Өрсөлдөөн улам ширүүссээр. Тоглолт бүр эцсийн мөчид шийдэгдэж, ялагчийг таамаглахад улам бэрх болсоор. Герман, Нидерланд, Япон мултарлаа. Бельги, Англи, Аргентин арайхийн “даруухан” өрсөлдөгчдөө дарж авав. Франц, Испани, Бразил фаворитын статусаа хадгалж үлдлээ. 

Энэ бол ДАШТ-ий хасагдах шатны эхний тойргийн товчлол. Unread энэ удаад үлдсэн өдрүүдийг тодорхойлох 4 онцлох тоглолт, 8 гол тоглогч, 16 онцлох тоон баримтуудыг хүргэж байна.

(Жич: Энэхүү нийтлэлийг 2026 оны 7-р сарын 5-ны Unread Today сонинд зориулан бичсэн болно)

4 гол асуулт

1. Францыг хэн зогсоох вэ?

Хамгийн уйтгартай асуулт. Гэхдээ л хамгийн чухал асуулт гэдэг нь маргаангүй. Тэд Парагвайн “аюултай, бохир, ретро” хөлбөмбөгийг төвөггүйхэн давав. Тэдний дараагийн даваа Морокко! 4 жилийн өмнөх амжилтаа тэд давтаж чадвал аваргын төлөө 3 дахиа дараалан тулах зам бүрэн нээгдэнэ.

2. Викингүүд хэр хол явах вэ?

Э.Хааланд, М.Одегаард зэрэг супер оддыг багтаасан Норвегийн шигшээ энэ дэлхийн аваргад хамгийн олон фенүүдийг татсан баг болоод байна. Тэдний үзүүштэй, довтолгоо зонхилсон хөлбөмбөгт татагдаагүй үлдсэн фен гэж үгүй. Тэд 28 жилийн өмнө хамгийн сүүлд ДАШТ-д тоглохдоо таарч байсан Бразилтай дахин учраа таарчээ. Энэ удаад тэд хариугаа авч чадах уу?

3. Иберийн дербид тулаанд хэн илүүрхэх вэ?

Испани, Португалын эсрэг. Дахин нэг дэлхийн аваргад бид хөршүүдийн мөнхийн өрсөлдөөнийг гэрчлэх нь. Энэ удаад гэхдээ нэг онцлох зүйл бий. Энэ бол Роналдугийн сүүлчийн тоглолт. Хорватын эсрэг тэр “хоёр” удаа гоолдож, багаа цааш хөтлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ Л.Яамал болон түүний нөхөд түүний карьерыг дуусгаж, 4 жилийн өмнөх хариугаа авч чадах болов уу?

4. Ацтекийн өндөрлөг талбайн эздийг аврах уу?

Шөвгийн 16-ын хамгийн онцлох оноолт Мексик, Англи байлаа. Нутагтаа, төрөлх Ацтека цэнгэлдэхдээ нэг ч гоол алдалгүй дөрөв хожсон Мексик цаасан дээр хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй Англитай тулна. Нөгөө нэг талбайн эзэн АНУ Бельгитэй хүндхэн тулаан хийх хуваарьтай. Канад мултарсан тул талбайн эздээс хэн нь тунаж үлдэхийг бид энэ шатанд харах болно.

Холбоотой нийтлэл: Хасагдах шатанд тунаж үлдсэн 32 багийг эрэмбэлэх нь

Unread

8 түлхүүр тоглогч

1. Л.Месси: 39 настай тоглогч мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж, 4 тоглолт дараалан гоолдлоо гэхэд хэр их хүн итгэх бол? Месси бол бүгд эргэлзэлгүй итгэнэ. Түүний форм Аргентиныг аваргаа хамгаалахад гол үүрэг гүйцэтгэнэ.

2. М.Олисе: Мбаппег бүгд ярьж байгаа ч талбайн голд хамаг хорыг Олисе хийж байна. Тэр хэдийнээ 5 оновчтой дамжуулалт өгчээ. Түүний урд 1970 оны ДАШТ-д 6 дамжуулалт өгсөн домогт Пелегийн рекорд л байна.

3. Винишиус Жуниор: К.Анчелоттигийн багийн түлхүүр тоглогч бол яах аргагүй Винишиус. Бразилчууд эргэж баяр хөөртэй, эрч хүчтэй, уран гоё тоглолтоо гаргаж эхэлсэнд Реал Мадридын од хамгийн гол үүрэг гүйцэтгэж буй.

4. И.Манзамби: Швейцарийн залуу тоглогч талбайн голд ч, жигүүрт ч, бүх байрлалд төгс мэт тоглож байгаа нь дараагийн супер одыг олсон мэт сэтгэгдэл төрүүлж байна. Швейцарь машин өөгүй мэт тоглож байгаагийн гол нууц бол И.Манзамби мөн.


