Хүй нэгдлийн үеийн хадны сүг зургаас өдгөө өдөр тутмын хэрэглээний урлаг болтлоо хөгжсөн график дизайны тухай өнөөдөр сонирхолтой мэдээлэл хүргэе. График дизайн хаанаас үүдэж, юунаас улбаалж, өнөөдрийн өнгө төрхөө олж авсан юм бол?

Хөгжим чихэнд сонордох шиг өнгө нүдэнд буумой.

Луис Комфорт Тиффани

МАНАЙ ЭРИНИЙ ӨМНӨ

График дизайн хэмээх ойлголт харьцангуй сүүлд үүссэн хэдий ч хүн төрөлхтний зураг дүрслэлээр аливааг илэрхийлэх гэсэн хүсэл нь нэн эртнээс улбаатай билээ. Дэлхий даяар олдсоор буй хадны сүг зургууд бол үүний томоохон илрэл юм. Хэнд зориулж, ямар зорилгоор эдгээрийг дүрсэлсэн нь өдийг хүртэл маргааны сэдэв болсоор байдаг ч хүмүүн бид анхнаасаа дүрслэх урлагтай шүтэлцээтэй явсан гэдэг нь илт.

Түүнчлэн МЭӨ 3300-аад оны үед анхны хэл бичгийн нэг гэгддэг Шумерийн цагаан толгой үүсэн бий болсон аж. Тэдний цагаан толгойн дүрслэл нэг үсэг биш харин нэг үгийг илэрхийлж байсан нь бидний ашиглаж заншсан "icon"-той тун төстэй.

ДУНДАД ЗУУНЫ ҮЕ

Соёл иргэншлийн ачаар хүн төрөлхтний гоо зүйн үнэлэмж, мэдрэмж дээшилсэн нь дизайны салбарт хэд хэдэн өөрчлөлтийг авчирсан юм. Тухайлбал, язгууртан гэр бүлүүд өөрсдийн сүлд тэмдгийг газар нутаг хийгээд цэргийн хуяг, бамбайн дээрээ 1100-аад оны үеэс байршуулж эхэлжээ. Энэ нь он удаан жил үргэлжилсэн Загалмайтны аян дайны үеэр өөрсдийн болон дайсны талын цэргүүдийг ялгах шаардлагаас улбаалан түгээмэл хэрэглээ болсон аж. Магадгүй орчин цагийн логоны хамгийн анхны хувилбар болов уу.

Түүнчлэн дундад зууны үед бүхий л ном, судрыг гараар хуулан бичдэг байсан нь тайпограф буюу бичилтийн хэлбэр, хэв маягт олон өөрчлөлт, шинэчлэлийг дагуулжээ. Эрдэмтэн, судлаачид өөрсдийн гэсэн хэв маягийг шингээсэн онцгой, содон тайпограф бүхий бүтээл гарган түүгээрээ ялгардаг байлаа. Ташрамд дурдахад, Исламын улс гүрнүүдэд дүрслэх урлагийг шашин номыг доромжилсон хэмээн үздэг байсан тул сэхээтнүүдийн уран сайханч сэтгэлгээний гол илэрхийлэл нь бичгийн хэв байв.

АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ҮЕ

Йоханнес Гутенбергийн зохион бүтээсэн хэвлэлийн машин дангаараа XVII-XIX зууны дизайны салбарыг тодорхойлсон гэж хэлж болно. Олон тоогоор, хямд зардлаар, хялбархан хэвлэх боломжтой болсноор өнөөгийн сонины анхны хувилбар "коранто" мэндэлжээ. Үүн дээр анхны масс-д зориулсан зарлал, сурталчилгаанууд байрлаж эхэлсэн байна.

Гэхдээ энэ үеийн хамгийн онцлох ололт бол "chromolithography" буюу олон өнгөт хэвлэл байв. Ингэснээр уран бүтээлчид урьдчилан бэлтгэсэн хэдхэн янзын хэв маягт өөрсдийгөө хязгаарлах шаардлагагүй болж, цоо шинэ боломжууд бүхий дизайны ертөнцөд хөл тавьсан юм. Яг энэ үеэс гоо зүйн таашаал өгөх зорилготой гоёмсог зар сурталчилгаанууд, хүчтэй сэтгэгдэл үлдээхүйц өнгөний хослол зэрэг өнөөгийн маркетинг, брендингийн үндсэн ойлголтууд бий болжээ.

XX ЗУУНЫ ҮЕ

Аж үйлдвэрийн хувьсгалын ачаар бий болсон технологийн дэвшил график дизайны үнэ цэн, ач холбогдлыг даруй нэмэгдүүлсэн тул мэргэжлийн агентлаг гарч ирэх нь цаг хугацааны л асуудал болоод байв. Ийнхүү 1903 онд Австри улсад “Wiener Werkstätte” буюу “Венийн Workshop” хэмээх график дизайнерууд, уран бүтээлч, зураач, архитекторуудын хамтарсан анхны агентлаг үүсгэн байгуулагдсан аж.

