Хүн төрөлхтөн урьд хожид байгаагүйгээр хурдтай хувьсахын хэрээр бидний амьдралын хэв маягт тогтсон  ойлголтууд ч түүнийг даган өөрчлөгдөж байна. Ардчилал дөнгөж гарах үетэй зэрэгцэн монголчуудын дунд “тансаг бүтээгдэхүүн”, “тансаглал” гэх нэр томьёо  шинээр орж ирэн, бид нэг хэсэгтээ л "бусдаас дутахгүй юм шүү" гэх сэтгэлгээгээр худалдан авалт хийж ирсэн. Харин орчин цагийн залуус бусадтай ижил зам дээр бөглөрөн зогсох үнэтэй жийп, ашиггүй талбай ихтэй олон давхар хаус гээд нэг үгээр хэлбэл хэрэгцээнээс хэтэрсэн эд материал дунд шумбахаас аль болох зайлсхийх хандлагатай болжээ. Түүний оронд нэмэлт орлого бүрээ гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх, танилын хүрээгээ тэлэх, гоо зүйн таашаал мэдрэх гээд амьдралд нь бодит үнэ цэн авчрах зүйлсэд зарцуулахыг илүүд үзэх болсон  нь тэр. Тийм ч учраас “luxury” буюу “тансаглал” гэх ойлголт  шинэ үеийнхний хувьд тэс өөр тодорхойлолт болсонд гайхах зүйл үгүй мэт. 

Энэ удаагийн нийтлэлдээ бид нийгэмдээ баялаг бүтээн, өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж буй миллениал залуусын амьдралын хэмнэлийг илүү тухтай, амар хялбар болгох “New Luxury” цоо шинэ хэв маягийг онцолж байна.

1. Үргүй зардлаас татгалзах

Зардал гэх ойлголт зөвхөн мөнгөн дүнгээр хязгаарлагдахгүй. Хий дэмий өнгөрүүлж буй цаг хугацаа мөнгөнөөс ч илүү үргүй зардалд тооцогдох учиртай. Жишээ нь, Улаанбаатарын зам дээр өдөрт дунджаар нэг цаг тэг зогсолт хийхэд л жилд 45 өдрийг зөвхөн түгжрэлд үрэх тооцоо гарна. Лондоны их сургуулийн эдийн засгийн тэнхимийн хийсэн судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын 66 хувь нь хот газар оршин суух хандлагатай байх бөгөөд хотжилт урьд хожид байгаагүйгээр дараачийн арваны амьдралын хэв маягийг тодорхойлох онцгой хүчин зүйл болох ажээ. Хаа саагүй хотжилт хүрээгээ тэлж, хүн амын тоо гэрлийн хурдаар нэмэгдэж буй энэ нийгэмд цагаа хэмнэж, илүү бүтээмжтэй амьдрах боломжийг эрэлхийлэх нь нэг төрлийн “тансаглал” болоод байна.

Заавал зам дээр түгжрэхгүйгээр дугуй унан хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэх, хотын төв орохгүйгээр гэртээ оффислох, хажууханд байх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх нь орчин үеийн залуусын үргүй зардлаас зугтах шалгарсан аргууд. Ирээдүйд хэн их мөнгө олж байгаа нь бус, хэн хамгийн их хугацааг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлж буйгаар баян, ядуу хүмүүсийг зааглаж мэдэх тул үнэ цэнтэй зүйлсэд цагаа зарцуулах нь “тансаглал”-ын хэмжүүр болж байгаа юм. Бид цаг хугацаагаа зарцуулсны төлөө мөнгөтэй олдог хэр нь эргээд өнөөх хөрөнгөө үр ашиггүй зардал болгон хувиргаж болохгүй шүү дээ.



2. Боломжоо бусадтай хуваалцах

Мэдээллийн технологи, программ хангамжийн тусламжтайгаар зах зээл дээр илүүдэж буй нөөцийг хэрэгцээтэй хэсэгт түгээх, хуваарилах, санал болгох бизнесийн зарчим буюу “shared economy” гэх ойлголт сүүлийн жилүүдэд эрчээ авч буй. "Airbnb", "Uber", "Homeaway" зэрэг энэ системээр амжилттай ажиллаж байгаа олон бизнес загварыг дурдаж болно. Зөвхөн бизнесийн талбарт бус өдөр тутмын амьдралд ч өөрт буй боломжоо бусадтай хуваалцах хэв маяг хурдацтай дэлгэрч байна. Жишээлбэл, бидний өдрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг орон сууц маань үүдэндээ дугуй түрээслэх хэсэгтэй, голдоо ажил хичээлээ хийх тухлаг заалтай, ээжүүд цуглаад хүүхдүүдээ тоглуулах тоглоомын талбайтай, хэрэгцээгүй болсон эд зүйлсээ хоорондоо солилцох боломжтой дундын дэлгүүртэй байна гээд төсөөлөөд үз дээ.

