Амьтанд хайртай уншигчдын маань хүсэн хүлээдэг "Танилц, миний амьтан" булангийн шинэхэн дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид шинэлэг, соньхон зочдыг урьсан юм. Тэд бол М-Си-Эс Группийн охин компани болох "Вэлл Бий" ХХК-ийн "Pet Paradise" амьтан тэжээгчдийн клубийн гишүүд юм.

"Вэлл Бий" ХХК нь мэргэжлийн үс арчилгаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уншигчид тэдний "Wella" гоо сайхны бүтээгдэхүүнийг хэдийн андахгүй болсон биз ээ. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусган ажиллаж, салбартаа шинэ жишиг стандартыг тогтоохыг эрмэлздэг.

Мөн байгууллагын гол капитал болсон ажилтнуудынхаа ур чадвар, өсөлт хөгжилт, хобби сонирхлыг нь дэмжин хөгжүүлдгийн нэг жишээ нь амьтан тэжээгчдийн клуб юм. Тус байгууллагын сонирхлын клубүүд цаашид улам төрөлжин тэлсээр байна. Ингээд тэдгээр клубүүдээс онцлон "Pet Paradise" амьтан тэжээгчдийн клубийнхэнтэй илүү ойроос танилцъя.



Жожогийн эзэн А.Сайнбилэг


Нэр: Жожо
Үүлдэр: Микс
Нас: 9 сар
Дуртай хоол: Хуурай хоол, элэг
Дуртай тоглоом: Базсан цаас
Хийх дуртай зүйлс: Унтах, өрөө хооронд гүйх
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Хүүхдүүдээс айдаг ч элдэв авир гаргадаггүй, хүмүүстэй эелдэг харилцдаг.

Мууртайгаа анх танилцсан түүх

Өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өглөө манай орцны өмнө нэг муур бараг цаг гаран дуугарч биднийг унтуулаагүй юм. Аргаа бараад гараад хартал турж эцчихсэн, нэлээн зовлон үзсэн шинжтэй муур байсан. Ямартай ч би гэртээ оруулчхаад, эргэж гараад эмнэлэгт үзүүлэхэд ямар ч өвчин байхгүй боловч эмчийн таамаглалаар өвөл чих, сүүл нь хөлдөж унаснаас гадна хүйтэнд хөдөлгөөнгүй сууснаасаа болж рахиттай болоод өсөлт нь зогссон болж таарсан.

Бусдаар биен дээрх шархнуудаа ямар ч асуудалгүйгээр эдгээчихсэн, дархлаа сайтай муур байна гэсэн. Эмнэлэгт үзүүлснийхээ дараа өөр хүнд үрчлүүлэх үү, өөрсдөө авах уу, яах уу гээд бараг хоёр, гурван долоо хоног өнгөрсөн юм. Тэгэхэд Жожо сэрүүн байх хугацаандаа тоглоом ч тоглохгүйгээр надаас алхам ч холдоогүй нь үнэхээр их хайр хүргэж эцэстээ авч үлдэхээр шийдсэн нь энэ.

Мууртайгаа холбоотой хөгжилтэй эсвэл дурсамжтай үйл явдал

Анх ирсэн үеийг нь ерөөсөө мартдаггүй юм. Яг л намайг битгий хаяарай гэж байгаа юм шиг үнэхээр хайр татах гэж хичээж байгаа нь мэдрэгддэг байсан. Энэ л одоогоор хамгийн дурсамжтай үйл явдал байна даа.

Мууртай болсны дараа амьдралд тань гарсан эерэг өөрчлөлтүүд

Гэртээ үр дүнтэйгээр цагийг өнгөрүүлэх шалтгаан болсон. Өмнө нь гэртээ ирээд аль болох амраад, хэвтэхийг илүүд үздэг байсан бол одоо мууртайгаа тоглож, хоолыг нь хийж өгөөд, элсийг нь цэвэрлэдэг дадалтай болсон. Удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй эхнэр бид хоёрт хүүхэдтэй болохын өмнөх хариуцлагыг мэдрүүлж байгаа юм шиг санагддаг юм.

Амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Гаднаас амьтан олвол хамгийн эхэнд хийх ёстой зүйл нь эмчид үзүүлэх юм шүү. Амьтнаас хүнд халдах өвчин маш ховор боловч бага ч гэсэн магадлал байгаа гэдгийг мартаж болохгүй. Мөн уриалмаар байгаа зүйл нь “Худалдаж биш, үрчилж авцгаая” гэдэг шүү дээ.

Муурнаасаа нэг асуултад хариулт авах боломж гарвал юу асуух байсан бэ?

Манайд ирээд жаргалтай байдаг уу?


Мирагийн эзэн М.Азбаяр


Нэр: Міга
Үүлдэр: English Toy Terrier
Hac: 7 нас
Дуртай хоол: Royal Canin брэндийн нойтон хоол, хүний иддэг бүх зүйл
Дуртай тоглоом: Бөмбөг
Хамтдаа хийх дуртай зүйлс: Унтах
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Буруугаа маш сайн ойлгодог

НОХОЙТОЙГОО АНХ ТАНИЛЦСАН ТҮҮХ

Одоогоос зургаан жилийн өмнө манай ээжийн тархинд цус харваад, тал бие нь саажилттай болж байв. Яг энэ үеэр бид гэр бүлээрээ ярилцан Мираг авах шийдэлд хүрсэн. Ээж бид хоёр гэртээ хоёулхнаа байдаг болохоор намайг ажилдаа явсан хойгуур ээж ганцаараа үлдэх гээд байсан юм.

Мөн хамгийн гол нь ээжид минь эрүүл энхийг авчирч, өдөржин гэртээ байхад нь хань болж, хамтдаа энэ бүхнийг даван туулаасай гэсэндээ Мирагаа гэр бүлийн нэг гишүүнээ болгож авч байсан. Ээжийн нэг хөлийнх нь ажиллагаа муу ч гэсэн Мираг өглөө бүр салхилуулж, бага багаар сайжирсаар байгааг нь харахад үнэхээр таатай байсан шүү.

Харин Мирагийн хувьд анх есөн сартайдаа ирэхдээ нэлээд ааш муутай, нийгэмшээгүй байсан бол ээжтэй хамт байснаар хүнд их сайн, тэр дундаа өвчтэй хүнд илүү сайн болж төлөвшсөн. Энэ хоёр маань нэг нэгэндээ түшиг болж нэгнээ эдгээсэн гэхэд болно. Одоо бол манай ээж асуудалгүйгээр ажилдаа явдаг болсон. Энэ бүхэнд нохойны маань нөлөөлөл маш их байсан л гэж боддог юм. Үнэхээр талархууштай.

Нохойтойгоо холбоотой хөгжилтэй эсвэл дурсамжтай үйл явдал

Миний дөнгөж шинээр авсан Gucci брэндийн “card holder”-ийг идчихсэн байсан. Тухайн үед уйлж ч чадахгүй, яаж ч чадахгүй л юм болсон доо.

Нохойтой болсны дараа амьдралд тань гарсан эерэг өөрчлөлтүүд

Гэрт минь нэг амьтан намайг ирэхийг чин сэтгэлээсээ хүлээж байгаа гэх мэдрэмж байнга төрдөг болохоор гэр рүүгээ их яардаг болсон. Бас бидэнд ямар ч болзолгүй хайрлаж болдгийг байнга үлгэрлэн харуулдаг.

Амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Хүмүүс аливаа амьтныг сэтгэлийн хөөрлөөр битгий аваасай. Зөвхөн өөрийгөө хайрладаг амьтан гэж ер байдаггүй. Эзнийгээ ямар ч ааш араншин гаргасан бай, бүр хаяж орхисон ч үргэлж эзнээ гэсэн хайраа илэрхийлсээр байдаг тийм л халуун дулаан зүрх сэтгэлтэй амьтад байдаг юм шүү. Мөн та амьтан тэжээсэн цагаасаа эхлэн хэзээ ч ганцаардахгүй гэдэгтээ бат итгээрэй.

