"Патиар" булан бол гэрэл сүүдрээр урлагчдыг танилцуулах, алдаршуулах талбар. Урьсан зочдоороо бид онцгой бүтээлүүдийг нь, эсвэл ямар нэг санаа, түүхийг өгүүлэх цуврал хийгээд судалбар гэрэл зургуудыг нь тайлбарын хамт хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа бид гэрэл зурагчин @kush.zorigt-ийн саяхан "Улаан гэр" галерейд толилуулсан "Рихтерийн тэмдэглэл" фото эсээг нь онцолж байна. Герман гаралтай, британи хөгжмийн зохиолч Макс Рихтерийн зохиолуудаас төрсөн сэрэл мэдрэмжээ дуранд буулгасан нь энэ. Утаатай түгжрэлтэй Улаанбаатарын өвлөөс гоо сайхныг эрсэн эдгээр таван фото эсээг үзэхдээ хөгжмийг нь давхар сонсоорой гэж зөвлөе. 


Тайлбаргүй (Дүрсүүд)

Нэг хүн хаа сайгүй оршин байна. Зогсолтгүй цаг хугацаа. Улаанбаатарын хүмүүс сөхөө нь үгүй яарч, зарим нь машин дотроо түгжирсээр. Аялагч этгээд хүмүүсийн ийм байдлыг ганцаараа л олж мэдсэн шиг. Бусад хүмүүс өөрсдийн ийм байдлаа анзааралгүй харалган болсон мэт.

Сэдэл төрүүлсэн бүтээл: "Memoryhouse" цомгийн "Untitled (Figures)"


Цэцэрлэгт

Ганцаар дураараа өөрийн орон зайд байна. Хэн ч, юу ч хэрэггүй. Тэндээ байх нь л сайхан. Магадгүй намайг хэн ч мэдэхгүй. Энэ нь бусдад хамаагүй.

Уг зургаар орчин цагийн монгол залуу өөрийн орчиндоо оршин байгааг дүрсэлнэ. Гэвч мөнхүү эр өөртөө итгэл төгс биш агаад бусдаас өөрийгөө хамгаалан байна. Гэрэл зурагт баатрын өмсгөл сэлтийг хэрэглэсэн нь монголын дайчин түүхээс үүтгэлтэй.

Сэдэл төрүүлсэн бүтээл: "Voyager" цоморлигийн "In the Garden"

2018 онд гэрэл зураг авч эхэлснээс хойш Улаанбаатарын хүйтэн өвлийг байгаагаар нь хэрнээ ямар нэгэн содон өгүүлэмжтэйгээр дурандаа буулгах сан гэж битүүхэн хүсэмжилж явсан юм. “Агаарын бохирдол нь дэндсэн хот ч гэлээ үүний цаана ямар нэгэн гоо сайхан байж л таарна” гэсэн бодол намайг ээрээд байв. Ийнхүү бодож төсөөлж явахад Рихтерийн зураглал бүхий хөгжмүүд энэ санаагаа биежүүлэхэд минь түлхэц болж, яг тэнд л ямар нэгэн холбоо байх шиг санагдсан билээ.

Kush Zorigt


Зүүд

Удаан хэмнэл. Төвлөрөл. Цэвэр. Мөрөөдлийн.

Гэр хорооллоос гарах нүүрсний утаа өвөлдөө Улаанбаатарыг бүрхэх болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хэдий ийм ч гэлээ, зурагчин эндээс өвлийн цэвэр тунгалаг байдлыг эрэлхийлж мөрөөднө. Хотыг тойрон байгалийн үзэмжит газар, цэнгэг агаар ноёлон байна.

Сэдэл төрүүлсэн бүтээл: "Sleep" цомгийн "Dream"


Хавар

Хавар цаг иржээ. Хүмүүс дэлгэрч байна.

Сэдэл төрүүлсэн бүтээл: "Recomposed by Max Richter: Vivaldi- The Four Seasons" цомгийн "Spring"


Алсрал (Хоцрогсод)

Рихтер уг зохиолынхоо тухай “Дуу авианууд энэ хөгжимд алсран одож байна. Алсран одох бүх зүйлд үлдэж хоцрогсод байдаг” хэмээсэн нь бий.



Сэдэл төрүүлсэн бүтээл: "Voyager" цоморлигийн "Departure (Leftovers)"

Зурагчны инстаграм хаяг: @kush.zorigt