Юун түрүүнд баяр хүргэе! Хүүхэдтэй болж, үр удмаа залгуулна гэдэг энэ орчлонд мэдэрч болох хамгийн том аз жаргал гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Мэдээж ганц аз жаргал, баяр хөөр бус, том хариуцлага, амаргүй сорил, тэмцэл.

Хүүхэд ийм тийм гэх, ийм үед ингэх хэрэгтэй гэхчлэн яриа байнга л сонсогддог, мэдээлэл хаа сайгүй байлаа ч яг эцэг эх болох үед яах учраа олохгүй тулгамдах нь бий. Санаа зоволтгүй, бид танд тусалъя. Энд бид шинэхэн эцэг эх бүрийн мэдэх ёстой бүхнийг нэгтгэн бэлтгэлээ.

А бол Агаар

Нялх хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл бол цэвэр агаар. Таны хүүхэд унтахгүй аашилж, тавгүйрхэж, уйлагнавал хамгийн түрүүнд агаар дутагдсан эсэхийг шалгаарай. Ялангуяа их хотын дуу чимээ, бүгчим орчинд өсөж торниж буй хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй "эм" нь агаар.

Тиймээс болж өгвөл өрөөндөө салхи оруулж, улмаар бага багаар сэрүүн агаарт дасган, гадаа гаргаж салхилуулж дадах хэрэгтэй. Эмч нарын зөвлөж байгаагаар, 3-4 долоо хоногтойгоос агаарт гаргаж, чийрэгжүүлснээр хүүхдийг ханиад томуу хүрэхээс сэргийлдэг аж. Анх гаргахдаа 5,10 минутаар, яваандаа хугацааг аажмаар уртасгах, мөн гаргасан хойноо нэг байрлалд бус байнгын хөдөлгөөнд байлгах хэрэгтэй. Мөн болж өгвөл гэртээ агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч авахыг санал болгож байна.

Б бол БҮүвэй

Бүүвэйн дуу магадгүй энхрий бяцхан үрсийн маань энэ хорвоотой танилцах хамгийн эхний аялал байдаг. Ээж, аавын сэтгэл хайраа шингээж, чин зүрхнээсээ учирлан дуулах бүүвэйн дууны намуухан аялгуунд хүүхэд тайтгаран амарч, гүн нойрондоо умбадаг билээ. Үндэстэн ястан, улс орон бүр өөр өөрсдийн соёл, аж амьдралын онцлогоо шингээсэн бүүвэйн дуугаар хүүхдээ нойрсуулдаг. Тиймээс та хүүхдээ бүүвэйлэхдээ дууны үг бүрийн утга учрыг ухамсарлан, ертөнцийн утга уянга, гоо сайхныг таниулан мэдрүүлж байна хэмээн сэтгээрэй.

В бол Вакцин

Нярай хүүхэд дөнгөж төрөөд л эхний вакциндаа хамрагддаг. Цаашдаа 15 нас хүртлээ 6 төрлийн вакцины нийт 17 тун хийлгэдэг гэнэ. Эхний хагас жилд сар бүр тогтмол тун хийлгэх хэрэгтэй байдаг учир дархлаажуулалтдаа байнга хамрагдаж, хүүхдийн эрүүл энх өсөн торних нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

Вакцин хийлгэхдээ өрхийн эмнэлэгтээ очих цагаа сайтар тооцох нь зөв. Хэдий эмч нар тодорхой өдрүүдийг зааж өгөх нь бий ч, аль болох өглөө эрт, хүнгүй цагийг сонгоорой. Удаан хүлээж, агааргүй орчинд байхыг хэн хүсэх билээ. Мөн сарын төгсгөл, сарын эхэнд өрхийн эмнэлгийн ачаалал эрүүл мэндийн даатгалын үйлчилгээтэй холбоотойгоор эрс нэмэгддэг учир болж өгвөл тэдгээр өдрүүдэд эмнэлэг явахаас зайлсхийх нь зөв. Эмч нартайгаа сайтар зөвлөлдөж, аливаа хариу урвал, хам шинжүүдийг ажиглаарай.