Нохойноосоо нэг асуултад хариулт авах боломж гарвал юу асуух байсан бэ?

Ер нь жижиг биетэй ноход их даардаг юм шиг байна лээ. Манай Мира л гэхэд зузаан үсэрхэг хөнжилтэй. Тэр хөнжлөө мөнхийн хажуудаа авч явдаг. Тэгэхээр “Чи яагаад дандаа хөнжил нөмрөөд байдаг юм бэ? Даараад байдаг юм уу?” гэж асуумаар байна.


Локигийн эзэн Б.Батчимэг


Нэр: Локи
Үүлдэр: British shorthair
Hac: 1 нас
Дуртай хоол: Royal Canin
Дуртай тоглоом: Бүх төрлийн хайрцаг болон гялгар уут
Хамтдаа хийх дуртай зүйлс: Өглөө хамгийн түрүүнд сэрэхэд хүрж ирээд эрхлэх гээд хүржигнээд байдаг. Тэгээд хэсэг илж өгдөг.
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Нэг их ноолоод байдаггүй, үг сайн ойлгодог, хүн гуйдаггүй, хоол нь бэлэн болсны дараа л идэх гэж ирдэг.

Мууртайгаа АНХ ТАНИЛЦСАН ТҮҮХ

Амьтан тэжээх нь хүүхдийн хүмүүжилд сайн гэдгийг мэдсэнээс хойш нэлээд судалсны эцэст гэр бүлээрээ British shorthair үүлдрийн мууртай болъё гэж шийдээд, нэлээн удаан хугацаанд хайсан л даа. Онцлог нь эл үүлдрийн муурууд маш хурдан эзэдтэй болчихдог юм байна лээ. Бид мууртай болох шийдвэрийг гаргаснаасаа хойш бараг найм, есөн сар хүлээж байж эцэст нь Локигоо олж авсан.

Мууртайгаа хОЛБООТОЙ ХӨГЖИЛТЭЙ ЭСВЭЛ ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Хөгжилтэй үйл явдал зөндөө бий. Жишээ нь, угаалтуураас ус дуслахаар усны дуслыг дагаж толгойгоо хөдөлгөдөг нь хөөрхөн. Бас манай Локи ялааны ангууч л гэсэн үг. Ялааны араас хөөцөлдөөд цонх руу шахсаар байгаад алчихдаг.

мууртай БОЛСНЫ ДАРАА АМЬДРАЛД ТАНЬ ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Хүүхдийн хүмүүжилд олон эерэг өөрчлөлт авчирсан. Бага охин гэрийн ажилд илүү сайн оролцдог болсон. Охид маань тогтмол хугацаанд бие даан муурынхаа үсийг самнаж, хумсыг нь авч, усанд оруулж, тоосоо соруулдаг хариуцлагатай нэгэн болцгоосон.

АМЬТАНТАЙ БОЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Бид муураа авахаасаа өмнө “Amazon амьтны дэлгүүр”-ийн дэргэдэх амьтны кафед очиж хүүхдүүдээ мууртай тоглуулж, хамт байлгаж үзсэн л дээ. Түүнээс гадна ажилчидтай нь ярилцаж, мууртай айлуудаар орж судалгаа хийсэн юм. Тэгж практик туршлага хийж, одоогийн муураа олж авсан нь хамгийн зөв сонголт байсан. Тиймээс амьтан тэжээх гэж буй бол дан ганц зөвлөгөө мэдээллүүд уншихаас илүүтэй практик туршлага хийх нь илүү үр дүнтэй санагдсан шүү.

муурнаасаа НЭГ АСУУЛТАД ХАРИУЛТ АВАХ БОЛОМЖ ГАРВАЛ ЮУ АСУУХ БАЙСАН БЭ?

Чи цонх руу ширтээд л суугаад байдаг, яг юу бодож суудаг юм бэ?


