2022 оны дөрөв дэх ажлын долоо хоног өндөрлөлөө. Posted.mn шинэ оны эхний сараас эхлэн “Сонин гарчиглая” булангаа эхлүүлж байна. Өглөө болгон гарчиглах төдий болоод хаягддаг сонингуудын ард мэдээллийн мэргэшсэн редакцууд шаргуу ажиллаж байдаг. Бид тэдгээр сэтгүүлчдийн боловсруулсан хамгийн шилдэг агуулгыг долоо хоног бүр танилцуулахыг хичээх болно.

Хугацаа: 2022.01.24 Даваа гаригаас 2022.01.28 Баасан гариг
Сонин: Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан

УНШВАРТАЙ НИЙТЛЭЛ

Нийтлэлч: М.Оч
Огноо: Даваа. №016 (7318)

Нийтлэлийн өнцөг:
УИХ хүний эрхийн төлөө тэмцлийг хамгаалах чухал хууль баталсан ч хэрэгжүүлэх төсвийг нь батлаагүй учраас нугалаа гарч, хүний эрх зөрчигдөхөд хүрч, дабл стандартын эсрэг тэмцэх боломжгүй болгож байна.

Цохох эшлэл:
Монгол Улс өнгөрсөн онд анх удаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон… Хэрэгжүүлэх “тоолуур гүйгээд” зургаан сар боллоо. Гэсэн ч хэрэгжих нь бүү хэл ор сураггүй болов… “Хүний эрхийн төлөө тэмцэгчид хуулиар хамгаалуулж, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдлээ” гэж цээжээ дэлдэж, пиар хийж байсан төрийн түшээд, хууль тогтоогчид ч таг чиг болжээ.

…Өдий хүртэл яагаад хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа шадтгааныг ХЭҮК-оос тодруулахад, “Төсөвгүй хууль баталснаас хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдээгүй гэв”... Хуулийг хэрэгжүүлэх хугацаа эхэлсэнтэй холбоотойгоор, дабл стандартын асуудлаар нэр бүхий хүмүүс ХЭҮК-т гомдол гаргажээ… Харамсалтай нь хууль хэрэгжиж эхлээгүй учраас тэдэнд ямар ч хамгаалалт байсангүй. Улмаар тайван жагсаал цуглаан хийснийхээ төлөө цагдан хоригдсон байдаг…

Үндэсний шуудан: Төрийн мөнгөнд эрсдлийн менежмент шаардлагатай юу?

Нийтлэлч: “Н.Бат”
Огноо: Лхагва. №016 (3965)

Нийтлэлийн өнцөг: Бүх хэвлэл мэдээллээр Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд ямагт чанаргүй зээл үлдээж ирснийг хөндсөн бол “Үндэсний шуудан” сонин төрөөс эрсдлийн менежмент нэхлээ. Энэ бол албан тушаалтнуудад хариуцлага тооцохоос гадна цаашид нэн даруй Хөгжлийн банк болон төрийн өмчит компаниудад нэвтрүүлүүштэй санаа юм.

Цохох эшлэл:
Хөгжлийн банк нийт актиивынх нь 55.3 хувь чанаргүй гэх ангилалд орж, шүүхэд 850 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан учраас цаашид хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ч бэрх болсныг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлж, шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг зарласан… Гэтэл даваа гарагаас эхлэн зарим аж ахуйн нэг бизнесийн нэр хүндэд халдсан, зээлээ 100 хувь эргүүлэн төлнө гэх утгатай мэдэгдэл хийж эхлэв…

…Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зориулалтаар нь ангилж үзвэл 40 гаруй хувь нь орон сууцны төсөлд чиглэжээ… Дээрээс нь 24 хувийг төмөр замын төсөлд, 13 хувийг мал аж ахуйн төсөлд зарцуулжээ. Арилжааны банкинд хамгийн чухалд тооцогддог эрсдийн менежмент гэгч зүйл төрийн өмчит банкинд огт үйлчлээгүй нь үнэхээр эмгэнэл. Цаашид өгөх байсан юм гэж цувраад мэдэгдэл гаргаж, бизнесийн нэр хүндээ цайруулах уу, эсвэл…

Уншвартай зарим нийтлэлүүд:

Ж.Сувдмаа 50 хувь нь интернэт хэрэглэдэггүй “цахим үндэстэн” ("Өнөөдөр" сонин) | "Цахим үндэстэн" болно хэмээн тунхаглаж буй ч асуудал газар дээрээ тэс өөр байгаа тухай ӨНЦӨГ |

М.Оч “Ерөнхийлөгчийн тэтгэлэг нэртэй будилаан олон хүүхдийг уйлуулах вий” ("Өнөөдөр" сонин) | Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн зорилго дунд шатандаа гуйвж, нугалаа гарах болсон тухай ӨНЦӨГ |

С.Уянга "Минжийн заставт ажилласан гишүүд ажлаа хэзээ тайлагнах вэ" ("Зууны мэдээ" сонин) | Хилийн цэргийн командлагч нэр бүхий хууль тогтоогчдыг "салхинд гаргах" гэснээс болж аглагт буй хилийн заставт ковид-19 халдварласан байж болзошгүй тухай ӨНЦӨГ |