Тэдний энэ салбарт үлдээсэн хамгийн том өв бол геометрийн дүрс, авангард хэв маягийг шингээсэн Кубизмийн урсгалыг алдаршуулсан явдал байлаа. Үүний үр дүнд орчин үеийн график дизайныг одоог хүртэл тодорхойлсоор буй "Баухаус", "Арт Деко" зэрэг урсгалууд төрөн гарсан билээ.

График дизайн хэмээх нэршлийг хамгийн анх 1922 онд У.Двиггинс "New Kind of Printing Calls for New Design" эссэндээ дурдаж байв.

New Kind of Printing Calls for New Design

XXI ЗУУНЫ БОСГОН ДЭЭР

Бидний сайн мэдэх цэнхэр шугам бүхий IBM-ийн логог анх 1970 онд бүтээж байсан гэдгийг та мэдэх үү? Тэрхүү логоны дизайнер Р.Пол бол IBM-ээс аваад Ford зэрэг олон алдартай компанийн сэтгэлд хоногшсон өнгө төрхийг бүрдүүлж чадсан эрхэм юм. Түүний оруулсан хувь нэмрийн ачаар бичээчдээс бүрдсэн зар сурталчилгааны салбарт дизайны гүйцэтгэх үүрэг асар нэмэгдэж шинэ салхи дэгдсэн аж.

Санал болгох: Paul Rand - Thoughts on Design

1947 он

Хэвлэлийн машинтай дүйцэхүйц энэ үеийн өөр нэгэн ололт бол өргөн хэрэглээний компьютер байв. Үүний ачаар олон нийтэд мэдээлэл хүргэх арга зам өөрчлөгдөхийн сацуу дизайны програм хангамжууд бий болсон нь өнөөгийн дижитал дизайны эхлэл байсан юм.

1990 онд анхны хувилбараа гаргаж байсан Adobe Photoshop програм бараг дангаараа график дизайны ойлголтыг өөрчилсөн гэж хэлэхэд буруудахгүй. Бүр фотошоп хэмээх үйл үг бий болтол энэхүү програмыг бид өдөр тутам ашигладаг шүү дээ. Харин Microsoft Paint зэрэг анхан шатны програмууд масс-д график дизайныг хүртээмжтэй болгоход тус болсон байдаг.

Түүнчлэн график дизайныг хүлээж авах бидний хандлага ч мөн энэ үеэс өөрчлөгдөж эхэлсэн юм. 1984 онд Apple анхны Macintosh компьютерээ олон нийтэд танилцуулсан ба тэдний энгийн хэрнээ ойлгомжтой интерфэйс нь хэрэглэгч төвтэй дизайны эхлэл байсан билээ.

ЯГ ОДОО

Өдгөө график дизайн өргөн хэрэглээний урлаг болтлоо хөгжин бидний өдөр тутмын гар утас, сошиал медиа хэрэглээний салшгүй нэг хэсэг болжээ. Маркетеруудын дийлэнх хувь нь зураг, дүрсээр контент бүтээхийг илүүд үзэн, хэрэглэгчид ч мөн адил энэ төрлийн контентийг илүүтэйгээр хүлээн авах болсон нь харагдана.

Энэхүү ширүүн өрсөлдөөн дундаас Баухаус, Wiener Werkstätte-ийн минималист шинж чанар, цэвэрхэн фонтыг шингээсэн хурц өнгөний хослол бүхий дизайн сүүлийн жилүүдэд илүү тренд болж байна.

2020 оны дизайны трендүүдтэй танилцах

Behance.com

ТӨГСГӨЛИЙН ОРОНД: ИРЭЭДҮЙ

График дизайны ирээдүйг хэрвээ ганц үгээр тодорхойлооч гэвэл олон дизайнер "интерактив байдал" хэмээх байх. Өдрөөс өдөрт бидний хэрэглэж буй апп, вэбсайтууд улам ухаалаг болж, хэрэглэгчдийн зан төлөвт тулгуурлан янз бүрийн хөдөлгөөнт, ухаалаг функцуудтай болж байна. Зүгээр л вэбсайт гүйлгэж байхад автоматаар хэрэггүй хэсгүүд нь жижигсэж, чухал хэсгүүд нь томорч харагдах нь нэгэнт стандарт болоод байгаа билээ. Үүгээр зогсохгүй Data Visualisation, сошиал видео, 360 зураг гэх мэт төрөл бүрийн технологиуд улам хүчийг авсаар.

Технологийн хөгжил, дэвшилтэй нягт уялдан хөгжих энэ салбарын бас нэгэн таамаглал бол VR/AR технологи дээр суурилсан дизайн юм. Бидний тоглоом тоглох, худалдан авалт хийх, контент үзэх зэрэг бүх л үйлдэлд хувьсгал авчирна гэгдэж буй энэ технологийн хамгийн ойрхон жишээ нь магадгүй Pokemon Go юм.

Үүнээс шалтгаалан шинэ үеийг угтаж буй дизайнерууд шинэ ур чадварт суралцан тасралтгүй өөрсдийгөө хөгжүүлэх ёстой болох нь.

Сайн дизайн бол хэрэглээ-гоо зүйн төгс зохицол юм.

Р.Пол