Налайх руу хөдлөхөд 48 хүрэхгүй цаг үлдлээ. Хүсэн хүлээсэн Playtime-даа бэлдэж, цүнхээ баглан суугаа танд юу юунаас илүү догдлол төрж буй нь лавтай. Гэхдээ энэ догдлол хүлээлтээ түр азнаад жинхэнэ бэлтгэл хангагдсан эсэхэд анхааръя. Учир нь наадмын гурван өдрийг тултал нь мэдрэх үү, аль эсвэл зүгээр л ядарч өнгөрөөх үү гэдэг нь яг одоо таны цүнхэнд юу байна вэ гэдгээс шууд хамаарна.

Гэрээсээ гарахаас өмнө дараах 8 зүйлийг нэг бүрчлэн нягтлаарай.

Заавал унших холбоотой нийтлэлүүд:

Playtime Festival 2026: Наадмын өнгө төрхийг бүтээх олон улсын продакшнууд
Playtime Festival: Хөгжмийн хэмнэлээс хальсан хариуцлага
Playtime Festival 2026: Наадмын талбай руу зорчих унаа ба байрлах газрууд


1. ДИЖИТАЛ БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН УУ?

Наадмын талбарт хэдэн арван мянган хэрэглэгч нэгэн зэрэг дата ашиглах үед ачаалал нэмэгдэж, зарим апп удаашрах магадлалтайг тооцох хэрэгтэй. Тиймээс хамгийн түрүүнд цахим тасалбарынхаа QR кодыг screenshot хийж, утсандаа зураг хэлбэрээр хадгалахыг зөвлөж байна. Үүдэнд очоод мэйлээ шалгах эсвэл апп руу нэвтрэх гэж дата хүлээж цаг алдалгүй, нэвтрэх хэсгээр дамжин өнгөрөх шалгарсан арга юм.

Үүний зэрэгцээ энэ жилийн талбайн бүтэц, тайзны байршил, албан ёсны хөтөлбөрийг утсандаа урьдчилан татаж авах нь зүйтэй. Олон тайзны хооронд шилжиж, дуртай артистуудынхаа тоглолтыг алгасалгүй үзэх нь чухал шүү дээ. Хэрэв интернэтийн асуудалд санаа зовохгүй байгаа бол Toki апп дээр өөрийн гэсэн Line-up-аас үүсгэж, найзууддаа хуваалцаж болно.

Мөн зураг, бичлэг хийх явцад утасны цэнэг төсөөлснөөс хурдан дуусдаг тул өнөөдөр орой бүх зөөврийн цэнэглэгчээ тултал нь цэнэглэж, бэлтгэлээ базаахаа мартуузай.



2. ГЭНЭТИЙН ЦАГ АГААРТ БЭЛЭН ҮҮ?

Долдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд +24-27 градусын дулаантай байна. Гэхдээ Монголын цаг агаар эрс тэс учраас өдөр хэчнээн халуун нар төөнөж байсан ч орой, шөнөдөө жиндүүхэн байдаг. Тиймээс шүхэр, нарны малгай, нимгэн гадуур хувцас, чийгний гудас зэрэг аль ч цаг агаарт тохирох хувцас хэрэглэлээ сайтар бэлдээрэй.

Майхантайгаа наадамлах гэж байгаа бол харанхуйд олон майхан дундаас өөрийнхийгөө хайж цаг алдахгүйн тулд өвөрмөц туг, дарцаг эсвэл гэрэлтдэг зүйл урьдчилан бэхэлж тэмдэглэх нь зөв. Түүнчлэн наадмын өдрүүдэд машиндаа утсаа цэнэглэх, хөгжим тавихаас шалтгаалж аккумулятор суух тохиолдол амралтын бүсэд маш олон гардаг тул холбогч утас буюу Jumper Cables-ийг тээшнийхээ мухарт заавал бэлдэж явахыг зөвлөж байна.

Гэснээс энэ жилийн Playtime наадмын хоноглох бүс илүү олон сонголттой болжээ. Хэрэв та өөрөө майхан барихыг хүсэхгүй байвал Гоёл Кашмерын “Goyol Glamping”-аас эхлээд гэр болон 6х12 метрийн харьцаатай чиргүүлүүдээс сонголтоо хийх боломжтой. Үнийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.