Доригийн эзэн Х.Анужин


Нэр: Dory
Үүлдэр: Labrador Retriever
Нас: 16 сар
Дуртай хоол: Ааруул, сүү, зайрмаг
Тоглоом: Шиддэг бөмбөг
Хамтдаа хийх дуртай зүйлс: Надтай цуг хийж буй бүх зүйлс
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Аавын үгэнд сайн ордог

Нохойтойгоо анх танилцсан түүх

Эрэгтэй дүүтэй болохоор амьтан хайрлаж сургах гээд Доригоо худалдаж авч байсан. Миний хувьд амьтан хайрлаж сурна гэдэг хамгийн том эрдэм мэдлэг. Анх тэжээвэр амьтны талаар ямар ч мэдлэггүй байсан тул гэрт тэжээх боломжтой хамгийн дөлгөөн, хүнд хурдан дасдаг нохой хайхад лабрадор үүлдрийн нохой гарч ирсэн. Ингэж нохойгоо сонгосон түүхтэй. Одоо бол манай гэрийнхэн бүгд эрхлүүлдэг нэг хөөрхөн амьтантай болсондоо баяртай байдаг.

Нохойтойгоо холбоотой хөгжилтэй эсвэл дурсамжтай үйл явдал

Дори хөл хорионы үеэр гурван сартай байхдаа миний углааштай оймсыг идээд бид хэд эмнэлэг явж чадахгүй нэлээд сандраад малын эмчээс утсаар заавар зөвлөгөө авсан юм. Тэгсэн тэр эмч нь “Хагалгаа хийх л арга зам байна, даанч танай нохой жоохон учраас даахгүй байх” гэж байсан юм.

Түүнийг нь сонссон бид хэд бөөн уйлаан, бүр шөнөжин уйлж хоносон байдаг юм. Гэтэл маргааш нь Доригийн ялгадсаар нь ямар ч асуудалгүй гараад ирсэн. Тэгж л анхны бөгөөд сүүлийн удаа нохойгоо орон дээрээ баалгачхаад баярлаж билээ (инээв). Дори бага байхдаа углааштай оймсонд их дуртай байж билээ.

Амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Нохой тэжээхэд нохойныхоо биеийн жингээс хамаараад сар бүр эсвэл хэдэн долоо хоног тутамд зориулалтын хоолыг нь авах, сар болгон вакцин, туулгат хамруулах, давхар сар бүр витамин өгөх гээд тоймгүй их зардал гарах нь бий. Тиймээс сэтгэлийн хөөрлөөр амьтан авахаас илүүтэй бодит байдлыг харгалзан үзэж амьтан авах шийдвэрээ гаргаасай гэж хүсдэг.

Эдгээр шаардлагыг тоолгүйгээр авсан зарим ноход шим тэжээлийн дутагдалд орж, олон өвчнөөс сэргийлэх вакцин туулгатаа хамрагдаж чаддаггүй нь ажиглагддаг. Мөн хоол тэжээлийн хувьд хүмүүс өөрсдийн иддэг хоолноосоо өгдөг нь маш буруу.

Нохойны элэг хүнийх шиг биш учир давс, чихэр, халуун ногоо, ялангуяа шоколад зэрэг амтыг боловсруулж чадахгүйгээр үл барам эдгээрийг хэрэглэснээр судас нь хатуурах, зүрх нь өөхлөх, бүр цаашилбал үхлийн аюулд ч өртөх боломжтой байдаг. Тэгэхээр тэжээх гэж буй амьтныхаа наад захын хэрэгцээг нь мэддэг, түүнд нь анхаардаг байх хэрэгтэй болов уу.

Түүнчлэн хавар болон намрын улиралд улирал солигдож байгаатай холбоотойгоор нохойны үс их хэмжээгээр унадаг. Мөн бага насандаа өсөлт нь хурдан байдаг тул нохойныхоо биеийн жинд нь тохирсон витаминыг сар бүр өгөх ёстой. Хэрвээ өгөхгүй бол хамар нь ягаарах, рахит үүсэх, гэдэс нь амархан өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг учраас зохих тунгаар зайлшгүй өгөх хэрэгтэй.