Г бол Гэрэл

"Шинэ хүнтэй" болсон эхний хэдэн сардаа бүтэн нойр авахгүй гэдэгт сэтгэл санаагаа бэлтгэх хэрэгтэй. Хүүхэд тань шөнө хэд хэд сэрж, сүүгээ ууж, бүүвэйлүүлж, авхуулах болно. Гэхдээ нойроо хугаслан хүүхдээ тайтгаруулж, бүүвэйлэн унтуулах энэ үе таны амьдралын хамгийн "утга учиртай" үе ч байж мэднэ.

Шөнө дунд босох үед хэрэглэнэ гэж тооцон бүдэг гэрэл бэлдэхийг санал болгоё. Зөөврийн жижиг чийдэн, орны гэрэл ч байж болно. Гэхдээ хэт хурц асаж хүүхдийг тань сэрээхээргүй, бас хурдан асааж болохоор гарт ойрхон байх ёстой гэдгийг бодолцоорой.

Д бол Дэр

Танд хоёр төрлийн дэр хамгийн түрүүнд хэрэг болно. Эхнийх нь нярай хүүхдийн хөхүүл дэр. Хөлс шингээдэг материалаар хийгдсэн, зөөлөн гадаргуутай, ээжид хөхүүлэхэд эвтэйхэн хэлбэртэй байх ёстой. Ялангуяа шөнийн цагаар хүүхдээ гар дээрээ авч хөхүүлэхэд ээжүүд ядардаг. Хөхүүл дэр тэр ачааллыг багахан ч гэсэн хөнгөлөх болно.

Нөгөөх нь, хүүхдийн толгойн хэлбэр засагч дэр. Нярай хүүхдийн толгойн хэлбэр өсөлт явагдахтай зэрэгцэн байнга өөрчилөгдөж байдаг. Энэ үед нь буруу дэр хэрэглүүлэх болон байнга нэг тийш харуулж хэвтүүлэх зэргээс улбаалан толгойн хэлбэр нь гаждаг аж. Ихэнх эмч нар нэг нас орчмоос дэр дэрлүүлж сургахыг, дэрээ сонгохдоо хавтгай, нимгэнийг авахыг санал болгодог.

Е бол ерөнхий үзлэг

Эмнэлгээс гараад гэртээ очсон даруйдаа өрхийн эмнэлэгтээ хүүхдээ бүртгүүлээрэй. Ингэхдээ харьяаллаараа хамгийн ойр эмнэлэгт бүртгүүлнэ. Улмаар өрхийн эмч эхний сард долоо хоног тутам биеэр ирж, таны хүүхдийн өсөлт, хөгжлийг хянан, зөвлөгөө мэдээллээр хангах болно. Мөн шаардлагатай бол шарлалтыг хэмжиж, шарлага хийнэ. Та хүүхдийнхээ жин, өндөр зэрэг ерөнхий үзүүлэлтүүдийг тогтмол бүртгэж хянаж байгаарай. Эхний саруудад хүүхдийн өсөлт огцом мэдрэгдэж болох ч тодорхой хугацааны дараагаас тогтворжиж эхэлдэг. Энэ үед ээж, аавууд хэт санаа зовох нь олонтоо. Тиймээс хүүхдийн өсөлт хөгжлийн хүснэгт, график хөтөлж дадах нь зүйтэй.

