"Сайн уу?” булан бол сонин сайхан ихтэй, амжилт бүтээл арвин яваа буюу аль нэгэн чухал санааг таниулан түгээхийг эрмэлзэж яваа зочидтой энгүүн чөлөөт хэлбэрээр хийсэн ярилцлагууд, мөн гадаад сурвалжууд дээрх онцгой ярилцлагуудыг орчуулан хүргэх булан юм.

Энэ удаагийн зочин бол MOTR-ийн үүсгэн байгуулагч, уран бүтээлч 168. "Диско муужгай", "Бүжье бүжье" хэмээх дуугаараа олон танигдсан тэрээр яг жилийн өмнө анхны дуугаа цацсанаас хойш өдгөө нийт 168 дуу олонд хүргээд буй. Х.Тэнгис бол өөрийн гэсэн өнгө төрх, мэдрэмж, үзэл бодлоороо орчин үеийн залуусын чиг хандлагыг илэрхийлж, шинэ үеийнхний ертөнцийг бүтээж буй нэгэн. Түүнийг уран бүтээлч төдийгүй бизнес эрхлэгчийнх нь хувьд дэлгэрэнгүй ярилцаж, дотоод ертөнцөөр нь аяласныг хүргэе.

Сайн уу? Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа таны одоо төвлөрч буй зүйлсийн тухай ярьж эхэлье. 

Сайн, сайн уу? Юун дээр ажиллаж байгаагаа ярихын тулд өмнө нь жаахан танилцуулга хийх нь ээ. Би 168 гэх уран бүтээлчээс гадна MOTR-ийн үүсгэн байгуулагч. Манай компани хувцасны бренд, эвент зохион байгуулалт, соло артистын карьер хөгжүүлэлт гэх гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан манай шөнийн клуб болон хувцасны үйлдвэрлэл түр хугацаанд зогсоод байгаа. Одоогоор соло артистуудын бүтээлүүд дээр төвлөрөн ажиллаж байна. Саяхан манай компани Yasha-тай хамтран "Хар мафи харгис хүчирхийлэл рекордс"-оо байгуулсан. Энэ студидээ л тасралтгүй дуу хийсээр байна даа. Манайд Yasha, MOTR-ийнхноос гадна Gemlist, Билгүүн, Баатар гээд шинэ залуу уран бүтээлчид цомгоо бичүүлж байгаа

"MOTR"-ийг хэрхэн үүсгэн байгуулсан тухай түүхээ сонирхуулбал? Яагаад ингэж нэрлэх болсон бэ? 

"Movement On The Road" гэдэг нь хичээлээ таслаад элдвийг ярилцаж, ухаанаа уралдуулж явдаг байсан гурван найзын өөрсдөдөө бодож олсон нэр юм. Энэ нь сүүлдээ олон хүмүүсийг хамран, "MOTR" болж товчлогдсон хэрэг. Үүсгэн байгуулагчид нь Ананд, Цэндо бид гурав. Анх бид хувцасны брендээр үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. "MOTR" хэмээх өөрсдийн логотой болсондоо баярлаад хатгамал хийлгэн түүнийгээ нэг хүрмэн дээр тавиад үзтэл янзын харагдсан. Ингээд хувцас урлалыг олон янзаар туршиж, аажмаар сайжирсан даа. Удалгүй Монголдоо Үйлдвэр, Cue+, Lava, Pastel зэрэг олон газарт эвент зохиосноос гадна БНХАУ-ын Бээжин хотод хүртэл эвент зохион байгуулсан. Одоо бид "Мухар" гэх шөнийн клубтэй.

Тэгвэл урлагт хэрхэн хөл тавьсан бэ? Багаасаа л урлагт хайртай хүүхэд байсан уу?