Нохойноосоо нэг асуултад хариулт авах боломж гарвал юу асуух байсан бэ?

Яагаад үхрийн баасанд тийм их дуртай юм бэ? гэж асуумаар байна.

Бид анх удаа нохойнхоо хамтаар хөдөө явж үзэхэд Дори үхрийн баас маш ихээр идсэн. Тэгснээ бид хэдийг машинд суусны дараа үнэхээр айхтар унгасан байдаг юм. Үхрээс боловсорч гарсан зүйл дахин боловсрогдоод хий байдлаар гарсан гээд төсөөлөхөд л аймар.


Ариана, Моллигийн эзэн Т.Төгсжаргал


Нэр: Ariana, Molly
Үүлдэр: Хоёул микс
Hac: Ariana 2 нас, Molly 1 нас 6 сар
Дуртай хоол: Нойтон хоол
Дуртай тоглоом: Теннисний бөмбөг
Хамтдаа хийх дуртай зүйлс: Хоёулаа тэврэлдээд нуруугаа маажуулах
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Ариана маш даруухан. Зүгээр л идэж, хэвтэнэ. Молли эрх зөөлөн зантай. Хумсаа ер гаргадаггүй. Амьдралдаа хумсыг нь авч үзээгүй.

Мууртайгаа анх танилцсан түүх

Арианаг “Азтай савар ТББ”-аас ковидын хатуу хол хорионы үеэр шөнө хулгайгаар очиж авч байлаа. Анх ирэхдээ маш их өвдсөн байсан. Бараг нэг сар гаран эмчилгээ хийлгэж байж босгож авсан түүхтэй. Харин Моллиг мөн л “Азтай савар ТББ”-аас 40 хоногтой байхад нь ээжээс нь очиж авч байсан.

Мууртай болсны дараа амьдралд тань гарсан эерэг өөрчлөлтүүд

Хүүхдүүд амьтан хайрлаж энэрэх сэтгэлтэй болсон. Охин маань гэртээ ганцаараа үлдэж чаддаггүй байсан бол одоо хоёр дүүтэй болсон гээд гэртээ үлддэг болсон.

Амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Мууртай хүмүүст зөвлөгөө өгөхөд манай хоёр муурын нэг нь гудамжнаас олдсон архаг рахиттай байсан юм. Энэ төрлийн өвчтэй муурууд өвчин ороомтгой, суурь өвчин их байдаг юм билээ. Мөн мууранд тохиолддог хамгийн түгээмэл хоёр өвчин нь давсгийн үрэвсэл, элэгний өвчин. Учир нь, муур нохой шиг байнга агаар салхинд гарч чадахгүй гэрт байдаг болохоор элэгний өвчин тусах магадлал нь өндөр байдаг.

Эдгээр хоёр өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн эхний энгийн арга нь тус хоёр өвчнөөс урьдчилан сэргийлэх орцтой хоолыг нь жилийн аль нэг сард өгөх хэрэгтэй юм байна лээ. Тухайлбал, Royal Canin брэнд элэгний өвчин болон давсгийн үрэвслээс урьдчилан сэргийлэх зориулалтын хоолыг үйлдвэрлэдэг.

Мөн тавдугаар сард буюу муурын үс ид унадаг үеэр Royal Canin брэндийн үс уналтын процессыг хурдасган, шинэ үсийг илүү эрүүл, өнгөлөг ургахад нь тусалдаг хоолыг нэг сар авч өгвөл зүгээр.

Муурнаасаа нэг асуултад хариулт авах боломж гарвал юу асуух байсан бэ?

Арианаагаас гудамжинд тааваараа явж байсан нь жаргалтай байсан уу эсвэл энэ гэртээ идээд хэвтээд байж байх нь аз жаргалтай байдаг уу? Харин Моллигоос орилоод л байдаг яг юу яриад байдаг юм бэ? гэж асуумаар байна.


