Өнөөдрийн дугаарт онцлох залуус бол багаасаа хүсэж мөрөөдсөн зүйлээ бизнес болгон хөгжүүлж буй энтрепренерүүд юм. Тэд бизнесээ эхлүүлээд удаагүй ч өөрсдийн өнгө төрх, ялгарлаа хэдийн бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан бусдад үнэ цэн, эерэг нөлөөллийг түгээхээр зорьж буй. Шинэхэн бизнес эрхлэгчдэд тохиох олон асуудлыг хүлээн зөвшөөрч, ирээдүйгээ итгэлтэйгээр зураглан ярих залуусыг сонсоход урамтай байв. Ингээд ярилцлагын маань нэгэн зочны хэлснээр энэ цаг үеийн шуурганд "байлдаж" яваа залуу бизнес эрхлэгчдийг бид энэ удаа танилцуулж байна.






Буйдхан, олны нүдэнд тийм ч ил биш хэрнээ үнэнч үйлчлүүлэгч, амтат бялуугаар дүүрэн газар бол Evelyn's Oven. Би энэ кафег өнгөрсөн оны есдүгээр сард ээж болоод удаагүй байхдаа нээсэн юм. Evelyn гэдэг нь манай охины нэр. Энэ нэр их гоё санагдсан тул монголчлоод Ивээлин болгож охиндоо өгч байлаа. Өмнө нь Татука Бэйкерид гурван жил ажиллаад жирэмсний амралтаа авч, гэртээ бялуу хийдэг болсон юм. Энэ үед хүмүүс гэрт ирж бялуу авахаас илүүтэй баталгаатай үйлчилгээний газраас авах сонирхолтой байдгийг анзаарсан. Нэгэнт л өөрийн кафег нээхийг хүсдэг болохоор "Яагаад одоо биш гэж?" гэх бодол төрж, кафегаа нээхээр шийдсэн дээ.
Ингээд нөхөртэйгөө хамт засвар хийж, нэг дүүтэйгээ хамт эхний таван сар ажилласан. Яваандаа хүмүүст танигдаад ирэхийн хэрээр хүн нэмэх хэрэгтэй болж, одоогоор гурвуулаа ажиллаж байгаа. Бид Улаанбаатар хотод булан тойроод л байх кофе шопуудад түгээмэл байдаг бялуунуудыг хийе гэж анхнаасаа огт бодоогүй. Манайх бүх бялуу, амттаныхаа кремийг сүүгээр чанаж, тусгай технологийн дагуу өөрсдөө бэлтгэдгээс гадна эрүүл, чанартай орц ашиглахад их анхаардаг. Үйлчлүүлэгчид маань зөвхөн манайхаас гаргасан онцгой жороор хийсэн бялууг зорин ирж амтархан идэхийг харах хамгийн гоё байдаг.
Үйлчлүүлэгчид бялууг хэзээ, ямар орцоор хийсэн тухай нарийвчлан асуухад нэг их эмзэглээд байдаггүй. Харин ч ингэж анхаарал хандуулж байгаа нь зөв гэж боддог. Идэж байгаа зүйлс маань бидний эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг учраас хүмүүсийг хүнсний худалдан авалт хийхдээ аль болох шүүлтүүртэй хандаж, өндөр шалгууртай авч байгаасай гэж хүсдэг. Удахгүй цехтэй болоод гадуур кофе шопуудад бүтээгдэхүүнээ байршуулах бодолтой байгаа. Мөн бялууны сургалтын тухай хүмүүс их асуудаг учраас удахгүй энэ чиглэлийн сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
FB: Evelyn's Oven
IG: @evelyns_oven
САЙН УУ, АНАНД - ЭР ХҮН: ЭРЭГТЭЙ ДОТУУР ХУВЦАСНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА



Их сургуулийн найз маань яг энэ чиглэлээр зах зээлд хоосон орон зай байгааг анзаарч өөрсдөө хийж үзье гэсэн санааг нь би дэмжин, хамтран бизнес эхлүүлэхээр шийдсэн юм. Бид бүтээгдэхүүнээ маш энгийн, минимал бөгөөд чанартай байлгахыг зорьж, энэ санаагаа илэрхийлэх нэр хайж байсан нь миний өмнө зөвхөн эрэгтэйчүүдэд зориулсан контент хийхээр ажиллуулж байсан сайтын (erhvn.mn) нэр байж таарсан юм.
Одоогоор манай бүтээгдэхүүн Улаанбаатар хотын томоохон супермаркетуудын бүх салбаруудаас гадна Дорнод, Дархан, Эрдэнэт хот, ArdShop, Geru.mn-ээр дамжуулан худалдаалагдаж буй. Жил ирэх тусам борлуулалт өсөж, түгээлтийн сувгууд нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүнийхээ чанарыг улам сайжруулж, доголдол багатай ажиллахыг хичээж байгаа. Манай хамтрагч бид хоёроос гадна үйлдвэрийнхэн маань нийлээд бид одоо 12-уулаа. Анх урдаас бүх тоног төхөөрөмжөө оруулж ирээд, эмээ, өвөөгийнхөө байранд эхлүүлж байсан үйлдвэр маань одоо байрандаа багтахаа больсон тул өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Ирээдүйд бидний бренд “чанар” гэдэг үгтэй давхар сонсогддог байгаасай гэж хүсэж байна. Хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэдлээр бүтээгдэхүүн худалдаж авах нь элбэг. Тэр нь зөв ч манай бүтээгдэхүүнийг өнгө үзэмж, чанар, сав баглаа боодлын хувьд хэрэглэгчид таалагдсан учраас авдаг байгаасай гэж хүсдэг. Үндэсний үйлдвэрлэл болохоор биш, үнэхээр сайн бүтээгдэхүүн учраас л худалдан авдаг байлгахын төлөө хичээж байна.
FB: Эр хүн - Essentials for men
САЙН УУ, ГАНЖИГҮҮР - BLACK OCEAN COFFEE BAR







Би оюутан байхдаа олон сургууль сольж, өөр өөр мэргэжлээр сурсны эцэст СУИС-ийн кино найруулагчийн ангид орсон юм. Гэвч бараг төгсөхийн даваан дээр энэ газрыг нээх боломж гарч, дипломоо бичсэн байсан ч сургалтын төлбөрийнхөө оронд энэ газарт хөрөнгө оруулсан.
Ингээд өнгөрсөн оны есдүгээр сард Black Cocaine кофе шопоо нээсэн. Цагдаагийн ерөнхий газрын эсрэг талд ийм нэртэй газар нээсэн нь олон хүний анхаарлыг татаж, сүүлдээ хэл амны бай болж, асуудал үүсгэсэн тул сарын дараа нэрийг нь Black Ocean болгож өөрчилсөн дөө. Одоо бид гурвуулаа ажиллаж байна.
Сүүлийн үед ихэнх кофе шопууд минимал хэв маягтай болсон нь ажиглагддаг. Хотод маань үүний яг эсрэг буюу дулаан уур амьсгалтай, гэр шиг тухтай газар дутагдаж байгаа юм шиг санагдсан учраас манайх хаашаа ч харсан нүдэнд ямар нэг сонин содон зүйл “хөглөрч” байдаг өвөрмөц орчин бүрдүүлсэн. Үүнийг дагаад манайд байнга ирж, бидэнтэй хэзээний танилууд шиг яриа хөөрөө үүсгэдэг олон үйлчлүүлэгч бий. Бид өөрсдөө ч ирсэн зочидтойгоо эерэг харилцаа үүсгэж, дотночлох дуртай. Бариста маань болзож буй хосыг аль болох "болгож, бүтээчих" гэж анхаарахаас эхлээд манайх энгийн үйлчилгээний газар гэхээс илүүтэй амьд харилцаа, дулаан уур амьсгал бүрдүүлсэн газар болсноороо их онцлогтой.
Бид ирээдүйд кофегоо өөрсдөө хуурдаг болж, шинэ салбарууд нээн франчайз болгох төлөвлөгөөтэй байгаа. Pacific Ocean, Indian Ocean, Atlantic Ocean зэрэг салбараа нээж, тус бүрийг нь өөрсдийн гэсэн онцлогтойгоор тохижуулан, нэрийн мерчандайз гаргах төлөвлөгөө бий. Улсаа далайд гарцтай орон болгоно доо. Мөн зөвхөн кофеноос гадна кино, хөгжим, уран зураг зэрэг урлагийн соёлыг өөрсдийн бүрдүүлсэн орчин, арга хэмжээгээр дамжуулан түгээхийг зорьж байна. Эцэст нь, манайхыг анхнаас нь дэмжсээр ирсэн бүх үйлчүүлэгчдэдээ баярлалаа. Үйлчилгээний байгууллагуудад том сорилт болж буй энэ цаг үед бид үйлчлүүлэгчдийнхээ дэмжлэгээр л оршин тогтнож буй гэж хэлж болно. Бүгдэд нь хайртай шүү.
FB: Black Ocean Ulaanbaatar
IG: @blackocean_ulaanbaatar
САЙН УУ, НАРГИЙМАА - ЗЭС ГАР УРЛАЛ





