Амьтанд хайртай хүн бүхний гэр бүлийн нэгэн гишүүнтэйгээ танилцсан түүх, хамтдаа бүтээсэн дурсамжаа хуваалцах шинэ буланд тавтай морил. Бид гэрийн тэжээмэл амьтадтай холбоотой сонирхолтой, хөгжилтэй үйл явдал, мартагдашгүй түүх, дурсамжуудыг хуваалцах анхны дугаараа хүргэж байна.
Энэ удаа бид амьтан сонирхогч А.Энхжин, Б.Бүргэдэй нарын гэр бүлийн гишүүн, нийгмийн сүлжээнд чамгүй алдартай нохой болох Hunter-ийг уншигч нартаа танилцуулж байна.
Нэр: Хантр /Hunter/
Үүлдэр: Samoyed
Нас: 1 нас 6 сар
Инстаграм: @hunterbear___
Эздийн инстаграм: @enkuuun, @bburgedei
Дуртай хоол: Тахианы мах, лууван, яс, сүүтэй зайрмаг
Дуртай тоглоом: Бөмбөг, Tug of War /зулгаадаг тоглоом/, углааш /тавчик/, оймс
Хамтдаа хийх дуртай зүйлс: Гадаа тоглох, хүнгүй газар эсвэл байгальд сул чөлөөтэйгөөр юмс шиншлэх
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Хүн бүрийг найзаа гэж боддог, энх тайвныг эрхэмлэгч

НОХОЙТОЙгоо АНХ ТАНИЛЦСАН ТҮҮХ
Бага байхад манайх нохойтой байсан ч нэг нас хүргэж чадалгүйгээр алдсан удаатай. Тэр явдлаас хойш гэр бүлийнхэн дунд маань амьтан тэжээх нь эмзэг сэдэв болж хувирсан. Гэсэн ч би удаан хугацааны турш Samoyed үүлдрийн төрлийн нохойг сонирхож, тэжээхийг хүсдэг байсан л даа. Хэзээ тэжээх нь тодорхойгүй ч сошиал сувгуудаар зураг, бичлэгийг нь байнга үздэг байлаа. Хөл хорионы үеэр сайтар судалж үзэхэд Монголд зүй ёсоор нь үржүүлдэг ганц л газар байсан нь "Мазаалай kennel" юм.
Азаар тухайн үед төрөлт нь төрчихсөн, нэг сарын дараа эздэдээ очих хугацаа нь болж таарсан. Ийнхүү найз залуутайгаа ярилцан нохойгоо авахаар шийдсэн. Нохойгоо сонгохоор тухайн газрын сошиал хаягт нийтлэгдсэн зулзагануудын зургийг сонирхож үзтэл хоёр дахь зурган дээрх "гунигийн гурвалжин нүдтэй" гөлөг шууд л харц булааж, анхаарлыг минь татсан. "The one" гэдэг шиг яг л энэ минийх гэдэг мэдрэмж төрдөг юм билээ. Түүнээс хойш долоо хоногийн дараа Хантртайгаа болон аав ээжтэй нь очиж танилцан, хоёр сар хүрэхэд нь гэртээ авчирсан түүхтэй.
Хачирхалтай нь цэвэр үүлдрийн нохойн нэрийг өгөхдөө зүгээр таамгаараа нэр өгч болдоггүй. Учир нь төрөлт бүрийг a, b, c гэх байдлаар цагаан толгойн дарааллаар нэрлэн, удмын бичгэн дээр нь тухайн төрөлтөд таарсан үсгээр эхэлсэн нэрийг өгөх ёстой байдаг. Аз болж манай нохой "H" төрөлтөд төрсөн болж таарч, би аль эртнээс бодсон "Hunter" буюу бие даасан, дайчин, харизматай гэх утга бүхий нэрийг өгөхөөр болсон.
НОХОЙТОЙгоо ХОЛБООТОЙ ХӨГЖИЛТЭЙ ЭСВЭЛ ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ
Дээр хэлсэнчлэн манай Хантр "энх тайвныг эрхэмлэгч". Нэг удаа биднийг салхилж байх үед танихгүй нохой ирээд Хантрын найзалдаг нохойг нь дээрэлхээд байсан юм. Тэгэхэд Хантр дундуур нь орон хуцаад болиулах гэж хичээгээд байсныг ер мартдаггүй. Зөвхөн нохойг ч гэлтгүй дүү бид хоёрыг хүртэл ноцолдохоор дундуур орж хуцаад байдаг нь хөөрхөн. Бас нэг удаа Хантрт зориулж тахианы мах чанаад хөргөхөөр дээгүүр тавьчихаад эргээд иртэл алга болчихсон байсан. Хэсэг гайхаад тэр хавиараа хайж үзсэн ч угаас манай нохой идчихсэн нь илэрхий байсан л даа (инээв). Хоолны төлөө хүрэхгүй байх гэсэн газар руугаа хүртэл хүрснийг нь бодохоор энэ явдал санаанаас гардаггүй юм.