Ё бол ЁС ЗАНШИЛ

Үндэстэн бүрд хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх төрөл бүрийн зан заншил, ёс жаяг бий. Монголчуудын хувьд ч эртнээс уламжлагдан ирсэн олон дэг жаяг бий. Энэ бүхэн танд хүүхдэдээ нэр өгөх үйл явцаас эхлэн мэдрэгдэх болно. Будаатай аяганаас нэр сонгох, хүүхдийн чихэнд нэр шивнэхээс эхлээд хар цайнд оруулж ариутгах, даахь үргээх хүртэл энэ бүхэн үргэлжилнэ. Шинэхэн эцэг эхчүүд энэ бүхнийг харгалзан үзэж, орчин цагийн мэдээлэл, ололттой хослуулан, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх дүрэм, аргаа тодорхойлохыг санал болгоё. Асар олон эх сурвалж байгаа учир ном, сэтгүүлээс мэдээлэл цуглуулж, ах дүү, аав ээжтэйгээ зөвлөлдөх нь эхний зөв алхам болно шүү.

Ж бол "Жаахан" ядарна шүү...

"Жаахан" ядарна шүү.

Санаа зоволтгүй, хүүхэд тань хайраар бялхааж, таныг сэргээж, аз жаргал, баяр хөөр бэлэглэх болно. Итгээрэй.

З бол зөөлөвчтэй ванн

Хүүхдийн ариун цэврийг сахих нь эрүүл өсөлтөд их чухал. Тиймээс эмч нар хүүхдийг өдөр бүр усанд оруулахыг зөвлөдөг. Нярай үед усыг заавал буцалган ариутгаж, халууныг зөв тааруулах нь чухал юм шүү.

Усанд оруулахад зориулсан тусгай сав бэлдэхийг зөвлөе. Хэт халдаггүй, цалгиж асгардаггүй, бас хэтэрхий том биш байх ёстой. Тиймээс зориулалтын зөөлөвчтэй ванн авч, түүн дээрээ хүүхдээ байрлуулан усанд оруулж сураарай. Зөөлөвч нь хүүхдийг тухтай байлгаж, усанд орох дуртай болгоход хэрэгтэй. Усанд орохдоо баярладаг, дараа нь тавтайхан унтдаг байвал янзтай биз дээ?

И бол Иллэг

Нярай хүүхдийн тавгүйтэх, уйлагнах хамгийн түгээмэл шалтгаан бол гэдэс хийгээр дүүрэх юм. Хүүхэд гэдийж уйлаад, өдөржин тавгүйрхэхээр гэрт байгаа хүн бүрийн санаа зовж, уймарч орхидог. Гэдэс дүүрэх, цанхайх, цүрдийх нь ихэнхдээ агаар дутагдсан, хоол боловсруулах үйл ажиллагаа доголдсоноос үүдэлтэй байдаг. Хөхүүл ээжүүдийн хувьд өөрсдийн идэж, ууж буй зүйлсдээ хяналт тавьж, хүүхдийнхээ ходоод, гэдсэнд ээлтэй хүнсийг сонгох нь хамгийн эхний алхам. Түүнчлэн, өмнө дурдсанчлан гэртээ тогтмол агаар оруулах хэрэгтэй.

Гэдэс дүүрсэн үед хий гадагшлуулах иллэгийг хийж сурах нь асар үнэ цэнтэй эрдэм болох вий. Цагийн зүүний дагуу, хавирганы нуман доогуур хөндлөн тойруулан илэхэд хүүхэд тайвширч амрах болно. Хэрхэн иллэг хийх талаар олон төрлийн бичлэг интернэтэд байдаг тул түүнийг үзэж, өөр дээрээ туршин, дадлага хийж, өөрсдийгөө бэлдээрэй.

К бол Курс

Интернэтийн ачаар эцэг эхчүүд хүүхдээ төрөхөөс өмнө өөрсдийгөө бэлдэж, шаардлагатай ур чадварт суралцаж, хэрэгцээтэй мэдлэг мэдээллээ хангалттай авах боломжтой болжээ. Онлайн курс, сургалтуудад хамрагдаж, хүүхдээ хуурайлахаас эхлээд хооллох хүртэл бүхнийг сурч болно. Мөн аливаа үйлдлүүдийг илүү нухацтай, шинжлэх ухааны үндэстэй судалж, мэдэх боломж ч байна.

