Амьтанд хайртай хүн бүхний гэр бүлийн нэгэн гишүүнтэйгээ танилцсан түүх, хамтдаа бүтээсэн дурсамжаа хуваалцах "Танилц, миний амьтан" буланд маань төрөл бүрийн амьтад эзэдтэйгээ зочид болж оролцжээ. Оны төгсгөлд бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бэлтгэсэн ярилцлагуудаас онцлох хариултуудыг түүвэрлэн хүргэж байна. 

Тэдэнтэй анх танилцсан түүх

Триатлан спортын дэд мастер, амьтан хайрлагч О.Анх-Учрал: 

Би их сургуулиа төгсөөд дөнгөж ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үед Жуковын музейн ойролцоо дөрвөн жил гаран үерхсэн найз охинтойгоо амьдардаг байв. Нэг өдөр бидний цалин зэрэг бууж, Жуков худалдааны төвөөс тор дүүрэн хүнс аваад явах замд нэгэн мал эмнэлэг дарайлдсан юм.

Бид дотор нь амьтан байвал хэсэг өхөөрдөөд гаръя гэж ярилцаад ортол манай Доржоо (бидний нохойндоо өгсөн нэр) өвчтэй угтсан. Малын эмчээс нь нохойны талаар асуухад "Эмчилгээ хийлгэж байгаа нохой. Удахгүй эдгэрчих болохоор та хоёр авч болно шүү" гэж уриалгахан хэлсэн.

Гэр рүү харих замд найз охин маань "Би тэр нохойг авмаар санагдаад байна" гэх үед би ч дотроо битүүхэн авах хүсэлтэй ч итгэл муутай байсан юм. Эцэст нь, бид өнөөх нохойг хамтдаа өсгөхөөр шийдэн гэртээ авчирч, долоо хоногийнх нь эмчилгээг гэрээр хийж байлаа.

Доржоо гэрт ирсэн эхний дөрвөн өдөр юу ч дуугараагүй, идээгүй, бүр хөдлөө ч үгүй. Тэгээд л бид нохойгоо маргааш нь мөнх бусыг үзүүлэх юм байна гэдэгт итгэчихсэн байсан. Тэгсэн маргааш өглөө нь Доржоо гонгиноод л босоод ирсэн. Тэрхэн мөчид үнэхээр хайр хүрсэн шүү.

Түүнээс хойш мал эмнэлэгт тогтмол үзүүлдэг болж, малын эмч бидэнд Доржоогийн үнэн түүхийг хэлсэн. Доржоогийн хуучин эзэн нь түүнийг өвчтэй болоход нь асарч чадахгүй гээд мал эмнэлэг дээр унтуулгынх нь мөнгийг өгөөд орхисон юм билээ. Харин эмч маань хэсэг харж үзье гээд торгоож байхад нь бид авахаар шийдсэн нь тун содон учрал болсон. Одоо насан эцэс хүртлээ хамтдаа гээд л амьдарч байна даа.


... Ингэж би анхны эзэндээ гологдсон гурван нохойн эзэн болсон түүхтэй.

Бүтэн ярилцлагыг эндээс уншаарай.

Unread

Тэдэнтэй холбоотой хөгжилтэй эсвэл дурсамжтай үйл явдал

Зохиолч, youtuber Н.Хулан:

Крис миний утас дуугарахыг яг таг мэддэг. Дуугарангуут нь нэг л их аваад ярьчихаж чаддаг юм шиг утас руу явдаг юм. Хамгийн инээдтэй нь намайг утсаа аваад ярих үед гонгинох, хуцах зэрэг дуу авиа гаргаж байгаа нь яг л цугтаа ярьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Бас гэртээ видео хийж камер өөд хараад ярих мөчид дэргэд ирчхээд "надтай яриад" байдаг.


Гэтэл Крис маань Ийвд шууд л дурлачихдаг байгаа. Харц салгахгүй, хажуунаас нь хором ч холдохгүйгээс гадна өнөөх нь хазаж, маажсан ч огт тоохгүй дагаад л явдаг байсан.

Бүтэн ярилцлагыг эндээс уншаарай.

Unread

Таныг гайхшруулсан үйлдэл, хачирхалтай, хөгжилтэй Зан чанар

Нүүр будагч, фото модель Н.Мөнхмарал:

Манай муурын нууц авьяас нь хөлд орох гэж байгаа хүүхэд шиг хойд хоёр хөл дээрээ явах. Анх тэгж явахыг нь хараад их гайхсан. Бас дийлэнх муур нэлээн хажиг, ялангуяа бага насны хүүхдээр ноолуулах дургүй байдаг бол манай Haru эсрэгээрээ хүүхдэд их ээлтэй, элгэмсүү.