3. ЗАГВАРЛАГ БАЙХ НЬ ЧУХАЛ УУ? ТУХТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ УУ?

Playtime бол залуус өөрийнхөө хамгийн чөлөөтэй, хамгийн өвөрмөц стилийг илэрхийлдэг талбар гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч гоё харагдахаас гадна гурван өдрийн турш талбайгаар алхаж, өдөржин босоо зогсож, шөнөжин бүжиглэнэ гэдгээ тооцож, тухтай байдлыг нэгдүгээрт тавихыг зөвлөж байна.

Юун түрүүнд наадмын талбайд өмсөх гутлаа маш ухаалаг сонгох хэрэгтэй. Шинээр авсан, хөлдөө суулгаагүй гутал бүр ч дэмий. Оронд нь тухтай, ямар ч шороо, шаврыг туулахад харамсахааргүй хуучин пүүз эсвэл зузаан ултай, бат бөх гутал сонгоорой. Эсвэл зураг, бичлэг хийлгэхдээ гоё гутлаа өмсөөд, эд бүжиглэж, хөгжилдөх үедээ хөнгөн пүүзээ солиод өмсөж болох юм. Мөн урт, зузаан оймс хэдийг цүнхлээрэй. Нимгэн, богино оймс өмсвөл Налайхын нарийн тоос гутлын завсраар орж, хөл холгох гол шалтгаан болох вий.



4. УС, УС БАС ДАХИН УС

Наадмын эмнэлгийн байгууламж руу хандах хүмүүсийн хамгийн түгээмэл шалтгаан бол шингэний дутагдал байдгийг мартаж болохгүй. Задгай талбайд олон цагаар наранд зогсох, бүжиглэх, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг нь бидний биеийг төсөөлснөөс хурдан хуурайшуулдаг. Тиймээс тогтмол ууж хэвших нь таныг толгой өвдөх, наршихаас сэргийлэх хамгийн чухал хамгаалалт юм.

Энэ тал дээр ухаалаг тактик хэрэглэхийг хүсвэл цүнхэндээ хэдэн уут электролит аваарай. Энгийн ус биеийн шингэнийг хурдан нөхөхгүй үед усандаа найруулаад уудаг электролитууд эрдэс бодисыг хормын дотор нөхөж, ядралтыг тайлдаг шидтэй. Түүнчлэн эвхэгддэг усны сав урьдчилан бэлдэх нь зүйтэй. Наадмын зохион байгуулагчид талбайн өнцөг бүрд ундны усны үнэгүй цэгүүдийг байршуулсан тул саваа дахин дүүргэж хэрэглэх нь эдийн засагт хэмнэлттэйгээс гадна наадмын талбайг хуванцар хогоор дүүргэхгүй байх ухамсартай наадамчны зөв үйлдэл юм. Ам цангаж эхэлсэн л бол таны бие хэдийн шингэний дутагдалд орчихсоны дохио учраас цангаагүй байсан ч цаг тутамд хэдэн балга ус уухаа мартуузай.



5. БЭЛЭН МӨНГӨ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭДГИЙГ СОНССОН УУ?

Энэ жилийн наадам бэлэн мөнгөөр огт үйлчлэхгүй бөгөөд зөвхөн цахим төлбөрийн систем болон картаар тооцоо хийх дүрэмтэй гэнэ. Гэвч банкны гүйлгээ гацах, апп ачаалахгүй байх эрсдэл гардаг тул дижитал бэлтгэлээ базаах шаардлагатай. Үүний тулд хамгийн түрүүнд наадмын албан ёсны түнш аппуудыг урьдчилан татаж, доторх дижитал хэтэвчээ хотод байхдаа л тултал нь цэнэглээд гараарай. Банк хоорондын шилжүүлэг гацсан ч апп доторх цахим хэтэвчний гүйлгээ хамгийн хурдан, найдвартай хийгддэг учраас таны Б төлөвлөгөө болох юм.

Мөн бүжиглэж, үсэрч явахдаа карт эсвэл утсаа гээх эрсдэл өндөр гэдгийг тооцож, картаа утасныхаа гэрний ард хавчуулах биш, харин цүнхэндээ хадгалаарай. Хэрэв утсаа алдсан тохиолдолд iPhone-ий "Find My" эсвэл Android-ын "Find My Device" тохиргоог гэрээсээ гарахаас өмнө асаасан эсэхийг заавал нягтлах хэрэгтэй шүү.



6. АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЭД ЗҮЙЛСЭЭ ХАЛААСЛАСАН УУ?

Гурван өдрийн турш эрүүл, эрч хүчтэй байхын тулд зөвхөн эмнэлгийн асарт найдах нь өрөөсгөл. Задгай талбайн нарийн тоос, нарны тусгал, хоолны дэглэм өөрчлөгдөх зэрэг нь биед багагүй ачаалал өгдөг.

Тэгвэл таны жижиг цүнх, халаасанд заавал байх ёстой зүйлс бол харшлын эм, өвчин намдаагч, хоолны шингэц сайжруулах эм бэлдмэлүүд юм. Налайхын хөндийн тоосноос үүдэж урьд нь харшилгүй байсан хүмүүсийн нус гоожих, нүд загатнах шинж тэмдэг илэрч болзошгүй тул харшлын эмийг урьдчилан бэлдээрэй. Мөн нарны тосоо өдөрт 2-3 удаа сэргээх, гар ариутгагч, хуурай болон чийгтэй салфетка халаасандаа байнга авч явах нь ариун цэврийн үндсэн бэлтгэл болно.



7. ХӨГЖМИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ГАДНА ЮУ ХИЙХЭЭ ТӨЛӨВЛӨСӨН ҮҮ?

Үндсэн таван тайзны хөтөлбөрөөс гадна хамтран ажиллагч байгууллагуудын асар, тайз үнэнхүү бүтээлч, уйдамгүй хөтөлбөрүүдтэй гэдгийг уншигч та бүхэн эс андах биз ээ. Тоглолт хоорондын сул хугацаа, үдээс өмнөх цагаар соёл урлаг, спорт, гоо сайхан, танин мэдэхүй, худалдаа үйлчилгээ гээд төрөл бүрийн асруудаар зочилж, өөрийгөө бүү уйдаагаарай.

Тухайлбал, өглөөний цэвэр агаарт бие, сэтгэлээ амрааж, эрч хүчээ сэлбэх йогийн хичээлүүдэд сууж, наадмын өдрүүдийг эрүүл хэмнэлээр эхлүүлэх боломжтой. Мөн хэрэв та гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ ирж байгаа бол тусгайлан зассан "Kids Zone"-д багачуудыг уйдахгүй, аюулгүй тоглож наадах орчныг бүрдүүлсэн тул санаа амар хөгжилдөх нөхцөл бүрджээ. Хамгийн гоё нь хүнс, ахуйн хэрэгцээтэй зүйлсээ "EFES" супермаркетын асраас цуглуулах боломжтой юм билээ.



8. ЭЦЭСТ НЬ ЭРЧ ХҮЧЭЭ ГАМНААРАЙ

Архаг наадамчид хүртэл гаргадаг нийтлэг алдаа бол эхний өдөр хэт их догдолж, хамаг эрч хүчээ барж өөрийгөө ядраах явдал юм. Хэрэв эхний өдөр нойргүй хонож, туйлдталаа бүжиглэвэл дараагийн өдрүүдийн гол уран бүтээлчдийг үзэж чадалгүй майхандаа унтаж өнгөрөөх эрсдэлтэй. Playtime бол ойрын зайн гүйлт бус, харин гурван өдрийн турш үргэлжлэх марафон гэдгийг санаарай.

Өдрийн халуунд наранд хэт удаан зогсолгүй, сүүдрэвч болох асруудад саатах, хөгжмийн хэмнэлийг зүлгэн дээр тухлан сууж мэдрэх нь бие махбодоо амраах ухаалаг тактик. Эрч хүч, нойроо зөв зохицуулж чадсан цагт л та наадмын сүүлчийн өдөр ч эрч хүчтэй байж, тултал нь мэдрэх болно. Үүний зэрэгцээ наадмын өдрүүдэд тав тухтай байдлаа хадгалахад тань туслах халуун, хүйтэн устай шүршүүрийн хэсэг талбайд ажиллах тул хөлс, тоос шороогоо угааж, эрч хүчээ хормын дотор сэргээх боломжтой.