Unread жил бүр өнгөрсөн жилийн онцлох номуудыг нэрлэдэг билээ. Харин энэ удаа 2022 онд монгол хэвлэлийн газрууд ямар номууд уншигчдадаа хүргэхээр бэлдэж буйг тоймлон хүргэж байна. Энд дурдагдаж буй зарим номын нэрийн монгол орчуулга нь албан бус болно.
МОНСУДАР: ХЭСҮҮЛЧИД + ХУЛГАНУУД ХИЙГЭЭД ХҮМҮҮС

ОЛЬГА ТОКАРЧУК - БЕГУНЫ (ХЭСҮҮЛЧИД)
2018 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан Польш зохиолч Ольга Токарчукийн хамгийн алдартай, содон шийдэл бүхий ном монгол уншигчдын гар дээр мөдхөн ирэх нь. "Аливаа газар угширтал удаан амьдарвал хилэнц нүгэлд автаж, муу зүгийн сүнснүүдэд хорлогдох тул зүрх сэтгэл ариун, сүнс сүлд өөдөө явъя гэвэл байнга нүүдэллэх хэрэгтэй" гэх өвөрмөц үзэлтэй бүлэг хүмүүсээс сэдэвлэн уг романыг нэрлэжээ. Нууц аяллуудын тухай өвөрмөц түүхүүдээс бүтэх уг романд амьдрал бол аялал, орон зай юм уу цаг хугацааг туулан аялах хүний оршихуй өөрөө хэрмэл мөн чанартай талаар өгүүлнэ.
ЖОН ШТЕЙНБЕК - OF MICE AND MEN (ХУЛГАНУУД ХИЙГЭЭД ХҮМҮҮС)
Жинхэнэ реализм, хүсэл тэмүүлэл, амьдралын төлөөх ороо бусгаа тэмцлийг өгүүлэх дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм зохиолуудын нэгтэй монгол уншигчид энэ онд танилцах нь ээ. Америкийн цуут зохиолч, манай уншигчдын сайн мэдэх Эрнест Хэмингуйгээс огтоос дутахгүй цуут эр Жон Штейнбек хар бор ажил хийж, нэр алдарт хүрэхээсээ өмнө нь юм юм л үзсэн хүн. Түүний энэ амьдрал өөрсдийн гэсэн гэр оронтой болох зорилготой их хямралын үеэр Калифорни муж даяар доншуучлан, хөлсний ажил хийх хоёр эрийн нөхөрлөлийн тухай зохиол бичихэд дэм болсон нь гарцаагүй. Зохиолч хаанаас ч юм Роберт Бөрнсийн,
"Харанхуй энэ хорвоод
Хамгаас сайханд тэмүүлэвч
Хамгаа алдаж дуусах
Хулганууд хийгээд хүмүүсийн
Хувьхан заяа нь ялгаагүй" мөрүүдийг олж сонссон нь энэ романаа бичих сэдэл болсон гэлцэх нь бий.
ЖАНГАР: ЭХ ОРОН + "МОНГОЛ ХҮН" ЦУВРАЛ + "ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛ" ЦУВРАЛ

