Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам нь Unread media компанитай хамтран "Ирээдүйгээ төсөвлө" аяны хүрээнд “Нээлттэй төсөв” өгөгдлийн тэмцээнийг энэ сарын 9-нд зохион байгууллаа. Тэмцээнд оролцогчид Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийн, асуудал дэвшүүлж, цаашид хэрэгжихүйц бодлогын шийдлүүд санаачилсан юм.

ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Сангийн Яам 2010-2021 оны төсвийн орлого, зарлагын мэдээллийг “BOOST” аргачлалын дагуу боловсруулж олон нийтэд нээлттэй болгож байгаатай холбогдуулан энэхүү өгөгдлийн тэмцээнийг зохион байгуулсан билээ.
Тэмцээний зорилго нь төсөв төлөвлөх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн гүйцэтгэл дэх олон нийтийн хяналтыг сайжруулах, ил тод байдлыг бэхжүүлэх эрхэм зорилготой.
“Нээлттэй төсөв” өгөгдлийн тэмцээн хоёр үе шаттайгаар үргэлжилж, эхний шатанд оролцсон бүх багуудтай цахим техникийн зөвлөгөөн хийсэн юм. Энэ үеэр дараагийн шатанд тэнцсэн 10 багийг зарлаж, хоёрдугаар шат болох арванхоёрдугаар сарын 9-нд шилдэг 10 баг илтгэлээ танилцуулснаар шүүгчид шагналт байруудыг тодруулсан билээ.

БҮТЭЭЛҮҮДИЙН ТУХАЙ
“Нээлттэй төсөв” өгөгдлийн тэмцээнд тэгш бус байдал ба хүртээмж, хүрээлэн буй орчин, жендерийн эрх тэгш байдал, хариуцлага, засаглал сэдвээр бодлогын зөвлөмж, санал, богино хэмжээний судалгааны тайлан, төслийн санал илгээх дүрэмтэй байсан.
Шилдэгт шалгарсан 10 багийн хувьд ихэнх нь төсвийн зарцуулалт дээр дүн шинжилгээ хийсэн бол хоёр баг эрүүл мэндийн салбарын хүртээмж сэдвээр илтгэлээ тавьсан юм. Тэмцээний шилдэгт шалгарсан 10 багийн сэдвийг танилцуулъя.


ТӨГСГӨЛД НЬ
Ингээд “Нээлттэй төсөв” өгөгдлийн тэмцээний шагналт байруудад дараах багууд шалгарлаа.
- 1-р байранд “Орон нутгийн төсвийн зардлын хувиарлалтын үр ашгийг шинжлэх нь” сэдвээр “Astro” баг,
- 2-р байранд “Боловсролын салбарын төсөв ба түүнд шинжилгээ хийх нь” сэдвээр “Ex-ante” баг,
- 3-р байранд “Эрүүл мэндийн даатгалын сан” сэдвээр “Budget go” баг тодорлоо.
Энэхүү тэмцээний зорилго нь тэмцээнд оролцогчдыг уралдуулахаас илүүтэйгээр улсын төсвийн мэдээллийг сонирхож буй хүн бүхнийг баталгаат мэдээллээр хангах, харьцуулсан болон бусад судалгаа шинжилгээнд ашиглах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх юм.
Сангийн яамны санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо "Тэмцээнээр дамжуулан оюутан залуусын эдийн засгийн мэдлэг сайжруулж, цаашдаа бодлогод санал оруулахуйц нөөцтэй болоосой хэмээн хүсэж байна. Мөн ирээдүйд энэ төрлийн аяныг дахин зохион байгуулж, хамрах хүрээг нь илүү тэлж, өргөжүүлэхийг зорих болно. Сэдвээ илүү судлах тусам эдийн засгийн мэдлэг сайжрах байх гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн юм.

Монгол Улсын Сангийн яам нь Unread media компанитай хамтран хэрэгжүүлж буй "Ирээдүйгээ төсөвлө" аян нь ийнхүү өндөрлөж байна. "Ирээдүйгээ төсөвлө" аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан, их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурал хийснээс гадна залуу мэргэжилтнүүдэд зориулсан дөрвөн долоо хоногийн хугацаатай “MOF-менторшип” хөтөлбөрийг зохион байгуулсан билээ.




Сэтгэгдэл бичих

