2007 оноос Ez loc нэрээр уран бүтээл хийж эхэлсэн, одоо ч идэвхтэй хийсээр байгаа рэппер Гинжин буюу Гоцбаярын Гарьд хип-хоп, тэр дундаа трап урсгалыг залууст таниулж, хэдэн арван хит дууны эзэн болсон уран бүтээлч билээ. Түүний "M+ Music" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе. 

Түүний зорилго зөвхөн дотоодын сонсогчдоос гадна гадаад сонсогчдод монгол хип хопыг таниулах аж. 2019 онд Тайванийн нийслэл Тайпейд зохион байгуулагдсан 30 дахь удаагийн "GMAwards"-д оролцох үеэр нь тус улсын "Focus Taivan News Channel" сайтад “Дэлхий даяар Монгол Улсыг морин хуур, уртын дуугаар төсөөлдөг бол хип хопын хөгжил тун өндөр түвшинд хөгжсөн гэдгийг рэппер Гинжин харуулж байна” хэмээн онцолж байв.

Гарьд Германд төржээ. Хоёр настайдаа Монголдоо ирээд 10 нас хүртлээ Төмөр замд өсөж, 2000 он гараад 220 мянгат руу нүүсэн аж. "Тэр үед л надад хип хоп хөгжим хийх сэдэл төрсөн. Төмөр замд байхад л хип хоп сонсдог болчихсон байсан. Эргэн тойрныхон гээд л, бас энэ хавьд "Мон-та-реп", "Мөнхийн реп" зэрэг олон хамтлаг байдаг байлаа. Хип хоп сонсдог болгосон газар бол Төмөр зам. Яг хип хоп хийе гэж бодогдуулсан нь 220 мянгат юм байна. Тэр үед "Vanquish" 220 гэж дуулаад л. Тэр нь бидэнд өөрсдөө дуулбал гоё юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.

"Хэрэв надад одоо авьяас гэж байгаа бол тэр авьяасыг нээж өгсөн хүн нь 1-4-р ангийн багш юм байна. Одоо бодоход зөв юм шиг хэрнээ тухайн үед буруу ч юм шиг санагддаг байсан зүйл бол хичээл заахаас илүү урлагийн үзлэг, шинэ жил гэх мэт тэмдэглэлт баяруудаар болдог тоглолтод их бэлддэг байсан нь. Би дандаа гол оролцдог хүмүүсийн нэг нь байлаа. Тэр нь намайг тайзан дээр байх дуртай болгосон болов уу" хэмээн бидэнд ярьсан билээ.



- Гинжинг өмнө нь огт сонсож байгаагүй хүнд “Энэ л Гинжинг хамгийн сайн тодорхойлж чадна” гэсэн нэг дууг санал болговол?

- "Ganbei" юм уу даа. Энэ дуунд өөрийнхөө үзэл бодлыг шингээсэн. Дахилтан дээрээ өдөр тутмынхаа хоббиг бас хэлдэг. "Ganbei"-ны үгийг харах юм бол (YouTube дээрээс СС-тэй үзэж болно) Гинжин нэг иймэрхүү бодолтой, ийм хүн юм байна гээд ойлгож болохоор гэж бодож байна.

- Нийт дуунуудаас нь хүмүүст буруу ойлгогдсон дуу эсвэл аль нэг хэсэг бий юу?

- Миний яг хэлэхийг зорьсон зүйлсийг ойлгоогүй тохиолдлууд ер нь байдаг. Яг одоо энэ чинь ийм утгатай, тэр тийм утгатай гээд амархан үгтэй бичих юм бол рэпийн гоё, содон чанарууд нь байхгүй болчихно. Тиймээс ойлгох гэж дахиад нэг нухацтай сонсоосой гэж хүсдэг.

- Яг нэг дууны хэсэг ч юм уу, санаж байгаа хэсэг байгаа болов уу?