Бүхнийг ам дамжсан яриагаар шийдэж, мухар сүсгээр ханддаг цаг өнгөрсөн. Тиймээс цахим эх сурвалжуудыг ашиглан, орчин нөхцөлдөө тохирсон, хэрэгцээтэй зүйлсийг өөрийн болгоорой.

Л бол лаа, халууны шил болон бусад

Хүүхэд өвдөх гэдэг эцэг эхийн хувьд магад хамгийн зовиуртай мэдрэмж байх. Юу, яаж, хаана өвдөж байгааг мэдэх аргагүй тул эцэг эхчүүд эмнэлэг барааддаг. Хүүхдэд аль болох эм, антибиотик өгөхгүй байх нь зөв учраас түүнээс урьдчилан сэргийлж, шаардлагатай хэрэгслүүдийг авч бэлтгэлээ хангах нь чухал.

Шинэхэн ээж аавуудад халууны шил, өвчин намдаах лаа заавал бэлдэхийг зөвлөх байна. Маш олон төрлийн үрэвслүүд халуурснаар илэрдэг. Иймд халууны шил нь хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол хянахад туслах юм. Заавал хүүхдийн биед хүрч тавгүйцүүлэх шаардлагагүй, зайнаас хэмжих боломжтой төхөөрөмжүүдийг авч тавиарай. Харин вакцин хийлгэсний дараа уйлагнаж, тавгүйтэх үед эмчийн заавраар лаа хийж тайвшруулж болдог юм билээ.

М бол машины суудал

Машины суудал бол хүүхэд төрсөн цагаас эхлэн ээж аавуудад зайлшгүй байх ёстой хэрэгсэл юм. Хүүхдийг аюулгүй тээвэрлэх гол нөхцөл чухам эндээс бүрдэнэ. Хүүхдэдээ тохирсон, найдвартай суудлыг сонгох нь зөв. Хүүхдийн машины суудлын хэрэглээг "амин хариуцлага" хэмээн тодотгодог гэдгийг энэ ташрамд дурдъя.

Н бол Нярайн бүтээгдэхүүн

Хүүхдийн арьс маш эмзэг тул тохирсон, зориулалтын бүтээгдэхүүн сонгох нь нэн чухал. Амархан харшдаг, гэмтдэг тул эцэг, эхчүүд анзаарга сайтай байх хэрэгтэй. Гадуур төрөл бүрийн сонголт байгаа учир тодорхой судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, болж өгвөл туршиж үзсэний эцэст хэрэглэж эхлэх нь зөв шүү.

Заавал авах нярайн бүтээгдэхүүнүүд: Саван | Шампунь | Нуралтын тос | Алчуур | Биеийн тос | Угаалгын шингэн

О бол ор

Төрөх эмнэлгээс гарах үед хүүхдийн ор хэдийнэ бэлэн байваас зохилтой. Хүүхдийн ор нь хөнгөн, мөн хөдөлгөхөд тохиромжтой авсаархан байвал зүгээр. Мөн зориулалтын хашлага, дугуйны бэхэлгээ, гадуур бүрсэн даавуу, зузаан гудас зэргийг нь сайтар шалгаж, тоноглоорой. Орны даавуу норох, бохирдох бүрд солих хэрэг гардаг учраас дэвсгэр живх ашиглаж болно. Хүүхдээ хучиж нөмрүүлэх хөнжлийг ч бас авч бэлдээрэй.

Нярайг аль болох багаас нь тусад нь унтуулж, бие дааж сургахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ээж, аавууд ч чанартай нойр авч, хүүхдийнхээ хүчилтөрөгчөөс "булаахгүй" байх давуу талтай гэнэ.

