Бид энэхүү булангаараа дамжуулан сар бүр хамтын оффисынхоо гишүүн байгууллагуудыг танилцуулдаг билээ. Энэ оны хувьд хамтын оффисын гишүүдийн хувьд их зүйл сурч мэдсэн сургамжтай, дурсамжтай жил байлаа. Хуучин он улиран одож, хүн бүр өнгөрснөө дүгнэж, ирэх жилийнхээ зорилго, мөрөөдлийг эргэцүүлж буй энэ үед бид шинэ жилийн баярын тусгай дугаараа өргөн барьж байна.
Хамтын оффисын гишүүдээс дараах асуултыг асуусан юм. Асуулт 1. 2020 онд та юу сурч мэдсэн бэ? Асуулт 2. 2021 онд хийхээр төлөвлөсөн зүйлсээ хуваалцана уу?
Г.Батбилэг
CEO @Zochil.shop
Бид "Zochil" стартап төслөө амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, менежментийн талаар ихийг сурч мэдлээ. Ирэх жилд Монголын худалдааны салбарыг хөгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн бизнес хөгжүүлэлтэд илүү анхаарахаас гадна харилцагч бүрээ онлайн худалдаа, технологийн соёлд сургах зорилготой байна. 2021 ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн, ашиг орлогоор арвин байж ихийг хийж бүтээгээрэй гэж ерөөе.
Г.Уянга
Manager @Humuun
2020 бол маш их зүйл өөрчлөгдсөн, хүн бүрийг сорьсон, савлагаа ихтэй, товчхондоо “ширүүхэн” жил байлаа. Ажлын хувьд тодорхойгүй нөхцөл байдлыг хүлээн авч хурдтай өөрчлөлтүүдийг хийж, оновчтой шийд гаргах шаардлага байнга л тулгарч байсан. Тэр болгоноос өөрийгөө ойлгож, бусдад зөвөөр илэрхийлэх, багийнхныгаа мэдрэх, таагүй асуудлуудтай нүүр тулах, хурдтай байх зэрэг чухал ур чадваруудад суралцлаа.
Ирэх 2021 оны зорилтуудаас гэвэл:
- Илүү зоригтой байх
- Өөртөө болон бусдад шударга байх
- Дотоод хүнтэйгээ ойрхон байх
- Мэдрэмжээ хөгжүүлэх
- 121 удаа дасгал хөдөлгөөн хийх
- 121 удаа бясалгал хийх
- Өдөр бүр 7-8 цагийн чанартай нойр авах
- 30 ном унших 12 нийтлэл бичих зэрэг улирал, сар, өдрөөр нь илүү нарийн гаргасан. Дээрх, өдөр бүр хийж хэвшүүлэхучиртай жижиг дадлуудыг дундуур нь таслахгүйгээр тогтмол хийхэд л анхаарна даа.
Н.Сонинбаяр
Artist @Most
Миний хувьд энэ онд анх удаа хамтын оффисын орчинд ажиллаж, олон хүмүүстэй танилцсандаа баяртай байна. Ирэх онд олон шинэ уран бүтээл гаргаж, хүмүүст хүргэх тал дээр анхаарч ажиллах болно. Энэ хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж, ирэх цагийг хүлээн авцгаая.
О.Чанцалдулам
CEO @Humuun
Би 2020 онд өөрийн хүсэж зорьсон зүйлээ эхлүүлсэн учраас хувьдаа амжилттайд тооцож байна. Мөн сайхан хүмүүстэй учирч, хамтарч буйдаа баяртай явна. Сурч мэдсэн зүйл гэвэл өөрийгөө илүү ажиглаж, өөрийн дотогш өнгийсөн явдал болов уу. Ирэх онд эхлүүлсэн зүйлдээ ахиц гаргах, өөрийгөө дараагийн түвшинд сорих, шинэ зүйлс туршиж үзэхээр хэд хэдэн зорилго тавьсан. Утга учиртай, үнэ цэнтэй цагийг өнгөрөөж, хайртай хүмүүсээ илүү хайрлаж, цаг заваа зориулахыг хичээнэ. Бүгдээрээ эрүүл, амар амгалан байж ихийг бүтээгээрэй. Өөрийгөө хайрлаарай.
Н.Түмэннаст
Co-Founder @Zochil.shop
2020 он бол миний хувьд маш том эрсдэл хийсэн эрс шинэчлэлийн он жил боллоо. Мэдээллийн технологийн салбарт шилжсэн учраас их зүйл сурж, туршлага хуримтлууллаа. Мөн завсраар нь гэр бүлийн радиод хөтлөгч хийж үзлээ. 2021 онд компанийхаа харилцагчийг нэмэх, борлуулалтаа өсгөхөд маш том үсрэлт хийнэ гэж зорьж байна. Энэ бүхэнд л хамгийн их анхаарна даа.
О.Ууганбаяр
Designer @Joinme.mn
Би энэ жил аливааг цаг тухайд нь хийж дадсанаас гадна ажил дээрээ "Mongol Mix Project"-тэй хамтран "Агаарт" хэмээх 150 гаруй хүний арга хэмжээ зохион байгуулсан нь сонирхолтой туршлага болсон. Түүнээс гадна вэб сайт хөгжүүлж сурсан шүү. Ирэх жилд өөртөө илүү цаг зарцуулж, өөрийгөө хөгжүүлмээр байна. Тухайлбал, боксоор хичээллэх тухай судалж байгаа.
Ч.Жамбаа
Employee @Tsegts
Ах нь "Цэгц" компанид 2017 оноос ажиллаж эхэлсэн. Хамтын оффисыг байгуулагдсан цагаас нь харуул хамгаалалтанд ажиллаж байна. 2020 он миний хувьд ажлаа сайн хийж, гэр бүлдээ илүү их цаг зарцуулж чадсан он боллоо хэмээн дүгнэж байна. Ирэх онд байшингаа томруулахаар төлөвлөж байгаа. Болох бай
Г.Мөнхбаатар
CEO @Most
Энэ жил багаараа нэг том бүтээлийн ард гарсан. Он гараад нийтэд зарлах юм. Сурч мэдсэн хамгийн том зүйл гэвэл бусадтай гар нийлэн хамтран ажиллах тал дээр хамт олноороо нэг шат ахисан явдал юм болов уу. 2020 он амаргүй жил байлаа. Ирэх жилдээ итгэл найдвар, ирээдүйн тухай сэдэвтэй бүтээлүүд илүү бүтээх санаатай байна.
А.Азжаргал
General Manager at Moffice Coworking
Энэ жил шинэ зүйлсээр дүүрэн байлаа. Бодож төлөвлөсөн бүх зүйл орвонгоороо эргэсэн ч боломж байдгийг мэдэж авлаа. Ирэх онд эрүүл мэнд, гэр бүлдээ анхаарал хандуулахаас гадна карьераа өсгөх том зорилго тавьж байна. Бүгдээрээ хариуцлагатай байж хайр энэрлээр шинэ оноо угтаарай. Ирж буй шинэ оны мэндийг хүргэе

Сэтгэгдэл бичих

