Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам Unread Media компанитай хамтран “Нээлттэй төсөв” өгөгдлийн тэмцээнийг энэ сарын 9-нд зохион байгуулсан билээ.  

"Ирээдүйгээ төсөвлө" аяны хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээнд багууд “BOOST” аргачлалын дагуу төсвийн орлого, зарлагын үр ашиг, оновчлол, эрүүл мэнд, боловсролын салбар, МАА, НӨАТ зэрэг сэдвийг сонгон танилцуулснаас шагналт байр эзэлсэн шилдэг гурван багийн илтгэлийг онцолж байна. 


astro баг - I байр

CЭДЭВ: ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ХУВААРИЛАЛТЫН ҮР АШГИЙГ ШИНЖЛЭХ НЬ

"Astro" баг Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн зонхилох үйл ажиллагааг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудад хувааж, үйлдвэрлэл болон хөрөнгийн зардал хоорондын гүйцэтгэлийн хамаарлыг шинжилсэн. Хөдөө аж ахуйн салбарт Архангай аймаг, аж үйлдвэрийн салбарт Орхон аймаг, үйлчилгээний салбарт Говьсүмбэр аймаг ДНБ-д эерэг хамаарал үзүүлж буй аж.

Гэвч хөдөө аж ахуй зонхилсон Архангай аймгийн хувьд барилга байгууламж болон их засварт зарцуулсан зардал нь ДНБ-ий өсөлтөд сөрөг хамаарал үзүүлж байгаа нь төсвийн ашиггүй хуваарилалтын нэг илрэл гэж үзжээ. Судалгааны үр дүнд дийлэнх аймгуудын ДНБ-д зонхилох үүрэг гүйцэтгэдэг салбарт төсвийн хөрөнгөөс бага зардал хуваарилж байна гэж шинжилжээ.



ex-ante баг - II байр

СЭДЭВ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСӨВТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

"Ex-Ante" багийн хувьд боловсролын салбарын төсвийн зардлыг шинжилж, эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөлөл, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд тулгарч болох эрсдэл ба боломжийг үнэлэн, санал зөвлөмж боловсруулсан.

Тэд VECM загварыг судалгаандаа ашиглаж, өнгөрсөн 21 жилийн өгөгдлөөр эдийн засгийн өсөлт болон боловсролын зардал нь хоорондоо эерэг хамааралтай болохыг тодорхойлжээ. Үүгээрээ салбарын боловсон хүчнүүд болох багш нарын цалинг нэмэх, урамшуулах байдлаар боловсролын чанарыг нь сайжруулах аргыг санал болгосон юм.



BUDGET GO баг - III БАЙР

СЭДЭВ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН

Өнгөрсөн 2021 онд цар тахлыг даван туулахын тулд эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт хөрөнгөөс 37 хувийн зарцуулалт хийжээ. Цаашид Монголын эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн хэрэгцээ өссөөр байх төлөвтэй байгаа учраас эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн дүгнэжээ. Энэхүү дүгнэлтэд үндэслэн дараах гурван санал зөвлөмжийг боловсруулсан байна. Үүнд:

  • Төсвийн хяналтын тогтолцоог сайжруулж, ашигт байдлыг нэмэгдүүлэх
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх


Холбоотой нийтлэлүүд
"Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүлэх нь
"Нээлттэй төсөв" өгөгдлийн тэмцээнийг онцлох нь
"Нээлттэй төсөв" өгөгдлийн тэмцээнийг тоймлох нь

Unread