Энтертайнмент ертөнцөд бодит үйл явдал, шинэ туршилт болон хүмүүс хоорондын харилцааг харуулах сонирхолтой контентууд улам хүчээ авсаар буй энэ цаг үед бид шинэлэг хэв маягтай 10 реалити шоуг үзэхийг санал болгож байна.

1. BIG FLOWER FIGHT (NETFLIX)


Цэцэг, ургамлаар санаанд багтамгүй бүтээлүүд урлаж, нарийн деталь, нүд булаам чимэглэлүүдээрээ сэтгэл хөдөлгөх өрсөлдөөн бол "Big Flower Fight". Тийм ээ, энэ бол цэцэгчдийн тулаан. Магадгүй таны үзсэн хамгийн содон бас шинэлэг реалити шоу ч байж мэдэх юм. Дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран ирсэн мэргэжилтнүүдийн ур ухаан, мэдлэг чадвар, сэтгэлгээ үнэхээр гайхалтай. Оролцогч дизайнеруудын мэдрэмж, артистуудын сэдэл, цэцэгчдийн мэдлэг танд цоо шинэ ертөнцийг нээх болно. Бидний хүсдэг үлгэрийн ертөнцийг, дуртай амттаны ширээг, үдэшлэгийг чимэх чамин өмсгөлийг тэд цэцгээр урлана гээд төсөөл. "Цэцэгчдийн тулаан"-ы найман улирлыг эртхэн эхлүүлээд урам зоригоо хөглөөрэй.

2. 100 HUMANS (NETFLIX)


АНУ-ын 50 мужаас төрөл бүрийн мэргэжилтэй, 18-аас дээш насны 100 гаруй хүмүүсийг сонгон авч сэтгэл зүй, ухамсрын сонирхолтой туршилтуудыг хийдэг “100 humans” цуврал хүний зан төлөвийг судлан шинжлэх зорилготой. Netflix дээр өнгөрсөн гуравдугаар сард тавигдсанаас хойш нийт найман дугаар гараад буй уг цувралын гурван хөтлөгч дугаар бүрд өөр сэдэв, асуудлыг хөндөж сонирхолтой туршилтуудыг явуулдаг.

Хүнийг юу аз жаргалтай болгодог, хэний ч төсөөлөөгүй зүйлс эсрэгээрээ зовлон шаналал болдог тухай гэхчилэн хэн бүхэнд сонирхолтой сэдвээр яриа өрнүүлж, туршилт хийнэ. Бэлгийн амьдралын тухай нүүр тулсан ярилцлага хийсэн нь л гэхэд тун сонирхолтой. Тэднийг жорлонд суулгаж, юу мэдэрч буйг тань хүртэл асууж шалгаана гээд төсөөлөөд үз. Ингээд туршилт бүрийн дараа мэргэжлийн сэтгэл зүйч, социологич, эрдэмтэдтэй уулзаж, үйл явдлын тайлал, учир шалтгааныг ярилцдаг тул энгийн нэг энтертайнмент нэвтрүүлгээс илүү танин мэдэхүйн ач холбогдолтой. Сэтгэцийн эрүүл мэнд, хүний зан төлөв, хандлагыг шинжлэх ухааны үүднээс энгийн, хөгжилтэйгөөр тайлбарлах энэхүү цувралыг заавал үзээрэй.

3. INSTANT INFLUENCER (YOUTUBE)


Hi Sisters! Та үүнийг уншихдаа шууд л түүний цовоо хоолойг төсөөлсөн биз ээ. Гоо сайхан, нүүр будаг сонирхогчдын уран сэтгэмжийг хөглөгч, өнгө төрх, хэв маяг, зоримог дуу хоолой, авьяас чадвараараа бусдаас эрхгүй ялгардаг Жэймс Чарльзыг (@JamesCharles) мэдэхгүй хүн ховор болов уу. Тэрбээр 2020 онд Youtube-тэй хамтран нэг улиралдаа 5 ангитай “Instant influencer” хэмээх реалити шоуг гаргаж эхэлсэн. Нүүр будаг, хувиргал, гоо сайхан сонирхогч мянга мянган хүнээс шалгарсан цөөн оролцогч нүүр хувиргалтын гайхамшгийг харуулах болно. Энэхүү шоу “American next top model”-г санагдуулахуйц уур амьсгалтай, яавч таныг уйдаахгүй.

