Мэргэжлээрээ ажиллаж эхлээд өнгөрсөн аравдугаар сард анхны цалингаа авлаа. Мөн л анхны гэх тодотголтой нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараа төлөв. Тухайн үед хөдөлмөрөө үнэлүүлж цалин авсандаа урамшин, бусдын адилаар иргэний үүргээ биелүүлсэн гээд өөрөөрөө бахархах сэтгэл төрснийг нуугаад яах вэ. Дөнгөж ажлын талбарт гарч, үндсэн мэргэжлээрээ ажиллаж буй залуу хүнд энэ мэт зүйл сэтгэл хөдөлгөм байх нь тодорхой биз. Гэвч ээжийн хэлсэн үг гэнэт толгой тогшлоо. “Яаж ийж байгаад л цалингаасаа хуримтлал үүсгээд байгаарай. Мөнгөө цааш нь далд хийхгүй л бол өөрийн гэсэн гэр оронтой болоход хэцүү шүү!”...
Яг л над шиг залуу бүсгүй байхдаа миний ээж багш мэргэжлээр ажиллаж эхэлсэн. Өдгөө улсын сургуульд 20 жил багшилж буй түүний хувьд наймхан жилийн дараа хуулинд заасны дагуу 55 настайдаа тэтгэвэрт гарна. Гэвч нэг насаар ханилсан мэргэжлээ хүлээлгэн өгөөд маргааш нь яах вэ гэх айдас түүнд бий. Одоо авч буй цалингаасаа гурав дахин бага тэтгэвэр авч, амьдралаа болгох ёстой учраас тэр байх. Тиймээс л надад ирээдүйгээ баталгаатай байлгах хэрэгтэй гэж захин хэлсний учир ийм байв.

Өнөөдөр Монгол Улсын дундаж цалингийн хэмжээ 1.2 сая төгрөг бөгөөд тэтгэврийн дундаж хэмжээ нь 350 мянган төгрөг гэх. Харин монгол хүний дундаж наслалт эрэгтэй нь 66, эмэгтэй нь 75 байдаг. Маш энгийнээр бодоход эрэгтэй хүн тэтгэвэрт гараад зургаан жил, эмэгтэй хүн 20 жилийн турш дээрх мөнгөн дүнтэй тэнцэхүйц болон түүнээс доош дүнтэй тэтгэврээр хэрэглээгээ хангах ёстой болж байгаа юм. Гэтэл сарын цалингаараа арай ядан хүргэдэг байсан хүн түүнээс даруй 3-4 дахин бага мөнгөөр хэрхэн амьдралаа залгуулах вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Олон жил улсдаа хөдөлмөр эрхэлчхээд гавьяаныхаа амралтад гарах бус гачигдал, дутагдлын ангалд унахаас ялгаагүй дүр зураг. Манай улс 1994 онд нийгмийн даатгалын тухай хуулийг баталж, бид нийгмийн даатгалын шимтгэл төлж эхлээд өдгөө 27 жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд төлөх дүн нь нэмэгдсэнээс биш түүнээс хүртэх ашиг улам л багассан. Манайхтай ижил тэтгэврийн тогтолцоотой улс цөөнгүй байсан ч ихэнх нь шинэчлэл хийчхэж. Харин бид л бахь байдгаараа, дорвитой шинэчлэл хийлгүй өдийг хүрчээ. Хүн бүр эцэг эх болох нь тодорхой шиг тэтгэвэрт гарах нь ч бас гарцаагүй үнэн. Тэгэхээр бүгдэд хамаатай уг сэдвийн тухай олж мэдсэн бүхнээ энэхүү нийтлэлдээ зангидан хүргэж байна.
ӨВӨӨ, ЭМЭЭГИЙН ТЭТГЭВЭР
Бага байхад ээж цалингаа, эмээ тэтгэврээ авахад гэрийн хамгийн жаргалтай хүн нь би болдог байлаа. Тэр ч бүү хэл есөн нас хүртлээ ээжийн цалин огт дуусдаггүй юм байна гэж буруу ойлгож явсан үе надад бий. Ээжийн цалин гэр бүлийн хэрэглээнд эн тэнцүү хуваагддаг байсан бол эмээгийн тэтгэвэр ихэнхдээ надад зориулагддаг байв. Угаасаа эмээ, өвөө нар ач зээгийнхээ төлөө гэвэл тэтгэвэр байтугайг зориулдаг улс шүү дээ.
Манай эмээ насаараа техникийн үйлдвэрийн нярав хийсэн. Гэвч амьд сэрүүн ахуйдаа яг хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг байсныг нь сураглахад 192 мянган төгрөг гэсэн тоо намайг алмайруулав. Тухайн үед хонины өрөөл мах, бас бус гурил, будаагаа эм тангийнхаа хамт даавуун торондоо хийчхээд гэлдэрч явсныг нь санах юм. Дагуулж явсангүй, хүнд юм өргөөд гэж уцаарладаг байснаа мэдэх ч тэр жаахан мөнгөөр яаж хүргэдэг байсныг нь ухаарах сөхөө надад байгаагүй билээ.