- Уг нь зөндөө байдаг юм. Одоо санаанд орохгүй байна. За жишээ нь "Ganbei" байна. Хүмүүс бол уух талаар дуулаад л, хундага тулгаад л, шоу цэнгээн, охидууд гаргаад байна гэж боддог байх. Гэхдээ яг бадгуудыг сайн сонсвол хүн намайг юу гэж хэлсэн ч би хүссэнээрээ л хийнэ, дотнын хүмүүсийнхээ төлөө яахад ч бэлэн гэх зэрэг санааг гаргадаг. Дахилтын шоттой хэсэг бол энэ дууг чимж байгаа болохоос гол утга санаа нь биш л дээ. Намайг хичнээн гоочилсон ч би хийдэг юмаа хийсээр л байна. Үзэн ядаж байгаа хүмүүстээ ч гэсэн энэ шотыг өгье л гэсэн санаа. Шоу цэнгээнтэй холбоотой дуу бол биш.

Хамтарч уран бүтээл хийхийг хүсдэг уран бүтээлч? Монгол болон гадаад нэг нэг уран бүтээлчийг нэрлээч, мөн яагаад?

Хүсэж байгаа бол миний өөрийн сонсох дуртай хүмүүстэйгээ, сонсдоггүй ч гэсэн ашигтай байж болох хүмүүстэй хамтармаар байна. Нэг үгээр бол Америкийн мундаг рэпперүүдтэй тэр энэ гэлтгүй бүгдтэй нь л хамтрахыг хүсэж байна.



- Та нэг ярилцлагадаа “Надад бэлэн цэцэн үг байхгүй. Би үгээ олон цагаар нухаж, бодож бичдэг” гэсэн байсан. Үг, дуу бичихэд тохиромжтой үе, нөхцөл гэж бий юү?

- Яг бүрдчихсэн сууж байсан чинь та хоёр ороод ирлээ гэхгүй юу (инээв). Тоглосон шүү. Шөнийн ч юм уу яг тэд эдэн цаг гэдэггүй. Өдөр кофе шопт сууж байхад ч юм уу үг орж ирэх үе байна. Хааяа бас унтахын өмнө үг ундарж гарна. Цаг бол нэг их хамааралгүй. Санаа орж ирсэн үед нь мартахаасаа өмнө гялс тэмдэглэж авдаг. Утасныхаа Notes дээр орж ирсэн rhyme-аа тэмдэглэнэ. Тэрнийхээ талаар бодож байхад дараагийнх нь ороод ирнэ. Бага багаар тэмдэглэж байгаад л тетрис шиг эвлүүлнэ дээ.

Бас ийм дуу хийх ёстой гээд хүчлээд суувал гардаггүй. Тэд хоногийн дотор хийх ёстой гэх мэт хүчилбэл болохгүй юм билээ. Үг урлана гэдэг бол хувцас оёх шиг, энийг оёод тэрийг оёно гэх мэт тогтсон дараалал байхгүй учраас цаг хамааралгүй. Энийг тэгээд онгод л гэж нэрлээд байх шиг байдаг.

- Реклам сурталчилгаа ч юм уу, захиалгын дуунууд байвал яах вэ? Бэлэн болгох ёстой хугацаа зааж орж ирвэл?

- Аан тэгвэл илүү их төвлөрнө. Нэг дор сууж байгаад 12 мөр бичнэ. Хоолойндоо орно. Тэрийгээ 2-3 хоног сонсож байтал сайжруулах санаанууд орж ирнэ. Тэгэхдээ бас тухайн байгууллага хэр их төлбөр өгж байгаагаас онгод бас хэр их орж ирэх нь шалтгаалдаг тал бий (инээв).

- Сэтгүүлчдээс эсвэл олон нийтээс ирдэг хамгийн төвөгтэй, ядаргаатай гэж боддог асуулт?


