Хүүхэд насны баялаг төсөөлөл, дурсамжийг өгүүлэхээс гадна дэлхийн шилдэг хүүхэлдэйн кино бүтээгчдийн олон продакш, студи бий. Үүнээс "Walt Disney" юм уу "Studio Ghibli" нарыг нэрлэхэд хангалттай. Хүүхэлдэйн бүтээлүүдэд бодит байдлаас илүүтэйгээр уран зөгнөл, төсөөллийн зураглал, үйл явдал голдуу дүрслэгдэх ба заримдаа дотоод сэтгэлийн гүн дэх аялал ч өрнөдөг.
Манайд ч гэсэн сүүлийн жилүүдэд хүүхдийн зурагт ном, кино, жүжигт анхаарал хандуулах болж, энэ төрлийн уран бүтээлчид цөөнгүй бий болсон нь анзаарагддаг. Ийнхүү олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дотоодын уран бүтээлчдийн хийсэн, үзүүштэй таван монгол хүүхэлдэйн киног танилцуулж байна.
БУМБАРДАЙ

Монгол агуулгыг дэлхийд сурталчлан таниулсан өхөөрдөм хөөрхөн, сайхан сэтгэлт Бумбардай хүүгийн адал явдлыг уншаагүй багачууд цөөн биз ээ. Комик зураач Н.Эрдэнэбаярын "Бумбардай" цувралаас сэдэвлэсэн хүүхэлдэйн киног таван орны (Монгол, Япон, Тайланд, Солонгос, Хятад) уран бүтээлчид хамтарч дэлгэцнээ амилуулсан юм.
Уг бүтээл гарсан мөчөөсөө эхлэн хүн төрөлхтний ёс заншил, хэл, шашин шүтлэгээс үл хамаарах хайр энэрэл гэгч зүйлийг дэлхийн хүүхэд багачуулд ухааруулж өгсөн билээ. Тиймдээ ч Австралийн "Flickerfest International Short Film Festival"-д 85 орны 2.700 гаруй киноноос шилдэг есөн бүтээлд шалгарч байсан удаатай.
Эрэлхэг зоригтой, зөөлөн сэтгэлт, ээждээ хайртай Бумбардай хүүг ухаандаа ургуулж, үйл хөдлөлийг нь даган дуурайх хүүхдүүд дэлхийн олон оронд бий.
СҮҮДЭР

Уг богино хэмжээний киног бүтээхэд нийт есөн орны 55 уран бүтээлч алсын зайнаас хамтран ажиллажээ. Учир нь өнгөрсөн онуудад цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтээр хөл хорионы чанга дэглэм үүссэнтэй холбогдуулан алсын зайнаас хамтран ажиллах шинэ төслийг Оскарын шагналт, продюсер Йоахим Зелл уран уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн байна. Тус программыг олон улсад танилцуулахаар болж дэлхийн зургаан орныг сонгож авсны нэг нь Монгол Улс байв.
"Сүүдэр" киноны зохиолыг чөлөөт уран бүтээл М.Аззаяа бичиж, найруулжээ. Тус бүтээл нь АНУ-ын "St. Lous International Film Festival"-д "Шилдэг богино кино", "Golden Ger Film Festival"-ийн монгол киноны уралдаант хэсэг шалгарсан билээ.
Киноны агуулга нь сүүдрээр илэрхийлэгдэж үзэгчдэд хүрэх бөгөөд хүмүүс хоорондын амьд харилцааны тухай өгүүлэхээс гадна, цар тахлын үеийн сэдвийг ч хөндөнө.
ЧИНГИС ХААН