Би өмнө нь нэлээн сэтгэл гутралд орсон учраас түүнийгээ гаргахаар тэмдэглэл хөтөлдөг байсан юм. Энэ нь миний сэтгэл санааг тайвшруулахаас гадна бичих чадварыг сайжруулж эхэлсэн. Сүүлдээ бичсэн зүйлс маань ч өөрт таалагдах хэмжээнд хүрсэн. Бээжинд эвент зохиосон эвентийн үеэр техно дуун дээр энэтхэг вокал явахыг сонсоод, "Монгол дууг ч гэсэн ингэж хийвэл гоё юмаа" гэж бодож байсан юм. Дараа нь, өөрийн бичсэн шүлгүүдээ уншихдаа хоолойгоо бичиж, аян дээр тавихад гоё болж байсан. Тиймээс ямар ч мөнгө төгрөг бодох завдалгүй, би юм бүтээж байна гэх мэдрэмжээр хийсээр байсан. Удалгүй өөрсдийн гэсэн эвент зохион байгуулан, илүү олонд хүнд хүрдэг болсон.

Бага насны тухайд гэвэл би зурах дуртай, гоё дуу сонсдог эмзэг, мэдрэмтгий хүүхэд байсан.

Уран бүтээлчийнхээ хувьд одоо юун дээр ажиллаж байгаа вэ?

Би "Ленин" гэх шинэ цомог дээрээ Yasha-гийн Cozy-тэй хамтран ажиллаж байна. Энэ цомгийнхоо дуунуудыг өмнөх, өмнөхүүдээсээ илүү чанартай хийж, арай өндөр түвшинд байлгахыг хичээж байгаа. Одоогоор хоёр дуу нь бэлэн болсон. Бас өнгөрсөн жил гаргаж байсан "Сэтгэлийн диско" гэх цомгоо бүрэн эхээр нь Youtube-д тавих гэж байгаа. Энэ цомог нийтдээ 50 дуутай байсан ч, шинэ цомог маань цөөхөн дуутай байх болов уу.

Таны уран бүтээл туурвих үйл явцын тухай дэлгэрүүлж яръя. Дуугаа хэрхэн бүтээдэг вэ?

Том компаниуд монопол болохын тулд өөрийн нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх өртгөөс нь илүү хямд зах зээл дээр гаргадаг арга бий. Харин манайх чанартай уран бүтээлүүдийг илүү хурдан гаргах зарчмаар ажилладаг. Бид нар жинхэнэ мэдрэмжээ гаргасан уран бүтээлийг өдөр бүр цацсаар байгаа. Өнөө үед хүмүүс үргэлж шинэ зүйл хүсдэг, аливааг ганцхан үздэг болсон. Тиймээс бид маш хурдтай, олон контент гаргах хэрэгтэй болоод байна. Хэрвээ бид нэг уран бүтээл гаргахад долоо хоног зарцуулбал энэ зах зээл дээр өрсөлдөж чадахгүй л гэсэн үг. Би 2019 оны дөрөвдүгээр сард анхны дуугаа цацсанаас хойш одоо 168 дуутай болоод байна. Бид нэг дуун дээр ажиллахад нэг цаг л зарцуулж, бэлэн болгодог. Гэхдээ яг бүх зүйл нь бэлэн, уур амьсгал нь орчихсон тохиолдолд шүү дээ. Тиймээс өдөрт хэдэн ч дуу хийж болно. Манайхан сэрсэн цагаасаа унтах хүртлээ дуун дээрээ ажилладаг хүмүүс байдаг юм. Ер нь, дуу бүтээхдээ шууд аяаа зохиогоод, дээр нь тэмдэглэлээ уншаад явчихдаг. Гурван минутын дуу бол гурван минутын бичилтээс л бүрдсэн гэсэн үг. Үг зохиоход онгод тэнгэр хүлээж, салхинд суугаад байдаггүй. Шууд бичнэ, шууд ярина, шууд дуулна.

Би байнгын онгодтой байдаг

Нисэхэд гражинд онгоцтой байдаг

Тэгвэл дуунуудаа цэвэр урлагийн бүтээлээс гадна нөгөө талаас бүтээгдэхүүн гэж хардаг байх нь ээ?