Мартагийн эзэн Д.Намуун


Нэр: Марта
Үүлдэр: Герман хоньч нохой
Нас: 1 нас 5 сар
Дуртай хоол: Тарвас, ааруул
Дуртай тоглоом: Хугарсан мөчир
Хамтдаа хийх дуртай зүйлс: Задгай талд мөчир шидүүлж гүйх, гэдсээ илүүлээд хэвтэх, машинд хамт явах
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Гэртээ хөнгөрч, хүндэрдэггүй, хол явдаггүй, хүүхэдтэй эвтэй тоглодог

Нохойтойгоо анх танилцсан түүх

Нэг сартай бяцхан гөлөг байхад нь анх гэртээ үрчилж авч байлаа. Эхэн үедээ байнга унтаад л байдаг байсан болохоор сэрээж эрхлүүлмээр санагддаг байж билээ. Бас гөлөг байхдаа байнга “жив жав” гээд их үглээ амьтан байсан (инээв). Багадаа мөн ч олон хэрэг тарьсан даа. Нэг удаа бүр миний нүүрээ буддаг багсыг зажилчихсан байсан, аймшигтай. Охин юм болохоор бас тийм юм сонирхсон юм шиг байгаа юм (инээв).

Нохойтойгоо холбоотой хөгжилтэй эсвэл дурсамжтай үйл явдал

Саяхан бид Star TV-ийн “Нохойг минь авраач” нэвтрүүлэгт оролцож гурван удаа бичлэгт орсон. Бидний оролцсон нэвтрүүлгийн дугаар есдүгээр сард гарна гэсэн юм. Хүлээгээд л байна. Нэвтрүүлэгт орох үеэр нэвтрүүлгийн санаачлагч багшаас маш олон хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг авсан нь баярлууштай.

Түүний ачаар одоо нохой маань суух, хэвтэх, үүрэндээ очих, нааш ир гэхэд ирэх, гараас амттанаа зөөлөн авах зэрэг олон хэрэгтэй командуудыг сурсан. Сайн хичээвэл гүйлтийн зам дээр ч гүйх юм байна лээ. Нэвтрүүлэгтэй холбоотойгоор манай нохойнд бэлэг хүртэл ирсэн шүү.

Нохойтой болсны дараа амьдралд тань гарсан эерэг өөрчлөлтүүд

Амьтан тэжээснээр таван настай охин маань амьтан хайрлах, амьтантай хэрхэн зөв тоглох, хайрлан энхрийлэх, эрхлүүлэх мэдрэмжүүдийг сурч авсан гэж боддог. Гэртээ тэр хоёр маань тэврэлдээд л хэвтчихдэг юм.

Анхандаа мэдээж уйлаан болоод л хэцүүхэн үе байлгүй яах вэ. Гэсэн ч сайхан өөрчлөлт нь гэр улам дүүрээд, хөгжилтэй, өрнөлтэй амьдралтай болсон. Харин нэг хэцүүхэн өөрчлөлт нь бүх хувцас болон тавилгууд дээр Мартагийн үс гэдэг гоёл чимэглэл нэмэгдэх болсон доо (инээв).

Амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Нохой тэжээнэ гэдэг яг л хүүхэдтэй болж буйгаас ялгаагүй. Тэгэхээр нохойндоо бүх чин сэтгэлээ зориулан, хайрлаж, цаг гаргаж чадвал нохой их ухаантай амьтан болохоор түүнийг чинь сайн мэдэрч, эргүүлээд түүнээс ч их хайраар хайрлана гэсэн үг.

Нохойноосоо нэг асуултад хариулт авах боломж гарвал юу асуух байсан бэ?

Бидэнтэй хамт байгаадаа аз жаргалтай байдаг уу? гэж асуумаар байдаг. Байнга аз жаргалтай, сүүлээ хөдөлгөөд сэргэлэн цовоо байгаасай гэж хүсдэг юм. Мөн бид Мартагаа аз жаргалтай байдаг гэдэгт итгэлтэй байна.