4. NEXT IN FASHION (NETFLIX)


Энэ бол "Netflix"-ээс гаргаж буй, загварын хамгийн том реалити шоу юм. Та энэхүү шоунаас загварын шоу, хувцас загварын шинэлэг шийдлүүдийг үзэж, загварын тухай олон зүйлийг мэдэж авна. Өөр өөрийн гэсэн онцлогтой, загварт шимтэн дурлагч 18 оролцогч ур ухаанаа уралдуулан, дугаар болгонд шинэ даалгавар биелүүлж, дэлхийн загварын чиг хандлагад өөрийн содон өнгө, төрхийг шингээхийг хичээнэ. Тэр дунд дэлхийн томоохон алдартнуудтай хамтарч ажиллаж үзсэн хүмүүс ч бий. Мексик, Солонгос, Итали, Америк, Энэтхэг зэрэг олон орны хүмүүс оролцдогоороо мөн онцлог. Загварт хайртай, сонирхдог болон драманд дуртай хүмүүс энэхүү реалити шоуг үзэхэд харамсахгүй гэж хэлмээр байна.

5. NADIYA'S TIME TO EAT (NETFLIX)


Хүн бүр л завгүй “гүйлдэх” болсон өнөө үед цаг зав гарган өөртөө эсвэл гэрийнхэндээ амттай хоол хийж өгнө гэдэг нэг төрлийн сорил болжээ. Амралтын өдрөөрөө тусгайлан хүнсээ цуглуулж бэлдээд, шинэ жор туршин, гэр бүлээрээ хооллох сайхан л даа. Гэхдээ өдөр бүр амттай сайхан хоол хийж идвэл бүр гоё биш гэж үү?

Надя хоёр хүүхдээ өсгөж, карьераа босгохын хажуугаар өдөр бүр гэрийнхэндээ амттай хоол хийж өгч амждаг гэрийн эзэгтэй. Түргэн, төвөг болголгүйгээр хийж болох хоолны хялбархан жоруудаа тэрээр энэ шоугаар хуваалцдаг. Завгүй хүмүүст нэн тохирох, богинохон, сонирхолтой энэ цуврал “Өнөөдөр ямар хоол хийх вэ?” гэж толгойгоо гашилгахаас аварна.

6. TERRACE HOUSE (NETFLIX)


Таван улирал бүхий Японы орчин үеийн шинэлэг реалити нэвтрүүлэг болох "Terrace house" цувралаар бие биеэ танихгүй зургаан хүний (3 эмэгтэй, 3 эрэгтэй) дунд үүсэж буй харилцааг харуулна. Эхний хоёр цувралын нэр нь “Хөвгүүд ба хаалганы ардах охид" нэртэй бол хоёр дахь цуврал нь “Хөвгүүд ба хотын охид” нэртэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүсэл, ойлголцлын ялгаа, зангилааг нарийн харуулсан энэхүү шоуг үзээд үзэгч ч өөрийнхөө талаар нэгийг олж мэдэж болох юм. Чөлөөтэй харилцан яриа, сэтгэлийн үгсээр дамжуулан бусдыг болон өөрийгөө таньж буй тэднээс орчин үеийн залуус өөрсдийгөө олж харах болов уу. Тэдний хувийн амьдрал, өдөр тутмын үйлдэл, шийдвэрүүд, хөгжилтэй, гунигтай явдлууд гээд бүх зүйлс нь олны өмнө ил байх болно.

7. KANG'S KITCHEN (TVN)

Өмнөд Солонгосын энтертайнмент ертөнцийн "шаркууд" болох Кан Ху Дун, И Сү Гүн зэрэг комедиан болон алдартай дуучид, жүжигчдийг нэг дор нэгтгэсэн энэхүү шоуны зочид 7 хоногийн турш "бодитоор" ресторан ажиллуулдаг. Менюгээ өөрсдөө зохиохоос эхлээд ажил үүргээ хуваарилан авч, бүх хоолоо гараар хийх тэдний бүтэлгүйтэл, адал явдал 10 ангийн турш үргэлжилнэ. Огт өөр мэргэжэлтэй энтертайнмент одууд борви бохис хийлгүй захиалга авч, хоолоо бэлдэн, угаалгаа хийн тооцоогоо хянахыг хараад рестораны бизнес ч амаргүй санагдсан шүү. Инээдтэй, хөнгөн хэрнээ сонирхолтой Ази шоу хайж байвал хамгийн зөв сонголт шүү.

TVn телевизийн шоунаас салбарласан "New Journey To The West" хэмээх энэ нэвтрүүлэг гарсан даруйдаа олонд сайшаагдаж, рэйтингээрээ өдий хүртэл өндөрт эрэмбэлэгдэж байна.

