Улаанбаатар хотын зүрхэн тушаа Сүхбаатарын талбайд жил бүрийн хавар, намар "Үндэсний номын баяр" зохиогддог билээ. Энэ намрын, 30 дахь удаагийн "Номын баяр" энэ баасан гарагаас ням хүртэл буюу есдүгээр 17-19-нд тохиож байна. Унших дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээг санаачлагч, "Номын соёлт ертөнц" ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Сувдтай бид номын баяр тойрсон сэдвээр ярилцлаа.
Монголын Залуучуудын Холбоонд байрлах бяцхан оффисд ороход дөлгөөн намуухан төрхтэй Б.Сувд биднийг угтав. Нэлээд ядарсан шинжтэй харагдах нүд нь, ярилцлагын дундуур байнга хангинах утас нь Номын баярын ажил ёстой "буцалж" байгааг илтгэнэ. Гэсэн хэдий ч энэ завгүй өдрүүд өнгөрөхөд эргэн тойрондоо бодит нөлөөлөл, эерэг үр дүн авчирна гэсэн итгэл нь түүнд эрч хүч, урам зориг өгч байгааг ярилцаж суухдаа мэдэрсэн юм.
Сайн байна уу, энэ жилийн номын баярын онцлогийн тухай яриагаа эхлүүлье.
Энэ жилийн хувьд сайн мэдээ гэвэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" нь албан ёсны тэмдэглэлт үйл явдал болсон. Харин таагүй үйл явдлын хувьд цар тахал нүүрлэж, олон гэнэтийн үйл явдал өрнөлөө.
Дотоодод халдварын тохиолдол буурахгүй байгаа ч бид цар тахлын нөхцөлд дасан зохицож, хэвийн амьдралдаа эргэн шилжиж байна. Тиймээс асуудал, бэрхшээлд түүртэх бус зорьж төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлэх нь зүйтэй болов уу. Цар тахал, хөл хорионы улмаас олон хүнд унших, бас бичих сэдэл төрсөн байх. Өнгөрсөн жилийн номын баяраар олон шинэ ном мэндэлж, нөгөө талд уншигчид удаан хүлээсэн. Хэрэв бидний амьдрал хэвийн байсан бол унших эрэлт хэрэгцээ ингэж огцом өсөх байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Хөл хорио уншигч, зохиолчдыг идэвхжүүлж унших урам зориг, сэдлийг бадраасан гэж хэлж болно. Хэвлэн нийтлэгчдийн хувьд ч олон зохиогчийн ном, бүтээлийг орчуулан гаргахаар шамдан ажилласнаас гадна хэвлэлийн үйлдвэрүүд тун ачаалалтай ажиллаж байна. Тиймээс энэ удаагийн номын баяраар олон шинэ бүтээл уншигчдын гарт хүрэх нь ээ.
Тухайлбал, Монголын уран зохиолын орчин цагийн тэргүүн зохиолчдын нэг, Гүн овогт Г.Аюурзанын 21 жилийн өмнө гаргаж байсан "Шинэ үеийн номын сан" цуврал дахин хэвлэгдсэн нь орчин цагийн залуусын оюун санаанд том хөрөнгө оруулалт болж байна. Мөн “Болор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Б. Галсансүхийн “Хар” ба “Улаан”, “Бурханд хэлэх зөвлөгөө” номуудын шинээр хэвлэсэн хувилбарыг олон хүн уншихаар хүлээж буй гэдэгт итгэлтэй байна.
Номын баяр зохион байгуулах анхны сэдэл нь юу байв? "Номын соёлт ертөнц" ТББ-ын түүх, алсын хараагаас хуваалцвал?
Өнгөрсөн хугацаанд кино шиг олон үйл явдал өрнөсөн. Анх номын нэвтрүүлэг хийж эхлэх үеэр ивээн тэтгэгчгүй байсан учраас сурвалжилга хийсний дараа ганц хоёр ном бэлгэнд авч унших нь л жаргал байв. Тухайн үед номын цөөхөн дэлгүүр дөнгөж нээгдээд, ихэвчлэн гадаа талбайд номын лангуунууд харагддаг байсан. Бид ном уншихуйн цэнгэл таашаалыг авч, бусдад түгээхийн тулд сайн дураар нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Сэтгэл зүрхээрээ эхлүүлсэн ажил маань явцын дунд өргөжин тэлж, зорилгоо улам томруулсаар байна.
