК компани нь аялал жуулчлалыг агаарын тээвэртэй хослуулан хөгжүүлэх нь манай улсын аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжихөд чухал нөлөөтэй хэмээн тодорхойлжээ. Иймд тэд Монгол орны өргөн уудам, онгон дагшин газар нутаг, байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчин ахуй соёлыг илтгэсэн өндөр зэрэглэлийн үйлчилгээний стандарттай цогц төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Үүнд зочид буудал, худалдаа үйлчилгээ, бизнес төв, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор тэргүүтэй бүтээн байгуулалтууд багтаж байгаа юм.

З БОЛ ЗУРАГ ТӨСЛИЙН КОМПАНИ

Олон жилийн нөү-хау, мэдлэг туршлагаа бусдад хуваалцахаар МАК Корнерстоун зураг төслийн компанийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд МАК групп болон бусад харилцагч байгууллагуудад барилгын зураг төсөл, инженерчлэл, гүйцэтгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.



И БОЛ ИРЭЭДҮЙ

МАК компани нь цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт шинэ стандарт, шинэ салхи авчрах төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна ногоон технологи, инновацад тулгуурлан нүүрсийг гүн боловсруулж, эрчим хүчний шинэ түлшийг гарган авах, 3D хэвлэл, бетон хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэргээр аж үйлдвэрийн парк байгуулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

К БОЛ КОМПАНИУД

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхээс гадна МАК компани нь технологийн судалгаа, шинжилгээ, агаарын тээвэр, тээвэр ложистик, барилгын зураг төсөл, геологи эрэл хайгуул болон сургалт хөгжлийн чиглэлээр дэмжин ажиллах компаниудад тууштай хөрөнгө оруулж буй. Жишээлбэл,“Монголын Алт" (МАК) ХХК-ийн дэргэд технологийн судалгааны төв нэртэйгээр байгуулагдаж байсан компани нь өдгөө MNS, ISO/IES олон улсын стандартаар магадлан итгэмжлэгдэж, “Трү Ти Ар Си” ХХК нэрэн дор уул уурхай, барилгын салбарт судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн туршилт, инженерийн тооцоолол, үйлдвэр уурхайн сорьцлол, хяналтын чиглэлээр ажиллаж байна. Тэдний хувьд 2018 онд олон улсын ILAC тэмдгийг ашиглах эрх авсан бөгөөд ингэснээр дэлхийн 90 улсад хүлээн зөвшөөрөгдөх туршилт, судалгаа шинжилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой болсон юм. Үүний зэрэгцээ 2022 онд Францын Afnor группээр магадлан итгэмжлүүлж, туршилт шинжилгээний үр дүнгээ дэлхийн 174 улсад хүлээн зөвшөөрүүлээд байгаа аж.

Л БОЛ ЛОЖИСТИК

Томоохон бүтээн байгуулалтад тээвэр ложистикийн зөв систем юу юунаас илүү чухал. Тиймдээ ч МАК компанийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын тээврийн асуудлыг цогц шийдэхээр МАК Ложистик компанийг шинээр байгуулжээ. Тус компани нь түүхий эд, бараа материалын тээвэрлэлт болон бэлэн бүтээгдэхүүний түгээлт, экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх юм.



М БОЛ МАКЖУУЛАЛТ

Том зургаараа тухайн компанийн ажил хэр ололт амжилттай, үр дүнтэй байх вэ гэдэг нь түүн доторх ажилтнуудтай нягт уялддаг. Өөрөөр хэлбэл, компанид үнэ цэн, ур чадвараа бүрэн өгөхийн тулд тэрхүү ажилтныг хүний нөөцийн зүгээс тасралтгүй дэмжиж байх шаардлагатай. Энэ шалтгаанаар нийт хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чиглэсэн мэргэжлийн сургалтууд зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, мэргэжил олгох сургалт зохион байгуулах болон инженер, техникийн ажилтнуудын манлайллыг бий болгох, менежмент академи, менежер коллеж зэрэг урт болон богино хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр МАК Академийг бий болгоод байгаа юм.

Н БОЛ НАРИЙНСУХАЙТЫН УУРХАЙ

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Нарийнсухайтын уурхай нь 2007 оноос хөрс хуулалтын ажлаа эхэлсэн ба 2008 оноос нүүрсний олборлолт, экспортыг эхлүүлжээ. Уг уурхай нь ордын нөөцийг хаягдал, бохирдолгүй бүрэн ашиглаж, зах зээлд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн нийлүүлэн экспортлох замаар эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж буй. Нэг сая тонны хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр бүхий тус уурхай нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд орон нутгийн төсөвт нийт 1.3 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн бөгөөд 1000 гаруй ажлын байрыг бий болгож, нийгмийн хариуцлага, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах чиглэлд 37.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн аж.