Ө бол өлгий 

Өлгий бол нярай хүүхдийн хамгийн эхний бөгөөд чухал хэрэглээ. Хүүхэд хэдийд, ямар улиралд төрөхөөс шалтгаалан өлгийг нь бэлддэг. Өлгий дулаан, зөөлөн, бас хөнгөн байх хэрэгтэй. Сүүлийн үед шинэ эцэг эхчүүд нарийн хэрээсийг олон давхарлаж хавсан байгалийн гаралтай хөвөн даавуу-муслин өлгийг хэрэглэх хандлагатай болсныг судлаад үзээрэй. Муслин даавуу агаар сайн нэвтрүүлдэг, ус сайн шингээдэг учир хүүхдийг өлгийдөх, усанд оруулах зэргээр ямар ч зорилгоор ашиглахад тохиромжтой.

Нярай хүүхдийг салхинд гаргах, гадуур авч явахад зориулсан уутан өлгий мөн хэрэг болно. Шөнө дааруулахгүй, тавтай байхаар тооцож хангалттай зузааныг авбал зүгээр.

П бол памперс

Памперс бол живх. Живх бол памперс.

Хүүхэд бие даан бие засаж сурах хүртлээ памперс хэрэглэнэ. Тиймээс та өөрийн хүүхдийн биед тохирсон сайн чанарын памперсыг сонгоорой. Памперсыг нярай үед 2-3 цаг тутамд солихгүй бол арьс нь улайчихдаг. Нойтон сальфетка бас байнга хэрэглэгдэх учир базааж аваарай.

Р бол регистрийн дугаар

Шинэ хүнээ өлгийдөн авч, бүл нэмсэн танд баяр хүргэе. Хүүхэд өсгөх, бойжуулах асар том ажил таныг хүлээж байгаа ч үүнийг бодоод албан ёсны бичиг баримт бүрдүүлэх асуудлыг хойш тавьж болохгүй.

Таны хүүхдийн насан турш хэрэглэх регистрийн дугаарыг төрөх эмнэлгээс олгоно гэдгийг эцэг эхчүүд барагтай мэддэггүй. Ингэснээр хүүхэд төрсөн өдрөөсөө эхлэн хүүхдийн мөнгө зэрэг нийгмийн халамж, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломжтой болж байгаа юм. Харин дараа нь хуульд заасан ёсоор 15 хоногийн дотор харьяа дүүрэг, хорооныхоо улсын бүртгэлд очин, төрсний гэрчилгээгээ аваарай. Заасан хугацаанаас хоцорвол торгууль төлөх хэрэгтэй болдог шүү.

С бол сам, хумсны хутга болон бусад

Нярайн арчилгаа гэдэг асар нарийн, төвөгтэй эд. Тиймээс хэрэгтэй хэрэгслүүдээ гарын дор бэлэн байлгах нь таны цагийг хэмнэж, илүү хялбар "асуудлаа" шийдэхэд тань туслах болно. Нэн түрүүнд хүүхдийн самыг онцлох байна. Таны хүүхэд хэр их үстэйгээс үл хамаарч үсийг нь самнаж хэвшээрэй. Энэ нь тархины цусны эргэлтийг сайжруулах сайн нөлөөтэй гэнэ. Хүүхдэд ч тааламжтай.

Хумсны хутга мэдээж байх хэрэгтэй. Хумсыг нь тогтмол авч, нүүрээ урахаас нь сэргийлэхгүй бол нэг л мэдэхэд улаан эрээн нүүртэй болчихсон байх вий. Зөвхөн хүүхдэдээ хэрэглэдэг хумсны хутга тусад нь тавьж хэвшвэл сайн. Том хүмүүс хэрэглэж ер болохгүй шүү. Хумс нь сөрсөн үед даруйхан цэвэрлэх, цаашлаад төрөлжсөн эмнэлгүүдэд хандаж, зөвлөгөө авсан ч илүүдэхгүй. Хэрэглээнээсээ хамааран хамар цэвэрлэгч, элгэвч зэргийг авах эсэхээ шийдээрэй.

