Монголчууд шинэ жилийн баяр буюу ёолкийг Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар 1947 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлснээр өдгөө 75 жил улирчээ. Орос хэлэнд гацуурыг “Ель” гэх бөгөөд шинэ жилийн баярт зориулж чимэглэсэн гацуураа “Ёлка” буюу гацуурхан хэмээдэг. Харин Ёлка нь монголд нутагшихдаа Ёолк болсон гэдэг.
Өнөөдрөөс 11 хоногийн дараа хуучин он улирч, шинэ он солигдох торгон мөч биднийг хүлээж буй. Тоосгон зуухнаас өлгөсөн оймс, цагаан сахалт санта өвгөн, цаа буга, оргилуун дарс гээд л санах төдийд кинонд гардаг европ маягийн шинэ жилийн уур амьсгал төсөөлөгдөж буй биз. Догдлол мэдрэмжийг төрүүлдэг тэр бүхэн монголд хэрхэн зохицож, биелэл болж буйг онцлох зочдын хамт энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.
Хагас зуун дамжсан Монгол өвлийн өвгөн
Европт дэлгэрсэн Санта Клаусын тухай домог үлгэр тэртээ IV зууны гэгээн Николас гэгчтэй холбоотой. Харин Монголд нутагшсан “Ёолк” баяр нь өвлийн өвгөнөөрөө өрнийн ёолкноос ялгардаг гэж урлаг судлаачид үздэг. Цасан цагаан дээлэндээ цэнхэр нөмрөг намируулж, бүчтэй үслэг лоовууздаа улаан залаа залж цан хүүрэг, цасан охидоо дагуулсаар цас мөсний орноос өвлийн өвгөн айлчилдаг нь хэн бүхний сэтгэлд тодорч буй биз. Тэр бол Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г. Гомбосүрэн гуай юм. (1919-2004 он)
Тэрээр 1954 оноос хойш 56 жилийн турш идэр наснаас өтөл буурал болох хүртлээ хагас зууны туршид монгол түмнийхээ өвлийн өвгөн болжээ. Түүнээс хойш өвлийн өвгөний дүрийг Ардын жүжигчин З.Жарантав, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан нар залгамжлан жил бүрийн шинэ жилээр хүүхэд багачуудаа баярлуулсаар явна.

Эгшиглэнт сонгодог хөгжим
Улсын филармонийн Ерөнхий удирдаач Д.Нямдаш:
Үзэсгэлэнт вальс бүжиг, түүний хөгжим бол шинэ жилийн баярын чухал элементүүдийн нэг. Австрийн хөгжмийн нэрт зохиолч Иоганн Штраус -ийг дэлхийн вальс хөгжмийн хаан хэмээн нэрийддэг. Түүнгүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй юм. Жишээ нь, Австрийн Вена хотод 150 жилийн түүхтэй 2000 гаруй хүний багтаамжтай "Мусикверейн" концертын танхимд зөвхөн И.Штраусийн зохиолуудыг тоглож шинэ жилээ угтаж тоглолтын төгсгөлд эцэг Штраусийн “Марш Радецкого” аялгуугаар төгсгөдөг уламжлалтай.
Улсын Филармонийн зүгээс жил бүрийн шинэ жилийн баярын өмнө “Snow Melody” хөгжмийн тоглолтыг үзэгчдэдээ толилуулдаг. Энэ жил симфони оркестр, Баянмонгол чуулга хамтран шинэ жилийн уур амьсгалыг санагдуулах Орос, Европ, Америкийн хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс бэлдэж байна. Тоглолтын үеэр И.Штраусийн алдарт “Цэнхэр дунай”, “Сарьсан багваахайн” оператын удиртгалыг тоглоно.



ИД ШИДИЙН ЕРТӨНЦӨД ХӨТЛӨХ ЦӨМӨӨХЭЙ
Дэлхий дахинаа шинэ жилийн баяраар хамгийн олон удаа тоглогддог сонгодог бүтээл бол алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет. Симфони оркестр, хүндэт маэстро үзэгчидтэй мэндэлж үзэсгэлэнт бүжигчид байраа эзэлж гэрэл тусаж эхлэх нь эгээ л үлгэрийн ертөнцөд очсон мэт. 1892 онд Ленинград хотын Марийнскийн театрт тоглосноос хойш 130 жилийн түүхэнд дэлхийн 120 гаруй оронд орноо уламжлал болон тоглосоор ирсэн алдарт “Шелкунчик” буюу Цөмөөхэйг ОХУ, АНУ, Их Британи, Франц зэрэг улс орон бүрийн алдартай театрууд өөр өөрийн өнгө төрх, шийдлээр тоглосоор иржээ. Харин манай улсад Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Монголын балетын хөгжил сангийн бүжигчид үзэгч олондоо толилуулж байна.


Гавъяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг:
Англиар "Nutcracker", Оросоор "Щелкунчик", монгол хэлнээ "Цөмөөхэй" нэртэйгээр 2014 оноос хойш шинэ найруулгатай тоглож эхэлсэн. Тухайн үедээ тайзны чимэглэл, хувцас хэрэглэгдэхүүн зэрэг театрын тайзнаа багтхааргүй 40тн жинтэй таван кантер ачаа Бостоноос авчирч байлаа. Одоо албан газар, нийтийн талбай шинэ жилийн засал чимэглэлд цөмөөхэй салшгүй нэг хэсэг болсон нь Монголын балетийн хөгжил сан цаг үеэ олсон сэдвийг сонгодог урлагаар илэрхийлж нийгмийг соён гэгээрүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан гэж боддог.
Жүжигт модон цэрэг, баавгай, хүүхэлдэй зэрэг маш олон дүр бий. Анхны жил 280 гаруй хүүхэд мэргэжлийн тайзнаа дүр бүтээж тоглосон. Энэ жил 130 гаруй хүүхэд оролцож байна. Ковидын жил өнжсөн учир энэ жил найм дахь жилдээ үзэгчдэдээ толилуулахаар бэлдэж байна.
Цөмөөхэйгөөр дамжуулан олон хүүхэд дүр бүтээж, мэргэжлийн тайзнаа жүжиглэж, түүгээр дамжуулан олон хүмүүс балетийн урлагийг мэдэрч, үнэ цэнийг ухаардаг. Энэ л балетийн хөгжил сангийн чин зорилго. Есөн жилийн өмнө тайзнаа анх тоглогдох үед жүжиглэж байсан жаал өнөөдөр ч жүжгийн баяр хөөр, үнэ цэнийг мэдрэхээр тэмүүлдэг тул тоглолтын тов зарлагдах төдийд л тасалбар борлуулагдаж дуусах жишээтэй.
ОРГИЛУУН ДАРСНЫ ШИДИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЬ
Чухал тэмдэглэлт баяруудад оргилуун дарс буудуулдаг онцгой уламжлалын тухай дарсны мэргэжилтэн Ө.Төрболд ийнхүү хүүрнэлээ. Тэрээр "Wine & Spirit Education Trust" академик сургалтын IV-р зэргээ хамгаалахаар Парис хотын "Wisp Campus"-д суралцаж буй.
Онцгой баяр, тэмдэглэлт өдрүүдээр оргилуун дарс буудуулдаг заншил нь Европын язгууртнуудаас эхлэлтэй. Гэхдээ аж үйлдвэрийн хувьсгалаас хойш оргилуун дарс буудуулах нь баяр хөөр болон ариуслыг илтгэдэг болжээ. Францын зүүн хойд хэсэгт орших Шампань бүсийн оргилуун дарсыг анх Европын ихэс дээдэс, язгууртнуудын таалалд нийцсэн учраас эдүгээ алдар хүнд, эд баялаг, баяр хөөр, амжилт бүтээлийг бэлгэддэг болсон гэдэг.
Жишээ түүх өгүүлэхэд, Оросын эзэн хаан, Польшийн Царь, Финляндын гүн II Александрт зориулан "Louis Roederer"-ийн “CRISTAL” гэх оргилуун дарсыг бүтээжээ. Харин Францын эзэн хаан I Наполеон Бонапарт аян дайныхаа үеэр “MOËT & CHANDON” уух дуртай байсан ба оргилуун дарсыг сэлмээр цавчин онгойлгох "Sabrage" гэх уламжлалыг дэлгэрүүлсэн гэдэг.
Мөн Их Британийн хатан хаан Викториа “VEUVE CLICQUOT"-д дуртай байсан бол Бельгийн хаан I Леопольд “PERRIER - JOUËT”-г таашааж уудаг байсан зэрэг оргилуун дарстай холбоотой ихэс дээдсийн нэрс уртаас урт үргэлжилнэ.


