Гүюг хааны 777 жилийн өмнөх зарлигийг Ромын Пап одоо л нэг биелүүлж байна хэмээн хошигнох нь Монгол Ватиканы өнө эртний харилцаанаас улбаатай. Европ даяар Монголчуудын аюул нөмөрсөн он жилүүд буюу тэртээх 12 дугаар зуунд Ватиканы Пап лам IV Иннокентээс Гүюг хаанд хандан Христийн шашинтнуудын нутагт халдахгүй байж, найрамдалт хөршийн ёсоор аж төрөх тухай захидал илгээжээ. Түүнийг нь санваартан Плано Карпини (Монголчуудын түүх номоороо алдаршсан) 1246 онд Хархорум хотод хүрэлцэн ирж, Гүюг хаанд гардуулж өгсөн гэдэг. Хаан хүсэлтийн хариуд Ромын Папыг өөрт нь дагаар орж, Монгол нутагт ирэхийг шаардсан агуулгатай албан захидлыг 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр монголоос гадна перс, латин хэлээр бичиж төрийн тамгаараа хоёронтоо тамгалан илгээсэн нь өнөөдрийг хүртэл Ватиканы нууц архивт хадгалагддаг аж.

Өдгөө дэлхийн хүн амын 84 хувь нь итгэл бишрэлийн аль нэгэн туйлд харьяалагддаг буюу ямар нэгэн шашин шүтдэг. Тэр дундаа хүн төрөлхтөний 31 орчим хувь буюу 2.4 тэрбум хүн Христ итгэлийг тээн амьдардаг. Сэрүүн намрын урь орсон эдгээр өдрүүдэд Христ итгэлийн гол урсгал Католик шашны тэргүүн Пап Франциск манай улсад айлчилж буйтай холбогдуулан түүний тухай болон тал нутгийн нүүдэлчид дундах христ итгэлийн сонирхолтой түүхээс хүргэе.

"даруухан пап"  Франциск гэж хэн бэ? 

Өдгөө 87 насыг зооглож буй Франциск нь 2013 онд сонгогдсон Ромын 266 дахь Пап юм. Дэлхийн хамгийн жижиг хот улс Ватиканы тэргүүн тэрээр 1.2 тэрбум католик шашинтнуудын дуу хоолойг нэгтгэж, сургаал, номлолыг төвлөрүүлэх үүрэгтэй. Түүний жинхэнэ нэр нь Хорхе Марио Бергольо бөгөөд папууд шинээр томилогдохдоо өөр нэр авдаг нь ямар төрлийн пап болох, цаашдын зорилго, чиглэл, хүсэл тэмүүллийнх нь илэрхийлэл аж.

Аргентины Буэнос-Айрес хотноо Итали цагаачийн гэр бүлд төрсөн тэрээр химийн технологич мэргэжилтэй, Итали, Испани, Герман хэлтэй, хөлбөмбөгийн хорхойтон төдийгүй Аргентинийн Сан Лоренцо багийн үнэнч дэмжигч. Түүнийг 2001 онд Пап лам II Иоанн Павел кардинал болгосон бөгөөд түүнээс хойш Католик сүмийн удирдах төв байгууллагад захиргааны албан тушаалууд хашиж байжээ. Кардинал гэдэг нь Папыг сонгодог онцгой бүлгийн гишүүн ба католикийн хамгийн дээд эрх мэдэлт бүлэг гэсэн үг. Ватиканд төвтэй Кардиналын бүлгэмд 221 санваартан байдаг.

Дэлхий улс орнуудад суух хамба ламыг Пап томилдог бөгөөд одоогоор 5000 гаруй хамба лам байдаг аж. Өнгөрсөн жил Монголд 20 шахам жил номлогчоор үйлчилсэн Ватиканы элч лам 48 настай Кардинал Жоржио Маренгог дэлхийн хамгийн залуу кардиналаар тодруулсан нь онцлох явдал болсон.


Пап Францискийн тухайд гаднын хэвлэлүүд үнэтэй машин унадаггүй, олон өрөөтэй орд харшид амьдардаггүй, нийтийн тээврээр зорчдог зэргээр нь эгэл амьдралын хэв маягтай даруухан пап хэмээн “гоёчилдог”. Харин ажиглагчид түүнийг Либерал, Консерватив үзэл баримтлалтай талаар өөр өөрсдийн дүгнэлтээр ханддаг. Папын эмэгтэйчүүдийг санваартан болгох ёсгүй хэмээдэг ч сүмийн үйлчлэлд түлхүү оролцоо, байр суурьтай байх ёстой, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг үгүйсгэдэг ч тэднийг гадуурхах ёсгүй, нийгэмд нэгтгэх ёстой, үр хөндөлт бол аймшигтай гэмт хэрэг боловч лам нар гэмийг нь уучлах эрхтэй гэх зэрэг мэдэгдлүүд нь ийм дүгнэлтэд хүргэдэг.

Христ итгэл нь Католик, Протестант, Ортодокс гэх ерөнхий гурван урсгалтай. Түүнээс гадна эдгээрээс салаалан гарсан ялгаатай олон урсгал чиглэлүүд бий. Угтаа христ итгэлийн гол цөм нь Библи ном. Протестантууд 66 номтой библийг судлан хэрэглэдэг бол Католикт библиэс гадна нэмэлт долоон ном бий. Харин Ортодоксын зарим урсгал чиглэл библийн зарим номыг хүлээн зөвшөөрөлгүй нэмэлтээр өөр номууд хэрэглэдэг.

