Ээлжит нэгэн Тогтвортой хөгжлийн тайланг энэ удаагийн нийтлэлдээ хуваалцаж байна. Энэ бол өдгөөгөөс 29 жилийн өмнө буюу 1996 онд Монгол Улсын үүрэн холбооны салбарт шинэ түүх эхлүүлж, анхны үйлчилгээгээ нэвтрүүлсэн хамт олон болох Мобиком группийн 2024 оны тайлан юм. 

Тэд өнгөрсөн хугацаанд үүрэн холбоо, өндөр хурдны интернэт, цахим төлбөрийн шийдэл, сансрын холбоо, дата төв, OTT контент, видео стриминг, дижитал үйлчилгээ зэрэг олон төрлийн шийдлийг хэрэглэгчдэдээ санал болгон, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлжээ. Мэдээж эдгээр хөгжил дэвшлийн цаана Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган ажиллах чухал даалгавар тэдэнд бий. Харин эл үүргээ хэрхэн биелүүлж буй талаар онцлох тоон баримтуудыг энэхүү хуудсаас хүлээн авна уу.

Уг тайлангаас чухал тоонуудыг онцолж байна. Хэрэв уншигч та Мобиком группийн “Тогтвортой хөгжлийн тайлан 2024”-тэй дэлгэрэнгүйтэй эндээс танилцаарай.

- Шууд болон шууд бус хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, шинэ технологи зэрэгт 302.9 тэрбум төгрөг зарцуулав.
- Нийт 2.1 тэрбум төгрөгийн хандив, тусламж олгов.
- Ажилтнууддаа 183.5 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгов.
- Тогтвортой хөгжлийн санаачлагад 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулав

гүйцэтгэх захирлын мэндчилгээ


Дэлхий нийтээр байгууллагуудыг зөвхөн санхүүгийн амжилтаар бус, нийгэмд үзүүлж буй нөлөөллөөр хэмжих хандлага хүчтэй төлөвшиж байна. Мобиком группийн хувьд энэ ойлголт нь шинэ зүйл биш. Харин бидний оршин тогтнох үндэс, баримталж ирсэн үнэт зүйл, эрхэм зорилгын нэг хэсэг билээ.

Мобиком групп нь зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч бус, технологийн шийдлээр дамжуулан илүү хүртээмжтэй, илүү тогтвортой ирээдүйг бүтээх зорилго бүхий дижитал компани болон хөгжсөөр байна. Бид хоёр жил тутамд тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэлж, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажлуудаа олон нийтэд ил тод тайлагнадаг уламжлалтай. Энэ удаад ч бид байгаль орчноо хамгаалах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн бүрд нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийн төлөө бодит алхмуудыг хийлээ.

Ингээд та бүхнийг Мобиком группийн Тогтвортой хөгжлийн тайлангаар дамжуулан бидний хамтдаа хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудтай танилцахыг урьж байна.

- Кожи Курушима



байгаль орчин

Дижитал шилжилтээр байгальд ээлтэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгож, тогтвортой хөгжлийн "Инноваци ба Дэд бүтцийг хөгжүүлэх" зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

805 тонн СО2 - Нийт компаниудын одоогоор агаарт ялгарахаас сэргийлсэн нүүрсхүчлийн хэмжээ

26,592 тонн СО2 - Monpay-ийн хувьд 2023-2024 онд финтек үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг нарийвчлан тооцоолсны үндсэн дээр 26,592 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулав.

5.94 ГВТ - Жил бүр эрчим хүчний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр энэ хэмжээний цахилгаан эрчим хүчийг хэмнээд байна. Үр дүнд нь 4,173 тн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж чаджээ.

1,428 кг - 2023 онд энэ хэмжээний хуванцар сав, лааз цуглуулан дахин боловсруулах үйлчилгээ үзүүлдэг "Эс И Эс Эл Смарт Солюшн" ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

нийгэм

Боловсролын тулгамдсан асуудлуудыг олон нийтийн оролцоо, хамтын үнэ цэний зарчимд тулгуурлан шийдвэрлэхийн зэрэгцээ, байршил, дэд бүтцийн ялгаанаас шалтгаалсан боловсролын тэгш бус байдлыг “Дижитал танхим” шийдлээр бууруулахыг зорьж байна.

"Smart Education" - Уг төсөл нь 2021 онд эхэлж, орон нутгийн сургуулиудад технологийн дэмжлэгтэй орчин бүрдүүлэх замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байсан бөгөөд цааш үргэлжилж, “Дижитал анги тохижуулах”, “Менторшип” хөтөлбөр зэрэг чиглэлээр өргөжөөд байна.

Онцлох үр дүнгүүд:

- 14 сургуулийн 27 мянга гаруй сурагч 14 дижитал танхимыг ашиглах боломжтой болсон.