Бид энэ хугацаанд номын ертөнцийг тойрсон бэрхшээлтэй асуудлуудыг ойлгож, мэдэрч, ямар бодлого, шийдвэр дутагдаж буйг олж харсан учраас түүний төлөө ажилласаар ирсэн. Манай үйл ажиллагаануудаас олонд хамгийн сайн танигдсан нь мэдээж номын баяр. Мөн “Редактор” номын клуб болон “Номын ертөнц” сэтгүүл, номын нэвтрүүлгээ онцлох нь зүйтэй. Эргээд харвал, энэ бүх ажил номын соёлыг дэлгэрүүлэх ганц зорилготой. Аль ч улс оронд нийтийн уншлага буюу ном унших соёл, түвшин дээшилж байж, нийгмийн амьдралд олон эерэг дэвшил, нөлөөлөл гардаг. Тухайлбал, ОХУ-д гэмт хэрэг их гарч байгаа дүүргүүдэд номын аян өрнүүлснээр гэмт хэргийн тоо багассан тухай судалгаа бий. Иргэдийн ухамсрыг дээшлүүлэх үйл ажиллагааг номтой холбож буйн нэг хэлбэр юм уу даа.
Ингэж номтой холбоотой үйл ажиллагаа эхлүүлсэн минь өнөөдрийн түвшинд хүрсэн байна. Өмнөх номын баярууд дээр гаднын цөөнгүй зочид ирсэн удаатай тул ирэх жилүүдэд үргэлжлүүлэхээр зорьж байгаа. Бусад оронд номын баяраар зөвхөн ном сурталчлаад зогсохгүй “Бид ийм соёл, түүхтэй улс шүү” гэх үндэсний соёлын сурталчилгааг хийдэг. Тиймээс цаашид энэ чиглэлээр мэргэшсэн номын мэргэжилтнүүдийг урьж, манай улсын чанартай чансаатай ном бүтээлийг гадаадын жуулчид, судлаачид сонирхон ирдэг болоход хувь нэмрээ оруулах юм сан гэх алсын хараа, зорилго бий.

Манай улсын номын баяр бусад оронтой харьцуулахад үндэсний ямар онцлог, ялгаралтай вэ?
Мэдээж хэрэг, улс орон бүр өөрсдийн онцлогтой. Монголчууд эрдэм ном дээдэлдэг ард түмэн учраас номын баярыг илүү оюуныг цэнгүүлэх, талархлыг мэдрэх баяр мэт өнгөрүүлдэг нь сайхан санагддаг. Тухайлбал, уншигчид хайртай зохиолчидтойгоо биеэр уулзаж, тэдэнд хайр, хүндэтгэлээ мэдрүүлэх нандин боломж бүрддэг бол зохиолчдын хувьд уншигчдаасаа урам зориг авч, дараагийн бүтээлдээ итгэл үнэмшил, урам зоригтойгоор орох буюу мөнөөх унших, уншуулах эрчим үргэлжилдэг гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, номоор дамжсан сэтгэл зүрхний нандин холбоо үүсдэг гэх үү дээ. Энэ бүхнийг монголчуудын эртнээс ном бүтээлийг дээдэлж ирсэн уламжлалт сэтгэхүйтэй холбож ойлгодог.
Номын баяр гэж нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой. Хүмүүс номын худалдаа, яармагийг бараг зах гэж ойлгох нь холгүй байдаг. Энэ бол номд хүндлэл талархлаа үзүүлсэн, оюуны таашаал цэнгэл хуралдсан үйл ажиллагаа тул бидний хувьд баяр гэж хүлээж авдгийг онцолъё.
Мөн зохион байгуулалтын хувьд ном эрхлэн гаргагчдаа аль болох дэмжиж туслахыг эрмэлзэж, олон нийтийг хамруулдаг. Уншигчид ч үүнийг дагаад ирэх дуртай байдаг. Үндэсний номын баяр нь мэдлэгт суурилсан эдийн засгийн нэгэн хэлбэр гэж боддог юм. Өөр нэг онцлууштай зүйл бол номын баярын байршил буюу нийслэлийн төв талбай. Сүхбаатарын талбай бол хүндтэй эрхмүүдийг хүлээн авах, соёлын болон бусад хүндэтгэлийн арга хэмжээ болдог зүрхэн газар шүү дээ. Ийм хүндтэй орон зайд нийгмийн сэхээтнүүд, салбарын бүрийн төлөөллүүд ирж, оюуны соёлын нэгдэл, чуулга үүсгэдэг.
Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг албан ёсоор хуульчлаад удаагүй байна. Тэгэхээр номын баярын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарах бол?
Бид өмнө нь төрийн дэмжлэггүйгээр хөдөө орон нутагт номын баяр зохион байгуулах гэж үзсэн. Харамсалтай нь, төрийн бус байгууллагуудын чадавх, санхүүгийн нөхцөл хангалтгүйн улмаас хязгаарлагдмал хүрээнд буюу өргөн далайцтай болж чадаагүй. Харин энэхүү хууль батлагдсанаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, улам нээлттэй болох боломж бүрдэж байна.