О БОЛ ОРЧИН

МАК компанийн гол үйл ажиллагаа эрхэлж буй газрууд буюу Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Сайншанд болон Даланжаргалан сум, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт суурьшлын бүсийг шат дараалан байгуулж, 5-11 мянган хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр зорьж буй. Ийнхүү суурьшлын бүс байгуулснаар жилд дунджаар 376-800 мянган цагийг хэмнэх төдийгүй ажлын бүтээмж 10-20 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.



Ө БОЛ ӨӨРЧЛӨЛТ

Бүхий л салбарын компаниуд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг байгаль орчинд ээлтэй байлгахаар хичээж буй өнөө цагт МАК компани ч мөн адил нэгдэж байна. Илүү тодруулбал, МАК Евро цемент үйлдвэрээс гарч буй нүүрсхүчлийн хийн хэмжээг тогтоон хадгалах Carbon capture технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингэхдээ нүүрс хүчлийн хийг цемент болон бетон зуурмагт хийж, бат бөх чанарыг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй ногоон цемент үйлдвэрлэх боломжтой болох аж.

П БОЛ ПАРК

Эрчим хүчний шинэ шийдэл ашиглан нүүрсхүчлийн хийг бууруулж, байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэл явуулах нь дэлхийн үйлдвэрлэлийн чиг хандлага болж буй өнөө цагт МАК компани Төв аймгийн Сэргэлэн сум болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумд аж үйлдвэрийн парк байгуулж буй. Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байх паркад 3D хэвлэлийн студи, гипсэн хавтангийн үйлдвэр, инженерчилсэн чулуун хавтан, бетон хийцийн үйлдвэрийг байгуулахын зэрэгцээ шохойн чулуу ашиглан хүний эрүүл мэндэд ээлтэй хуванцар материал PVC үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Харин Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Евро стандартын барилгын материалын үйлдвэрүүдэд түшиглэн байгуулагдаж буй аж үйлдвэрийн паркад цонх, хаалганы профилийн үйлдвэр, төрөл бүрийн уут шуудай, хуванцар поддон, хуванцар хоолойн үйлдвэрийг шинээр байгуулж, одоо байгаа МАК Евровиндоор үйлдвэрийг MDF хаалганы үйлдвэрлэл, шил ганжуулах, матах тоног төхөөрөмж, бүрэн автомат будгийн цехээр өргөтгөх ажлыг хийхээр төлөвлөж буй.

Р БОЛ РОБОТ ЛАБОРАТОРИ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах МАК Евро цемент үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд Монголын анхны бүрэн автомат робот лабораторитой гэдгээрээ онцлог. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, хуурай аргын цементийн уг үйлдвэр нь жилдээ нэг сая тонн чулуунцар үйлдвэрлэх боломжтой ба 140 гаруй жилийн түүхт Данийн Вант улсын FLSmidth компанийн технологи, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. Тэд нийт таван төрлийн ашигт малтмал бүхий орцоор зургаан төрлийн цементийг тогтвортой үйлдвэрлэж, дотоод нийт зах зээлийн 40 гаруй хувийг ханган ажиллаж буй бөгөөд энэ онд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий шохойн үйлдвэрийг ашиглалтад аваад байна.



С БОЛ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ

МАК компани нь өөрсдийн бүх үйлдвэр, уурхайн эрчим хүчийг нар, нийлэг хийн эрчим хүчээр хангах зорилт тавин ажиллаж буй. Илүү тодруулбал, нүүрснээс нийлэг хий, ус төрөгч гарган авах судалгааг Японы Unico International компанитай хамтран эхлүүлж байгаа бөгөөд групп компанийн эрчим хүчний хэрэглээний 50 хүртэл хувийг нарны эрчим хүчнээс хангахаар бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байгаа юм.

Т БОЛ ТҮРГЭНИЙ АМ

“Монголын Алт" (МАК) ХХК нь 30 жилийнхээ ойн хүрээнд хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, сурч боловсрох орчин, нөхцөлийг бүрдүүлэх, спортын салбарыг дэмжин аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 14-р хороонд байрлах Түргэний амын 33.4 га талбайд олон улсын стандартад нийцсэн цогц бүтээн байгуулалт барихаар төлөвлөөд байгаа юм. Олон улсын жишигт нийцсэн уг цогцолбор нь 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, багш, сурагчдын дотуур байр, цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төв, спорт ордон, задгай спорт талбай, морин тойруулгын цогцолбор, кёрлингийн ордон зэрэг бүтээн байгуулалтууд багтах аж.

У БОЛ УУЛ УУРХАЙ

МАК компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох уул уурхай нь алтны шороон ордны үйлдвэрлэлээс эхлэлтэй ч өдгөө уул уурхайн салбарт нүүрсний экспорт, зэс молибденийн төсөл, нүүрс боловсруулах төсөл, барилгын материалын түүхий эдийн олборлолт, геологи хайгуулын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй.