Тэгвэл өнөөдөр манай улсын иргэдийн 80 орчим хувь нь 420 мянган төгрөгийн тэтгэвэртэй байна. Манай эмээгийн тэтгэврээс 2.2 дахин өндөр дүн байгаа ч өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн өссөнийг санах нь зүйтэй. Нийслэлийн статистикийн газрын үнэлгээгээр таван жилийн өмнө доорх хонины ястай мах 1 кг нь 5210 төгрөг, үхрийн цул мах 7600 төгрөг байжээ. Гэтэл өнөөдөр...

УРД ХОРМОЙГООРОО ХОЙД ХОРМОЙГОО НӨХӨЖ БУЙ ТЭТГЭВРИЙН САН
Бид сарын цалингийнхаа 24 хувийг нийгмийн даатгалын шимтгэл болгон төлдөг. Тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал зэрэгт дээрх хувьтай тэнцэх мөнгө очдог байна. Харин тэтгэврийн даатгалд бид хамгийн их буюу 17 хувийг төлж байгаа ба гурван хүний өгч буй мөнгө нэг иргэний тэтгэврийг бүрдүүлдэг аж.
Ингээд бодохоор бусад даатгалын санг бодвол хамгийн их буюу 17 хувийн шимтгэл авч буй нь тэтгэврийн сан байна. Гэтэл энэ салбар 600 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа ба сүүлийн найман жилийн хугацаанд тасралтгүй алдагдалтай ажиллажээ. Яагаад?
Эхний шалтгаан нь 1960-1980 оын их төрөлтийн үеийнхэн 2015 оноос эхлэн тэтгэвэртээ гарч эхэлсэн. Тэгэхээр тэтгэвэр авагсдын тоо ийнхүү нэмэгдэж буй нь орлогоос давсан зарлагыг бий болгож байгаа хэрэг. Дараагийн шалтгаан нь хүн амын дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой ба хүмүүс илүү олон жил тэтгэвэр авах болж байгаа юм. Сүүлийн шалтгаан гэвэл технологийн хөгжлөөс үүдэн олон хүний хийдэг байсан ажлыг одоо цөөн хүн хийх боломж бүрдсэн явдал байлаа. Үүнээс нэг асуудал урган гарч ирж буй нь энэ байдал цаашид үргэлжилбэл юу болох вэ? 2040 он гэхэд нэг өндөр настны сарын тэтгэврийг ажилчин ангийн цалин багатай нэг хүн даах цаг ирнэ. Түүгээр ч зогсохгүй дээрх 600 тэрбум төгрөгийн алдагдал 2 их наядад хүрэх тооцоолол ч буй. Харин үүний үр дүнд Монгол Улсын ДНБ-ний зургаан хувиар тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх шаардлага гарах ба энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна.
БҮРЭН ХЭРЭГЖЭЭГҮЙ ХУРИМТЛАЛЫН ТОГТОЛЦОО
Дээр дурдсан гурван хүний тэтгэврийн даатгалын шимтгэлээр нэг хүний тэтгэврийг бүрдүүлж, залуу үе нь олсон орлогоороо өндөр настнуудын амьдралыг залгуулж яваа хуваарилалтын тогтолцоо манай улсад буй. Бидний тэтгэврийн даатгалын санд шимтгэл болгон төлсөн мөнгөний үлдэгдэлд ямар нэг хүү, өгөөж тооцдоггүй бөгөөд хэчнээн хугацаа өнгөрсөн ч тэр хэвэндээ өсөлгүй байсаар байдаг нь энэ тогтолцооны сул тал. Харин хуримтлалын тогтолцоо нь таны тэтгэврийн хуримтлалын санд оруулсан орлогод хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамаарсан хүү, өгөөжийг тогтмол тооцохын зэрэгцээ захиран зарцуулах эрхийг тухайн иргэнд бүрэн олгодгоороо давуу талтай.
Манай улс 1999 онд “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуулийг баталж, энэ тогтолцоо руу шилжих алхмаа хийсэн. Гэвч тухайн даатгуулагчийн бүх насаар цуглуулсан хуримтлалыг гэр бүлд нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах боломжийг олгох хамгийн чухал зүйл, заалтыг орхигдуулжээ. Насаараа бий болгосон хуримтлалынхаа үр шимийг өөрөө ч тэр, үр хүүхэд, гэр бүлийнхэн нь ч хүртэх боломжгүй байна гэдэг дэндүү шударга бус байна шүү дээ.