Бодууштай ярилцлага

Өдрийн сонин: Х.ТЭМҮҮЖИН: ҮНДСЭН ХУУЛИЙН ХУЛГАЙЧ ГЭЖ ТҮҮХЭНД НЭРЭЭ ҮЛДЭЭХ ГЭЭГҮЙ БОЛ ЦЭЦИЙН ГИШҮҮД ДАВХАР ДЭЭЛИЙН МАРГААНЫГ БУЦААХ БАЙЛГҮЙ ДЭЭ"

Сэтгүүлч: Б.Энхзаяа
Огноо: Даваа. №018(6891)

Ярилцлагын тойм: Засгийн газрыг УИХ-ын гишүүдээс давхар дээлтэй байгуулах болон бусад хэд хэдэн заалтаар УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандсан явдлын цаадах улс төрийн талаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин ярьжээ. Түүний үзэж байгаагаар өмнөх парламентын үед баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Засгийн газрын эрх мэдэл тэлж, хууль тогтоогчдын гүйцэтгэх засаглалд үзүүлэх лобби суларсан нь энэ бүхний шалтгаан ажээ. Тийм ч учраас эрх баригчид өөрчлөлт оруулаад хоёрхон жил болж буй Үндсэн хуульдаа эргэн гар дүрж, ингэхдээ олон нийтийн дургүйцлээс болгоомжлон, сөрөг хүчний гишүүдээр “могой бариулж” байна гэж тэрээр тайлбарлажээ. Үүний цаана авлига, тохиролцоо бүхий Үндсэн хуулийн хулгай явж байгаа гэж Х.Тэмүүжин барим тавим ярьжээ. Ярилцлагын зорилго цогцоороо Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг улс төрийн тохиролцоогоор хөдлөхгүй байхыг сануулхад чиглэсэн байна.

Цохох эшлэл:
Энэ процессын үр дүнд ямар аюултай хаалга нээгдэж байна вэ гэдгийг зарим туршлагатай хүмүүс хэлээд байгаа. Хэрвээ ингэх юм бол Үндсэн хууль чинь Үндсэн хууль биш болно шүү. Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө байх ёстой байтал одоо Үндсэн хуулийнхаа дээр Цэц нь гараад суучихлаа. Манах ёстой юмныхаа дээр гарч суучихаад бусдад хулгайлахад нь туслаад эхлэхээр Үндсэн хуулийн шүүх жинхэнэ утгаараа алга болох нь ээ гэж. Яг үнэндээ тэд Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг хийж байна шүү дээ.

“Хадаас” эрэн сурвалжлага

 Өдрийн сонин: “Төрлөөрөө хэлхэлдсэн төрийн алба” цуврал

Өдрийн сонин өнгөрсөн долоо хоногт хоёр ч албан тушаалын цус ойртолтын талаар тогтмол хөтөлж буй цувралаараа дэлгэлээ.

- Даваа гаригийн дугаарт сэтгүүлчийн Б.Энхзаяагийн хийсэн “Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрыг мэргэжлийн бус хүмүүс бусниулж байна” ярилцлагад төрийн албаны шалгалтанд ороогүй хүн аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдож, халаа сэлгээ явуулсан тухай нэр бүхий эх сурвалжаас тодруулжээ.

-Пүрэв гарагийн (№019) дугаарт сэтгүүлч Х.Орхоны бэлтгэсэн “Төрийн албыг төрлөөрөө дүүргэсэн Баян-Өлгийн Засаг даргын толгойг илсээр суух уу” нийтлэлд Баян-Өлгий аймгийн орон нутгийн засаг захиргаанд үүрэлсэн ураг төрлийн хэлхээг бичжээ. Аймгийн засаг даргын тамгийн газрын даргаасаа эхлээд УИХ-ын гишүүд, АИТХ-ын гишүүд, Аймгийн засаг дарга, нөлөө бүхий улс төрчдийн хамаатнууд болохыг энэ товчхон нийтлэлээс уншиж болно.

Өнөөдөр сонин: B, C вирус тараах эрсдэлтэй гэгдэх иммуноглобулины судалгааг Ж.Амгалан хурандаа хийжээ

Цар тахлын онцгой байдлын үеэр гарч буй завхардал, нугалааг эрэн сурвалжилж буй “Өнөөдөр” сонины цуврал нийтлэл энэ долоо хоногт (№017) үргэлжиллээ. Энэ удаа сэтгүүл Г.Одгарав ОУК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн судалгаа нэртэй ажил хийдүүлж буй байдлыг дэлгэжээ. Баримтад дурьдсанаар “Иммуноглобулины хэрэгцээ шаардлага, үйлдвэрлэх боломжийн судалгаа”-г ямар нэг дархлаа судлаач, биохимич эрдэмтэн биш галт зэсвэг ашиглалтын инженер мэргэжилтэй хурандаа Ж.Амгалан гүйцэтгэсэн байна.

