АНУ-ын Нью Жерси мужид амьдардаг монгол гэр бүлийн гишүүд болох Аззаяа ба Нико нартай танилцацгаая. Аззаяа Пенсильванийн их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд гэрээсээ хол суралцдаг тул Никогоо ихэд санадаг гэнэ. Ингээд Нико хэрхэн тэдний гэр бүлийн гишүүн болж, дурсамж бүтээж буйг хуваалцъя. 

Нэр: Нико/Nico
Үүлдэр: Maltese and Toy Poodle Mix
Нас: 2 нас 6 сар
Дуртай хоол: Бяслаг
Хамтдаа хийх дуртай зүйлс: Зүгээр л юу ч хийлгүй унтах
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Хоолны ширээнд томоотой суух
Сошиал хуудас: @nicothemaltipoodle



НОХОЙТОЙГОО АНХ ТАНИЛЦСАН ТҮҮХ

Үнэндээ би анх нохойтой болохыг хүсээгүй юм. Нохойтой болбол хангалттай цаг зарцуулах шаардлагатайгаас гадна удахгүй их сургуульд явах гэж байлаа. Гэтэл 2020 оны 8 сард Никотойгоо учрах нь тэр. Гэртээ ормогц сүүлээ хоёр тийш савлуулан хөдөлгөх бяцхан амьтан намайг угтсан юм. Хэчнээн хайр хүрэм байсан гээч. Хараад л шууд бодлоо өөрчилсөн. Энэ хоёр жилийн хугацаанд манай гэр бүлийн хамгийн хайртай гишүүн минь болжээ.

НОХОЙТОЙГОО ХОЛБООТОЙ ХӨГЖИЛТЭЙ ЭСВЭЛ ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Хамтдаа бүтээсэн гайхалтай дурсамжууд маш олон. Дөнгөж төрсөн жаахан амьтан гэр бүлд маань дасаж, тэврүүлэх, хөлдөө хүргүүлэхдээ дуртай болсон үеийг санаж байна. Мөн бөмбөгний араас хөөн тоглож, суу гэж хэлэхээр сууж сурсан мөчүүд сэтгэл хөдөлгөм байж билээ.

Нико маань жижиг биедээ багтамгүй түрэмгий зантай юм л даа. Нэг өдөр нохойн паркт явж байгаад нэлээн том нохойтой зодолдсон. Зодолдож байснаа доор нь орчихсонд би их айснаа санаж байна.

ТАНЫГ ГАЙХШРУУЛСАН ҮЙЛДЭЛ, ХАЧИРХАЛТАЙ, ХӨГЖИЛТЭЙ ЗАН АВИР 

Миний нэрийг өөрийнхөө нэрээс сайн мэддэг байх аа. Хэн нэгэн намайг дуудахаар дээш өндийгөөд намайг хайгаад эхэлдэг юм. Тэр нь их сонирхолтой. Мөн толинд өөрийгөө харж зогсох, цонхонд урд хоёр хөлөөрөө тулан хуцах, олон цагаар унтах нь их сонирхолтой санагддаг.

НОХОЙТОЙ БОЛСНЫ ДАРАА АМЬДРАЛД ТАНЬ ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Нико намайг аз жаргалтай болгодог. Хамт тоглох, гадаа алхах зэрэг миний амьдралд олон эерэг өөрчлөлт авчирсан. Никотой танилцахын өмнө бусад нохойн эздийг хараад яагаад нохойдоо тэгтлээ их хайртай байдгийг тийм ч ойлгодоггүй байсан юм. Одоо тэднийг 100 хувь ойлгож байна. Намайг халамжтай, аз жаргалтай нэгэн болгож буй Никогоо хайрлахгүй байхын аргагүй.


НОХОЙТОЙ БОЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Тэжээвэр нохой гэдэг зөвхөн хань болох амьтан биш. Арчилгаа халамж багатай загас бас биш. Урт хугацаанд тунгаан бодож, судалгаа хийсний эцэст хамтран амьдрах эсэхээ шийдэх таны гэр бүлийн гишүүн юм.

Нико манай гэрт ирэхэд би нохойтой болоход бэлэн биш байсан. Гэхдээ гэрийн нохой учир хаа хамаагүй гүйхгүй, хүндрэл бага байсан юм. Харин бүх нохой тийм биш шүү дээ. Тиймээс та туршлага, бололцооноосоо хамааран шийдвэрээ гаргаарай.

НОХОЙНООСОО НЭГ АСУУЛТАД ХАРИУЛТ АВАХ БОЛОМЖ ГАРВАЛ ЮУ АСУУХ БАЙСАН БЭ?

“Нико, чи гэрийнхнээс хэнд нь илүү хайртай вэ?” гэж асуумаар байна. Хариулт нь аав гэдгийг мэдэж байгаа ч өөрөөс нь сонсмоор байна.

Нико өөрийгөө болон аавыг бусдаас хамгаалах гээд байдаг. Аав хаана байна, Нико тэнд байдаг юм. Жишээ нь, гэр бүлээрээ сууж байхад аавтай хамгийн ойрхон суучихдаг. Заримдаа аавын хажууд хэвтэхийн тулд дээд давхар луу гараад түүний байнга суудаг газар луу очдог. Бодоод байсан чинь аавын залхуу байдалд дуртай байх аа. Эсвэл Нико эмэгтэйгээс илүү эрэгтэй хүний хажууд хэвтэх дуртай болохоор аавд хамгийн хайртай байж мэднэ.

Тэжээвэр амьтдад хайр энэрэл, тав тух, дур булаам байдлыг авчрах "Нолли" брэндтэй хамтран бүтээв.