ЗӨВХӨН ТЭТГЭВРИЙН ОРЛОГОТОЙ АРД ТҮМЭН
Манай улсад дундаж тэтгэврийн хэмжээ 350 мянган төгрөг байдаг тухай нийтлэлийнхээ эхэнд дурдсан. Үүнийг нэг тулгуурт тогтолцоо гэх бөгөөд үндсэндээ бид зөвхөн төрийн нэгдсэн дансанд мөнгөө хуримтлуулж түүнээсээ бага хэмжээний орлого авч буйг ийнхүү нэрлэж байгаа юм. Хэрэв энэ тогтолцоо цаашид хэвээр үргэлжилбэл одоо хөдөлмөр эрхэлж буй залуус бидний хувьд тэтгэвэрт гарсныхаа маргааш 3-4 дахин бага орлоготой болох цаг ойрхон гэсэн үг.
Үүн дээр дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлэгч Финляндын жишээг дурдъя. 5.5 сая гаруй хүн амтай тус улсын хувьд сарын дундаж цалин 4728 евро байдаг бол дундаж тэтгэвэр нь ганц бие хүнд 1373 евро, гэрлэсэн хүнд 1230 евро байдаг. Хэдийгээр авч буй цалингаасаа 2-3 дахин бага тэтгэвэртэй мэт харагдаж байгаа ч энэ бол зөвхөн төрөөс олгож буй тэтгэвэр гэдгийг дурдах нь зүйтэй. Учир нь Финлянд Улсын иргэн 67 настайдаа тэтгэвэрт гарахад төрийн тэтгэврийн сан, хувийн буюу нийтийн тэтгэврийн сангаас орлого олохын зэрэгцээ сайн дураараа хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс сонгож болдог. Үүнийг олон тулгуурт тогтолцоо хэмээн нэрлэж буй. Энэхүү тогтолцооны хамгийн чухал давуу тал нь эдгээр гурван эх үүсвэр харилцан эрсдэлээ хуваалцах учир аль нэгэнд нь асуудал гарлаа гэхэд та бусад хоёроосоо тэтгэвэр авсан хэвээр байх юм.
Тэгвэл хувийн буюу нийтийн тэтгэврийн санг илүү тодотгон авч үзье. Энэ хуримтлалыг ажил олгогч тал тухайн ажилтны санхүүгийн баталгаат ирээдүйг бий болгоход заавал үүсгэх хэрэгтэй. Товчхондоо хувийн тэтгэврийн сан нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, иргэдийн хуримтлалыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар түүний өгөөжийг улам бүр нэмэгдүүлнэ гэсэн үг.
ТЭТГЭВРИЙГ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХОЙНОО Л ЯРИХ ГЭЖ ҮҮ?
Бид бүгд 55, 60 нас хүрээд тэтгэвэрт гарах нь гарцаагүй үнэн билээ. Гэхдээ тэтгэврийг заавал тэтгэвэрт гарсан хойноо ярих ёстой гэж үү? Хэдий тэтгэврийн насан дээр очоод тэтгэвэр авах хуультай ч бид тэрхүү авч байгаа мөнгөөрөө амьдралаа цааш нь үргэлжлүүлэх ёстой болно. Тэтгэврийн нас хүрчхээд хүний тооноос хасагдахыг хэн ч хүсэхгүй биз дээ? Тэр үед харамсахгүйн тулд өнөөдөр бид тэтгэврийн тогтолцоо ямар байгааг, цаашид бидэнд яаж нөлөөлж болох талаар чухалчлан авч үзэх хэрэгтэй байна.
Залуу хүн тэтгэврийн талаар ярих төдийд л эвэртэй туулай үзсэн мэт байх олны хандлагыг үгүйсгэх нэг баримт бол тэтгэврийн сангийн алдагдал 2 их наядад хүрэх тухай юм. Бид хангалуун сайхан амьдрахын тулд л өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Гэтэл орлогынхоо цөөнгүй хувийг илэрхий муу менежменттэй, мөнгийг өсгөдөг биш үгүй хийдэг санд зарцуулж байгаа нь миний хувьд шударга бус байна. Үе үеийн улс төрчдийн тэтгэврийн даатгалын санг ээлтэй болгох тухай амлалтууд ээлж дараалан мартагдаж, замхарсан нь өнөөдөр ард иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийсэн. Гэсэн хэдий ч үүнийг зөв голдиролд нь оруулж тэтгэврийн шинэчлэлийг хийхээр тус салбарынхан болоод улстөрчид ажиллаж байна. Үүнийг амжилттай болгож, бидэнд ээлтэй тогтолцоог бий болгоосой хэмээн залуу сэтгүүлч миний бие энэхүү нийтлэлдээ зангидан хүргэлээ.

Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 64.119.19.210
төрийн санхүү хичээлийнхээ илтгэлийг бэлтгэх гээд өөрийн тань нийтлэлийг уншлаа. Үнэхээр санаа бодол нэг байна. Энэхүү нийтлэлийн гол санааг илтгэлдээ тусган ангийнхандаа хүргэх болноо. Бяарлалаа, амжилт