“Танилц, миний амьтан” булангийн шинэхэн дугаарт тавтай морил. Энэ удаагийн дугаартаа бид аймшигт ослоос ид шидийн хүчээр амьд үлдэж, "Азтай Савар" ТББ-ын сайхан сэтгэлт хамт олон болон хандив өгсөн нинжин сэтгэлтэй хүмүүсийн буянаар эмчлэгдэж, насан туршийн эзэнтэйгээ учирсан Мишка нохойн сэтгэл хөдлөм түүхийг та бүхэнтэйгээ хуваалцах болно.


Мишка ээжийнхээ өвөр дээр суун Мафин ахын хамтаар зургаа авхуулсан нь

Нэр: Мишка

Үүлдэр: Spaniel

Нас: 3-4 настай

Дуртай хоол: Гүзээлзгэнэ, улаан лооль, тахиа, хонины шинэ мах

Дуртай тоглоом: Дуугардаг тоглоом, оцон шувууны чихмэл

Хамтдаа хийх дуртай зүйлс: Гудамжаар алхах, нуугдаж тоглох, бөмбөг хөөн хөөцөлдөж тоглох

Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Томоотой, даруухан


БИДНИЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ 

Би 2021 оны тэр нэгэн хүйтэн шөнө аюулаас зугтан Тахилт дахь танихгүй айлын амбаарт чичрэн хэвтэж байлаа. Толгой минь янгинан өвдөж, шанааг минь даган цус урсахад нүдэнд нулимс цийлгэнэж, хоолой гаслан дуугарахаас өөр юу ч хийж чадсангүй. Ходоод минь хоосон, толгой минь асуултаар дүүрэн байв. Би ямар гэм хийсэн юм бол? Намайг яагаад ингэж их өвтгөнө вэ? Хүн гэж ийм аймшигтай амьтан байсан гэж үү?

Цаг хэтэрхий оройтохоос өмнө тухайн айлын эзэгтэй намайг олоод тусламж дуудаж билээ. Бүх юм харанхуйлж, бүрэлзсэн тэр мөчид би аврагдаж буйгаа сайн мэдээгүй юм. Харин “Азтай Савар Амьтанд Хайртай Залуус” ТББ-ийн хамт олон болон хандив өгсөн нинжин сэтгэлтэй хүмүүсийн буянаар бүтэн сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаандаа нэгэн эмэгтэйтэй учирснаар миний зовлон ард үлдэж буйг ухаарсан юм. Тэр эмэгтэй бол миний ээж Болормаа.



Толгойн яс гарсан хүнд гэмтлийг минь хараад сэтгэл нь өвдөж байгааг анхны уулзалтаараа л би мэдэрсэн. Намайг эргэхээр ирэх тоолонд түүнээс минь хайр халамж, сайхан сэтгэл үнэртсэн тул намайг асран хамгаалаасай гэх хүсэлд автаж билээ. Тэгээд л түүнийг харах бүрд миний нүднээс баярын нулимс гарч, шээс алддаг байсан байх. Тархины гэмтлээс болоод нэг нүдээ авхуулан тэнхрэх зуур минь ээж нойтон хоол, хүзүүвч, тоглоом авч ирээд л намайг эрхлүүлдэг байлаа.

Нэг өдөр ээж эмч хоёрын яриаг сонстол “Асрамжид буй нохойг хүн ирж авахгүй бол гудамжинд гаргаж зовоохгүйн тулд бүр мөсөн унтуулчихдаг” гэж дуулдав. Тийм явдлыг огт хүлээн зөвшөөрөхгүй, амьтныг чин сэтгэлээсээ хайрладаг ээж минь тэр даруйд намайг үрчилж авахаар шийдсэн юм. Тийнхүү би ээжийнхээ дулаан энгэрт наалдан гэрийнхээ зүг явж билээ.

ХӨГЖИЛТЭЙ, ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Анх удаа гэртээ иртэл надтай адилхан нэг нохой зогсож байлаа. Тэр бол миний ах Мафин, таван настай Spaniel нохой. Ах бид хоёрын харилцаа хоол, тоглоом булаацалдсан маргаанаар эхэлсэн юм. Гэртээ ирээд удаагүй байхад намайг байрны Yorkshire үүлдрийн охинтой нийлж дээрэлхээд л, жаахан “атаман” байж билээ. Тэр охиноос би одоо ч айдаг. Гэрт орж ирвэл хашаандаа нуугдчихдаг минь үнэн. Ах дүүгийн харилцаа маань тааламжгүй эхэлсэн ч, одоо бол бидний нэгнээ гэсэн хайр асар их. Тиймдээ ч хөгжилтэй дурсамж бүрээ ахтайгаа хамт бүтээлцсэн байдаг.