ТАНЫГ ГАЙХШРУУЛСАН ҮЙЛДЭЛ, ХАЧИРХАЛТАЙ, ХӨГЖИЛТЭЙ ЗАН АВИР
Нохой болгон тэгдэг эсэхийг мэдэхгүй юм. Өнгөрсөн зун бид хэд Хөвсгөл явахад манай нохой өмнө нь ер устай ойр байж үзээгүй хэрнээ усанд сэлээд байсныг нь хараад гайхширч байлаа. Магадгүй энэ нь байгалийн инстинкт нь байх л даа. Бас хааяа хол очиж суугаад хүн шиг ширтээд байдаг нь сонин.
НОХОЙТОЙ БОЛСНЫ ДАРАА АМЬДРАЛД ТАНЬ ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Хэдийгээр өмнө нь манайх нохой тэжээж байсан ч би тэр бүр гар бие оролцож байгаагүй юм. Тэр ч утгаараа Хантр миний бие даан өсгөж буй анхны нохой. Нохой тэжээнэ гэдэг хувийн зохион байгуулалт сайтай байхыг шаарддаг. Ялангуяа гөлөг байх үедээ нялх хүүхэд шиг л анхаарал халамж, асаргаа, арчилгаа шаардана. Одоо ч мөн өдөрт дор хаяж гурваас дээш удаа гадагш гаргах, хажуугаар нь хувийн ажил төрлөө зохицуулах гээд цаг төлөвлөлт сайтай байхаас өөр аргагүй. Үүнээс үүдэн би өглөө эрт сэрж, цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран алхдаг болсон. Энэ нь сэтгэлзүйн болон бие махбодын эрүүл мэндэд минь ч сайнаар нөлөөлж байгаа.
Мөн би нохой тэжээхээсээ өмнө энгийн зүйлсийг тэр бүр анзаарч, мэдэрч байгаагүй юм билээ. Жишээ нь, хариуцлагагүй үржүүлэгчээс болж маш олон амьтад гудамжинд гарч хохирдог гэдэг ч юм уу, амьтдыг илүү анзаардаг болсон гэх үү дээ. Түүнийгээ дагаад тэдгээр амьтдыг өрөвдөж, хайрлаж, гудамжинд таарсан ямар ч амьтдад хоол өгөхөд бэлэн байх зорилгоор үргэлж цүнхэндээ хоол авч явдаг болсон.
Нохойтой болохын бас нэгэн сайхан зүйл нь хавь ойрын нохой тэжээдэг хүмүүстэй коммюнити үүсгэн хоорондоо мэдээлэл солилцон, найзууд болох явдал. Хантрыг таван сартай байх үед Clubhouse ид моданд орж байсан үе. Тухайн үед "Solace Canine Academy" гэх нохой сургалтын газрын сургагч Наарка багш нохойн сургалт хүмүүжлийн талаар их яриа өрнүүлдэг байсныг идэвхтэй сонсдог байв. Тэгсэн нэг өдөр нохойн нэг сарын туршилтын нийгэмшүүлэх анги нээх талаар ярьж, азаар бүртгүүлж амжсан. Анх Хантр бид хоёр ангидаа хамгийн муу нь байсан гэхэд болно. Хантр маань эзнийгээ сонсдоггүй, чирдэг, гудамжинд эзнээсээ илүүтэй өөр нохой, хүмүүст анхаарлаа хандуулдаг гээд нийгэмшилийн асуудалтай байсан гэсэн үг. Би уг нь амьхандаа олон бичлэг үзэж, чадлаараа нохойгоо сургаж байгаа гэж бодсон боловч эхний өдрөө очоод л сэтгэлээр унасан гэх үү дээ. Гэхдээ нэг сарын турш, долоо хоногт гурван удаа тасралтгүй явсны үр дүнд илт сайжирсан. Мөн биднээс ямар ч төлбөр аваагүй хэрнээ төгсөлтийн үдэшлэг хүртэл хийж бидэнд цаг зав, сэтгэл зүрхээ зориулсан Наарка багшдаа талархаж байгаагаа илэрхийлье.


НОХОЙТОЙ БОЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Нохойтой болохоор зорьж байгаа хүмүүст хэлэхэд өөрийн ямар нөхцөл байдалд байгаагаа сайтар бодолцох хэрэгтэй. Нохой тэжээхэд амьдралын хэв маягт тань тохирох уу? Цаг зав, анхаарал халамж гаргаж чадах уу? Санхүүгийн хувьд боломжтой юу? гээд бүхий л талаас нь харах ёстой. Дээрээс нь сошиал орчин дахь пост, таньдаг хүмүүсээсээ асуухаас илүүтэй үнэн бодит мэдээлэл, нийтлэл, судалгаа зэргийг унших хэрэгтэй болов уу. Түүнчлэн нохойгоо сонгохоос өмнө үүлдрийг нь сайтар судалж зан чанар, амьдралын хэв маяг, байгаа орчинд тань тохирох эсэхийг нь харгалзах хэрэгтэй. Мөн би эцэг эхчүүд сэтгэл хөдлөлөөр хүүхэддээ нохой авч өгөхийг дахин сайн бодож байж шийдээсэй гэж хүсдэг. Яагаад гэхээр амьтан өсгөх нь бараг зуун хувь эцэг эхийн хариуцлага болж хувирдаг. Мэдээж хүүхэд амьтантай хамт өсөхийн давуу талууд өчнөөн бий. Гэхдээ хамтад нь өсгөж чадахгүйгээсээ үүдэн амьтан гаргаж хаях тохиолдлууд бишгүй олон байдаг шүү дээ.
Харин нохой анхлан тэжээж буй хүмүүст хэлэхэд нохойнхоо суурь хүмүүжил, төлөвшлийг зөв тавихын тулд мэргэжлийн хүмүүст нь хандвал зохистой.
НОХОЙГООСОО НЭГ АСУУЛТАД ХАРИУЛТ АВАХ БОЛОМЖ ГАРВАЛ ЮУ АСУУХ БАЙСАН БЭ?
Бид сайн эзэн байж чадаж байгаа юу?




Сэтгэгдэл бичих (1)


C Cyrano 64.119.31.172
Амьтан тэжээнэ гэдэг асар их тэвчээр хөч хөдөлмөр, бас хайр хариуцлага шүү. Мундаг байна. Амжилт хүсье.