2011 онд анх хэвлэгдсэн даруйдаа Нью Йорк таймсын бестселлер болсон уг номын зохиолч Жошуа Фоэр нь өдгөө 42 настай чөлөөт сэтгүүлч бөгөөд өөрийн мэргэжлээр ажиллахын сацуу шинжлэх ухаан тэр дундаа ой тогтоолт, тархи судлалын салбарын талаар баялаг намтартай нэгэн. Анх тэр бээр сэтгүүлд нийтлэх мэдээ бэлдэхээр зорилгоор ой тогтоолтын шинжлэх ухааныг сонирхож эхэлсэн бөгөөд төд удалгүй уг салбар түүний чинхүү дуртай ажил болон хувирчээ. Оюуны тамирчдын хачирхалтай ертөнцийг дотроос нь танин мэдэхийг хүссэн сониучирхал хийгээд ой тогтоолтоо сайжруулах гэсэн хүсэл нь түүнийг 2006 оны АНУ-ын ой тогтоолтын аварга болгосон түүхтэй.

Бид бүгдээрээ л дурсамжийн нөлөөнд автсан зуршлуудын нийлбэр юм. Өөрөөр хэлбэл бид дурсамжаа буюу тогтсон зуршлаа бага багаар өөрчлөх замаар амьдралаа удирддаг гэсэн үг. Амьдралаас хөгжилтэй талыг нь олж харах, өөр хоорондоо хамааралгүй ойлголтуудыг холбох, шинэ соргог санаа сэдэх, шинэ тутам соёл бий болгох зэрэг энэ бүх чадварууд нь яван явсаар ой санамжтай холбогдох аж. Сүүлийн жилүүдэд нейробиологичид ой санамжийн нууцад нэвтэрч, илүү гүнзгий судлах болсноор аливаа дурсамж цагийн эрхээр сарних, будангуйрах, ор тас мартагдах нь тархины эсийн түвшин дэх төрөлх үйл явцтай холбоотой гэдгийг нээн илрүүлээд байгаа юм.

ой санамжийн ордон

Ердөө л 2500 жилийн тэртээ юу ч үгүй сүйдсэн найрын өргөөний нурангийн тэг голд, үл таних олон хүний цогцос дунд Грекийн яруу найрагч Сеосийн Семонид цор ганцаар зогсож байв. Хэдхэн хормын өмнөхөн инээд цалгиж асан энэ газарт Семонид нүдээ анин цаг хугацааг ухрааваас харсан, үзсэн бүхнээ толгой дотроо шидийн гэмээр санаж байх нь тэр. Удалгүй аймшигт ослын улмаас уй гашууд нэрвэгдсэн иргэдийг нуранги доор дарагдсан гэр бүлийнхэнтэй нь уулзуулахаар Сеосийн Семионид замчлан алхах аж. Чухамдаа ингэж л анх ой тогтоолтын урлаг үүсэн гэдэг.


боловсролын тогтолцооны алдаа

Дунд сургуулийн сурагчдыг зогсоо зайгүй мэдээллээр бөмбөгддөг хэр нь урт хугацаандаа тэдэнд тэдгээр эмх цэгцгүй мэдээллийг хэрхэн тархиндаа хадгалан үлдэх тухайд огтхон ч заадаггүй. Мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүчээр цээжилж, үр дүнд нь шалгалтын өдөр өнгөрөхөд л бүхэлд нь мартаж орхидог уг арга тун болхи төдийгүй эргээд ямар ч үлдэцгүй, их л явуургүй арга аж. Уг омын нэгэн дүр Бьюзены хэлснээр “Бид механик аргаар цээжилсэн мэдээллийг тархиндаа хоромхон зуур л хадгалах чадвартай бол ой тогтоолтын арга нь учир зүйг нь ойлгуулдгаараа илүү үр дүнтэй. Ой тогтоолтын аргаар аливааг суралцах нь насан туршийн боловсролд чухал ач холбогдолтой” хэмээжээ.

Ромын илтгэгч нарын үзэж буйгаар “Тархи яг булчин шиг ажилладаг. Иймд бид биеийн булчингаа хөгжүүлэхийн тулд дасгал хийдэгтэй ижил анхаарлыг тархиндаа ч мөн адил хандуулснаар илүү хурдан сэтгэх арга ухааныг олно” олох аж. Түүнчлэн ой тогтоолтын урлаг нь эртний Ромд хэл бичгийн дүрэм, учир зүйн ухаан, илтгэх чадварын нэгэн адил хэл соёлын салбарын хамгийн чухал мэдлэгт тооцогддог байв. Тэд сурагчдад юу тогтоохыг нь заагаад зогсохгүй яаж тогтоохыг нь ч бас заадаг ард түмэн байжээ.