Оргилуун дарсыг буудуулахад бөглөөнд нь хүн гэмтэх эрсдэлтэй юу?
Лонхонд битүүмжлэгдсэн CO2 буюу (нүүрстөрөгчийн давхар исэл)-ийг чөлөөлөхийг бид "Буудуулах" гэж ярьдаг. Оргилуун дарс нь зургаан атмосфер буюу автобусны дугуйн хийн даралттай тэнцүү гэсэн үг. Тэгэхээр лонхон дахь атмосферийн даралт зургаа учир үйсэн бөглөө ойролцоогоор 13м/секунд хурдтай ниснэ. Энэ хурдаар таван мм зузаантай цонхыг ч хага цохих тул “Шампанское буудах” гэдэг байна.
Шинэ жилийн баяраар оргилуун дарсны бөглөөнд оногдож, нүдээ гэмтээх тохиолдлууд ихэсдэг тул сэрэмжтэй байхыг "American Academy of Ophthalmology" сануулжээ. Хэрэв 30х50 мм хэмжээтэй, 13 м/секунд хурдтай үйсэн бөглөөнд оногдвол хүн нүдний торлог бүрхэвчээ гэмтээж, харааны бэрхшээлтэй болох аюултай юм. Оргилуун дарсыг буудуулахаасаа урьдаар 5-7 цельсийн градуст хөргөж, лонхон дахь даралтыг бууруулж, бөглөөний хурдыг сааруулахыг нөхөрсгөөр зөвлөе.
шинэ жилийн үдшээр үзэх кино хуваалцъя
Шинэ жилийн хөгжилтэй, хөөр баяртай халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэх дэлгэцийн бүтээлүүд олон бий. Баярын үдэш найз нөхөд, гэр бүлийнхэнтэй тухлан үзэх киног кино нийтлэлч А.Мөнгөн санал болгож байна.

Миний хувьд зохиолч Ч.Лодойдамбын зохиол, найруулагч Р.Доржпаламын бүтээл “Ээ дээ энэ хүүхнүүд үү" бүх цаг үеийн шилдэг монгол кинонуудын нэг. Угтаа шинэ жилийн кино биш боловч баярыг илэрхийлсэн олны танил хэсгүүд олон гардаг.
Уг бүтээлийн хамгийн гол онцлог нь орчин цагт бидний дунд тулгамдаж буй сэдвийг хөндсөн явдал. Ажлын байран дахь хүмүүсийн хандлага, эмэгтэй эрэгтэй, хөгшин залуу хүмүүсийн хоорондын ойлголцол, нэгэндээ тавьдаг шаардлага зэрэг эгээ л өдөр тутамдаа бидэнд тохиолдож буй үйл явдлуудыг хөнгөн илэрхийлдэг.
Зургаан настай дүүгээс эхлээд аав, ээж, эмээ, өвөө гэр бүлийнхэнтэйгээ тухлан үзэхэд хүн бүрд таалагдах агуулгатай. Хөгжилтэй, хөнгөн сэдэвтэй атлаа үзээд дууссаны дараа үнэхээр л бидэнд ийм асуудал тохиолддог шүү гэж бодож үзмээр тайлал гаргалгааг харуулснаараа сэтгэлд дулаахан кино юм.
Киноны шинэ жил тэмдэглэж буй хэсгээс харвал хээнцэр, гял цал зүйл багатай, бүх зүйл нь эгэл, энгийн. Шинэ жил дөхөхөөр л өмсөх хувцас, зохиох газар зэрэг баярлахаасаа илүүтэй стрессдэх зүйлс олон болсон орчин цагт эгэл жирийн байдлаараа үнэ цэн, халуун дулаан уур амьсгал бүтээж буйг харуулсан нь нэн таалагддаг.
Сүлд модны тухайд
Жил бүрийн өдийд Сүхбаатарын талбайд сүрлэг гацуур мод засаж, нийслэл хот маань өнгөө засдаг уламжлалтай. Гацуур мод нь эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Чухам яагаад шинэ жилээр гацуур чимэглэдэг болсон тухай таамаг, домог олон бий.
Христийн шашинтай орнууд зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө эртний Египетүүд арванхоёрдугаар сарын хамгийн богинохон өдрөөр урт удаан амьдралыг бэлгэдэн, гэртээ далдуу модны ногоон навч авчирдаг байсан бол Ромчууд өвлийн баяраараа газрын бурхнаа магтан дуулж орон гэрээ ногоон навчаар чимдэг байв.
Германы Страсбург хотын иргэд өвлийн цагт гацуур модыг өнгийн цаас, жимс, төрөл бүрийн ногоогоор чимдэг байсан уламжлал Европ даяар тархаж, өдгөө дэлхий нийтээр үргэлжлүүлсээр буй гэдэг.




Сэтгэгдэл бичих (1)


F Fabien 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com