Ү БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ

МАК компани нь эх орныхоо эрдэс түүхий эдээр баялаг бүтээж, импортын хараат байдлыг бууруулахад чиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, өдгөө олон улсын 100 гаруй компанитай хамтран ажилладаг. Одоогоор цемент, блок, хаалга, цонх болон агаар сэлгэлтийн хоолой зэрэг үндсэн дөрвөн үйлдвэрийг ашиглалтад оруулан европ чанар, технологийн дагуу тогтвортой үйлдвэрлэл явуулж, таван төрлийн 20 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа юм.

Х БОЛ ХҮРЭН ТОЛГОЙ КОАЛ МАЙНИНГ

2002 онд “Монголын Алт" (МАК) ХХК болон Чинхуа группийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулсан Чинхуа МАК Нарийнсухайт компани нь Монголын нүүрсийг Хятадын зах зээлд анхлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэгвэл уг компани 2019 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай Хүрэн Толгой Коал Майнинг компани болж, нүрсний олборлолт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Байгаль орчинд ээлтэй байдлаар олборлолт хийх бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг тэдний хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд улсын төсөвт 320 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлсний 21.5 орчим тэрбумыг нь орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд 35/10 кв хүчин чадалтай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг 2.8 тэрбум төгрөгөөр барьж, өмнө нь төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумдыг эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбосон юм. Түүнчлэн улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэл 55.6 км хатуу хучилттай авто зам тавьж, орон нутгийн иргэдэд аюул осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

Ц БОЛ ЦАГААНСУВАРГА ТӨСӨЛ

Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Цагаансуварга зэс молибденийн орд нь 1.6 сая тонн зэс, 61 мянган тонн молибденийн нөөцтэй. Цагаан Суваргын хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр болон кадодын зэс боловсруулах энэхүү төслийн хүрээнд 1300 хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5000-7500 хүртэлх ажлын байр шинээр бий болох боломж бүрдэж буй. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлэх боломжтой.



Ч БОЛ ЧУХАЛ БАРИМТ

МАК компани нь 1998 оноос хойш 25 жилийн турш тасралтгүй ТОП-100 ААН-ээр шалгараад буй. Тэдний хувьд өнгөрсөн онд 91.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн бөгөөд энэ оны байдлаар 4000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Ш БОЛ  ШИВЭЭХҮРЭН ТЕРМИНАЛ ТӨСӨЛ

Улсын хилийн Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Шивээхүрэн терминалын бүтээн байгуулалтыг Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй найман компани Монгол Улсын Засгийн газрын 185-р тогтоолын дагуу гүйцэтгэж буй. Орчин үеийн цогц бүтээн байгуулалт болох энэхүү төсөл хэрэгжсэнээр нүүрсний хорогдол, бохирдол багасаж, байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөлөл буурах ба манай улсын нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Мөн энд хэрэгжих 5G сүлжээний орчинд ажиллах жолоочгүй автомашины тээвэрлэлт нь Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг жилд 40-60 сая тоннд хүргэх аж.

Э БОЛ ЭКСПОРТ

Хүнд үйлдвэрлэлийн салбарт “Монголын Алт" (МАК) ХХК нь ирэх таван жилийн хугацаанд 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байна.




Ю БОЛ ЮУ ХИЙХ ВЭ?

Хамтдаа хөгжих дараагийн 30 жилийн хугацаанд “Монголын Алт" (МАК) ХХК хүнд үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан байгаль орчинд ээлтэй компани болох зорилт тавиад буй. Тодруулбал, барилгын материал үйлдвэрлэлийн хүрээнд үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчид хүрдэг цогц үйлчилгээ үзүүлж, эрчим хүчний салбарт байгаль орчинд ээлтэй шинэ эрчим хүч үйлдвэрлэн хөдөө аж ахуйн салбарт эрүүл хүнсийг бий болгох их үйлсэд зүтгэх юм.

Я БОЛ ЯЛГАРАЛ

Их бүтээн байгуулалтын эрин үеийг эхлүүлж, эдийн засгийн хөгжлийг эх орондоо цогцлоох их үйлсэд манлайлж буй МАК компани нь ашигт малтмалаар баялаг бүтээж, дэлхийн технологийг нутагшуулан импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэгч, бүтээгч Монголыг бий болгохын төлөө тэмүүлэн ажиллаж буй. Тиймдээ ч нэг зорилго, нэг хүсэл тэмүүллээр нэгдэн ажиллаж чадвал үндэсний үйлдвэрлэгч компанийг бий болгож чадна гэдгийг тэдний 30 жилийн түүх бэлээхэн гэрчилж байгаа биз ээ.

Тэдний хувьд алсын хараагаа дараагийн 30 жилд “Ногоон ирээдүй рүү тэмүүлэх 30 жил” хэмээн тодорхойлж, тогтвортой хөгжлийг цогцлоох, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, цэвэр эрчим хүч, ногоон технологийг нэвтрүүлж, хөдөлмөрийн харилцаанд тэгш эрхийг нэвтрүүлж, чанартай, аюулгүй бүтээгдэхүүний бодлого барьж, дотоод үйл ажиллагааны хяналтыг хууль эрх зүй, ёс зүйн хэмжээнд хангах зорилготой ажиллаж байна.