Нэг удаа Haru манай дүүгээр үлгэр уншуулангаа яг хүүхэлдэй шиг өлгийдүүлчихсэн хэвтэж байсан гээч. Жирийн үед өлгийдүүлэх нь битгий хэл жаахан удаан ноолох төдийд л тийчгэнээд байдаг амьтан хүүхдэд муухай ааш гаргалгүйгээр тэвчээртэй хэвтэж байгааг нь хараад хайр хүрсэн шүү.


Бүтэн ярилцлагыг эндээс уншаарай.


амьтантай болсны дараа таны амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүд

Сэтгэл зүйч Н.Сувдаа:

Сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн судалгаагаар хүмүүс ганцаардал гэх өвчнөөр өвдөх нь эрс нэмэгдэх болсон. Ганцаардал гэдэг аливаа нэг төхөөрөмжийн /утас, компьютер/ цаадах харилцаа олширч, амьд харилцаа үгүй болж байгаатай шууд холбоотой. Угтаа хүн байгалиасаа биеийн хэлэмжээр харилцдаг амьтан.

Гэвч амьд харилцаа нь багасаад тусам ганцаардал нь зөвхөн шинж тэмдэг төдий бус өвчин болтлоо хүндрээд байгаа юм. Үүнээс үүдэн хүмүүсийн харилцах, нийгэмших чадвар эрс буурч байгаа.

Харин амьтан тэжээснээр тухайн амьтан эзнийгээ нөхцөлгүйгээр хайрладаг буюу хайрлагдах хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангаж өгдөг. Ингэснээр ганцаардлын өвчин тусах хүмүүсийн тоо багасаж байгааг судалгаанууд бий. Мөн хүн амьтантай харилцах үедээ одоо цагтаа төвлөрөх нөхцөл болдог ч сайшаалтай. Бидний бодож буй бодлын дийлэнх нь өнгөрсөн болон ирээдүйн талаар байдаг шүү дээ.


Би нэг хэсэг ер унтаж чадахгүй, унтсан ч хангалттай амарч чадаагүй юм шиг мэдрэмжтэй явдаг байлаа. Бараг л нойргүйдсэн гэхэд болно. Харин мууртай болсноос хойш хүржигнэх чимээнд нь бөх нойрсож чаддаг болсон.

Бүтэн ярилцлагыг эндээс уншаарай.

Unread


Амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст өгөх зөвлөгөө

ОХУ -ын Улаан номд орж, тоо толгой нь цөөрч буй хуурай газрын яст мэлхий буюу "Russian Tortoise"-ийг зөв аргачлалаар тэжээж, бусдад зөв соёлыг түгээж буй Г.Ганбат:

Амьтан тэжээхээр шийдсэн бол ямагт урьдчилж судалгаа хийх хэрэгтэй. Тухайлбал, яст мэлхий авахаас өмнө зориулалтын үүр сав, үүрэнд дэвсэх зориулалтын хөрс, нарны гэрлийг орлогч UVA/UVB гэрэл, дулаан чийгшил хэмжигч, нуугдах оромж, хоолны сав зэргийг зайлшгүй бэлдсэн байх шаардлагатай.


Урьдаар тухайн амьтнаа сайтар судалж, яаж тэжээх, юу шаардлагатайг мэдэж, хамгийн түрүүнд зориулалтын үүрийг нь авсан. Түүнийхээ дараа яст мэлхий тэжээдэг танилаасаа давхар зөвлөгөө авсны дараа авч байлаа.

Бүтэн ярилцлагыг эндээс уншаарай.

Posted.mn


амьтантай хүмүүст тулгардаг бэрхшээлүүдээс дурдвал

Сэхээтэн Медиа"-ийн хамтран үүсгэн байгуулагч Х.Цогтбилгүүндарь:

Эцэг эхчүүдэд "Generational Trauma" буюу үе дамнасан сэтгэлийн шархыг битгий хүүхдүүддээ үлдээгээч гэж хэлмээр байна. Та амьтнаас айдаг гээд хүүхдээ ч айдаг болгон өсгөж, хүмүүжүүлэх албагүй шүү дээ. Бид хүссэн хүсээгүй суурин, төвлөрсөн соёлоосоо салахгүйгээс хойш амьтад ч энэ хотын нэгэн хэсэг болж амьдрах л болно гэдгийг ойлгох хэрэгтэй.


Бүтэн ярилцлагыг эндээс уншаарай.


амьтнаасаа нэг асуултад хариулт авах боломж гарвал юу асуух байсан бэ?

"Хөөрхөн Зулзага ТББ"-ын үүсгэн байгуулагч Л.Амарсанаа:

Бид сайн эзэд байж чаддаг уу?

Бүтэн ярилцлагыг эндээс уншаарай.