Амьтанд хайртай уншигчдын маань хэзээний танил "Танилц, миний амьтан" булангийнхаа шинэхэн дугаарт бид овжин, ихэмсэг харагдах ч хэний ч үл мэдэх түүхийг туулан өнгөрүүлсэн Пиги мууртай ийн ярилцлаа.

Гэр бүлтэйгээ учирснаас хойших хөгжилтэй түүхүүд, амьтан тэжээгч хүмүүст хэрэг болох зөвлөгөө зэргийг яриандаа дурдсан тул үе тэнгийн муурнууд болон, тэдний эздэд ч тун хэрэгтэй ярилцлага болж чадсан хэмээн найдаж байна.

Нэр: Пиги
Үүлдэр: Тодорхойгүй
Нас: 1 нас 6 сартай
Дуртай хоол: Тахианы мах
Дуртай тоглоом: Ванны бөглөө, теннисний бөмбөг, үсний хавчаар
Хамтдаа хийх дуртай зүйлс: Эрхлэх, гэдсэн дээр унтах, эрүүгээ маажуулах
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Цэнэглэгчийн утас гэх мэт ил утас хаздаггүй, хөшиг рүү авирдаггүй. Усанд орохдоо элдэв ааш гаргалгүй тайван байж, хүний хоол руу дайрдаггүй ухаалаг муур.

бидний танилцсан түүх

Бидний учирсан тэр ер бусын өдөр 2021 оны өвлийн хүйтэн өдөр байлаа. Хөдлөх байтугай дуугарах хүч үлдээгүй хэвтэж байсан хоёрхон сартай бяцхан муужгай намайг хүмүүс харсан ч үл ойшоож, зарим нь бүр зугтааж байсан юм. Тэнүүчлээд удсан тул их халтар харагдсан биз ээ. Жихүүн салхинаас болоод би биеэ хумин хэвтэж байснаа харанхуй тэнгэр өөд өлийж хартал хялмаалан орох цас гудамжны гэрэлд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Үхэл гэж юу болохыг хараахан ойлгоогүй байсан надад ямар ч хүлээлт байсангүй. Гэтэл хэн нэгэн гудамжны гэрлийг хаан миний урд зогсох нь тэр. Өмссөн хувцас, барьсан цүнхнээс нь ажвал ажлаа тараад гэртээ ирж буй эрэгтэй хүн байв.

Тэрээр надад хэд хэд хүрч үзэн, өндийлгөх гэж оролдсон боловч бие минь дийлдэхийн аргагүй хүнд санагдсан тул босож чадсангүй. “Өвчтэй юм болов уу? Хүмүүст зодуулаад гэмтсэн юм болов уу?” гэсэн бодол түүний толгойд эргэлдэж буй нь өрөвдсөн харцнаас нь илт байлаа. Санаа тавьсанд нь сэтгэл сэргэж, найдвар төрж эхэлсэн боловч намайг орхиод орц руугаа орох нь тэр. Шороо, шавхайнд дарагдаж халтайгаад босох ч тэнхэлгүй болсон надаас зугтаагүйд нь л баярлан үлдсэн юм.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө эр буцаад гарч ирэв. Огт хөдлөлгүй байрандаа хэвтэж байсан намайг өвлийн хүйтэнд орхих нь түүний сэтгэлд сэвтэй санагдсан бололтой. Дулаан энгэртээ намайг тэвэрч аваад амьтны эмнэлэгт хүргээд зогсохгүй эмчилгээний төлбөрийг минь төлсөн юм.

Эмч нар намайг хоол тэжээлийн дутагдалд орсон, хөлдөхийн ирмэг дээр байсныг оношлон дусал залгаж өгөв. Хэдий би аврагдсандаа баяр хөөрөөр дүүрэн байсан ч хоолны дуршил, хүч тэнхээ минь огт байсангүй. Хумсын чинээ мах хальт идсэн болоод эмнэлэгтээ эмчлүүлж дуусмагц аврагч баатар минь намайг гэртээ аваачиж билээ. Түүний гэр бүл ч намайг баяр хөөртэйгөөр угтан авч, тэнхрүүлж өгсөн юм. Үхлээс намайг аварсан хүний нэрийг Хишигсүрэн гэдэг.


ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ХӨГЖИЛТЭЙ, ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Би өөрийгөө тун царайлаг гэж боддог. Анх олдохдоо бол тиймхэн төрхтэй байсан нь үнэн л дээ, бүр манай гэрийнхэн анх намайг бараан үстэй муур гэж бодсон юм билээ. Гурав, дөрвөн удаа усанд оруулсны дараагаар миний жинхэнэ өнгө болох цагаан намирсан үс минь гарч ирэхийг хараад тэд их гайхсан нь хөгжилтэй.

Жилийн хамгийн дурсамжтай цаг үе яах аргагүй шинэ жил юм. Энэ үеэр би хөгжилдөхийн тулд хойд хоёр хөл дээрээ зогсож байгаад гацуураа нураачихдаг. Мод савж унамагц дээр нь өлгөсөн саатай чимэглэлүүдийг нь урж тасдаад, хагараагүй үлдсэн бөмбөлгүүдийг нь хөөж тоглоод бөөн баяр болдог. Өнгөрсөн шинэ жилээр гацуур модоо ганц өдөр засаад л шууд хураасныг бодоход манайханд миний тарьсан хэрэг тийм ч их таалагдаагүй бололтой.

Бас яасан гээч, шинэ жилээр би Нолли брэндийн модель болж үзсэн. Зураг авалт үнэхээр хөгжилтэй байсны дээр шинэ газар очвол хөшөөд, танихгүй биетэд ойртдоггүй би, тэр өдөр гэнэт хөдөлгөөнтэй болчихсонд өөрөө ч гайхсан гэж. Студи даяар гүйгээд л эсвэл зураг авалтын цүнхэнд орчхоод гарч ирэхгүй байсныг минь харсан эзэн маань ч их гайхширсан. Түүний гайхсаныг харах надад бүр ч илүү хөгжилтэй байсан сан.

Мартсанаас, саяхан нэг дурсамжтай явдал болсон юм байна. Гэртээ сайхан тухлаад байж байтал үүднээс танихгүй муурын үнэр гарах нь тэр. Яваад очтол эзнээсээ төөрсөн шинжтэй, хүзүүвчтэй муурыг манай эзэн гэртээ оруулаад иржээ. Хараад л шууд уур хүрсэн. “Миний эзнээс холд” гээд өнөөх муур руу дайраад, “Энэ муурыг гарга” гээд эзэн рүүгээ ч уурлаад байсан чинь намайг бүр унтлагын өрөөнд оруулчхав. Хооллож ундлаад, санаа тавиад байхаар нь онцгүй санагдсан юм. Одоо бодох нь ээ, хөөрхий муурыг эзэнд нь хүлээлгэж өгөх гэж байсан болохоор уурлах хэрэггүй л байж.


ТҮҮНИЙГ ГАЙХШРУУЛДАГ МИНИЙ ЧАДВАР

Царайлаг байх чинь чадвар мөн, тийм ээ? Ямартай ч миний ихэмсэг, хөөрхөн байдал түүнийг гайхшруулдаг. Онцгой чадваруудаасаа дурдвал, харцаараа ярих, жижиг нүх рүү багтаж орох, гэрийнхнийхээ хайрыг татах гээд олон бий. Шрек хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг өрөвдүүлэм харц, их зантай босс бүсгүйнх шиг ихэмсэг харц гаргах бол миний мэргэшсэн чадварууд. Нүдээрээ өөрийгөө илэрхийлэхээс гадна алхаа гишгээгээрээ “Би энэ гэрийн хатан” гэдгийг харуулж чаддаг юм.

Гэхдээ яг үнэндээ би жаахан зожиг. Гадны хүн орж ирэхэд дургүй, гадаа гарвал алхаж явдаггүй. Зөвхөн гэр бүлийнхэндээ л толгойгоо өгч эрхлэн тэднээсээ салдаггүй юм. Тийм ч болохоор обой, буйдан урсан ч тэд намайг ойлгож, хайрласаар байдаг байх.