Мигигийн эзэн А.Наранцэцэг


Нэр: Migi
Үүлдэр: Ginger
Нас: 1 нас 3 сар
Дуртай хоол: Friskies брэндийн Purina
Дуртай тоглоом: Тоглоомон хулгана, уяа
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Ер маажиж, хаздаггүй, усанд томоотой орно, хумсаа сайн авхуулна

Мууртайгаа анх танилцсан түүх

Нэг өдөр манай том охин найзынх нь таньдаг хүний муур зулзагалчихсан, үрчилж авъя гээд гуйгаад байв. Би ч анхнаасаа нэг их тэжээе гэж бодоогүй л дээ. Учир нь амьтан тэжээнэ гэдэг их хариуцлагатай ажил, тэжээж чадахгүй бол амьтан зовоохын нэмэр л гэж боддог юм. Тэгсэн охин маань одоо хоёрхон муур үлдчихсэн, хүн авахгүй бол хаяна гэсэн гээд шалгаагаад болдоггүй. Бас болоогүй том охинд маань хаягдах гэж байгаа хоёр зулзагынх нь зургийг өгөөд явуулчихсан, жижигхэн шар муур байгаа юм чинь.

Түүний хажуугаар дүү нь нэг айлын зургаан сартай Булдогийн гөлгийг авч явна гээд бүр зуурчхаад тавьдаггүй шүү. Нохойг бол орон сууцанд тэжээх боломжгүйгээс эхлээд муур тэжээхээс ч их хариуцлага шаардана шүү дээ. Тэгээд энэ хоёр сонголтын нэгийг нь хийх болоод яалт ч үгүй муурыг нь сонгоод охиндоо авч болно гэж хэлэв үү үгүй юу гадаа тэврээд зогсож байсан юм шиг гялс аваад ороод ирсэн. Ингэж л алгын чинээхэн Мигитэйгээ анх учирсан даа.

Мууртайгаа холбоотой хөгжилтэй эсвэл дурсамжтай үйл явдал

Манай охид л Мигигээ үнсэж тэвэрдэг болохоос би ер тэгдэггүй юм. Би зөвхөн хоол усыг нь өгч, элсийг нь цэвэрлэдэг гэх үү дээ. Тэгсэн нэг өдөр намайг унтаж байхад жижигхэн шар юм ирснээ хамар үнэрлээд байхаар нь хөнжлөө сөхсөн чинь гүйж ороод шилбэ дэрлээд хэвтээд өгсөн.

Одоо бол миний өвөрт байнга унтдаг. Тэгээд ямар сайндаа манай том охин “Хоолноос нь өөр юм авч өгөхгүй, би харахгүй, та хоёр л хар гээд байсан чинь одоо бараг ээжийн муур болчихлоо” гэдэг болсон. Бас болоогүй “Би тусдаа гарахдаа муураа аваад гарна шүү” гэхэд нь би охиноо цаашлуулаад “Шинэ муур ав, Миги минийх” гэдэг юм (инээв).

Миги анх манайд ирэхдээ алгын чинээхэн амьтан байлаа шүү дээ. Тухайн үед элсний сав нь өөрөөс нь том байсан болохоор сав руугаа авирахдаа арагшаа хэд хэд савж унаад арай ядан авирч ороод чичрэнгээ хөнгөрчхөөд гараад ирсэн. Тэрхэн үеийн зураглал нь ёстой хөөрхөн санагддаг юм.

Мууртай болсны дараа амьдралд тань гарсан эерэг өөрчлөлтүүд

Гэр бүлийн шинэ гишүүнтэй болоод амьдралын хэв маяг их зугаатай болсон шүү. Өмнө нь гэр бүлээрээ байхдаа бүгд тус тусын зүйлсээ хийдэг байсан бол одоо Мигитэйгээ тоглон, чанартай цагийг хамтдаа өнгөрүүлэх болсон.