- Гинжин гэдэг нэрийг яагаад өгсөн бэ? Анх уран бүтээлд яаж хөл тавьсан бэ? гэдэг ч юм уу, ядаргаатай гэхээсээ илүү түгээмэл, олон давтамжтай асуултууд л байна даа. Яг үнэндээ уулзаж ярилцлага авна гэхээр миний зав зай гарахгүй бол “Над руу явуулчих аа. Би бичээд явуулъя” гэдэг. Тийм болоод ч тэр үү, яг нэг хэвийн асуултуудыг бичээд хариулаад байхаар залхдаг.

- Цацсандаа харамсдаг уран бүтээл бий юу?

- Тийм бүтээл байхгүй. Яагаад гэвэл одоо надад цацаагүй өчнөөн дуу байгаа. Яг энэ болсон гэсэн үедээ л цацдаг. Хэзээ ч харамсахгүй гэсэн үедээ л цацдаг гэсэн үг. Цацсан дуунууд маань яг миний сэтгэлд хүрсэн болоод л цацсан. Тиймээс дараа нь харамсах гэсэн тохиолдол бараг гарахгүй.

- Хэрэв үлдсэн амьдралынхаа туршид нэг л дуу сонсоно гэвэл ямар дууг авч үлдэх вэ?

- Ганцхан дуу сонсоно гэвэл үү? За ёстой мэдэхгүй юм байна. Би уйдамтгай учраас тэр дууг л авч үлдэнэ, тэрийг л насаараа сонсоно гэж итгэлтэй хэлж чадахгүй байна. Миний толгойд өчнөөн дуртай дуунууд минь орж ирж байна. Тэгвэл би ямар ч дуу сонсохгүй байхыг сонгох болов уу.

- "Toos to Zoos" тоглолтын үеэр өвөө нь ирээд тайзан дээр баяр хүргэж байсан мөчийг фэнүүд нь их хайрлаж ярьдаг. Энэ үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

- Тэр бол манай эмээ өнгөрөөд удаагүй, өвөө маань ганцаараа үлдчихсэн байсан үе. Ерөнхийдөө үгээр илэрхийлэх аргагүй л гоё байсан. Намайг сонсох гэж ирсэн хүмүүс, гэр бүлийнхэн, дотнын найзууд гээд бүгд цуглачихсан, нэг тийм гоё эрч хүч өгсөн мөч. Өвөөгөө намайг хараад баярлаж байгаа байх, бахархаж байгаа байх л гэж бодсон доо.

- Өвөө эмээ тань одоогийн Гинжинд хэрхэн нөлөөлсөн бэ?

- Гинжинд бол нөлөөлөөгүй. Харин Гарьд гэдэг хүнд эмээ өвөөгийн ач тус, сургааль маш их нөлөөлсөн. Гинжин гэдэг бол хип хоп дуулдаг хүн шүү дээ.



- Монголын хип хоп ертөнцөд хамгийн их хүндэлдэг уран бүтээлч? Залуу үеийнхнээс мөн үнэлж буй уран бүтээлч?

- Залуу үеэс нь эхлээд хариулахад "Vandebo" л байна миний бодлоор. "Vandebo" миний бодсоноос илүү хурдацтай, тууштай, хурдан хөгжиж, сайжирч байгаа. Монголын хип хопоос хүндэлдэг гэвэл бүгдийг нь л хүндэлж байгаа. Яг тэрийг нь илүү хүндэлдэг гэж хэлэхгүй. Хип хоп хөжимд тууштай, сэтгэлээ гаргаж, хип хопоор амьсгалж, амьдралынхаа хэв маягаа болгож, энэ хөгжимд бүх зүйлээ зориулж байгаа бүх уран бүтээлчдийг бүгдийг нь яг адилхан хүндэлнэ.

- Чөлөөт цагаараа юу хийх дуртай? Тоглолтгүй, дуу бичээгүй, ажлаа хийгээгүй үед Гинжинг хаанаас олж болох вэ?