Монголд хүүхдийн номын зах зээл маш эрчтэй хөгжиж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газрууд олон арваараа байгуулагдсаар байна. Монсудар хэвлэлийн газрын бүрэлдэхүүн дэх Жангар хүүхдийн номын редакци хэвлэлийн газар болон өргөжиж, энэ зах зээлд хүчтэй өрсөлдөгч болжээ.
Жангар хэвлэлийн газраас энэ жил "Эх орон" хэмээх зурагт ном гаргах ажээ. Уг номд Монгол орны балар эртний хүмүүсээс эдүгээ цагийн парламент хүртэлх нийгмийн түүх болон байгалийн талаар өгүүлэх юм.
Мөн энэ онд монголын сод хүмүүсийн талаар өгүүлэх "Монгол хүн" цуврал эхлэх ажээ. Уг цувралаар "Д.Нацагдорж", "Б.Норовбанзад" нарын тухай ном гарахад бэлэн болсон бол зураач Марзан Шарав, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нарын тухай зурагт номыг гаргахаар төлөвлөжээ.
Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн Жангар редакцын номууд энэ онд мөн үргэлжлэх бөгөөд уг цувралын "Одны домог" ном дээр зураач С.Цогтбаяр ажиллаж байгаа аж. Харин "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар"-ыг хүүхдэд зориулсан зурагт ном болгосон "Эртний уран зохиол" цувралаар энэ жил Хомерийн "Илиада", "Одиссей"-г зурагт ном болгох, "Тансан лам баруун этгээдэд зорчсон нь" зохиолыг зурагт ном болгохоор болжээ. Хомерийн зурагт номонд дээр орчуулагч Д.Цахилгаан, яруу найрагч Б.Алтанхуяг нар ажиллах бол, хятадын сонгодог романыг зурагт номын зохиол болгон хөрвүүлэх ажлын яруу найрагч Мө.Батбаяр хийхээр болжээ. Эдгээр номууд дээр Б.Төрмөнх, Б.Гантулга, Э.Базаррагчаа тэргүүтэй зураачид ажиллана.
NEPKO: НАДАД НЭР ҮГҮЙ + ХАР ХУН + КОД ТАЙЛАГЧ

ҮЙ ХУА - I DON'T HAVE MY OWN NAME (НАДАД НЭР ҮГҮЙ)
Орчин үеийн хамгийн алдартай хятад зохиолчдын нэг Үй Хуагийн шилдэг богино өгүүллэгийн түүвэр "Надад нэр үгүй" номыг Нэпко паблишинг уншигчдадаа хүргэхээр бэлджээ. Энэхүү ном зохиолчийн үндсэн сэдэв болох Хятадын эгэл ардын амьдрал ахуйг өгүүлэх 1986 оноос өнөөг хүртэл бичсэн 21 шилмэл өгүүллэгээс бүтжээ.
НАССАМ НИКОЛАС ТАЛЕБ - THE BLACK SWAN (ХАР ХУН)
Урьдчилан таамаглашгүй, нийгмийн массыг хамарсан, хүчтэй үр нөлөөг дагуулахуйц үйл явдлын тухай "The Black Swan" гэх ойлголт бий. Хүн төрөлхтөн үргэлж өөрсдийн мэддэг зүйлсэд анхаарал хандуулж, мэдэхгүй зүйлсээ үл ойшоодог. Үүнээс үүдэн бид хэзээ ч өөрт байсан боломжуудаа бодитойгоор үнэлж чаддаггүй. Номын зохиолч Талеб олон жилийн турш хүн яагаад өөрт байгаа мэдлэгээсээ илүүг мэддэг хэмээн өөрийгөө хуурдаг талаар судалжээ. "Хар хун"-гийн үзэгдэлтэй зохицож, өөрт ашигтай байдлаар эргүүлж болох талаар уг номд өгүүлнэ.
УОЛТЕР ИСААКСОН - THE CODE BREAKER (КОД ТАЙЛАГЧ)
Хар багаасаа шинжлэх ухаанд сонирхолтой ч, ямагт дутуу үнэлэгдэж, басамжлуулж асан Женнифер Дүдна хэрхэн биологийн тайлагдашгүй нууцуудыг тайлахаар оролдож буй талаар уг номд өгүүлнэ. Ирээдүйд бичил чип, компьютер, интернет гэх мэт техник технологийн талбарт суралцаж буй хүүхдүүд ДНХ-ийн бүтцийг судалж буй сурагчидтай нэгдэнэ. Технологи, биологи хоёрыг нэгтгэн ДНХ-д өөрчлөлт оруулж болох дэвшлийг бүтээвэл эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ биеийн өндөр болон IQ-г өөрчлөх боломжтой юу?
ТАГТАА: САРНАЙН НЭР + ЗҮҮДНЭЭС Ч ЧАНАГШ УЙ ГУНИГ + СОХОР

