Жил бүрийн хавар Испанийн Барселеона хотноо үүрэн холбооны салбарын хамгийн том арга хэмжээ Mobile World Congress болдог билээ. Энд ухаалаг утас, сүлжээний технологи, хиймэл оюун, робот, автомашин гээд олон шинэ инновацууд дэлгэддэг. Энэ жилийн гол дүр нь 6G технологи, Хятадын технологийн компаниудын зоримог шийдлүүд, тэр дундаа робот гар утас байлаа. Apple мөн адил энэ эвенттэй зэрэгцэн төсөр өртөгттэй iPhone 17e загвараа танилцуулаад амжив. Дөрвөн хоногийн турш Европ тивийг технологиор амьсгалуулсан уг арга хэмжээнээс 10 зүйлийг онцолж байна.
Өмнөх нийтлэлүүдийг унших:
Биднийг унтаж байх хооронд Samsung-ийн танилцуулсан бүх зүйл
XIAOMI ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР
MWC 2026 дээр Хятадын Xiaomi компани шинэ автомашины загвар танилцуулсан нь технологийн хорхойтнуудын ярианы сэдэв болов. Vision GT Concept нэртэй уг загвар нь Gran Turismo тоглоомд зориулагдан хөгжүүлсэн спорт автомашины консепц хувилбар юм. Бүрэн цахилгаан гэдгээс өөр хүчин чадалтай холбоотой мэдээллийг ил болгосонгүй. Xiaomi уг тоглоомд тусгайлан хөгжүүлсэн автомашин бүтээсэн 36 дахь брэнд болж байгаа нь энэ. Тус тоглоомд тусгайлан гаргасан консепц загварууд өмнө нь огт үйлдвэрлэж байгаагүй бөгөөд энэ удаад ч мөн адил уламжлалаа дагах болов уу.

Үүнээс гадна Xiaomi MWC 2026 арга хэмжээг угтаж өмнөх 2 дугаар сарын сүүлээр шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан билээ. Тус компани Xiaomi 17 цуврал, Xiaomi Pad, ухаалаг цаг танилцуулснаас 6 мм-ийн зузаантай зөөврийн цэнэглэгч нь анхаарал татав. Ердөө 92 граммын жинтэй ч 5000 mAh-ийн хүчин чадалтай. Сүүлийн үеийн аль ч брэндийн ухаалаг гар утсыг цэнэглэх боломжтой бөгөөд үнэ нь 50 доллароос эхэлнэ.
TECHNO-ИЙН БҮХНИЙГ ЧАДАГЧ УТАС
ХонгКонгт төвтэй Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Techno угсардаг (modular) гар утасны консепцтэй ирж олны нүднийг хужирлав. Үндсэн загвар нь 4,9 мм-ийн зузаантай байх бөгөөд нэмэлт хэрэгслүүдээр тоноглох боломжтой гэдгээрээ онцгой. 23 MP-ийн камер, 3x оптикал zoom, чанга яригч, зөөврийн батарейг нэмэлтээр хавсаргаж ашиглаж болно. Энэ бол тус компанийн ирээдүйд гаргах консепц загвар бөгөөд үйлдвэрлэлд хэзээ шилжих, ямар үнээр зарагдах нь тодорхойгүй байна.

СУПЕР КАМЕРТАЙ УТАС
Камерын технологиор тэргүүлэгчдийн нэг Leica брэнд Xiaomi-тай хамтран бүтээсэн гуравдугаар үеийн Leitzphone ухаалаг гар утсаа танилцууллаа. Энэ гар утасны гол онцлог нь мэргэжлийн түвшинд зураг дарах хүчин чадалтай камер. Гэрэл болон сүүдрийн ялгарлыг гаргахад зориулагдсан 1 инчийн үндсэн мэдрэгч болон 200 MP-ийн гурамсан камерийн системтэй. Процессорын хувьд Qualcomm-ийн Snapdragon 8 Elite Gen 5 чиптэй ба Xiaomi-ийн Hyper OS үйлдлийн системийг ашиглажээ.

ТОВЧЛУУРТАЙ УТСЫГ ҮГҮЙЛСЭЭР
Ухаалаг гар утасны эринд зарим технологи бүтээгчид товчлууртай утсыг эргүүлэн авчрахыг зорьж буй. Тэгвэл энэ удаа Алдарт Blackberry шиг харагдах хоёрдугаар үеийн Titan загвар анхаарлын төвд байлаа. Өмнөх загвартайгаа харьцуулахад илүү хөнгөн бөгөөд дугуй хүрээтэй болжээ. Elite болон энгийн гэсэн хоёр хувилбартай. Дэлгэц нь LCD-ээс OLED болон шинэчлэгдэж өнгөний ялгарал нь эрс сайжирсан байна. Хажуу талдаа iPhone-ийн Action Button-ийг санагдуулам өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглах тусгай товчлууртай.