Мөн өмнө нь хаашаа ч хамаагүй явчихдаг байсан бол одоо ийш тийшээ явахдаа Мигидээ их санаа зовно. Саяхан бид Мигэгээ айлд үлдээгээд яваад ирсэн чинь гомдсон юм шиг байна лээ. Хүүхэд шиг гирвэшээд эхний өдрөө бид хэд рүү ойртохгүй байж байснаа бага багаар ойртоод эргээд хэвэндээ орсон.

Амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Анхнаасаа үргэлж хамт байна гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь, харшилтай боллоо гээд гаргаад хаяж болохгүй. Мөн амьтныг багаас нь хамаагүй их хүүхдүүдтэй тоглуулахаар ааш муутай болох талтай.

Тиймээс ааш сайтай амьтантай байя гэвэл түүнийгээ амьтан гэдэг өнцгөөс нь харахаас илүүтэй гэр бүлийн гишүүн гэж бодон хайрлах хэрэгтэй санагддаг. Нэмээд амьтныхаа идэх хоолонд нь сайн анхаарч, зулзагыг нь тэжээхгүй л гэж бодож байвал спей хийлгэхийг уриалж байна.

Муурнаасаа нэг асуултад хариулт авах боломж гарвал юу асуух байсан бэ?

Айлд орхиж явахад гомдсон уу? Ирж авахгүй гэж бодсон юм уу?


Сисигийн эзэн Б.Ганбанзрагч


Нэр: Сиси
Үүлдэр: Angor
Нас: 3 нас
Дуртай хоол: Royal Canin
Дуртай тоглоом: Буйдангийн бүрээс, харанхуй өрөөний хаалга онгойлго гэж миавлах, харанхуй өрөө рүү орж өрөөстэй байгаа юм руу авирах
Хамтдаа хийх дуртай зүйлс: Духан дээрээ илүүлэх

МУУРТАЙГАА АНХ ТАНИЛЦСАН ТҮҮХ

Анх Сисиг манай нөхөр амьтны группээс үрчилж авч байлаа. Эхэндээ муур надад өхөөрдөм хөөрхөн санагддаггүй байв. Харин ч эсрэгээрээ эвгүй харагддаг байсан гээч. Үнэнийг хэлэхэд би багаасаа л мууранд дуртай байгаагүй, бүр муур хажуугаар өнгөрөхөөр муу ёр ухааны л юм боддог байлаа.

Гэхдээ яалт ч үгүй нэг гэрт хамт амьдраад ирэхээр бага багаар дасдаг юм билээ. Гэсэн ч учиргүй их ноолоод, эрхлэлдээд байхгүй ч холоос нэг нэгнээ ажна шүү. Угаас муур өөрт нь дургүй байгаа нэгнийг өөртөө татах увдистай юм шиг санагддаг болсон.

МУУРТАЙГАА ХОЛБООТОЙ ХӨГЖИЛТЭЙ ЭСВЭЛ ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Уг нь манайх хоёр мууртай байсан л даа. Хамтдаа байхдаа их хөгжилтэй. Өглөө намайг ажилдаа гарахад сум харваж байгаа юм шиг ийш тийшээ үсрээд л, эсвэл нэг нь хаалганы ард нуугдаж байхад нөгөөх нь гэтэж ирж тоглох жишээний. Тиймэрхүү зүйлсийг нь харахаар их инээдтэй, хөөрхөн шүү. Даанч нөгөөх нь алга болчихсон. Бид хайгаад хайгаад олоогүй.

МУУРНААСАА НЭГ АСУУЛТАД ХАРИУЛТ АВАХ БОЛОМЖ ГАРВАЛ ЮУ АСУУХ БАЙСАН БЭ?

Их нууцлаг санагддаг. Хаяа над руу цоо ширтэхэд нь юуны талаар ярилцмаар байдаг юм болдоо гэж боддог юм. Бас шөнө унтахгүй энэ тэрүүгээр яваад л байна. Чухам юу хийж явдгийг нь асуумаар байна.