Нээлтээ хийгээд удаагүй байгаа монгол яриаг бичвэр, бичвэрийг яриа болгон хувиргах "Чимэгэ”-гийн талаар та дуулсан, магад хэрэглэж үзсэн биз ээ. Хиймэл оюун, хэл шинжлэлийн ухааны сүүлийн үеийн ололтыг шингээсэн энэхүү систем болон "Болор толь", "Эдүгэ", "Кудос" зэрэг дижитал бүтээгдэхүүнийг хөгжүүлэгч, "Болорсофт" компанийг үүсгэн байгуулагч С.Бадралыг урьж ярилцлаа.
Сайн байна уу? Юуны өмнө ээлжит төсөл болох "Чимэгэ"-гийн нээлтээ амжилттай хийсэн баг хамт олонд тань баяр хүргэе. Цаг үетэйгээ холбогдуулан "Чимэгэ"-гээс яриагаа эхлүүлэх нь зөв болов уу.
Сайн байна уу? "Чимэгэ системс" компани маань өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Үүнээс "Чимэгэ" жил хагасын дотор бэлэн болсон ажил мэт харагдаж болох ч ухаад үзвэл уг төслийн ард "Болорсофт" компани байгуулагдсанаас хойших бидний 12 жилийн туршлага, судалгаа шинжилгээ явж байгаа юм. Бид 2008 оноос хойш монгол хэл, бичгийн хэрэглээг технологитой хослуулан, тасралтгүй хөгжүүлж ирсэн. Энэ хугацаанд огтхон ч өөр салбарт хальж, захиалгын ажлууд гүйцэтгэж байсангүй. Мэдээж нэг зүйлдээ хэт шамдаж, зах зээлийн захиалга, хэрэгцээг үл хайхрах нь хөрөнгө санхүүжилтийн хувьд сул талтай ч тууштай байж эхлүүлсэн ажилдаа бүрэн төвлөрнө гэдэг урт хугацаандаа маш том давуу тал шиг санагддаг.
Монгол хэл нь залгавар ашиглан нэг үгийг олон утгад хувиргадаг Алтай язгуурын тун өвөрмөц хэл. Тэр хувирсан утга бүрийг барьж авах ярвигтай ажлаас эхэлж байсан бид системээ уйгагүй хөгжүүлсээр байсан нь одоогийн "Чимэгэ"-гийн суурь болсон юм. "Болорсофт" монгол хэлний текст дээр нь ажилладаг бол "Чимэгэ" дуудлага, авиа зүй дээр нь ажилладаг.
"Чимэгэ"-г яагаад ашиглах ёстой вэ? Давуу талаас нь дурдвал?
Бид "Чимэгэ"-г хөгжүүлэхдээ анхнаас нь аль болох олон хүнд хүртээмжтэй, өдөр тутмын хэрэглээ болохуйц байлгахад анхаарсан. Үүний тулд баяд, өвөр монгол, буриад, казах гэхчлэн өөр аялгатай, монголынхоо олон үндэстэн ястныг оролцуулан, хэдэн арван мянган хүнээр хоолой уншуулж, түүн дээрээ хөгжүүлэлтээ хийсэн. Ингэснээр "Чимэгэ"-гийн технологи монгол хэл дээрх авиаг аялга харгалзахгүйгээр 97 хувьд нь текстрүү зөв хөрвүүлдэг болоод байна. Энэ бол дэлхийн нийтээр ашигладаг англи хэл дээрх технологиудтай өрсөлдөхүйц өндөр хувь юм. "Чимэгэ" авиаг текст рүү хөрвүүлэхээс гадна текстийг ч уншиж чадна гэдгээрээ онцлог. Бэлэн болсон уг технологи дээрээ тулгуурлан монгол Siri, өгүүлбэр найруулга зүйн тал дээр ажиллах ухаалаг робот зэргийг бүтээхээр ажиллаж байна.