Нэгэнтээ дэлхийн талыг нөмрөх их гүрнийг байгуулж асан Чингис хааны түүх, өв соёл, нүүдэлчин монголчуудын уламжлалыг хойч үеийн, хүүхэд багачуулд таниулах зорилготой уг бүтээлийг Ocean Pictures продакшн бүтээж, зохиолч, найруулагчаар Б.Тэнгис ажиллажээ.
"Чингис хаан" бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нь дэлхийд алдартай "Walt Disney" компанийн формат, чанарыг бүрэн хангасан бүтээл юм. Мөн морин хуур, хөөмийн ая, ятгын эгшгийг шингээж дуу оруулалтыг хийснээрээ онцлогтой. Үүнээс гаднын "Монголын нууц товчоон"-оос сэдэвлэн бүтээснээс гадна зөвлөхөөр Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар ажилласан байна.
Уг бүтээл нь Чингис хааны төрсөн газар, он цаг, түүхэн үйл явдлыг бодит түүхийн судалгаан дээр тулгуурлан бүтээсэн дэлхийд анхдагч хүүхэлдэйн кино юм.
Мөнх ТУНХ

Мөнх хүү зуны амралтаараа хөдөө байдаг Арваа ахындаа зочилно. Тэрээр багын найз Тунх гэдэг охинтой уулзахаас гадна Цасхан муур, Басар нохойтой найзууд болно. Нэг өдөр дөрвүүл тоглож явахдаа ахынхаа ид шидийг өрөөг санамсаргүй олсноор адал явдал эхэлдэг. Энэхүү ид шидийн өрөөнд үлгэрийн орноор аялуулдаг шидэт номтой учирснаар Мөнх, Тунх хоёр муур, нохойн хамтаар цаашдын аялалд гарна.
Хүүхэд багачуудад ийнхүү үлгэрээр дамжуулан шинэ санаа, сургамжийг өгч, уламжлалт ахуйг танин мэдүүлж буй уг хүүхэлдэйн кино нь Монгол ардын үлгэрүүдийг орчин цагийн хүүхдийн оюун сэтгэлгээнд тохируулж, сонирхолтой өнцгөөс хүргэдгээрээ давуу талтай.
Тус бүтээлийн санаачлагч, найруулагчаар Ц.Бат-Оргил ажилласан ба "Gertoon" анимэйшн студид бүтээсэн байна.
Уран бүтээлчид цаашид 100 анги хийх зорилготой байгаа бөгөөд Ice Mark компаниас сахарын агууламж багатай "Мөнх Тунх" зайрмагийг хүртэл гаргасан билээ.
MORA

Анх 2017 оны есдүгээр сарын 1-нд буюу хичээлийн шинэ жилийн үүд хаалга нээгдэхтэй зэрэгцэн нээлтээ хийж байсан бүтээл бол "Mora" юм. Тухайн үед “Том амжилт” компанийн дэргэдэх "Амжилт" студийн залуус хоёр жилийн турш хөдөлмөрлөсний дүнд Монголын анхны бүрэн хэмжээний дэлгэцийн 3D хүүхэлдэйн киног бүтээсэн нь энэ юм. Учир нь 90 минутын турш үргэлжлэх дэлгэцийн уран бүтээл тухайн үед хараахан мэндэлж амжаагүй байв.
Агуулгын хувьд Тэргэл хэмээх зохион бүтээгч залуу мөрөөдлийнхөө роботыг бүтээх ба түүндээ "Mora" гэх нэр өгдөг. Гэтэл мэдлэгээр дутмаг ч чинээлэг нэгэн эрхэм Тэргэлийг робот бүтээсэн санаагаа худалдахыг хүснэ. Гэвч Тэргэл үүнийг зөвшөөрөхгүй. Тийнхүү асуудлаа мэргэн ухааныхаа хүчээр шийдвэрлэж, Шүрээ гэх эмэгтэйтэй учирч буй талаар өгүүлнэ. Харин үйл явдал цааш өрнөхийг тус киноноос үзээрэй.
"Mora" хүүхэлдэйн кино нь технологи болон кино урлагийн салбарт уг жанрын хувьд анхны шанг татсан чухал ач холбогдолтой бүтээлд тооцогддог.

Сэтгэгдэл бичих