Дани, Нидерланд, Финланд гэх барууны орнуудад хэдийнэ трэнд болсон “co-living” амьдралын хэв маяг хэдхэн жилийн дараа бидний хувьд ч энгийн зүйл болон хувирах нь дамжиггүй. Эдийн засаг, хүрээлэн буй орчинд ч энэ хэв маяг эерэг нөлөөтэй. Долоо хоногтоо хэдхэн удаа шагайж орох ажлын өрөө, сардаа ганц удаа жийх унадаг дугуй, ховор тохиолдолд хэрэг болох арга хэмжээний танхимыг хуваалцах аргаар санхүүгээ хэмнэж, амьдралаа илүү амар хялбар болговол сайхан биш гэж үү?
Шинэ үеийн залуусын хувьд өөрсөдтэй нь ижил тэмүүлэлтэй, алсын хараатай, соёлтой хүмүүсийн хүрээлэл дунд амьдрах нь нэгэн төрлийн “тансаглал” байх нь.



3. Байгаль орчиндоо ээлтэй амьдрах 

Эх дэлхийгээ хайрлаж, сонголт бүрдээ хариуцлагатай хандаж сурах нь бидний үеийнхний хүн бүрийн зайлшгүй үүрэг хариуцлага гэдгийг шинэ үеийнхэн харьцангуй ухамсарлаад буй. Нэг үгээр хэлбэл, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах нь сонголт бус зайлшгүй болзол болжээ. Ийм нөхцөлд зөвхөн хоол хүнс, хувцас гээд наад захын хэрэгцээнээс гадна амьдрах сууцныхаа орчин нөхцөл, барилгын чанар, материалын сонголтыг ч байгальд ээлтэй эсэхийг нь харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай бид тулгарч байгаа юм. Зөвхөн хувцас үйлдвэрлэлийн салбарын тухайд дэлхийн томоохон масс брэндүүд жилд 20-оос дээш тооны коллекц танилцуулан, тэр хэмжээний их хувцасыг зах зээлд нийлүүлдэг. Нэг хүний долоон жил уух устай тэнцэхүйц хэмжээний ундны усаар ганц жинс үйлдвэрлэдэг гэвэл тэр их үйлдвэрлэлийн цаадах үлэмж хэмжээний хог хаягдал, экосистемийн сүйрэл, хөдөлмөрийн мөлжлөгийг бид хэрэгсэхгүй өнгөрч болохгүй.

Нөгөө талаас, бид бусдадаа хөрөнгө чинээгээ гайхуулан сайрхахын тулд уулын аманд өндөр харш барьж аль эсхүл ундны усныхаа эх ундарга дээр баригдсан барилгад нүүн орж бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах нь яавч зөв сонголт биш болох нь тодорхой. Ухаалаг худалдан авалт хийж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, чадах чинээгээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь миллениал залуусын жинхэнэ “тансаглал”.



4. Бие болоод сэтгэлийн хувьд эрүүл байх

Ямар нэгэн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, суурь өвчинтэй, сэтгэлзүйн хувьд тогтворгүй нөхцөлд амьдарч байгаа бол хэчнээн тансаг эд зүйлс хэрэглээд ямар хэрэг байх билээ. Өнөөдөр дэлхий дээр амьдарч буй дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай амьдарч байгаа бол үүний хажуугаар 18-аас дээш насны 1.9 тэрбум гаруй хүн хэт таргалалттай байгааг НҮБ-ын тайланд дурдсан байна. Ууланд алхах, өглөө гүйх, фитнесээр тогтмол хичээллэх, шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйн зөвлөгөө авах нь бидний зайлшгүй хэрэгцээ бөгөөд нөгөө талдаа өөрийгөө бүх л талаас нь хайрлах “тансаглал” юм.

Дэлхий нийтийн хувьд ч ялгаагүй сүүлийн арван жилийн хугацаанд хүмүүс иогийн төв, сэтгэл заслын үйлчилгээ, фитнес клуб, хүнсний нэмэлт амин дэмд аль ч цаг үеийнхээс их хөрөнгө оруулалт хийх болжээ. Бие болоод сэтгэлзүйн хувьд цоо эрүүл нэгэн бүтээмжтэй ажиллаж амьдран, нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулж чадах учраас эрүүл мэнддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт бүхэн шинэ үеийнхний хамгийн утга учир бүхий, үнэ цэнтэй “тансаглал" байх аж.