Тухайлбал, Хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн 5.1.17 дахь заалтыг нэмэхээр зохицуулсан. Одоогоор уг хуулийг орон даяар сурталчлах ажлыг хийхийн тулд УИХ-ын Тамгын газар болон Соёлын яамтай хамтрахаар ажиллаж байна. Энэ хүрээнд номын баярын үйл ажиллагаа нь жил бүр нэг удаа төв талбайд болохоос гадна хөдөө орон нутгуудыг тойрч, нэг удаа зохион байгуулах зорилго, төлөвлөгөө удахгүй биеллээ олох байх.

Та номын баярын ач холбогдол, эерэг үр нөлөөг олонтоо дурдлаа. Тэгвэл нөгөө талаас ямар бэрхшээл, сорилтууд тулгарч байна вэ?
Зөвхөн номын баяр хийх гэж кино шиг үйл явдал өрнөсөөр 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд аливаа бодлого, чиглэл хэрэгжих шатандаа хэрхэн замхарч орхигддог болохыг өөрийн биеэр мэдэрсэн. Дорвитой өөрчлөлт, залгамж халаа, сайжруулах оролдлогууд бага байгаа тул энэ орхигдсон хэсэгт дуу хоолой болж, асуудлыг шийдэхээр гар бие оролцож байна. Ном уншихын ач холбогдлыг ойлгодог, номд хайртай хүмүүс салбар бүрд, шат шатандаа байсан бол бидний ажил ч хурдтай өрнөх байлаа. Энэ салбарыг тойрсон эрх зүйн болон бусад олон асуудал бий. Гэхдээ дээрх хууль батлагдсанаар тэр бүх бэрхшээлийг давах эхлэл тавигдаж байна.
Бид хэчнээн ур чадвартай, мундаг байсан ч эх хэл хэмээх үнэт зүйлийг хэзээ ч орхигдуулж болохгүй юм.
Б.Сувд
Сүүлийн үед номын баярыг зорих залуусын тоо олширч байна. Таны анзаарснаар тэд юу уншиж, юунд татагдаж байна вэ?
Номын баярт оролцогсдын 80 орчим хувийг залуу үеийнхэн эзэлж байна. Залуус их ухаалаг, авьяаслаг, өнгөлөг байна. Ном бүтээгчид аль болох тэдний урам зоригийг өдөөж, итгэл найдвар өгч, эх оронч сэтгэлийг бий болгоосой гэж хүсдэг. Залуу хүнд алдаж онох үе байх тул номоор дамжуулан зөв залж чадваас ирээдүйд том хөрөнгө оруулалт болно. Гэхдээ хүн бүрийн хүсэл сонирхол өөр учраас бусдын зөвлөсөн "заавал унших" номд баригдах бус юу хүсэж буйдаа тулгуурлан унших нь зүйтэй.
Нөгөө талаас, тэдний сэтгэлгээ цахим шилжилтийг даган өөрчлөгдөж буй энэ цаг үед эх хэлээрээ зөв бичиж, ойлгох соёлд суралцаасай гэж хүсэж байна. Бид хэчнээн ур чадвартай, мундаг байсан ч эх хэл хэмээх үнэт зүйлийг хэзээ ч орхигдуулж болохгүй юм.

Номын баярын тухай олон сонирхолтой мэдээлэл хуваалцлаа. Ярилцлагын төгсгөлд, уншигчдыг номын баярт хүрэлцэн ирэх гурван шалтгааныг онцолно уу.
Би бусдыг хүчлэх тун дургүй. Гэхдээ номын баярт уриалах гурван шалтгааныг нэрлэвэл:
Тэнд хүмүүс оюуны жаргал, цэнгэлийг эдлэх гэж ирдэг. Дуртай зохиолчидтойгоо уулзаад шинэ номыг нь авч, нүүр тулж уулзана гэдэг ховор тохиох нандин боломж юм. Хэрэв цар тахалгүй байсан бол эцэг эхчүүд хүүхдээ дагуулан ирж, номтой холбоотой дурсамж бүтээх газар бол яах аргагүй номын баяр юм. Хүүхдийг номоор хүрээлсэн орчинд авчирч, сэдэлжүүлэх нь мартахгүй дурсамж болно.
Гэхдээ одоогоор цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа тул хүүхдээ гэртээ үлдээж, хамгааллын дэглэмээ сайтар сахиарай. Зохиолчдодоо цаашид улам сайхан бүтээл гаргаарай гэж уриалъя. Учир нь, бид ирээдүйн уншигчдын төлөө, эх орны хөгжил дэвшлийн төлөөх үйл хэрэг хийж буй тул тэдэнд юу өгөх вэ гэдгээ бодох нь чухал. Номд хайртай хэн бүхэн энэхүү номын баяраас хүссэн номоо олж, оюуны цэнгэл эдэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл бичих