УМБЕРТО ЭКО - THE NAME OF THE ROSE (САРНАЙН НЭР)
Постмодерн утга зохиолын шилмэл бүтээлүүдийг орчуулан гаргадгаараа уншигчдад танил болсон Тагтаа хэвлэлийн газар 2022 онд Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, симиотикч Умберто Экогийн "Сарнайн нэр" романыг хэвлүүлэхээр болжээ. Романыг орчуулагч Д.Дашмөнх англи хэлнээс орчуулсан байна.
Умберто Эко бол гайхамшигтай оюунлаг бичлэгүүдээрээ уншигчдын төсөөлж ч байгаагүй шинэлэг эрэл хайгуул, туршилтуудыг хийсэн, гарамгай сэтгэгчдийн нэг. “Сарнайн нэр” (1980) роман нь түүнийг зохиолчийн хувиар дэлхий дахин алдаршуулсан хамгийн алдартай бүтээл нь юм.
ПЕТЕР ХАНДКЕ - A SORROW BEYOND DREAMS: A LIFE STORY (ЗҮҮДНЭЭС Ч ЧАНАГШ УЙ ГУНИГ)
2019 оны Нобелийн шагналт зохиолч Петер Хандкегийн "Зүүднээс ч чинагш уй гуниг" дурсамж тууж Д.Мөнххишигийн орчуулгаар уншигчдад хүрэх гэж байна. Зохиолч уг туужийг 1971 онд ээж нь амиа хорлосны дараа бичжээ. Жүжиг, роман, кино зохиол зэрэг уран зохиолын чухаг төрлүүдээр жигдхэн туурвиж, 100 гаруй зохиол биччихээд буй энэ зохиолчийг монгол уншигчид найруулагч Вим Вендерсийн "Хүслийн жигүүр" киноны зохиолоор нь мэдэх болов уу.
ХОСЕ САРАМАГО - (СОХОР)
Хотод нэг л өдөр хүмүүсийн хүүхэн хараа цайж эхэлнэ. Түргэнээ сохрох энэ өвчин нь төдөлгүй тахал болов. Сохролын тахалд нэрвэгдсэн нэгнээсээ ширвээтэж буй хүн ааш аяг хэрцгийсэж, амин хувиа хичээсэн зан суртахуун нь төдөлгүй тахлын нөлөөгөөр ил болно..
Тахалд нэрвэгдэж, улсаараа тодорхой бус байдлын өмнө толгой бөхийсэн энэ цаг үед чухам уншмаар улс төрийн энэ гашуун ёжлол бол Португалын их зохиолч, шинэ зууныг давж амьдарсан цөөхөн "канон"-уудын нэг хэмээн үнэлэгддэг Хосе Сарамагогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Монгол хэлнээ Сарамагогийн бүтээлийг анх орчуулах зориг "Алтан өд"-ийн шагналт орчуулагч Б.Сувддуламаас гарчээ.
"Тагтаа" хэвлэлийн газраас гаргах бусад номууд:
Милорид Павич - "Хазар хэлний толь" роман (Г.Лхагвадуламын орчуулга)
Ален Бадью - "Хайрын магтуу" философийн зохиол (Ц.Энх-Одын орчуулга)
Ян Лианкө - "Дин тосгоны зүүд" (Мө.Батбаярын орчуулга)
БОЛОР СУДАР: ГАБРИЕЛЬ ГАРСИА МАРКЕЗ: АМЬДРАЛ