- Ер нь сүүлийн хоёр жил чөлөөт цаг бараг гарсангүй. Гэрээсээ гарахдаа хөгжимтэй холбоотой ажил, нэг бол студи дээрээ, нөгөө бол байгууллагатай уулзах гэдэг ч юм уу ажлаар л явж байдаг. Бага ч болов цаг гарвал найзуудтайгаа уулздаг. Сагс тоглох дуртай ч юм уу, яг тодорхой хийдэг зүйл надад байхгүй байна л даа. Энэ нь чөлөөт цаг гардаггүйтэй л холбоотой байх.

- Хип хопын талаар ямар ч ойлголтгүй хүнд трап гэдэг урсгалыг тайлбарлавал?

- Ямар ч ойлголтгүй хүнд үү? Трап гэдэг бол урсгал юм. Шинэ цагийн хип хоп л гэж хэлье. Дэлхий даяар трап хөгжим хамгийн топ нь байна. "Трапыг мэдэхгүй ээ" гэдэг хүмүүст хандаж хэлэхэд цаг үетэйгээ зэрэгцэж алхмаар байвал мэддэг болохоос өөр аргагүй. Тиймээс сонирхож үзээрэй л гэж хэлнэ.

- Сонсогчид хөгжихгүй бол уран бүтээлчид шинийг эрэлхийлж шинэлэг дуу хийхэд хэцүү гэж байсан. Монгол сонсогчдыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

- Монгол сонсогчдыг уран бүтээлчдээс илүү ихийг хүсдэг байгаасай л гэж хэлэх байна. Шинэ зүйлсэд хүч сорьдог. Дуучид нь сонсогчдодоо гологдохгүйн тулд хичээдэг. Эрэл хайгуул хийж судалдаг. Шинэ зүйлсийг хүмүүст хүргэж, магтаалыг нь хүртдэг байгаасай. Одоогийн байдлаар сонсогчид нь өөрсдөө хоцрогдмол байгаа учраас тэрэнд нь тааруулж, нөгөө “тэмцээнд нь тааруулж дуулсан” гэдэг шиг хоцрогдмол байгаад нь тааруулж дуу хийгээд байна. Орос, Барууны орнууд гэх мэт ер нь Монголоос гадна бусад бүх хөгжим хөгжөөд байхад монголчууд массдаа зориулж, ийм л дуу хийчихвэл хүмүүст хүрнэ гэж бодсоор байна. Тэгэхгүйгээр сонсогчид эрэл хайгуул хийж, шинэ зүйлсийг эрэлхийлдэг, мэддэг бол уран бүтээлчид гологдохоосоо ичиж эхэлнэ бас хичээж эхэлнэ.

Ер нь сонсогчид гэлтгүй үзэгчид, хэрэглэгчид ч гэсэн адилхан. Ресторанд ороход үйлчлүүлэгчид бусад хөгжилтэй улсуудынх шиг стандарт хүсдэг, хэлдэг. Монгол киноноос бид бас их зүйлийг хүсдэг шүү дээ. Хөгжихгүй байна гээд л. Тэрэнтэй адил сонсогчид уран бүтээлчдээс чанартай юм шаардаасай. Тэгж байж илүү их юм хийнэ л дээ (ярихдаа удаан бодож байж үг нэг бүрээр зөөж хэлэв). Би яг удаан бодож бичдэг нь харагдаж байгаа биз (инээв).

- Хамгийн их сандаргасан тайз?

- Миний тоглолтын тайз юм байна. Өөр том шоу ч юм уу, XMF, Playtime зэрэг тайз бол хэдий олон хүнтэй ч тэр бүх үзэгчид зөвхөн намайг сонсох гэж ирээгүй учраас сандрах нь гайгүй. Миний өөрийн тоглолт бол тэр бүх хүн намайг л үзэж сонсох гэж ирж байгаа гэж бодохоор алдаа гаргаж болохгүй шүү гэсэн хариуцлага ирсэн. Илүү их сандарсан.