НАДТАЙ ХАМТ БАЙСНААР ТҮҮНИЙ АМЬДРАЛД ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр эзэн Хишигсүрэн маань намайг олоогүй бол манай гэрийнхэн амьтан тэжээх бодолгүй хэвээрээ байх байсан болов уу. Намайг тэжээснээр муур ямар дөлгөөн, хүнд хурдан дасдаг амьтан болохыг ухаарч, амьтныг илүү их хайрлаж тэндээсээ аз жаргал мэдэрдэг болсон юм. Түүнчлэн, би гэрт байснаараа хүүхдүүдэд нь олон эерэг өөрчлөлт авчирсан гэдэг. Элсийг минь тогтмол цэвэрлэхээс эхлээд хоол, ус дүүргэх, усанд оруулж арчлах зэрэг тэдний хариуцлага нь илүү олон болсон. Тэгснээрээ амьтныг хайрлан хамгаалахын чухлыг ухамсарлаж байгаа болов уу.

Манай гэрийнхний ярианы сэдвийн 50 хувь нь лав би байдаг. “Пиги надад ингэж эрхэлсэн, тэрийг тэгээд нураачихсан” гээд л миний талаар ярилцан хоорондоо их хөгжилдөцгөөнө. Өөрийгөө хэт их магтаж байна гэж бүү бодоорой, үнэндээ гэр бүлийн харилцаа сайн байдагт миний нөлөө их бий. Мөн тэд гэртээ үлдэхээрээ ганцаарддаггүй шалтгаан нь бас л би.


АМЬТАДТАЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Их зантай, өөрөөрөө бахархдаг маань үнэн хэдий ч би дотроо зөөлөн сэтгэлтэй, хайраар дүүрэн амьтан юм. Гэрийнхэндээ дэндүү их хайртай болохоор тэднийг угаалгын өрөө рүү явсан ч дагаж, ажил сургуулиасаа ирэхэд нь баяр хөөртэйгөөр угтдаг. Хэдий би хүний хэлээр ярьдаггүй ч хайраа үйл хөдлөл, харц, байгаа байдлаараа илэрхийлж чаддаг юм. Тиймээс, хүмүүст гэр бүлээрээ амьтан тэжээж, хүүхдүүдээ хариуцлагад сурган гэр бүлийн дулаан уур амьсгалаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Гэхдээ мэдээж биднийг тэжээхдээ хариуцлагатай байх нь чухал. Хүний ертөнц дэх сошиал орчинд амьтнаа орхисон, алга болгосон, зулзагуудыг нь хаясан талаарх постууд хэтэрхий олон байдаг юм гэнэлээ. “Тэжээвэр амьтан болон түүний зулзагыг нь битгий гаргаж хаяарай.” гээд хэлэх юм сан. Алдсан, гээсэн постоос илүү сайн мэдээтэй пост нь олон байгаасай.


ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ?

Хэрэв би хүн байсан бол ганц бие, их зантай, хээнцэр, зөвхөн дээд зэргийн амттай хоол иддэг, тансаг хэрэглээтэй гээд л стандарт шаардлага нь дийлдэхгүй эмэгтэй байх байсан болов уу. Гэр бүлийнхнээсээ бусад хүмүүст дургүй байдгийн адилаар танихгүй хүмүүсийн нүдэнд хямсгар нэгэн болж харагдах хэдий ч үнэндээ дотроо зөөлөн, уяхан сэтгэлтэй, хүнд хайртай нэгэн байх байлаа.


ХЭРВЭЭ БИ ХҮНИЙ ХЭЛ МЭДДЭГСЭН БОЛ?

Гэрийнхэндээ хандаад “Намайг тайван байлгаад өгөөч” гэж хэлмээр байна. Тэр хэд заримдаа намайг ноолоод салдаггүй юм. Гэхдээ үнэндээ би эрхлэх туйлын их дуртай. Бид хүнтэй л адил дэлхий дээр амьдарч, нэг агаараар амьсгалдаг, хайрлуулах эрхтэй амьтад. Тиймээс “Хүн дээгүүр, амьтан доогуур” гэсэн сэтгэлгээг халж, хаягдсан, ганцаардсан амьтдыг чадах чинээгээрээ хамгаалан хайрлахыг уриалъя.