ӨВӨРМӨЦ ДИЗАЙН
Нэгэн хэвийн гар утасны дизайныг эвдэж сонин, содон загвар гаргадгаараа онцгой Nothing брэнд дөрөвдүгээр үеийн гар утаснуудаа танилцууллаа.
Nothing Phone 4A Pro: Тус брэнд дизайныхаа нэрийн хуудас болсон шилэн загвараасаа татгалзаж, утасны их биед хөнгөн цагаан ашигласан нь хамгийн том өөрчлөлт байв. Зөвхөн камерын хэсгийг шилэн хэвээр нь үлдээжээ. Ар талдаа цаг болон сонордуулгын мэдээлэл харагддаг дэлгэцтэй. Процессорын хувьд Snapdragon 7 Gen 4 чипээр ашигласан бөгөөд 499 ерогоос эхлэн зарагдана.
Phone 4A: Өмнөх загвартайгаа ижил тунгалаг шилэн их биетэй. Pro хувилбараасаа хүчин чадлын хувьд арай бага бөгөөд 349 еврогийн үнэтэй. Цагаан, хар, тод цэнхэр гэсэн өнгийн сонголттой.

6G ХАЯАНД ИРЛЭЭ
5G бүрэн нэвтрээгүй байхад 2030 онд 6G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлэхээр зэхэж байна. 6G технологийн амлаж буй гол онцлогууд:
- Сүлжээний бааз станцууд радио долгионы тусламжтайгаар эргэн тойрныхоо биетүүдийг мэдрэх буюу яг л радар шиг ажиллах боломжтой болно.
- Замын хөдөлгөөний нягтралыг тодорхойлох, нам дор нисч буй үл мэдэгдэх нисэх төхөөрөмжийг илрүүлэх зэрэг аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хувьсгал авчирна.
- Утсаа унтраасан ч байршлыг нь тогтоодог болно. Хувийн аюулгүй байдалд шинэ ойлголт бий болно.
- Үүрэн холбооны антентууд хиймэл дагуултай холбогдсноор сүлжээний тасалдал үгүй болно.
- Хиймэл оюунд суурилсан дата төвүүдийн мэдээлэл боловсруулах хурд нэмэгдэнэ.
Гэхдээ технологийн сүржин амлалтууд бодит байдал дээр яаж буух нь чухал. 5G руу шилжихэд робот мэс засал, жолоочгүй автомашин зэрэг өндөр технологи амлаж байсныг санууштай.

ТЭЖЭЭВЭР АМЬТАНЫ ГАР УТАС
GlocalMe компанийн PetPhone гэх нэртэй уг төхөөрөмж гэрийн тэжээвэр амьтаны байршил тогтоох зориулалттай. Мөн алхалтын тоо, хөдөлгөөний идэвхийг хэмжиж эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хянах боломж олгоно. Хамгийн хачирхалтай нь тэжээвэр амьтан эзэн рүүгээ дуудлага хүртэл хийж болно. Ингэхийн тулд 6 секундын дотор 3 удаа дараалан үсрэхэд л хангалттай бөгөөд эзнийх нь гар утас руу автоаматоор залгагдана. Үнийн хувьд 90 доллароор зарагдана.

QUALCOMM-ИЙН ШИНЭ ЧИП
Чип үйлдвэрлэгч Qualcomm компани зүүдэг төхөөрөмж болон роботод зориулсан шинэ чипүүдээ танилцууллаа.
Snapdragon Wear Elite: 3 нанометрийн хагас дамжуулагчтай уг чип бага эрчим хүч ашиглан дуу таних, хөдөлгөөн мэдрэхэд чадвартай. Мөн 2 тэрбум параметр бүхий хиймэл оюуны загварыг ажлуулах, нэг секундэд 10 сая токен үүсгэх хүчин чадалтай гэнэ. Түргэн цэнэглэгчээр 10 минутад 50 хувь хүртэл цэнэгээ авах боломжтой бөгөөд цэнэгээ барих хугацаа нь 30 хувиар сайжирчээ. Уг чипийг ухаалаг нүдний шил, энгэрийн төхөөрөмжүүдэд зориулан хөгжүүлсэн.
Роботын салбар дахь амбиц: Qualcomm-ийн гүйцэтгэх захирал Кристиано Амон ирэх хоёр жилийн хугацаанд роботын салбарыг бизнесийнхээ салшгүй нэг хэсэг болгохыг зорьж буйгаа мэдэгдлээ. Тус компани өнгөрөгч 1 дүгээр сард роботод зориулсан Dragonwing нэртэй процессороо танилцуулсан билээ.

STARLINK-ИЙН ШИНЭ СТРАТЕГИ
SpaceX компанийн Starlink Германы харилцаа холбооны томоохон компаниудын нэг Deutsche Telekom компанитай хамтран Европын 10 улсад хиймэл дагуулаас шууд гар утсанд холбогдох үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлэх гэрээг байгууллаа. Энэхүү үйлчилгээ нь 2028 онд албан ёсоор ашиглалтад орох юм.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Starlink-ийн хоёрдугаар үеийн V2 хиймэл дагуулыг Европ тивд анх удаа ашиглана. Өнгөрөгч 1 дүгээр сард АНУ-ын Харилцаа холбооны хорооноос 7,500 ширхэг V2 хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлөө аваад байгаа билээ.

LENOVO-ГИЙН AI ТУСЛАХ
Хятадын төхөөрөмж үйлдвэрлэгч Lenovo компани ширээний гэрэл шиг дизайнтай бичиг баримт сканнердах, уулзалтын цаг сануулах, ядарсан үед амрахыг зөвлөдөг хиймэл оюунт туслахыг танилцууллаа. Үүнийг гарын хөдөлгөөн болон дуу хоолойгоороо удирдах боломжтой. Энэ нь тус компанийн хиймэл оюуныг ажлын хамтрагч болгох зорилготой AI workmate консепцын нэг хэсэг юм.