Сонирхолтой сурвалжлага 

Үндэсний шуудан: Ипотекийн зээлийн санхүүжилт хүрэлцэхгүйгээс зарим банк харилцагчийн хүсэлт авахаа зогсоожээ

Сэтгүүлч:Т.Амараа
Огноо: Лхагва. №016(3965)

Сэтгүүлчийн тэмдэглэл:

2020 оноос хойш ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж ирсэн нь арилжааны банкууд эргэн төлөлтөөр хөнгөлөлттэй зээл гаргах санхүүжилтгүй болсон нь тодорхой юм. Монголбанкны өгсөн мэдээллээр нийт зээлдэгчийн ойролцоогоор 60 шахам хувь нь зээлээ хойшлуулаад байгаа аж.

Иймээс ипотекийн зээлийн санхүүжилтэд банкны өөрийн эх үүсвэр гэдэг ойлголт бараг үгүй болжээ. Мөн зээлийн санхүүжилтийг Засгийн газраас хоёр дахин нэмэгдүүлж анхаарал хандуулж байгаа ч нөгөө талдаа зээл хүссэн иргэдийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Түүнчлэн ингэж ипотекийн зээлийн хүсэлтэд банкууд дарагдаж, урт дараалал үүсэх болсон шалтгаан нь 2021 оноос өмнө дорвитой санхүүжилт оруулалгүй явж ирсэнтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна.

Үндэсний шуудан: Өрхийн эмнэлгүүдийн үйлийг үзсэн 13 дугаар тогтоол

Огноо: Пүрэв. №017(3966)

Сэтгүүлчийн тэмдэглэл:

…“Энхт” ӨЭМТ нь их эмч долоо, сувилагч тав нийт 16 хүний орон тоотой ажиллаж байна. Албан ёсоор 12000 хүн амд үйлчлэх санхүүжилттэй ч өнөөдрийн байдлаар 15800 хүнд үйлчилж байгаа аж. Хаанаас 4000-аад хүн гараад ирэв гэвэл, өрхийн эмнэлгүүдэд өгдөг хүн амын тоо бол сонгогчдын тоо аж. Өөрөөр хэлбэл дүүрэг, хороо сонгуулиар л хүн амаа бүртгэх далим гарч, тэр тоогоороо баримжаалж төсвөө авдаг байх нь…

…Өрхийн эмнэлгүүд “Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөн” ажиллаж байхад Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний 13-р тогтоол (Ирээдүйн он сартай тогтоолоо энэ оны эхнээс биелүүлэхийг шаардсан нь хачирхалтай) гэгч биелүүлэхэд хэцүү, биелүүлэхгүй байж бас болохгүй нэгэн шийдвэр гарч. Түүнд зааснаар өрхийн эмнэлгүүдийг 90 хувиас дээш гүйцэтгэлтэй тохиолдолд санхүүжилтийн 30 хувийг олгож байхаар тусгаж. Гэтэл “Энхт” эмнэлгийн хувьд 15 өрөөтэй 10 гаруй эмчтэй байж л 90 хувь руугаа дөхөх учиртай… Эндээс зөвхөн энэ эмнэлгийн хувьд гэхэд л санхүүжилтийнхээ 30 хувийг хэзээ ч авч чадахгүй. Үндсэн 70 хувийн санхүүжилтээр 100 хувиа яаж нөхөх, бас 4000 илүү хүндээ хэрхэн хүргэх вэ гэдэг хариултгүй асуулттай үлдэх нь.


Сэтгүүлч А.Мөнхжингийн өөр нэгэн сурвалжлага: Үнийн өсөлтөд лангуу түрээслүүлэгчид бодитоор нөлөөлжээ

"Өнөөдөр" сонин: УИХ-ын нэг гишүүн найман төрийн бус байгууллагатай байна

Сэтгүүлч: Хамтын бүтээл
Огноо: Даваа.№016(7318)

Редакцын өнцөг: УИХ-аар Төрийн бус байгууллагын тухай хууль хэлэлцэж буй үед “Өнөөдөр” сонин хууль тогтоогчдын иргэний нийгэм дэх ил цагаан ашиг сонирхлын зөрчлийг дэлгэлээ. УИХ-ын 76 гишүүнээс 58 нь 194 ТББ-г тэргүүлдэг аж. ТББ-тай гишүүдийг С.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ, Н.Учрал, С.Бямбацогт, Б.Жавхлан нар тэргүүлж байна.

БУСАД

Мэдүүштэй нийтлэл: Олны хүртээл болсон регистрийн дугаарыг хэрхэх нь тодорхойгүй байна (“Өнөөдөр” сонин)
Чухал үзүүлэлт: АЙМГУУДЫГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ЭРЭМБЭЛЭХЭД ДОРНОГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЖЭЭ (Өдрийн сонин)
Хүлээлт үүсгэх тодруулга: 100 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдэд олгоно (“Өнөөдөр” сонин)
Баярлууштай мэдээ: Увсын чацаргана газарзүйн заалтаар хамгаалагдсан бүтээгдэхүүн болов (“Өнөөдөр” сонин)