- Тэр сандрал ямар нэгэн байдлаар илэрсэн үү?

- Миний нэг сонин юм нь тайзан дээр гарахаас өмнө сандраад, яг тайзан дээр гарахаар сандрал байхгүй болчихдог. Тайзан дээр нэг их алдаа мадаг гаргаагүй дээ.

- GM awards арга хэмжээнд оролцох боломж хэрхэн гарч ирсэн бэ?


- "Playtime"-ийн Нацагдорж ах гадаадын олон фестиваль, эвентэд уригддаг. Би бараг хуурай дүү нь гэхэд болно. Надад энд оролцох уу гэдэг санал тавьсан. Тэр үед би бас Тайванийн нэг раппертэй дуугаа хийчихсэн клипжүүлээгүй байж таарсан. Тэгэхээр нэг сумаар хоёр туулай буудаад очиж оролцоод, дуугаа ч дүрсжүүлээд ирье гэж шийдсэн юм.

- Тэр үеийн сэтгэгдлээс хуваалцвал?

- Жинхэнээсээ од болчихсон юм шиг л мэдрэмж төрсөн. Тэнд байсан хүмүүс намайг танихгүй хэрнээ намайг том од шиг л хүлээж авсан. Магадгүй миний хувцаслалт тийм сэтгэгдэл төрүүлсэн байх. Хүмүүс ирж зургаа даруулаад л, сэтгүүлчид бөөндөө ирж ярилцлага аваад л…

- Монгол дээлтэйгээ урд нь алхаж яваа зураг байдаг шүү дээ. Тэгж алхуулах болсон нь ямар шалтгаантай вэ?

- Оролцож буй бүх уран бүтээлчдийг тоглолт болох газар луу улаан хивсэн дээр алхуулаад оруулж байсан үе л дээ. Дан ганц хип хоп биш, рок поп, өөр бусад бүх төрлийн олон улсын уран бүтээлчид байсан. Намайг яагаад урд нь алхуулсан бэ гэвэл би онцгой л харагдсан байх. Тиймэрхүү шагнал гардуулах ёслолд хүмүүс нийтлэг хослол зэрэг албаны хувцас өмссөн харагддаг. Би дээлтэй байсан нь сонин содон харагдсан байх.

- Рэппер болоогүй байсан бол өөр юу хийх байх байсан бол?


- Тэгвэл тогооч болох байсан. Хип хоп гэж боддоггүй байхдаа тогооч болох хүсэлтэй байлаа. Пицца сайн хийдэг. Онгироод хэлчихэд миний гарын пицца бол Монголын аль ч рестораныхаас илүү. Мэдэх нэг нь мэднэ дээ (инээв).

- Амьдралдаа баримталж байгаа зарчим?


Хүн болгон л хэлдэг байх. Үнэнч шударга гээд л . Тийм ойлгомжтой зарчмуудыг бас зарим чаддаггүй зүйлсээ баримтлахыг хичээж байгаа. Зүгээр хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй гэдэг зарчимтай юм байна. Хүн хүссэн зүйлээ хийвэл ажил биш амралт болно.

- Сонсогчид, фэнүүдээс чинь ирж байсан хамгийн эвгүй үйлдэл?

Яг бодит байдал дээр би гайхаж эвгүй байдалд орж байгаагүй юм байна. Цахим хаягууд дээр ирдэг сонин зүйлсийг эвгүй гэж тооцохгүй байх аа. Зүгээр л утгагүй юм бичдэг хүмүүс байдаг. Тоохгүй л өнгөрөөдөг дөө. Харин YouTube дээр ирдэг комментууд дунд тайлбарлаад өгчихмөөр юмс зөндөө ирнэ. Бараг найздаа чи ийшээ ороод доор нь тайлбарлаад бичээд өгөөч гээд хүртэл хэлчихмээр санагддаг.