2023 оны тавдугаар сарын 20-нд зохион байгуулагдах байсан "Moment to Grow" уриатай Momento 2023 арга хэмжээгээ бид зарим ментор илтгэгчдийн цагийн хуваарь, зайлшгүй хүндэтгэх үзэх шалтгааны улмаас түр хойшлуулах амаргүй шийдвэрт хүрлээ. Momento арга хэмжээ өөрийгөө танин мэдэж, ээж байгаагаараа нийгэмдээ сайхан зүйл бүтээхийг хүсдэг ээжүүдийн цуглах талбар болдог нь бие биетэйгээ мэдлэг туршлагаа солилцох МОМ МЕНТОР-уудыг бүтээлцэхэд бодит хувь нэмэр болдог гэдэгт бид бат итгэдэг. Тиймдээ ч жил бүрийн ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаандаа бид илтгэгч, менторууддаа онцгой ач холбогдол өгч, хөтөлбөрийнхөө агуулга, уялдаанд ихэнх цагаа зарцуулсаар ирснийг оролцогч ээжүүд маань андахгүй биз ээ. 

Энэ жил ч бид мөн адил олон талт хамтын ажиллагаа, салбар бүрийн төлөөлөл, хөшигний ард зогсдог дүрүүдийг шинээр танилцуулж, үнэ цэнтэй туршлага, өгөөжтэй санаануудыг хүргэхийг юу юунаас илүүтэй зорин ажилласан юм. Харамсалтай нь, зарим илтгэгчид маань зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас заасан хугацаанд оролцох аргагүй болсон нь биднийг арга хэмжээгээ тодорхой хугацаанд хойшлуулах тун амаргүй шийдвэрт хүргэлээ.

Иймд хамтран зохион байгуулагч "Гоолингоо ментор клуб"-ийн хамт олны зурвас болон уг шийдвэрээс хамааран гарах FAQ буюу түгээмэл асуултуудын хариуг дор хавсаргалаа.

Хамтран зохион байгуулагч Гоолингоогийн хамт олны зурвас: 

Ээжүүдэд хүсэл мөрөөдөл, нийгэмдээ өөрчлөлт хийх тэмүүлэл, үүнийгээ гүйцэлдүүлэх ур чадвар, хүч нөөц бүрэн байдаг. Гагцхүү энэ нөөцөө хөгжүүлэхэд өөртөө гаргах цаг хугацаа, сэтгэлийн дэмжлэг, урам зориг, нэмээд мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байдаг нь “Гоолингоо ментор клуб”-ийг зорин ирдэг, энэ комюнитид багтдаг ээжүүд, эмэгтэйчүүдээс тодхон харагддаг билээ. Өөрөөр хэлбэл ээжүүдэд өөрийг нь дэмжиж, чиглүүлж чадах менторууд хэрэгтэй. Энэ ч утгаараа MOMENTO арга хэмжээний хамгийн чухал зорилго нь ээжүүдэд чиглүүлэг өгч чадах MENTOR-уудын оролцоо билээ.

Энэ жилийн хувьд бид логистик, зохион байгуулалт, мэдээлэл хүргэлтийн тал дээр өмнөх жилийн зохион байгуулалтаа ахиулан ажилласны дотор илтгэгчдийн бүрэлдэхүүнээ улам бүр ахиулахад гойд анхааран, энэ тийш ихээхэн хүч тавин ажилласнаа онцгойлон дурдмаар байна. Гэвч зарим илтгэгчдэд маань тохиолдсон зайлшгүй шалтгааны улмаас бидний оролцогчидтойгоо уулзуулахыг хүссэн менторууд маань арга хэмжээний төлөвлөгдсөн хугацаанд оролцож амжихгүй болсон нь энэхүү том шийдвэрийг гаргахад хүргэснийг та бүхэн ойлгон хүлээн аваасай хэмээн хүсэж байна.

Гэхдээ арга хэмжээ цуцлагдаагүй, түр хугацаагаар хойшилсон гэдгийг онцлон дурдъя. Эвентэд оролцохоор төлөвлөж байсан бүсгүйчүүд, хамтарч буй түншүүдээсээ уучлал хүсье. Иймд одоо тасалбар авсан бүх оролцогчдынхоо тасалбарын төлбөрийг бид бүрэн олгохын хамт “Goolingoo Mentor Club”-ийн 300 мянган төгрөгийн үнэ бүхий 12 цуврал онлайн хичээлийг үнэ төлбөргүй үзэх эрхийг бэлэглэж байна. Удахгүй чухал агуулга, чухал илтгэлүүдтэйгээр эргэн уулзъя.

ЯАГААД ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ?

Зарим хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бидний оролцогчдодоо хүргэхийг хүссэн илтгэгч менторууд маань арга хэмжээний төлөвлөгдсөн хугацаанд орж амжихгүй болсон нь биднийг том шийдвэр гаргахад хүргэснийг та бүхэн ойлгон хүлээн аваасай хэмээн хүсэж байна.

ДАРААГИЙН ТОВ ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ?

Одоогоор дараагийн товоо шууд төлөвлөх боломжгүй байгаа ч бид төлөвлөгөөт илтгэгчдийнхээ агуулгыг тайзан дээр хүргэх боломжтой болмогц арга хэмжээгээ зарлах болно.

ХӨТӨЛБӨР ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

Манай урилгыг хүлээн авч өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцахыг зөвшөөрсөн эрхэм илтгэгчид, зочдодоо талархал илэрхийлье. Бид шинэ тов зарлагдахтай зэрэгцэн тухайн хүмүүсийн цаг зав, боломж бололцоотой уялдуулан хөтөлбөрөө гаргах болно. Бүх зүйл санаснаар байвал бид хөтөлбөрөө өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ.

ТАСАЛБАР АВСАН ХҮМҮҮС ЯАХ ВЭ?

Юун түрүүнд тасалбараа авч, суудлаа баталгаажуулсан байсан та бүхэнд маш их баярлалаа. Бид таны тасалбарын төлбөрийг 100 хувь буцаан олгох болно. Эсвэл арга хэмжээний тов зарлагдтал тасалбараа хадгалуулах сонголт бас танд бий.

ХЭРХЭН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ АВАХ ВЭ?

Гоолингоо болон Unread-ийн бүх сувгаар албан ёсны тов, мэдээллүүдийг цацах болно.