Т бол тэрэг

Хүүхдийг байнга тэвэрч явна гэж үгүй. Ийм ч учраас нэлээд том болтол нь хүүхдийн тэрэг таны хамгийн итгэлтэй бас найдвартай туслах байх болно. Хүүхдийн тэрэг бол зүгээр нэг суулгаж зөөдөг хэрэгсэл төдий биш. Энэ бол хүүхдийн хувьд тухтай амрах дугуйтай ор, хорвоотой танилцах талбар нь гэдгийг сайтар санаж сонголтоо хийх хэрэгтэй. Тиймээс түшлэгийн бэхэлгээ, дугуйны зузаан, уян хатан чанар зэргийг нь сайтар шалгаж байгаад авах юм шүү.

Түүнчлэн, бүүвэйлэгч тэрэг нярай үед их хэрэг болдог. Өөрөөсөө аялгуу эгшиглүүлдэг, савлаж хөдөлдөг эдгээр тэрэг ээж нарт гараа амраах боломж олгоно. Хоолны гүйдэг сандал, хөлд оруулагч зэрэг дугуйт "тэрэг"-үүдийг мөн туршаарай. Сууж, алхаж сурахад нь их нэмэр болно.

у бол угж

Та хүүхдээ хөхөөр хооллодог ч байсан зориулалтын угж заавал авч бэлдээрэй. Зарим эхийн хөхний сүү төрснөөс хэд хоногийн дараа ордог учир тэр хооронд угж зайлшгүй хэрэг болно. Бага багаар нэмэлт хоол, тэжээлд оруулах үед ч угжны хэрэгцээ улам нэмэгдэх учиртай.

Угж авахдаа угаагч сойз, угаалгын шингэнийг нь хамт авахаа бүү мартаарай. Угжийг үргэлж ариутгаж, зориулалтын шингэнээр угааж байх шаардлагатай. Хоёр ширхэг байвал нэгийг нь хэрэглэчихсэн үед нөгөөг нь орлуулж хэрэглэх, шөнө босоход заавал угааж цэвэрлэж цаг алдахгүй байх зэргээр давуу тал болно. Угжны толгойг хүүхдийнхээ өсөлттэй нийцүүлэн сольж байх хэрэгтэй шүү.

ү бол үнэг

Үнэг хайчлах бол монголчуудын дунд хамгийн түгээмэл ашиглагддаг, шинэ төрсөн хүүхэдтэй холбоотой дом билээ. Эртнээс нааш үнэг хүүхдийг айж цочих, элдэв гай барцдаас хамгаалах сахиус нь хэмээн үзэж, орон дээр нь эсгийг хайчлан тавьсаар иржээ. Үнэгийг голцуу хүүхдийн эцэг юм уу нагац ах нь хайчилж өгдөг.

Сонирхуулахад, хүүхдийн зүүдэнд үнэг хүрч ирэн, "ээж чинь байхгүй шүү" гэж хэлэн унтуулахгүй зовоодог тухай домог яриа бий. Харин эсгий үнэг хайчлаад унжуулсан бол "энэ хүүхэд үнэгтэй юм байна" гээд өнөөх үнэг буцаад явдаг аж. Тиймдээ ч хүүхэд унтаж байхдаа инээх маяг үзүүлэхийг "үнэгчлэх" гэж ярьдаг учиртай.

ф бол форум

Хүүхдээ өсгөж байгаа эцэг эхчүүдэд бусдын тусламж, зөвлөгөө заавал хэрэг болно. Ялангуяа анхны хүүхэд дээр туршлага дутах, мэдэхгүй, чадахгүй зүйл олон гардаг. Хажууд туршлагатай эмээ, эгч нар байх нь асар нэмэртэй нь үнэн. Гэхдээ тэд тантай байнга хамт байж чадахгүй.

Ийм үед та төрөлжсөн мэдээлэл авч болохуйц эх сурвалжуудыг эрэлхийлээрэй. Ээж, аав нарын форум, хэлэлцүүлэг бүхий группүүд бусад эцэг эхчүүд танд тулгарсантай төстэй асуудлыг хэрхэн давсныг харуулж, урам зориг өгөх болно. Тэндээс авах санаа, сэдэл ч зөндөө. Гол нь найдвартай, бодитойг нь шүүж, авах гээхийн ухаанаар хандах нь чухал шүү. Бидний хувьд "What To Expect", мөн манай хамт олны бэлтгэдэг "Би хүүхдээ ингэж өсгөдөг" булангийн ярилцлагуудыг санал болгож байна.