8. TOO HOT TO HANDLE (NETFLIX)


Харц булаам, халуухан таван бүсгүй болон таван залуу өөрсдийгөө энгийн нэг реалити шоунд оролцож, бие биетэйгээ болзон хөгжилдөхөөр ирж байна гэж бодно. Харин энэ шоу амрагийн явдлаар олны анхаарлыг татах гэсэн олон шоунаас ялгаатайг мөдхөн ойлгоно. Гадаад үзэмжид хэт ач холбогдол өгдөг, бие биенээсээ амархан уйддаг, сэтгэл, оюун санааны гүн холбоо үүсгэхэд амаргүй болсон өнөө үед шоуны оролцогчдоор дамжуулан үзэгчдэд эерэг, зөв мессеж хүргэхээр зорьжээ.

Нэрнээс нь болоод ихэнх хүмүүс “хэтэрхий үзэмж хөөсөн, цаг үрсэн шоу” гэж хүлээж авах нь бий. Гэвч үнэндээ шоуны гол санаа нь оролцогчдыг нэг нэгнийгээ хүндлэн хайрлаж, сонсоход сургах юм. Өөрийгөө хайрлах, сэтгэлээ нээх, үнэнчээр нөхөрлөх, өнгөрсөн үеийнхээ шарх шаналалтай нүүр тулж даван гарах, хүнлэг байх зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг өрнүүлдэг нь бусад реалити шоунаас илүү сонирхолтой болгож байсан. Реалити шоуны ялагчийг 100 мянган доллар хүлээж байгаа ч шоуны дүрмийг шударгаар дагасан цагт тэр мөнгөний эзэн болох юм. “Чин сэтгэлийн” харилцаа үүсгэхээс нааш бэлгийн харилцаанд орохыг хориглож, орсон тохиолдолд шагналын сангаас мөнгө хасдаг нь хамгийн том сорилт ажээ.

9. NATHAN FOR YOU (COMEDY CENTRAL)


Нэйтан Филдерийн "Nathan For You" тун сонирхолтой бөгөөд этгээд нэвтрүүлэг юм. Шоуны эхэнд Нэйтан Канадын их сургуулийг бизнесийн чиглэлээр тун давгүй дүнтэй төгссөн, одоо жижиг, дунд бизнест тулгардаг асуудлуудыг шийдэхэд анхаарч ажиллаж буй хэмээн өөрийгөө танилцуулна.

Нэйтаны санаа, стратеги маш сонирхолтой, гэхдээ зарим нь "сонин" гэмээр. “Dumb Starbucks” нэртэй кафе байгуулах, “баасны амттай” тараг зарах зэрэг баргийн хүн сэдэхээргүй санаанууд амьдралд хэрхэн хэрэгжиж болохыг уг шоу харуулна. Түүний санаа биелэх нь ч байна, бүтэхгүй нь ч бий. Үнэндээ бүтэх эсэх нь тийм ч чухал биш. Тэдгээр санааг хэрэгжүүлэх үйл явц хамгаас сонирхолтой.

10. THE APPRENTICE UK (BBC)


Залуу лидерүүд, энтрепренерүүдийн дунд гал гарсан өрсөлдөөн өрнүүлдэг The Apprentice шоу бол бизнесийн салбарын хамгийн том франчайз шоуны нэгд тооцогддог, телевизийн нэр хүндтэй нэвтрүүлгүүдийн нэг юм. АНУ-д 2004 оноос зохиогдож эхэлсэн уг шоу өдгөө 24 оронд гараад буй. Тун удахгүй манай улсад ч бас зохиогдох гэж буйг та мэдсэн байх. Тэр дундаас 15 улирлын турш тасралтгүй явагдаж буй Их Британийн хувилбарыг нь санал болгоё. Дэлхий даяар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны шоу нь цуцлагдсан ч 2021 онд гарах тухай хэдийн яригдаад эхэлсэн байна лээ. Ирээдүйд амжилттай бизнес эрхлэгч, менежер болохыг хүссэн хэдэн мянган залуусаас хаалттай шалгаруулалтыг давж гарсан цөөн хэд нь л цэнхэр дэлгэцээр гарах шоунд өрсөлдөх эрхтэй болдог. Тэд багт хуваагдаж бизнесийн төрөл бүрийн санаачилга, төслүүд дээр ажиллаж, тодорхой асуудлуудыг шийдэх даалгавар авна. Уг шоунаас та багаар ажиллах, бүтээлчээр сэтгэх, аливааг том зургаар нь харах гэх мэт олон зүйлсийг сурч, ойлгох бөгөөд Алан Шүгар тэргүүтэй бизнесийн магнатуудаас туршлагад суурилсан үнэтэй зөвлөгөөнүүдийг авах болно.