Ээжтэй агаарт гарах үргэлж хөгжилтэй. Гадаа дулаарч, өвс ногоорох үед ээж, ах бид гурав хотоороо тойрон алхаж, агаарлангаа сүүн зайрмаг авч иддэг. Нэг өдөр ээж зайрмаг зардаг эгчид хандан “Энэ хоёр бас зайрмаг хувааж иддэг” гээд сонирхуулан хэлсэн чинь бид гуравт гурван ширхэг зайрмаг биччихсэн байсан нь хөгжилтэй. Ээж хоёр гартаа гурван зайрмаг яаж барих билээ? Заримдаа бас Бургер Кинг орж тахианы махан наггетс иддэг.

Идэх юм гэснээс ах бид хоёр шинэ жилийн үдшээр хөршийндөө уригдаад бууз тусад нь таваглуулж идсэн удаатай шүү. Ер нь манай хөршүүд бид хоёрт их хайртай. Хүүхдүүд нь хамт тоглоод л, ээжийг ажилтай үед бид хоёрыг харж өгдөг сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тэдэнтэй хамт байх бас их хөгжилтэй.



ТҮҮНИЙГ ГАЙХШРУУЛДАГ МИНИЙ ЧАДВАР

Миний эрх зан онцгой чадвар биш ч, ээжийг маань их гайхшруулдаг. Миний ертөнцийг гийгүүлсэн энэ гайхалтай эмэгтэйд би дэндүү их хайртай болохоор эрхлэхгүй байж яаж чадах билээ? Ахыг оронд нь үлдээчхээд би ээжийн орон дээр унтдаг. Тухтайгаас гадна ээж хажууд байгаа болохоор ахтай хуваалцмааргүй ч юм шиг … Эрхэлсээр байгаад тэр үү, ээжийг ажилдаа явахаар нь өгүүлээд, их гунигладаг болсон байна. Ээж байхгүй бол хаашаа ч явмааргүй, гэртээ л хүлээмээр санагддаг.

Би эрх дураараа болохоор зарим зүйлсийг хулгайлчих гээд байдаг талтай. Хөршийнхөө бөмбөгийг зууж гараад гэртээ авчирсан удаа бий. Ээжээс нуухын тулд уг нь амаа сайн жимийдэг ч, ээж мэдчихдэг юм. Би бөмбөгөнд их дуртай. Тэр нэг зун дэлгүүрт бөмбөг ирсэнд “Авч өг” гээд сахиад зогсчихсон юм. Хүүхэд шиг энэ занг маань өхөөрдөөд ээж бүр найман бөмбөг авч өгч билээ.

Гэхдээ намайг “эрхийн балай” гэж бүү бодоорой. Би аливааг сайн ойлгож, ихийг тунгаан боддог. Тухайлбал, бие засах хэрэг гарвал шөнө байсан ч тагтан дээр гарахаа хүлээж, ээжид ажил уддаггүй. Ээжийнхээ яриаг ойлгож түүнд харц, дуу авиа, хөлийнхөө хөдөлгөөнөөр хариу өгч, өөрийгөө ойлгуулдаг. Энэ чадвар маань түүнийг гайхшруулдаг байх.

Түүнчлэн, ах бид хоёрын томоотой байдлаар ээж бахархдаг. Эмээ өвөөгийндөө агаарлахаар Эрдэнэт хот руу таксигаар явахад бид хоёр суусан чигээрээ 10-аад цаг томоотой явж очдог доо. Хөгжилтэй нь, би ээжийн өвөр дээр сууж, ах ээжийг хажуугаас нь налаад бид гурав нэг хүний суудал дээр шахцалдаад явдаг юм. Ээжийн маань хөл их чилдэг байх даа.