Компаниа байгуулсан цагаасаа хойш монгол хэлийг тууштай барьж явсан гэлээ. Таны хувьд математик суурьтай, программын хүн шүү дээ. Ажил мэргэжлээ хэрхэн монгол хэлтэй холбосон бэ?
Би бакалавраа КТМС-д програм хангамжийн мэргэжлээр, магистрын зэргээ ХБНГУ-д програм хангамжийн архитектур чиглэлээр хамгаалсан. Багаасаа л математикийн олимпиадад оролцож явдаг тооны суурьтай хүүхэд байсан л даа. Монгол хэлтэй холбогдсон түүх нь ерөөс хэрэглээтэй л холбоотой.
1997, 1998 онд оюутан байхдаа анх компьютер, үйлдлийн системтэй танилцаж байлаа. Тухайн үед "Windows 95"-ыг ашигладаг байв. Түүн дээрээ ажиллах гэхээр монгол үсгийн фонт байхгүй, орос үсгийн фонт ашиглахаар ө, ү үсэггүй. Бодоод үзэхэд тухайн үедээ 50 гаруйхан улсын үсгийн фонттой байсан юникод юу гэж хоёрхон сая хүн амтай манай улсад зориулаад монгол фонт хийх вэ. Тиймээс өөрөө оролдож байгаад орос фонтын зарим үсгийг украин фонтынхоор сольж, ө ү үсгийг орлуулах байдлаар хачин л юм хийж байлаа. Гэхдээ тухайн үедээ төгс хийх нь биш, компьютер дээр монголоор бичиж болдог байх нь л чухал байсан юм. Түүнийг маань өөр хүмүүс ч ашиглах болж, түүнийгээ дагаад санал шүүмж ч байнга ирэх болсон. Тэгэхээр нь сайн дураараа хөгжүүлээд л явж байтал 2002 онд монгол бичгийн фонтыг юникодод оруулах гол ажлыг хийж байсан Эрдэнэчимэг эгч холбогдож билээ. Ингээд л монгол хэл, бичигтэй салшгүй холбогдчихсон доо.
Тэгвэл та 2008 онд "Болорсофт" компанийг байгуулахаасаа ч өмнө хэл бичигтэй холбогдсон юм байна шүү дээ. 20 гаруй жил нэг зүйлийг ингэж тууштай хийхэд юу нөлөөлсөн юм бол?
2000 онд Германд анх хөл тавьж, 2002 оноос мэргэжлээрээ сурч эхэлсэн юм. Хичээлдээ орсон эхний өдрөөс л Монголд сурч байснаас шал өөр үйлдлийн систем дээр ажиллах хэрэгтэй болсон. Програмын Java, C+ хэлнүүдийн суурь системийг зохиосон Sun system-тэй байсан юм. Мэдээж цоо шинэ зүйл дээр ажиллаж эхэлж байгаа хүнд гарын авлага, чиглүүлэх зүйл хэрэг болно л доо. Тэгэхэд хажууд орос оюутнууд системээ өөрийнхөө хэл дээр тохируулаад л уншчихна, хятад оюутнууд бас хэлээ сольчихно. Тэгэхэд би бүр эвлэрчихсэн, шууд л англи хэл дээр юм хайх жишээтэй. Үүнээс хойш Linux-ийг монгол хэл рүү хөрвүүлж, Open Office дээрх систем/программуудыг орчуулах болсон. Үүнээс хэл гэдэг технологитой хоршиж байж л илүү хэрэглээтэй, дархлаатай болохыг ойлгосон гэх үү дээ.
Одоог хүртэл танай хамт олон хэр олон төслийг хийж хэрэгжүүлээд байна вэ?
Тоолно доо (инээв).
Том төслүүд гэвэл, 2008 онд "Болор толь"-ийг (англи монгол онлайн толь бичиг), 2011 онд "Болор дуран"-г (алдаа шалгагч), 2015 онд "Эдүгэ"-г (эрэлттэй мэдээллийг цуглуулах систем бөгөөд удахгүй хуурамч мэдээг ялгадаг болох зэргээр хөгжүүлэгдэнэ), мөн тухайн ондоо "Кудос" мониторингийн системийг (бүх мэдээг цуглуулаад автоматаар ангилж хэрэглэгчдээ хүргэнэ), энэ онд "Чимэгэ"-г тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн "Чимэгэ"-д тулгуурлан "Марал ЭйАй\" мэдээ автоматаар танилцуулах хөтлөгчийг хөгжүүлээд байна.