Карнеги меллон их сургуулийн оюутан 

С.Ф-ийн буюу “Тоо давтахуй” нэршлээрээ алдартай уг тест нь богино хугацааны ой тогтоолтоор тоо цээжлэх чадварыг хэмжих энгийн сорил юм. Уг тестээр шалгуулсан ихэнх хүмүүс хоёр орон тоо нэмэх хасах төдий л 7 оронтой тоог цээжилж чаддаг байна. Авиа зүйн давталт ашиглах арга зам буюу амандаа сулхан давтамжтай дуудаж үзсэний эцэст л цээжлэгдэх бөгөөд энэ нь богино хугацааны ой тогтоолт билээ. Уг тестийг хүмүүсээс авдаг С.Ф гэх залуу өөрөө ч мөн адил эхэн үедээ долоон оронтой тооноос төдийлөн дээшлэхгүй байсан ч нэг л мэдэхэд 10 оронтой, 11 оронтой тоог ядах юмгүй цээжилдэг болсон байж. Ингэхдээ багцлах аргыг ашигласан бөгөөд энэ нь цээжлэх зүйлийнхээ хэмжээг нэмэгдүүлснээр тоог нь багасгах арга юм. Иймдээ ч банкны картын дугаарыг 4 хэсэгт, утасны дугаарыг хэд хэд тасалж, улс болон орон нутгийн кодыг салгаж бичдэг нь эл аргаас үүдэлтэй юмсанж. Одоо тэгвэл та бүхэнд хэрхэн С.Ф шиг багцлах аргаар аливааг цээжлэх ой тогтоолтын шалгарсан аргыг зааж өгье.

120741091101 гэсэн 12 оронтой тоог шууд хараад цээжлэхэд амаргүй. Харин 120, 741, 091, 101 гэсэн дөрвөн хэсэгт хуваах 12/07/41, 09/11/01 гэсэн хоёр хэсэгт хуваах замаар дээрх аргыг ашиглаж, тоог тогтоохын зэрэгцээ та уг тоог аливаа төсөөлөлд багтаан өөрийн урт хугацааны ой санамждаа хадгалж болно. Тархинд байдаг дэл сул хэрэггүй мэдээллээ энэ төсөөллийн аргад ашиглаарай. Жишээлбэл, дээрх тоо нь АНУ руу довтолсон томоохон гэнэтийн дайралтын огноо гэх байдлаар ч цээжлэгдэж болно. Ой санамж ба оюун ухаан хоёрын дунд эргэх холбооны сэжим бий. Аливаа шинэ мэдээлэл оюун тархинд аль хэдийн бат суусан мэдээлэлтэй хэдий чинээ сүлэлдэнэ,төдий чинээ тогтож үлдээх зүй тогтолтой.Тиймдээ ч суурь ой санамж сайтай хүмүүс шинэ зүйлийг сайн тогтоодог. Товчхондоо бид ихийг мэдэж авахын хэрээр ихийг суралцах чадвартай болдог гэсэн үг.


Техник технологийн хөгжил ой тогтоолтын дайсан болсон уу?

2007 онд Дублин хотын Тринити коллежийн нэгэн сэтгэл зүйчийн хийсэн судалгаагаар 30 хүртэлх насны Англичуудын гуравны нэг нь гар утаснаасаа харалгүйгээр гэрийнхээ утасны дугаарыг хэлж чадахгүй гэсэн дүн гарчээ. Мөнхүү судалгаанд оролцсон насанд хүрэгчдийн 30 хувь нь гурваас дээш ойрын хамаатныхаа төрсөн өдрийг цээжээрээ мэдэхгүй байв. Чухамдаа бидний өдөр тутамдаа ашиглаж буй төхөөрөмжүүд маань иймэрхүү зүйлсийг санаж байх хэрэгцээг үгүй хийжээ.



Амьдралын үнэ цэнийг та юугаар хэмжих вэ? Уг асуултын хариултад Жошуа Фоер Миний амьдралыг миний бүтээсэн дурсамжууд тодорхойлно хэмээн хариулсан. Бид сайхан дурсамж бүтээхийн тулд л амьдардаг иймд бүтээсэн тэр бүхнээ санаж байж хэмээнэ хүн хэрхэн амьдралыг туулснаа ухаарах аж. Дээрх бүтээлийг уншаад та ч гэсэн ой тогтоолтоо илүү сайжруулж, амьдралын өнгө будагтай хором мөч бүрийнхээ үнэ цэнийг санаж байгаарай.

“Хэн байх, хэрхэн сэтгэх” зэрэг нь хувь хүний мөн чанарыг хамгийн тодоор илтгэдэг зүйлс нь ухамсар үл хүрэх нуугдмал ой санамжид оршиж байдаг.

номоос онцлох эшлэл

-Ямар нэг зүйлд мэргэшмээр байвал олон цаг давтахаасаа илүүтэй яаж давтаж байгаадаа анхаарах нь чухал. -Хүн байхын утга учир дурсан санахад оршдог юм бол агуу хүн байхын утга учир нь ихийг санахад орших бус уу. -Бүтээсэн дурсамжууд маань биднийг хэн байхыг тодорхойлно. Бидний үнэт зүйл, ааль араншин хүртэл тэндээс эхлэлтэй. -Хязгаар гэж үгүй. Хэрэв байх аваас хэзээ ч бүү зогс, харин түүнийг даван урагш зүтгэх хэрэгтэй. Үхэх дээрээ тулбал үсрээд л үхнэ биз. -Тархиндаа сийлсэн ганц ном, тавиур дээрх мянган номоос илүү үнэ цэнтэй.