х бол хөвөн

Нярай хүүхэд өсгөх үед ээж, аав нарын хамгийн "хүчирхэг" зэвсгийн нэг нь хөвөн байдаг. Гэхдээ хөвөн бол хөвөн гэж бас сэтгэж болохгүй. Зориулалт, хэрэглээг нь тооцож, хэд хэдэн төрлийн хөвөн бэлдэх хэрэгтэй.

Хамгийн эхэнд хамар ухах зориулалттай жирийн хөвөн зэхэх хэрэгтэй. Мөн чих ухахад зориулсан модтой хөвөн аваарай. Түүнчлэн ширхэгээрээ салдаггүй хөвөнг нүд, нуух цэвэрлэхэд хэрэглэгдэнэ.

ц бол цүнх

Зөвхөн нялх хүүхдэдээ зориулсан, хэрэгтэй зүйлсийг нь багтаасан цүнхийг бүр төрөхөөс нь өмнө бэлдэх хэрэгтэй. Эмчийн үзлэгт орохоос эхлээд төрөх рүү явах үед "гялс шүүрээд гарна" гэж тооцож цүнхээ бэлтгээрэй. Шөнө дунд ч хэрэг болох учир гарт ойрхон байрлуулж, сандарч тэвдэлгүй шууд гарна гэж бодох хэрэгтэй.

Хүүхэд төрсөн хойно ч тэр цүнх үргэлж хэрэг болно. Цүнхэндээ хүүхдийнхээ даавуу, илүү хувцас, памперс, тогтмол хэрэглэдэг арчилгааны хэрэгслүүдийг байнга байлгахад илүүдэхгүй. Хүүхдийнхээ эмнэлгийн дэвтэр, хэрэгтэй материалуудыг хамтад нь байлгаарай.

ч бол чухал мөчүүд

Чухал мөчүүд гэдэгт юу ч багтаж болно. Анх инээх, баярлан хөөрөх, шинэ зүйл сурах, хоолоо идэх, толгойгоо даахаас эхлээд ээждээ эрхлэх, өвөөгөө таних, аавдаа гомдох, эмээдээ ховлох гээд бүгд энд багтана.

Харин бид танд эдгээр чухал мөчөө баримтжуулж, аль болох хадгалж үлдээхийг хичээгээрэй хэмээн зөвлөж байна. Эцэст нь гэрэл зураг, бичлэгүүд л дурсамжийг гэрчилж үлдэнэ. Хүүхэд асар хурдан өсдөг, нэг мэдэхэд том болчихдог гэдэг дээ. Тэгвэл тэр мөч бүрийг алдалгүй хадгалах, эргэн дурсах гол зүйл нь гэрэл зургууд юм. Тиймээс боломжоороо зураг авч, түүнийгээ найдвартай хадгалан, аль болох угаалган үлдээж байгаарай.

ш бол Шарлалт

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусан дахь билирубин хэмээх бодисыг бүрэн шүүж чаддаггүй аж. Үүнээс шалтгаалж уг бодисын цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдэл болж, хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг газар шар туяа орох нь шарлалтын шинж тэмдэг юм. Үүнийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой холбоотойгоор дөнгөж төрсөн хүүхдүүдийн шарлалтын тохиолдол эрс нэмэгджээ.

Тиймээс хүүхдээ аль болох хөхөөр хооллож, агаар салхинд сайн гаргаарай. Үүнээс гадна зарим төрөх газруудад шарлалтын аппарат байдаг учир эмнэлэгт байхдаа сайтар ашиглаж, шаруулах нь их үр дүнтэй юм билээ. 2-3 долоо хоногийн дотор шарлалт бүрэн арилах учиртай тул хүүхдээ сайн ажиглаж байгаарай.