Манай гэр бүл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онгин Хийд гэдэг байгалийн үзэсгэлэнт газар жуулчны бааз, гэр музей ажиллуулдаг юм. Бид зундаа тэнд амрангаа жуулчны баазаа ажиллуулан, би өөрийн гар урлалын зүйлсээ зардаг байсан. Харин энэ жил коронавирусийн улмаас ажиллахгүй болсон тул анх удаа хотод өөрийн бүтээлүүдээ борлуулж байгаа юм. Би багаасаа хүүхэлдэйндээ хувцас, гутал, цүнх хийж, зураг зурах дуртай хүүхэд байлаа. Гурван жилийн өмнөөс ээжийнхээ зөвлөсний дагуу зэсээр гар урлалын бүтээгдэхүүн хийж үзээд, дуртай болсон юм. Зэс нь биеийн хорыг гадагшлуулдаг, эрүүл мэндэд тустайгаас гадна үндэсний хэв шинжийг агуулсан өвөрмөц металл учраас зөвхөн гаднынхан гэлтгүй хүмүүс сонирхож, захиалгаар хийлгэдэг.
Зэсээр ихэвчлэн гоёл чимэглэлийн зүйлсийг хийнэ. Шилэн давирхай, мод, шүр, арьс зэрэгтэй хослуулан бүх нарийн үйл явцыг гараар хийдэг. Нэг л үзүүр сөрдийвөл зүүж буй эзнээ гэмтээх учраас маш анхаарал болгоомжтой, нямбай ажиллахыг хичээдэг. Хотод бүтээлээ борлуулдаг болоод удаагүй байгаа ч олон эерэг сэтгэгдэл хүлээж авснаас гадна хэд хэдэн сувинерийн дэлгүүрээс санал авсан. Одоогоор "Geru"-тэй хамтран ажиллаж байна. Гар урлал бол миний хобби учраас цаашид ямар ч мэргэжилтэй болсон орхихгүй гэж боддог.
IG: @naagrammm
Geru: Nargii
САЙН УУ, БАТНАРАН - SOLE DI MARCA ESPRESSO BAR





Би Австралид сурч байхдаа сургалтын төлбөрөө олохын тулд кафед зөөгч хийхээс эхлээд бариста, бартендер, менежер хүртэл ажиллаж олон төрлийн зүйлс сурсан. Багаасаа кофе уух дуртай байсан учраас тэр ажилдаа улам дурласан даа. Ингээд өнгөрсөн оны есдүгээр сард Монголд ирсэн ч компьютерийн инженер мэргэжлээрээ ажиллахыг хүсээгүй тул найзуудынхаа өгсөн өөрийн гэсэн кафе нээх саналыг нэлээн бодсоны эцэст эхлүүлэхээр шийдсэн. Азаар маш боломжийн байршилд газар олж, дотоод засал, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа гээд бүгдийг хоёр найзын хамтаар эхлүүлж, хоёр сарын дараа гэхэд нээсэн дээ. Одоо бид гурав баг болон ажиллаж байна.
Бидний ид засварын үеэр коронавирустай холбоотой хөл хорио тогтоосон нь маш том сорилт болсон ч цааш зүтгүүлсээр өнгөрсөн сарын 27-нд үүд хаалгаа нээгээд байна. Орчны хувьд аль болох байгалийн өнгө аясыг шингээж, амьд ургамлаар тохижуулсан. Мөн кофены үр, ус, амттан зэргээ бүгдийг нь дотоодоосоо авч байгаа.
Би өөрийн гэсэн кофе шоптой болох талаар найман жилийн турш бодож явсан ч ойрын хугацаанд бодитоор биелнэ гэж огт бодоогүй юм. Гэвч өнгөрсөн хугацаанд хийсэн бүх зүйлс намайг энэ бүхэнд хөтөлсөөр ирсэн юм шиг санагддаг. Тиймээс санаж явахад бүтнэ гэх итгэлээр ирээдүйд улам сайхан зүйлс мөрөөдсөөр байгаа. Санхүүжилтийн хувьд талыг нь өөрийн хөрөнгөөр буюу Австралид таван жил ажиллах хугацаандаа дэлхийгээр аялахаар төлөвлөж цуглуулсан хуримтлалаар, талыг нь гэрийнхнээсээ “хугацаагүй, хүүгүй” зээл хэлбэрээр авч зохицуулсан. Мөн тоног төхөөрөмж авахад найзууд, хамтрагчдын дэмжлэг ирсэн нь азтай хэрэг.
Sole гэдэг нь Италиар “Нар” гэсэн утгатай үг юм. Харин Di Marca нь “Бренд” гэсэн утгатай. Одоогоор Sole Di Marca - Espresso Bar хэмээх нэртэй боловч цаашид Sole Di Marca - Italian Restaurant, Wine Lounge зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, үйлчилгээний салбарт өөрсдийн брендийг хөгжүүлэх мөрөөдөлтэй.
FB: Sole Di Marca
IG: @sole_di_marca

Сэтгэгдэл бичих