- Төсөлд хамрагдсан сурагчдын дүн зургаан хувь өссөн.

"Smart education 3" төсөл

- Тус хөтөлбөрт 8 ерөнхий боловсролын сургуулийн нийт 653 багш хамрагдаж, 5,900 гаруй сурагчдад мэдлэг, чадвар түгээжээ.

- Хүүхэд бүр зөөврийн компьютер болон ухаалаг самбар ашиглах боломжтой болж интерактив контент бүхий VR төхөөрөмж, өндөр хурдны интернэтээр хангагдав.

- Тус танхим байгуулагдсанаар багш нарын ажлын ачаалал 30 хувь багассан.

- Олон нийтийн оролцоог уриалсан #ГарааНэг видео сурталчилгаа 1.2 сая хүнд хүрэв.

"Smart education 4" төсөл

- Тус төслийн хүрээнд Менторшип хөтөлбөрийг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулсан ба хамтрагч болон оролцогч талууд нийт таван өөр улсын 17 байршлаас тогтмол холбогдож, таван сарын турш төслийг үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадсан.

- Нийт таван менторын зүгээс үнэт мэдлэг, ур чадвар, туршлагаа сонгогдсон 50 ментид хуваалцсан.

- Төслийн эхэнд оролцогчдын ердөө 56 хувь нь мэргэжлээ сонгосон бол төгсгөлд нь 84 хувь нь сонгож чадсан үр дүн гарав.

- Мөн олон нийтийн санал асуулгаар үнэлж, хамгийн их санал авсан зургаан сургуулийг Улаанбаатар болон орон нутгаас сонгон дижитал танхимыг тохижуулав.



хүний нөөц

Мобиком групп нь жендэрийн тэгш байдлыг хангасан, хүн бүрд нээлттэй ажлын орчныг дэмжих замаар ажил, амьдралын тэнцвэрийг хангах бодлогыг хэрэгжүүлж байна.

Ажилтнуудын хүйсийн харьцаа - Эрэгтэй 46.9 хувь, эмэгтэй 53.1 хувь

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан - 1.7 хувь. Үндсэн ажлын байранд 29 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 14 ахмад настан ажиллаж байгаа ба гэрээт ажлын байранд гурван хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 48 ахмад настан ажиллаж байна.

Гурван мянга гаруй ажилтан оролцсон сургалт, хөгжлийн зардал - 1.9 тэрбум төгрөг

"Generation X" санаачилга - 2023 онд Мобиком "Gen X" хөтөлбөрөөрөө дамжуулан тэтгэврийн насны иргэдийг дахин ажиллах боломж олгон, үнэ цэнтэй туршлагыг залуу ажилтнуудад дамжуулах орчныг бүрдүүлэв. Анхны шатанд найман ахмад ажилтан шинээр ажилд орсон.

мобиком групп ба тогтвортой хөгжил

Мобиком групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн хэрэгжүүлж ирсэн ба 2015 оноос НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжин ажиллаж буй. Тэр тусмаа чанартай боловсролыг дэмжих, инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах чиглэлд онцгойлон анхаарал хандуулж, төрөл бүрийн санаачилга, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр иржээ.

Хүүхдийн боловсрол, сурах, эрүүл, аюулгүй орчин - Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим орчны аюулгүй байдлыг хангах төсөл хөтөлбөрүүд

Тэгш бус байдлыг бууруулах - Боловсрол, дижитал хандалт, эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хүртээмжийг нэмэгдүүлж, алслагдсан бүс нутаг болон эмзэг бүлгийн иргэдийг дэмжихэд чиглэсэн санаачилгууд

Технологи ба инновац - Шинэ үеийн инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, технологийн мэдлэгийг түгээх төслүүд

Байгаль орчны хамгаалал - Цэвэр эрчим хүч, байгальд ээлтэй технологийг дэмжих замаар нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах санаачилгууд

"Smart Usage 2" - “Smart Education” төслийн дэд төсөл бөгөөд дунд болон ахлах ангийн сурагчдад цахим орчныг зөв, аюулгүй ашиглах, хувийн мэдээллээ хамгаалах мэдлэг олгох, онлайн дээрэлхэлт, зохисгүй хандлагаас сэргийлэх зорилготой. Мобикомын сайн дурын 100 гаруй ажилтан баг болж, Улаанбаатар болон 21 аймгийн 84 сургуулийн 9,300 гаруй сурагчдад зориулсан 200 гаруй удаагийн интерактив сургалтыг амжилттай зохион байгуулав. Төслийн хүрээнд нийт 9,300 гаруй ахлах ангийн сурагчид цахим орчны зохистой хэрэглээ, цахим дээрэлхэлт, хувийн мэдээллээ хамгаалах талаар мэдлэгтэй боллоо.