''Патиар" булан бол гэрэл сүүдрээр урлагчдыг танилцуулах, алдаршуулах талбар. Урьсан зочдоороо бид онцгой бүтээлүүдийг нь, эсвэл ямар нэг санаа, түүхийг өгүүлэх цуврал хийгээд судалбар гэрэл зургуудыг нь сонгуулан тайлбарын хамт хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа бид гэрэл зурагчин Б.Уугансүхийн "Аз Жаргал" сэдэвт бүтээлүүдийг онцлон толилуулж байна.

Цагаан цайлган сэтгэл нь өчүүхэн ч хир буртаггүй, цагийн аясхан гэгээ рүү ургаж яваа үр минь. Өнөөдөр дарсан хамгийн сайхан зураг. Улаанбаатар хот. 2017.07.24.

Эсгий зээгт ширмэлээр "Монголын нууц товчоо"-г дүрслэн харуулсан бүтээлийн нээлтийн үеэр Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны малчин бүсгүй Монгол нутагтаа ирсэндээ сэтгэл нь машид хөдөлж баярын нулимс унагаж буй дүр зураг. Улаанбаатар хот. Сүхбаатарын талбай. 2017.09.13

Б.Батзориг 2006 онд ахуйн ослын улмаас хүнд гэмтэж хоёр гарынхаа сарвуун тус газраар тайруулахаас аргагүй болжээ. Түүний “Улаанбаатар Марафон 2019” тэмцээний бүтэн марафон буюу 42 километр гүйлтийн барианд орж ирээд баярлаж буй дүр зураг. Тэрбээр “Ахиллис Монгол” ОУБ-ыг үүсгэн байгуулагдсан цагаас сайн дурын ажилтнаас эхлээд менежер болтлоо тасралтгүй идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа бөгөөд гурван жилийн хугацаанд сонирхогчоос мэргэжлийн тамирчны зэрэгт хүрч амжилтаа ахиулсаар яваа нэгэн юм. Улаанбаатар хот. 2019.05.18

Миний найзууд наддаа юугаар ч сольшгүй нандин Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулъя. Улаанбаатар хот. 2010 он.

Зураач Л.Золбоо: "Хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжих эрхээ хязгаарлуулахгүй юм сан гэж боддог." Түүний анхны бие даасан “Салхи шиг хөөх хорвоо” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн. Улаанбаатар хот. 2017 он.

Хурандаагийн энгэрт гялалзах одон. Улаанбаатар хот. 2019.06.10.

Монголын боксын шигшээ багийн тамирчид. Цас бороог үл ажран бэлтгэлдээ шамдах ирээдүйн Олимп, Дэлхийн аваргууд. Эдний дундаас Монголын нэрийг дэлхийн тавцанд мандуулах шилдгүүд төрөн гарах нь дамжиггүй биз ээ. Улаанбаатар хот. Сүхбаатарын талбай. 2017.07.25.

Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий...
Улаанбаатар хот. Сүхбаатарын талбай. 2019.07.10.

Дэвжээн дээр бид өрсөлдөгч, харин дэвжээнээс буугаад найз нөхөд, ахан дүүс болдог. “Ulaanbaatar International Pro” олон улсын Жюүжицүгийн тэмцээн. 2017.08.04.

Бидэнд мөрөөдөл бий. Цагдаагийн академийн Хонхны баяр. 2018.06.20.

Шувуу мэт дүүлэн нис бүсгүй минь
Шуугиант амьдралын дунд өөрийгөө бүү гээ бүсгүй минь.
Сүхбаатар аймаг. Дарьганга сум. 2018.07.28
Түүнтэй холбогдох болон бусад бүтээлүүдтэй нь танилцахыг хүсвэл:
Instagram: uugansukh_photographer
Вэбсайт: www.mymongolia.mn
Б.Уугансүх