Хэн нэгэнд хандах, хэн нэгнийг тодорхойлох, ил тодоор дэмжих, асуудал хөндөх, сэтгэлийн үгээ илгээхэд зориулагдсан "Ил захидал" буланд маань тавтай морил. Эхний дугаар болгож 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Нобелийн шагналт зохиолч Тони Моррисоны Барак Обамаг ил тодоор дэмжсэн захидлыг орчуулан хүргэж байна. 
Бүхнийг урьдчилан төсөөлж, харах чадвартай удирдагч бидэнд тун цөөн заяасан нь харамсалтай. Гэхдээ та бол энэ цаг үеийн цорын ганц нь юм байна.

Хүндэт Сенатор Обама танаа,

Энэ захидал миний хувьд анхны гэж тоологдох зүйлсийг нэгээр нэмж байна. Би өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нээлттэйгээр дэмжиж байсан удаагүй тул яагаад үүнийг үзэглэж суугаагаа танд заавал мэдүүлэхийг хүснэм. Нэг шалтгаан нь уг захидал тодорхой хэмжээгээр дэмжигчдийн тоог нэмэх, идэвхжүүлэх буй заа. Гол шалтгаан гэвэл улс үндэстнүүд үл ойшоох аваас өөрсдийгөө аюулд учруулдаг яг тэр түүхэн эгзэгтэй үетэй бид давхцан оршиж байна. Нүүр тулгарах нь гарцаагүй түмэн асуудлыг давтах нь илүүц хэдий ч ганцхан зүйлд л би үл эргэлзнэм. Үндэсний хувьсал (хувьсгал ч байхыг үгүйсгэхгүй) хийх ийм боломж ойрд ахин ирэхгүй. Энэ боломжийг, мөчийг эзэгнэж чадах хүн нь гагц та гэдэгт л бүрэн итгэж байна.

Үзэл бодлоо танд уудлахыг зөвшөөрнө биз ээ.

Сенатор Хиллари Клинтоныг би олон жилийн турш дэмжиж, хүндэлж ирсэн. Тэрээр улс төрийн хэлцэл хийхдээ гаргууд ч эрдэм мэдлэг нь шавхагдашгүй баялаг биш мэт санагддаг. Гэхдээ би аливаа нэр дэвшигчийн оюун ухааны чадамжийг (хэрэв би дэнсэлж чадаж байвал шүү дээ) биширч, дэмжиж, захирагдахаас биш хүйс хийгээд Америкийг либерал эмэгтэй хэзээ ч удирдаж байгаагүй зэрэгт ач холбогдол өгдөг нэгэн биш билээ. Зөвхөн консерватив үзэлтнүүд болон “шинэ-төвийн үзэл” баримтлагчид л эдгээрт анхаарал хандуулах буй заа. Гарал үүсэл, арьсны өнгө ч надад чухал биш. Хэрэвзээ та эдгээр хөзрийг ашигласан бол, эсвэл дээр дурдсан зүйлс надад “бахархал” төрүүлдэг байсан бол би өөрийг тань дэмжихгүй байх байлаа.

Нэр дэвшигчдийн давуу сул талуудыг сайтар тунгаасны эцэст дараах дүгнэлтэнд хүрсэндээ өөрөө ч цочирдон гайхширсан гэж болно. Саруул оюун ухаан, цэгц шударга зан, тун ч ховор тохиолдох дахин давтагдашгүй өөрийнхөөрөө байдлаас гадна өөр ямар ч нэр дэвшигчдэд байхгүй, нас, туршлага, хүйс, арьсны өнгө, гарал үүслээс дээгүүр нэг зүйл танд бий нь гайхамшигтай. Тэр нь юу гэхлээр авьяас чадвар, хэрсүү ухаан, цэц мэргэнтэй тань хосолсон бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж билээ. Энэ чадварыг буурал үс, өндөр настай холбож ойлгох, бадрангуй алсын харааг гэнэн гэж цоллох нь утгагүй. Башир нэгнийг ухаалаг гэж итгэвэл хайран. Хордуулж, цөлмөж буй орчинг нь анзааралгүйгээр талагдсан ойн мод бүрийг илааршуулсаар хорвоог дуусгахыг хүсэх нэгэн үгүй. Ухаан, тэр дундаа хэрсүү цэцэн ухаан бол ертөнцөөс заяадаг бэлэг. Суралцаж, өвлөж, хаа нэгтэйгээс зүгээр авчихаж болдоггүй нандин зүйл.

Энэ орон тийм удирдагчаар хамгийн сүүлд хэзээ удирдууллаа? Ёс суртахуун, хүн чанарын луужин нь эвдрээгүй, өөрийн орны иргэдийг “тэд” гэж бус сэтгэл зүрхнээсээ “бид” гэж харах, хоосон амбиц бус хатан зоригоор жигүүрлэсэн нэгэн хамгийн сүүлд хэзээ гарлаа? Америкийг өөрсдийнх нь төсөөлдөг шиг ёс суртахууны өндөрлөгт аваачих, тэнд аваачихын тулд юу хэрэгтэйг, дэлхийд ямар үүрэг гүйцэтгэх ёстойг бүрэн ухамсарласан нэгэн хаа байна?

Бидний ирээдүй дэндүү гэрэлтэй, дэндүү баялаг харагднам. Гэвч тэр ялгуусан ирээдүйг авчрах нь дэндүү хүчир тул энэ ирээдүйг төрүүлэхээс айсан зарим нэгэн эхийн хэвлийндээ буцан мөлхөж орох нь холгүй байх аж.

Бүхнийг урьдчилан төсөөлж, харах чадвартай удирдагч бидэнд тун цөөн заяасан нь харамсалтай. Гэхдээ та бол энэ цаг үеийн цорын ганц нь юм байна.

Таныг хийгээд биднийг аз ивээг.

Тони Моррисон
2008 оны 1 сарын 28