Үүлдэр: Бирмийн питон
Нас: 9 сар
Дуртай хоол: Жижиг мэрэгч, шувуу, мөлхөгч

Оффистоо аварга могойтой зэрэгцэн ажиллаж байна гээд төсөөлөөд үз дээ? Хүйт дааж, жийрхмээр эсвэл сониучирхан харж, ажигламаар хачин жигтэй боловч ховорхон тохиох нөхцөл биз. Шинэ дугаартаа тээвэр зуучлалын Bright Logistics ХХК-ийн оффисын гишүүн, Төв Азийн аварга могойны төрөл Бирмийн питоныг танилцуулж байна. 

Тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Сугар амьтан тэжээх нэн сонирхолтой бөгөөд хамт олонтойгоо санал зөвшилцөж, өөрийн тэжээдэг могойгоо ажлын оффистоо авчирснаар энэхүү оффисын могойн түүх эхэлсэн юм. 

Гүйцэтгэх захирал Г.Сугар

МОГОЙТОЙ АНХ ТАНИЛЦСАН ТҮҮХ

Хүүхэд ахуйгаасаа амьтдыг ихэд шохоорхож гол ус, рашаанд элбэг байдаг могой, бамбай хоншоорт зэргийг тэжээж болдог болов уу гэж их ихэд сонирхдог байлаа. Хамгийн анх рашаанаас зэрлэг могой авчирч хэсэг тэжээж байсан.

Энэ бол Burmese Python буюу Төв Азид амьдардаг хоргүй, аварга могойны төрөл. Өнгөрсөн оны 9-р сард төрсөн, зулзагаараа байгаа. Байгальдаа хар, бор өнгөтэй байдаг ч миний энэ могой ховор, альбино төрөл учир шар өнгөтэй. Насан биед хүрэхээрээ 5-10м урттай болно.

Могойгоо оффистоо авчрахаас өмнө хамт олноосоо асууж, саналыг сонссон. Зарим хүн хүрэх нь бүү хэл, харахаас ч эмзэглэж айдаг. Гэхдээ амьтнаар дамжуулан танин мэдэхүйн мэдлэгээ тэлэх боломжтой. Жишээлбэл, бид оффистоо гэр бүлийн өдөрлөг зохиож, ажилчдын маань гэр бүл, хүүхдүүд зочилдог. Тэднийг могойтой танилцуулж, байгальд энэ амьтантай хэрхэн харьцах, хайрлан хамгаалах тухай мессежийг чадах хэмжээндээ түгээж байна.


МОГОЙТОЙ ХОЛБООТОЙ ХӨГЖИЛТЭЙ ЭСВЭЛ ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Манай нэг найз могой сонирхож, тэжээж үзэхээр болсон юм. Тэгсэн нэг удаа хооллож байхдаа хатгуулж гэнэ. Тэр үедээ над руу зургийг нь явуулаад “Одоо би үхэх үү? гэж асуусан. Могойд хазуулсан л бол үхдэг гэж ойлгосон нь хөгжилтэй санагдаж билээ.

Ер нь нохой, муурыг бодоход могойн биеийн хэлэмжийг нь ойлгоход хэцүү. Жижигхэн хэмжээтэй могой хүнийг залгия гэж бодохгүй харин өөрийгөө хамгаалж, аюул гэж харан хазах магадлалтай.

ТАНЫГ ГАЙХШРУУЛСАН ҮЙЛДЭЛ, ХАЧИРХАЛТАЙ, ХӨГЖИЛТЭЙ ЗАН АВИР

Могойны биеийн хөдөлгөөн, араншин, хүнд төрүүлэх мэдрэмж нь нэн өвөрмөц учир тэжээхэд сонирхолтой амьтан. Олон төрлийн могой тэжээж байгаа ч хэмжээнд нь татагдаж, хоргүй аварга төрлийн могойг тэжээдэг. Харин альбино төрөл бусад амьтдын адилаар хараа муутай учир хооллох үед андуурч хий хазах, буруу тийшээ явах үйлдлүүд нь хөгжилтэй байдаг. Хүйтэн цустай амьтад аливаа биетийг том, жижиг гэж мэдрэхээс бус нохой муур шиг эзнээ таних, эрхлэх зан чанаргүй.

Мөн элдэв төрлийн харшил өгөхгүй, өл сайн даана, дуу чимээ гаргахгүй, бусад амьтадтай харьцуулахад тоглох, салхилуулах ажил гарахгүй тул анхаарал бага шаарддаг давуу талтай.

МОГОЙТОЙ БОЛСНЫ ДАРАА АМЬДРАЛД ТАНЬ ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Амьтан тэжээснээр байгальтай зөв харьцаж, хариуцлагатай болдог. Мөн хобби тул амралтын өдрүүдэд амьтдаа хооллож, хамт байхдаа ажил, амьдралын элдэв стрессээс ангижирдаг.

МОГОЙТОЙ БОЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Могой тэжээх нь харьцангуй хялбар бөгөөд зардал багатай. Хүйтэн цустай амьтан учир хоргоны цоож, дэвсгэр, халаалт зэргээр орчноо зөв бүрдүүлэх нь чухал. Могой 7-10 хоногтоо мэрэгчээр хооллодог тул хулгана, хархнаас айдаг хүмүүс болгоомжлох хэрэгтэй.

Хулгана, мэрэгчдийг амьдаар нь бус өндөр градуст хөлдөөж хооллодог. Ингэснээр могойн эрүүл мэнд болон аюулгүй байдалд тустай. Учир нь мэрэгч амьтан амиа хамгаалахын тулд хазах, хатгах зэргээр могойг гэмтээх эрсдэлтэй байдаг.