Аль аль талаас нь хардаг төдийгүй тэр бүхнийг маш том ойлголт, хариуцлага гэж боддог. Дуу бүтээж, түүнийгээ цацна гэдэг нь өөрөө нийгэмд мессеж илгээж, олон нийтийн санаа, сэтгэлд ямар нэг байдлаар нөлөөлж буй хэрэг. Биднийг жаахан байхаас л зурагт, радиогоор авилга, хээл хахуулийг хэвийн зүйл мэт ойлгуулсан учраас нийгэм өнөөдөр ийм л байна. Бид буруу бүхнийг хэвийн гэж ойлгодог "төөрөлдсөн хүмүүс". Тиймээс бидний үеийнхэнд нүүрэн дээрээ шивээс хийлгэх нь энгийн үзэгдэл. Тэгээд бид нар "панаалтай" дуунууд хийгээд байгаа юм.

Нүүрэн дээрээ шивээс хийлгэх болсон шалтгаан юу вэ?

Би шалтгааныг нь өнөө өглөө ном уншиж байгаад л мэдлээ. Надад өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байсан юм билээ. Бие даасан хүн гэдгээ мэдрэх хэрэгцээ. Үргэлж хүмүүсийн нөлөөнд автаад буй мэт эсвэл өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Түүнийг даван туулж, өөрийнхөө амьдралыг удирдах гэж оролдсон нь энэ.

Одоогийн таныг бүтээхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

Яг юу юм бол доо. Би өмнө нь аав, ээжтэйгээ амьдардаг, хичээл номоо хийдэг, таалагддаг охиноо найрдаг хэвийн амьдралтай нэгэн байсан. Бүх юм тайван сайхан, бүтэхгүй зүйл нэг ч байгаагүй. Тэгсэн хэрнээ миний дотор нэг тийм зөрчилтэй байсан юм. Яахав, хүмүүс шиг гоё байгууллагад ажиллаж, эхнэр хүүхэдтэй болоод, гүзээ сууж болох л байсан. Гэхдээ миний дотор үргэлж "Үгүй ээ, болио, ингэж яадаг юм" гэх эсэргүүцэл байсаар ирсэн. Өөртэйгөө удаан хугацааны туршид тэмцэлдэж, эцэст нь тэмцэлдэж чадахаа болиод л тэсэрсэн. Нэг өдөр тоглоомын талбайн дэргэдүүр өнгөрч яваад 168 гэсэн тэмдэг байхаар нь тэрийг амандаа “зууууун жаран найййййммм” гээд хэлчихсэн чинь дотор үлдчихсэн. Ингэж л 168 бий болсон юм даа. Тэр зөрчил нь надад жирийн амьдралыг сөрж, нийгмийн угжирсан ойлголтуудыг эсэргүүцмээр радикал хүсэл өгсөн. Гэхдээ би одоо студитэй, баартай, байртай захирал болчихсон л явж байна.

Та хэнээс, юунаас урам зориг авдаг вэ?

Би өсвар насандаа сэтгэл гутралд автаж, насанд хүрэхэд улам даамжирсаар гүн хямралд орсон. Сүүлдээ унаж эвдрээд, өөрийгөө дахин босгосон юм. Тэгээд одоо л хүссэнээрээ амьдарч байна даа. Би урлагт хайртай, бизнес хийхийг хүсдэг. Одоо хоёуланг нь хийж байна. Энэ бүхнээс урам зориг авч, цааш илүү ихийг хийхийг хүсдэг.

Би хүмүүсээс барагтай л бол урам зориг аваад байдаггүй. Гэхдээ Ленин бол өөр хэрэг. Мань эр уг нь энгийн даруухан, ухаалаг залуу байсан. Гэхдээ дэндүү их ууртай. Тэр нь архи уугаад эсвэл хүнтэй зодолдоод гарах жижигхэн зүйл биш. Бүр хувьсгалын төлөвлөгөө боловсруулах хэмжээний эд. Яагаад ч юм тэр нийгмээ харах тусам уур нь хүрээд, тэр хааныг л шатааж алах хүсэл төрөөд байсан хэрэг. Үүнээсээ болж бүтэн улсыг өөрийн хүссэнээр өөрчилж, байлдан дагуулж чадсан нэгэн. Лениний хөшөө л дэлхийд хамгийн олон байдаг. Өөр хэн ч Ленин шиг олон цээж баримал хийлгээгүй. Тэр олон панаалтай амжилтуудыг амьд байхдаа гаргаж болно гэдгийг Ленин надад харуулдаг. Тиймээс ихийг хийж бүтээе гэх хүсэлд хөтлөгдөн явж байна.