Завсраар нь стандарт бүхий монгол бичгийн фонтыг хийж түүнийгээ "Microsoft"-д заралгүй, олон нийтэд нээлттэйгээр хөгжүүлж байлаа. Мөн монгол бичгийн модон бар, 1921 оны сонин хэвлэлд ашиглаж байсан хорголжин бар болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэлийн фонтуудыг тус тус хөгжүүлсэн.
Компанийнхаа хийж хэрэгжүүлж буй төслүүдийн үнэ цэнийг том зургаар нь дүгнээч гэвэл та юу гэж хариулах вэ?
Гэрэл хэдий чинээ их байна сүүдэр төдий чинээ бий. Техник технологи ч мөн адил. Тэд хөдөлмөрийг маш их хөнгөвчилж байгаа нь гэрэлтэй тал боловч нөгөөтээгүүр хүн төрөлхтнийг илүү механик болгож байгаа нь сүүдэртэй тал.
Дэлхий дээр жилд 100 орчим хэл, аялга устаж байна гэдэг тооцоо бий. Энэ бол дэлхий даяаршиж, технологи хүний амьдралд хүчтэй нэвтэрч, хүмүүсийг тэдний санал болгож буй хэлний хүрээнд хайрцаглаж буйтай холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн хэлээ технологитой хослуулаагүйгээс болж соёлоо мөхөлд хүргэж ч болзошгүй үед бид амьдарч байна. Хэлнийх нь фонт байхгүй бол техникээ дагаад өөр хэл ашигладаг болно. Түүнийгээ дагаад залуус хэлээ хэрэглэхээ болино. Мэдээж хэрэг англи болон бусад гадаад хэлийг эзэмших нь зөв ч гэлээ эх хэлгүй бол эх соёлгүй болно. Бүгд адил хэлээр ярьдаг дэлхийд амьдарвал амар ч гэлээ уйтгартай, өнгөгүй шүү дээ. Хэл гэдэг өөрөө тусгаар тогтнол, эрх чөлөөний илэрхийлэл юм. Энэ дархлааг тогтоохын тулд хэлийг технологитой хослуулан хөгжүүлэх хэрэгтэй. Энэ л манай компанийн гол үнэ цэн, алсын хараа юм даа.
Та олон жил энэ салбарт ажиллаж, монголчуудын технологийн хэрэглээний гэрч болж яваа. Бидний хэрэглээг ямар түвшинд яваа, хэр хөгжсөн гэж хардаг вэ?
Манайхны хэрэглээ бол тун сайн. Шинэ зүйлсийг хүлээж авах, турших, түүнийг хэрэглээндээ нэвтрүүлэхдээ үнэхээр соргог, чадварлаг шүү. Гагцхүү технологийн, дижитал бүтээгдэхүүнийг үнэлэх, ойлгох тал дээр л учир дутагдалтай. Гарт баригдаж, нүдэнд үзэгддэг зүйлсийг л үнэлдэг нь тоогүй. Бодоод үзвэл бүх төрлийн бүтээгдэхүүн энергиэр бий болдог. Тэгвэл дижитал бүтээгдэхүүн оюуны асар их энергиэр бүтдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөөтээгүүр, та тухайн программ хангамжийг ашиглаад ашиг орлого олж л байгаа бол, түүндээ хөрөнгө оруулалт хийж чаддаг байвал цаашдаа салбар нь илүү хөгжөөд явах зах зээлийн эргэлт болж өгдөг. Хуурамч, эсвэл хулгайн зүйл хэрэглээд л байвал зах зээл тэлэхгүй, бид хөгжлийн нэг түвшиндээ гацна.