"Амьдрах гэдэг амьдралын тухай бичихийн нэр" гэж нэгэнтээ бичсэн агуу зохиолч Габриэль Гарсиа Маркесийн амьдралын талаар Латин Америкийн утга зохиол, шидэт реализмын алдартай судлаач Жералд Мартин 2008 онд бичсэн билээ. Энэ бол Маркесийн англи хэлнээ хэвлэгдсэн анхны бүтэн намтар.
Уг номын орчуулгыг В.Э. Мэйерхольд, Питер Брүк, Ёжи Гротовски, Бертольт Брехт зэрэг сонгодог найруулагчдын бүтээлийг орчуулж, "Фауст" жүжгийн хөрвүүлгийг хийсэн орчуулагч Н.Пүрэвдагва хийжээ.
ARVIS: AMAZON UNBOUND + ТА ӨӨРӨӨ СТАРТАП

Манай гарагийн их наяд долларын үнэлгээнд хамгийн анх хүрсэн компани – Амазоны түүх, түүний цуут үүсгэн байгуулагч Жефф Безосын намтрыг агуулсан бүтээл. Өмнөх номоороо алдаршсан Брэд Стөүний "Amazon Unbound" ном 2021 оны шилдэг бизнес номуудын нэгээр шалгарсан юм. Тус номыг "Элон Маск", "Өөдөө тэмүүл" зэрэг бизнесийн шилдэг намтруудыг эрхлэн гаргасан "Арвис Паблишинг" энэ онд орчуулан уншигчдын хүртээл болгох юм.
"Арвис Паблишинг" мөн энэ онд LinkedIn-ий үүсгэн байгуулагч Рийд Хоффман, Village Global-ийн үүсгэн байгуулагч Бэн Каснока нарын бичсэн, ажил карьер ба гарааны ертөнцөд гарын авлага болох ном хэмээн үнэлэгдсэн "Та өөрөө стартап"-ыг шинэчлэн хэвлүүлэх аж.
ALPHA: АЗ ЖАРГАЛЫН ГУРВАЛ + ГАЛЗУУ БАЯН АЗИУД

КАБАСАВА ШИО - АЗ ЖАРГАЛЫН ГУРВАЛ
"Дэлхийн 153 орныг хамруулсан судалгаагаар Японы аз жаргалын индекс 62 дугаар байранд бичигдэж байна. Энэ нь өндөр хөгжилтэй орны хувьд хамгийн доод үзүүлэлт. Япончууд өдий хүртэл хичээнгүйлэн хөдөлмөрлөж, ч аз жаргалтай болохгүй байгаа нь бидний итгэж ирсэн “аз жаргалтай болох арга” буруу алдаа эндүүтэй байгаагаас тэр юм. Хаана нь ямар алдаа байна вэ гэдгийг энэ бүтээлийг уншвал ойлгох болно. Аз жаргалтай болохын тулд чухамхүү савж унатлаа ажиллах, үхтэлээ хичээж зүтгэхийн хэрэгцээ байхгүй юм. "Энэхүү бүтээлээр дамжуулан нэг ч болов хүн аз жаргалтай болоосой" гэж сэтгэцийн эмч хүний хувьд туйлаас хүсэж байна" гэж зохиогч номынхоо эхэнд цохон тэмдэглэжээ.
КЭВИН КВАН - ГАЛЗУУ БАЯН АЗИУД
Сингапурт төрж өссөн, эдүгээ Манхеттенд амьдардаг зохиолч Кэвин Кваны азтай эхлэл болох “Галзуу баян азиуд” ном монгол хэлнээ гарах нь ээ. Хэвлэгдсэн даруйдаа бестселлер болсон уг номоор кино хийх эрхийг нэг доллараар л зарснаа зохиолч “мөнгөнөөс чухал зүйл бий” хэмээн тайлбарлажээ. Warner Bros. кино компанийн бүтээсэн "Crazy Rich Asians" кино нь нээлтээ хийсэн эхний тав хоногтоо 35 сая ам.доллар олжээ.
Түүний "Crazy Rich Asians", “China Rich Girlfreind” “Rich People Problems” нэртэй гурвалсан зохиол нь Amazon.com сайтын уншигчдаас 4.8 дээш өндөр үнэлгээ аваад байгаа аж.
BALJ AND PUREV: MAMBA MENTALITY: HOW I PLAY