Монгол туургатны Христ итгэл

Тав, арван мянган төгрөгийн дэвсгэрт дээр Хархорум хотын алдарт Мөнгөн мод, бүрээ үлээсэн жигүүрт тэнгэрийн элчийн дүр бий. Чингис хаан 1220 онд Хархорум хотыг их Монгол Улсын нийслэл болгох зарлиг буулгаж, тус хот Мөнх хааны үед цэцэглэн хөгжсөн байдаг. Хотын Түмэн Амгалант ордон доторх уран гайхамшигт хийцтэй уг Мөнгөн модыг 1254 онд Мөнх хаан Парисын алдарт уран дархан Вильгельм Бушьеэг хааны сангаас санхүүжүүлэн туслах 50 дарханы хамтаар бүтээлгэжээ. Соёл, шинжлэх ухаан, олон шашны төв болсон Хархорум хотын энэхүү жишээнээс ч бүр өмнө МЭ VI-VIII зуунд торгоны замаар дамжин Төв Ази болон одоогийн Монгол газар нутагт Христ итгэл тархаж эхэлсэн түүхтэй. Сонирхуулахад, Кембрижийн их сургуулийн Библийн ухааны доктор (PhD) Г.Баяржаргал энэ тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.


1846 оны хуучин монгол бичгээр орчуулсан библи

Өрнө Дорныг холбосон торгоны замаар дамжин Дорнын Чуулганы илгээлтийн эзэд, христ итгэлт худалдаачид итгэл бишрэлээ түгээн дэлгэрүүлж, сири хэл дээрх Библи судраас Есүс Христийн тухай тайлбарлан таниулж явсан байдаг. Төв Азийн хэд хэдэн овог аймгийн хаан харъяат ардтайгаа Христийг шүтэн дагаж, энэхүү итгэлийн замд бүхэл овгоороо орсон түүх бий. МЭ 780 оны үед хамаарах Булган аймгийн Хутаг өндөр сумын Сүүжийн даваанаас олдсон руни бичээс нь Монгол нутагт Христ итгэл байсныг батлах хамгийн эртний баримт юм. Түүн дээр нэгэн баян хүн тэнгэр өөд одохын өмнө хүүхдүүдээ сургааль номоо айлдаж Маар багш шиг байгаарай хэмээн захьдаг. Маар гэдэг нь Христ итгэлийн санваартан хүнийг илэрхийлдэг Сири гаралтай үг аж.

Монголчууд нэсторын буюу Дорнын Чуулганы шашиныг тарз, аркагун хэмээн нэрлэж, номлогчдыг нь раббан аркагун буюу Библийн рабби (багш)-аас эшлэн нэрлэнэ. Худалдаачид, улмаар номлогчидоор дамжин орж ирсэн нэсторын мөргөл 1000 орчим оны үед Хэрэйдүүдийн хувьд гол шашин нь байв.1009 онд Багдадын нэсторын хамба Мэрв хотын хамбаас нэгэн захидал авсанд Хэрэйдүүд христийн шашинд орж загалмайлуулахыг хүсэж байгаагаа хэлж тодорхой биш тоо биш боловч 20 мянга орчим Хэрэйдчүүд тэр онд загалмайлуулсан гэнэ.

Библи нь анх монгол хэлнээ одоогоос 717 жилийн өмнө орчуулагдаж байсан бол бүрэн эхээрээ орчуулан хэвлэгдээд 177 жил болжээ. Монгол орчуулгын хамгийн анхны хувилбарыг Италийн сайн мэдээ тараагч Жиованни (1247-1328 он) тэртээ 1294 онд Монголын эзэнт гүрний нийслэл Ханбалиг буюу одоогийн Бээжинд ирж Төмөр хаанд бараалхан цамхаг, хонх бүхий сүмийн байшин барьж, латин хэл зааж, монгол хэл сурч библийн Шинэ гэрээ болон Дуулал номыг бүтнээр нь орчуулан үлдээсэн юм.


Сайн мэдээ тараагч Жиованни


Түүнчлэн үргэлжлүүлэн 1800 оны үед Монгол судлалыг үүсгэсэн Голланд гаралтай И.Я Шмит Оросын Сарепта хот дахь халимагуудын дунд амьдарч, тэдний хэл соёл, түүх, шашныг нь чамгүй судалж, олон гар бичмэл цуглуулж, Библийн Матай номыг 1812 онд Москвад орчуулан хэвлүүлсэн. Тод үсгээр болон Худам монгол бичгээр буулгасан нь үндэсний номын санд хадгалаастай байдаг. Дараа нь Английн илгээлтийн эзэд Эдвард Сталлибрасс, Вилиам Свон нар Буриадад суурьшин амьдарч байхдаа библийг эх еврей, араам, грек хэлнээс нь орчуулж Хуучин гэрээ хэсгийг 1840 онд Буриадад хэвлэж дуусган, Шинэ гэрээг 1846 онд Лондонд хэвлэсэн билээ.


Эдвард Сталлибрасс, Вилиам Свон нар