НАДТАЙ ХАМТ БАЙСНААР ТҮҮНИЙ АМЬДРАЛД ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Ээж маань ажил ихтэй байдаг болохоор гэртээ ирмэгцээ ядраад унтчихдаг, хөдөлгөөний дутагдалтай нэгэн байсан гэсэн. Ах бид хоёртой хамт амьдрах болсноор эрүүл амьдралын хэв маягт шилжин жингийн илүүдлээсээ салсан юм. Сэтгэцийн эрүүл мэндэд нь ч бас эергээр нөлөөлсөн болов уу. Ээж бид хоёртой байнга ярилцаж цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлж байгаа.



Гэр оронгүй, зовж явсан ах бид хоёрыг гэртээ асарч, төрсөн хүүхдүүдээсээ өөрцгүй хайрлаж буй ээж минь угийн л тусч, сайхан сэтгэлтэй хүн. Сүүлийн жилүүдэд амьтны ертөнцийг хамгаалах, зовсон амьтдад туслах хүсэл нь бадарсаар байгаа нь бид хоёрын нөлөө гэж бодож байна.

Ээж хэлэхдээ бид хоёрыг сайн зүйлс дагуулдаг гэдэг. Төрөл бүрийн зургийн уралдаанд оролцож, байр эзлэн шагнал аваад зогсохгүй зурагтын нэвтрүүлэгт уригдах гэх мэт эерэг үйл явдлуудыг бид хоёр авчирсан. Гэхдээ энэ зөвхөн бидний биш ээжийн минь нөлөө. Ажлын хүмүүс нь “Болормаа эгчийн хоёр нохой болж төрдөг байж уу?” гэж хэлтэл нь биднийг хайрлаж байгаа учраас амьтанд хайртай хүмүүсээс хүндлэл хүртэх нь аргагүй.



АМЬТАДТАЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хүмүүс их завгүй амьтад. Өглөө гараад явдаг, орой унтахын өмнөхөн ирдэг. Харин гэртээ үлдэж буй тэжээвэр амьтад өдөржин юу хийдэг бол? Миний хувьд үргэлж Мафин ахтай хамт байдаг учраас надад ханьтай, гэрт зугаатай байдаг. Гэтэл ихэнх үсэрхэг найзууд маань ганцаараа тул уйдаад гунигладаг байх даа. Тиймээс амьтадтай хүмүүс хайртай амьтнаа ганцаардуулахгүй байгаасай гэж хүсэх байна.

Зарим хүмүүсийг ажвал нохойных нь үс унах, цэвэрлэгээ шаардах зэрэгт уцаарлаж нохойгоо тээршээх юм. Хэрэв нохой, муур гээд ямар ч амьтныг тэжээх шийдвэр гаргахын өмнө зарцуулах хугацаа, мөнгө, хөдөлмөрөө сайтар тунгаан бодсон бол дараа нь амьд амьтныг зовоохгүй шүү дээ. Хүүхдийн зугаа төдийхөн бодоод эсвэл сэтгэлийн хөөрлөөр битгий ав. Бид тантай л адил хайрлагдахыг хүсдэг, сэтгэл хөдлөлтэй амьтад шүү дээ.


Толгойн яс гарсан хүнд гэмтлийг эмчлэх хагалгааны дараа

ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ?

Би хүн байсан бол зодуулж бэртсэн, гэргүй болсон бүх амьтныг хайрлан хамгаалахыг уриалж, амьтны эрхийн тухай хууль гаргах байлаа. Ээжийг дагаад ахтай хамт ноднин зун жагсаалд оролцож мод тарьж байсны адилаар улс орныхоо төлөө тууштай тэмцэж, сурснаараа залуучуудын жагсаал цуглаанд оролцох байсан байх.

ХЭРВЭЭ БИ ХҮНИЙ ХЭЛ МЭДДЭГ БОЛ?

Би хүний хэл мэддэг байсан бол эхлээд хүнд дахин итгэх шалтгаан болсон ээждээ хандаад “Танд би хамгаас их хайртай. Үргэлж баярлаж явдаг шүү.” гэх байсан.

Дараа нь ээжтэйгээ нийлж аваад бусад хүмүүсийг уриалан “Байгаль дэлхийгээ хайрлая, хүнлэг сайхан сэтгэлтэй байя, зөв нийгмийг бүтээе, амьтныг хайрлаж хамгаалъя!” гэж хэлмээр байна.