5. Л.Диаз: Энэ тэмцээний хамгийн том битүү морьд бол Колумб. Юунаас ч айж эмээхгүй, нээлттэй үзүүштэй довтолж буй тус багийн гол од нь яах аргагүй Л.Диаз.

6. И.Сайбари: Морокко дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтаж, хагас шигшээ хүртэл зүтгэхэд одоо хэн ч гайхахгүй. Хэсгийн 3 тоглолтдоо дараалан гоолдож, Нидерландыг буулгахад сүүлийн торгуулийн цохилтыг хийсэн тэр одоо аль болох хурдан буцаж талбайд гарах ёстой.

7. Ф.Балогун: Почеттиногийн удирдлаганд, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор АНУ үнэхээр урамтай тоглож байна. Гэхдээ тэд гол тоглогч Ф.Балогунгүй Бельгитэй тулна. Өмнөх тоглолтод улаан хуудас авсан түүнд дахин гялалзах боломж гарах болов уу?

8. Х.Кэйн: Англичууд 60 жил хүлээсэн цомоо авч чадах эсэх нь түүнээс л хамаарна. Конгог хожиход тэр бараг ганцаараа зүтгэж, чирсээр багаа аврав. Кэйн яг одоо дэлхийн хамгийн шилдэг довтлогч гарцаагүй мөн.

Холбоотой нийтлэл: Эхний долоо хоногийн хамгийн, хамгийн

Unread

16 онцлох тоо

0 – Мексик дөрвөн тоглолтын дараа гоол алдаагүй хэвээр л байна.

1 – Дэлхийн 4 удаагийн аварга Герман түүхэндээ анх удаа пенальтигаар хожигдов.

4 – Узбекистан, Капе Верде, Иордан, Курасао гэсэн 4 улс анх удаа ДАШТ-д оролцов. Капе Верде аваргуудыг сандаргасныг бид харсан!

6 – К.Роналду 6 дэлхийн аварга дараалан гоолдсон анхны тоглогч болов.

8 – Месси хоёр тэмцээн дамнан 8 тоглолт дараалан гоолджээ.

16 – Нидерланд 2010 оны ДАШТ-ий финалаас хойш үндсэн цагт хожигдоогүй тоглолтын тоо. Гэвч тэд 3 дахиа дараалан торгуулийн цохилтоор мултрав.

19 – Дахиад л Месси. Тэр бүх цаг үеийн түүхэн дэх мэргэн буучдын жагсаалтыг 19 гоолтой тэргүүлж эхэллээ.

78 – Курасаогийн дасгалжуулагч Д.Адвокаат хамгийн ахмад дасгалжуулагч болов. Тэрээр ДАШТ эхлэхэд 78 нас 260 хоногтой байсан юм.


154 – Хамгийн их буюу 154 тоглогч Английн Премьер лигт тоглож байна. Дараа нь Бундеслига (94), Лиг 1 (78) бичигдэж байна.

1,000 – Япон Тунисыг 4:0-ээр бут ниргэсэн тоглолт ДАШТ-ий түүхэнд 1000 дахь тоглолт болжээ.

2,300,000 – ДАШТ-ий финалын хамгийн үнэтэй тасалбарын үнэ. Хамгийн анх 11 мянгаар гарсан тасалбарын дундаж үнэ 32 мянгад хүрчээ.

4,600,000 – Хэсгийн нийт 72 тоглолтыг цэнгэлдэхэд үзэгчдийн тоо 4.6 сая байсан нь рекорд болов. Энэ бол нэг тоглолтыг 64 мянган үзэгч дунджаар үзсэн гэсэн үг.

250,000,000 – Энэ жилээс нэвтэрсэн усны завсарлагын үеийн ТВ-ийн рекламын орлого. Уг завсарлагыг фанатууд ихэд шүүмжилж буй.

440,000,000 – ДАШТ-ий нийт шагналын сан. Түрүүлсэн баг 50 саяыг авах бол хасагдах шатанд шалгарсан баг бүр 11 саяыг хүртэнэ гэнэ.

11,000,000,000 – FIFA-ийн албан ёсны Youtube, TikTok-ийн контентын нийт хандалт 11 тэрбумд хүрчээ. Бас л рекорд!

13,000,000,000 – FIFA-ийн тооцоолж буй нийт орлого. Түүхэн дэх хамгийн том тэмцээн болох нь тодорхой.

ТА ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТОГЛОЛТУУДЫН ДҮНГ ТААЖ, НАЙЗ НӨХӨД, ФЕНҮҮДТЭЙ ӨРСӨЛДӨЖ ЭХЭЛСЭН ҮҮ? UNREAD-ИЙН ШИНЭ ТОГЛООМЫГ ТОГЛОЖ БУЙ 10 МЯНГАН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИЙН НЭГ БОЛООРОЙ


ЯГ ОДОО ТОГЛОХ

www.unread.games/league