Цаашдын зорилго төлөвлөгөө юу байна вэ?

Урлаг Монголд хөгжихийн төлөө. Би жинхэнэ урлагийг Монголд үнэлүүлэхийг хүсэж байна. Бид 100 жилийн түүхийн дурсгал болох зүйлсийг одоо бүтээж буй хүмүүс. Одоогийн дуунуудыг 2020 оны дуунууд гээд л ярина. Энэ мэдрэмж, энэ цаг үе хэзээ ч дахин давтагдахгүй. Тиймээс би зах зээлд урлагийн үнийг хөөсрүүлж байгаа. Уран бүтээлчид өөрсдөө л урлагийн үнэ цэнийг өсгөнө. Багахан мөнгө хараад л хямдхан дуу хийж, өөрсдийгөө доогуур үнэлсээр байх юм бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Тэгээд “өө наадах чинь хар тамхичин”, “наадах чинь архичин балай юм” гэж доромжилсоор байх болно. Уг нь уран бүтээлчид бол улс төрчдөөс, бизнес эрхлэгчдээс ч илүү үнэ цэнтэй зүйлсийг бүтээж буй хүндлэгдэх ёстой хүмүүс шүү дээ. Тиймээс энэ алдааг заавал залруулах хэрэгтэй.

Тань бодлоор сайн уран бүтээлийг юу бий болгодог вэ?

Уран бүтээлчийн торгон мэдрэмж. Тухайн уран бүтээлч өөрийн юу мэдэрч буйгаа яг байгаагаар нь хүмүүст мэдрэгдэх бүтээл гаргах ёстой. Ингэж байж л сайн уран бүтээл бий болно. Жинхэнэ зүйлсийг сонсогчид ч бас мэдрэх болно. Сэтгэл хөдөлгөж, мэдрэмж хөглөх зүйлс бол сайн уран бүтээл. Энэ бол өөрийн сэтгэл мэдрэмжээ нөгөө хүний сэтгэлзүйд нь хүртэл урлах тухай юм. Түүнээс биш дээвэр дээр оргилуун дарс ууж, ламборгин унаж буй клип гаргах эсвэл мастеринг хийлгэж дуугаа мянга давтлаа гээд сайн уран бүтээл гарахгүй гэж боддог.

Дуртай яруу найрагч, цомгоос юуг онцлох вэ?

Pound, Panz хоёрын "Elisa N", KA, Зөгий хоёрын "Арга билэг" цомогт дуртай.

Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”-нд нь хайртай. Тэрнээс биш хэт романтик найрагчдад дургүй. Салхины сэвшээнд ургасан цэцэг зэрэг утга санаа нь ч ойлгогдохгүй тийм панаалтай яруу найраг бидэнд хэрэггүй. Амьдрал яг тийм биш шүү дээ. Үнэндээ амьдрал подволд угаалгын машины хажууд л байна. Үүнийг бид яруу найраг болгох учиртай. Ингэж л яруу найраг үхэлгүйгээр, хойч үедээ залгамжлагдан үлдэх учраас би болор варианы шилийг зохион байгуулдаг байсан юм. Бидэнд болор цом биш, болор варений шил байна. Бидний амьдрал ийм.

Таны ярилцлагаас хэн нэгэнд өөрөөрөө амьдрах эсвэл өөрийгөө шинээр бүтээх сэдэл төрж мэдэх юм. Тэдгээр хүмүүст хандан юу гэж хэлэх вэ?

Амьдрал минь эргэчихэж ээ дөн дөн дөн /дуулав/. Яахав сүүлд нь маш их харамсдаг шүү /инээв/.