Домогт сагсан бөмбөгч Коби Брайнтын бичсэн "How I Play" номыг монголчууд эх хэлээрээ унших боломжтой болох нь. Шилдэг байх нэг хэрэг, харин агуу байхын тулд ямагт өөрийгөө дайчилж, төвлөрөх хэрэгтэй онцолж, өөрийн нугаршгүй, зогсоогдошгүй спортын замналын цаадах нууцуудаа тэрээр хуваалцжээ.
BOOBOOKS: ЭТО Я-ЭДИЧКА + BEIJING COMA

Улс орондоо хэвлэгдэх эрх нь хязгаарлагдсан, тэрсүүд, "underground" номууд хэвлэдэг "boobooks" хэвлэлийн газар энэ онд хоёр шинэ ном гаргахаар төлөвлөжээ. Эхнийх нь Оросын зартай зүүний үзэлтэн, зохиолч асан Эдуард Лимоновын "Энэ бол би - Эдичка" роман. Эдуард Лимонов 1970-аад онд Оросоос дүрвэн гарахдаа хамт явсан Елена Щапова хэмээх бүсгүйн амьдралаас сэдэвлэн бичсэн энэхүү роман нь зохиолчид олон улсын хэмжээний алдрыг авч иржээ.
Харин удаах нь ном нь зохиолчоо эх орондоо гишгэх эрхгүй болгосон "Бээжин гүн нойронд" роман. Хятадын нийгмийн хөшигний цаадах үнэнийг бичсэнийхээ төлөө баруунд дүрвэхээс аргагүй болсон зохиолч Ма Жианы энэ роман түүний хамгийн алдартай бүтээл. Зохиолчийн "Хэлээ гарга" баримтат уран сайхны бүтээлийг "boobooks" өмнө нь уншигчдын хүртээл болгосон билээ.
ECONTE: "СҮХБААТАР" КОМИКС + DALAI LAMA (REINCARNATION PROJECT)

"Бумбардай" цуврал комиксоороо олон улсын шагнал хүртэж байсан зураач Н.Эрдэнэбаярын багийнхны Сүхбаатар жанжины тухай цуврал 20 ангит төсөл. Гурван жил дамнан өрнөж буй уг төслийн эхний зургаан зурагт ном хэвлэгджээ. Харин энэ онд дараагийн цувралууд нь хэвлэгдэх ажээ. Үзэл суртлаар тодруулсан хуурмаг баатар эсвэл монгол төрийн зүтгэлтэн хэмээн талцдаг Сүхбаатар жанжины дүрээр дамжуулан хорьдугаар зууны эхэн үеийн Монголын нийгмийн нөхцөл байдлыг товч ойлгомжтой, хамгийн гол нь голч шударгаар дүрсэлж буй энэ комиксын зохиолчийн багт зохиолч, сэтгүүлч Г.Бадамсамбуу ажиллаж байна.
"Econte"-ийн дараагийн төсөл нь Далай ламын 67 дүрийн намтарыг өгүүлэх цогц төсөл. Дэлхий нийтээр Далай ламын хувилж төрсөн 14 дүрийн тухай мэдэх бол, монголчууд түүний өмнө нь мэндэлсэн дүрүүдийн тухай тэртээ 17 дугаар зуунд бичиж үлдээжээ. Энэхүү төсөл нь "хүн дахин төрөх" тухай ойлголт болон хүний ертөнц дээр 67 биеийг туулан амьдарсан оюун санааны талаар өгүүлэх гэж байгаагаараа сонирхол татаж буй юм.

Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 2022.02.01 64.119.25.4
Huleej tesehguinee..tagtaa giin sarnain neriig 2 3 jil huleejiinaa hazar helni toli tsug hevlgdne gsn bur huurchlo ghde nodilon urjnan Coutzee Waiting for the barbarians On writing- stepehn king Gargana geed murisan shu .. ireduid yu ch bolo bile bas naana n iim article bichiher suuld n hudlaa am garsan bolkeed bh ym bnle