Удирдлагын шатанд ажиллаж буй хүний хувьд олон ур чадвар хэрэгтэй болдог. Өөрөөсөө өөр хүн болох үе ч цөөнгүй тулгардаг байх. Компанийнхаа менежментийг хэрхэн авч явдаг вэ?
Мэргэжлийнхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч дотогшоо, дуугүй төрлийн хүн л дээ. Гэсэн ч компани удирдана гэдэг санаснаар болдоггүй, амаргүй ажил. Уг нь удирдлага, менежментийн чиглэлийн мэргэшсэн хүнд нь даатгаж өгөөд өөрөө кодоо бичээд явмаар л байдаг юм. Гэхдээ цагаа тулахад санаанд таарсан хүн олдож өгдөггүй бэрхшээлтэй. Ингээд л шаварт суусан шарын эзэн хойно ажлуудаа өөрөө гардаж зохицуулах үе олон. Одоо бол компанидаа холбогчийн үүрэгтэй. Аль хэсгийг юутай холбож, хаанаас юу гаргаж авч болох вэ гэдгийг байнга л харж, бодож явдаг даа.
Хамт олондоо ямар шаардлага тавьдаг вэ? Компанидаа шинэ ажилтан авахад аль талыг нь түлхүү хардаг вэ?
Бүтээмжтэй ажиллах нь бидний хамгийн том шалгуур. Ингэж ажиллахын хамгийн том суурь нь мотивац байдаг болов уу. Мотивацыг хамгийн хурдан, хялбараар төрүүлэх арга нь цалин байдаг ч урт хугацаанд тийм ч үр дүнтэй биш. Урам зоригтой ажиллах гол хүчин зүйл нь бүтээл өөрөө байдаг. Бидний хийж байгаа зүйл хүнд үнэхээр хэрэг болох уу? Би үнэ цэнтэй зүйлийн нэг хэсэг байж чадаж байгаа юу гэдэг асуултад тийм гэж хариулдаг бол хамт олон бүтээмжтэй байна. Үүнийг удирдлагын зүгээс хангаж өгөхийг хичээдэг.
Бүгд л шилдэг мэргэжилтнийг олж авахыг хүсдэг байх. Гэтэл тэр чинь бараг л боломжгүй зүйл. Тиймээс одоо бол хурдтай хөгжиж чаддаг, хөрвөх чадвартай хүнийг хайдаг болсон. Хурдан хөгждөг хүн байвал туршлага ч үнэндээ чухал биш болдог л доо.
Та залуу мэргэжилтнүүдэд хандан өөрийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? Ирээдүйд ямар чадвар илүү хэрэгцээтэй болно гэж харж байгаа вэ?
Ирээдүйд, нэг зүйлийг төгс шахам хийж сураад, түүнтэйгээ хорших 2-3 төрлийн чадварыг давхар эзэмших хэрэгтэй болжээ гэж хараад байгаа. Хэрвээ инженер бол механик, электроны чиглэлийн чадварт суралцах байдлаар ч юм уу. Мэргэжлийнхээ л дагуу нэг чадвартай байх нь хангалтгүй болж байна. Жишээ нь IT-гийн мэргэжил тооны хүрд цээжилдэг шиг л хүн бүрийн сурах ёстой зүйл болоод эхэлчихлээ. Тиймээс нэг зүйлд хэт төвлөрөөд суух биш өөр салбарт давхар мэргэшиж, дадлагажаарай.
Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таныг илэрхийлэх таны Signature юу вэ? гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлөе.
Баярлалаа. Миний илэрхийлэл бол өөрийнхөөрөө байх гэж бодож байна. Би хэн нэгний хийсэн юмыг дахин давтаж хийдэггүй, үргэлж шинийг эрэлхийлж, өөрийнхөөрөө хийхийг хүсдэг. Зарим багш нар намайг багад маань том толгойтой, зөрүүд гэж тодорхойлсон. Цаашдаа ч энэ хэвээрээ байна байх.

Сэтгэгдэл бичих