э бол эхийн сүү

Эхийн сүү гэдэг хүний амьдрал тэтгэгч, шидэт шингэн юм. Ялангуяа хүүхдийн амьдралын эхний зургаан сард сүү нь амин дэмээр тэтгэгч гол суваг нь болж, хэвийн өсөж бойжиход зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис, усаар хангадаг. Эхийн сүү нь түргэн боловсорч, бүрэн шингэдэг учир ус ч өгөх шаардлага байдаггүй. Тиймээс хөхөөр хооллосон хүүхэд түргэн тэнхэрч, хурдан өсөж, дархлаа сайтай болдог гэдэг нь санамсаргүй хэрэг биш.

Хөхөөр хооллож байгаа үед ээж нарт хөхний саалтуур, сүү хадгалах сав авч бэлдэхийг санал болгож байна. Саалтуур нь ээж нарт хөх чинэрсэн үед суллах, зориулалтын сав нь зайлшгүй хэрэгтэй үед сүүгээ хадгалж нөөцлөх боломжийг олгох болно. Хүүхэд шөнө сүүгээ сайн хөхөхгүй, нойрмоглох үед эхийн хөх хөндүүрлэж өвдөх нь бий. Ийм үед саалтуур тус болно.

ю бол Юүдэн Малгай, бээлий ба бусад

Дөнгөж төрсөн нярайн зулай битүү биш байдаг тул дулаанаа алдаж, хүйтнийг нэн эмзэг мэдэрдэг гэнэ. Тиймдээ ч хүүхдэд толгойд нь таарсан малгай заавал өмсүүлж байх хэрэгтэй. Гэрт өмсөх нимгэн, мөн гадаа өмсөх зузаан зэрэг хэрэглээгээр нь малгайг нь тохируулж аваарай. Малгайнаас гадна бусад хувцаснуудаа тохируулж, тааруулж авах нь мөн зайлшгүй хэрэгтэй.

- Бээлий: Гараа бүрэн удирдаж сураагүй байх үедээ нүүрээ маажиж, урах гээд байдаг учир бээлий зайлшгүй өмсөх хэрэгтэй болдог.

- Боди, өмд: Өдөрт 2-3 удаа солино гэж тооцон биед эвтэйхэн, урт, богино ханцуйтайг аваарай. Хэрэгтэй гээд олныг авах хэрэггүй. Хүүхэд хурдан томордог учир хэдэн ээлжийнх байхад л хангалттай. Тэгээд ч хүүхдийн хувцас үнэтэй шүү дээ.

- Оймс: Хөлөөсөө даарах гээд байдаг учир зайлшгүй өмсгөх хэрэгтэй. Гадуур гарахад зузаан байвал бүр зүгээр.

- Комбинезон: Улирлаас хамааран хэмжээг нь тооцоорой.

- Даавуу: Хүүхэд ороохоос эхлээд хучих, зузаалах гээд олон янзаар хэрэглэгдэнэ. Өлгий шиг л хэрэгцээтэй эд.

я бол ягаан дэвтэр

"Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр" буюу Ягаан дэвтэр бол ээж нарын хувьд заавал үзэх, хэрэглэх, хөтлөх учиртай, байнгын хэрэглэгдэхүүн юм. Хүүхдийн өсөлт хөгжлийг хэвлийд байхад нь ч, төрсний дараа ч бүртгэх боломжтой гэдгээрээ энэ дэвтэр агуулгын хувьд асар ач холбогдолтой.

Хүүхдийн дархлаажуулалтын мэдээлэл, эмчийн үзлэгийн тайлбарууд бүгд энд бүртгэгдэнэ. Шинэхэн ээж, аав нарт хэрэгтэй төрөл бүрийн зөвлөгөө байдаг учир тогтмол хөтөлж, эргүүлж харж байваас зохилтой.