2022 оны зургаа дахь ажлын долоо хоног өндөрлөлөө. Шинэ оны эхнээс “Сонин гарчиглая” булангаа эхлүүлж байна. Өглөө болгон гарчиглах төдий болоод хаягддаг сонингуудын ард мэдээллийн мэргэшсэн редакцууд шаргуу ажиллаж байдаг. Бид тэдгээр сэтгүүлчдийн боловсруулсан хамгийн шилдэг агуулгыг долоо хоног бүр танилцуулахыг хичээх болно.

Хугацаа: 2022.02.07 Даваа гаригаас 2022.02.11 Баасан гариг
Сонин: Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Монголын үнэн


Уншвартай нийтлэл

Монголын үнэн: Боловсролын салбарын шинэ сорил

Нийтлэлч: Сонины редакц
Огноо: Баасан. №006(24487)
Нийтлэлийн өнцөг: "Монголын үнэн" сонин энэ улирлаас эхлэн гарах хугацаа, нүүрээ өөрчилж долоо хоног тутмын сонин болоод байгаа билээ. Уг сонин долоо хоног бүр ямар нэг сэдвээр дагнан, олон талаас нь задлан шинжилж, сурвалжлан хүргэх болсон. "Монголын үнэн" сонин энэ дугаарт ковидын үеийн боловсролын асуудлыг хөнджээ. Сэтгүүлч В.Сэлэнгийн бичсэн гол нийтлэлд Монголд багшлах боловсон хүчний менежмент учир дутагдалтай, ирээдүйд бий болох багшийн хэрэгцээг өнөөдрийн сургалтын систем дийлэхгүйг онцолжээ.
Мөн багш бэлтгэдэг сургуулиудын талаар тодруулга, МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтангоогийн ярилцлага, ковидын үеийн багш, оюутан, сурагчдад тулгамдсан асуудал, зайны сургалтын үеэр гарсан нийгмийн давхаргын ялгаа, технологид суурилсан боловсролын талаар нийтлэлүүд хэвлэгджээ.

Үндэсний шуудан: Украйны асуудлыг тойрсон цуврал тойм

Нийтлэлч: М.Хүслэн
Нийтлэлийн өнцөг: "Үндэсний шуудан" сонины "Дэлхий мэдээ" нүүр долоо хоногийн турш уншвартай байлаа. Уг нүүрийг бэлтгэдэг сэтгүүлч М.Хүслэн Украйныг тойрсон геополотикийн асуудлыг НАТО, ОХУ болон Европын бусад улсуудын ашиг сонирхлын олон өнцөг дээр сонирхолтой тоймууд бэлтгэн хүргэлээ. Түүнлэн өнгөрсөн долоо хоногийн турш дэлхийн удирдагчидтай уулзаж, утсаар ярьж Украйны асуудал дээр манлайлал үзүүлэхийг хичээсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нүүдлүүдийг ч мөн анхаарлаас гадуур орхисонгүй.

Сэтгүүлч М.Хүслэнгийн энэ долоо хоногт бэлтгэсэн онцлох агуулгууд:
Мягмар гараг: Африк тивд тогтсон "муу жишээ"
Лхагва гараг: Украйны арми оростой дайтахад бэлэн үү?
Пүрэв гараг: Йенс Столтенберг: Мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэнэ
Баасан гараг: Цагаан ордны тэргүүнтэй Э.Макрон ярилжээ.

Уншвартай зарим нийтлэлүүд

  • Өдрийн сонин: Баабар. "Дэлхийн дайн болбол...?" | Дэлхий улс төрийн хурцадмал байдал болон учир шалтгааныг өргөн утгаар нь зурагласан нийтлэл
  • Зууны мэдээ: С.Уянга. "Боомтын лабораториуд импортлогчдын худалдааны гэрээг цуцлах эрсдэлтэй" | Хилийн боомт дээрх шинжилгээний лабораториуд хоцрогдож, хоол эсвэл хор импортлож буй Монгол Улс мэдэхгүй болсон тухай асуудал хөндсөн нийтлэл
  • Өнөөдөр сонин: М.Оч. "Цахим шилжилтэнд хөтлөх хуулиуд" | Тавдугаар сарын нэгнээс хэрэгжих "Цахим хөгжлийн багц хуулиуд"-аас нэн тэргүүнд мэдүүштэй заалтуудын тойм, тайлбар.

Бодууштай ярилцлага

Өдрийн сонин: Т.Доржханд: Хар тамгатай улс төрчдийг улс төрийн намууд нэр дэвшүүлдэггүй, иргэд сонгодоггүй байвал бодит үр дүн гарна

Сэтгүүлч: Р.Хишигжаргал
Огноо: Лхагва. №024(6897)
Ярилцлагын тойм: Нийгэмд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж буй "Хөгжлийн банк"-ны асуудлаарх "ХҮН"-ын байр суурь. Засгийн газар "Хөгжлийн банк"-ны хохирлыг барагдуулж болохгүйг онцлон тэмдэглэв. ХҮН улс төрийн хоёрдагч хүчин болсныг зарлав. "Хөгжлийн банк"-ыг Японы загвараар байгуулах гэж байсан ч улс төрчдийн явуулгаар завхруулсныг хэлэв. Хууль санаачлах, хууль боловсруулах хоёрын ялгааны тухай өөрийн төрийн ажлын туршлагаас эш татан УИХ-ын гишүүн Н.Учралд сургамжлав.

Бодууштай бусад ярилцлага:

Өдрийн сонин: Х.Золжаргал: Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл хоёрт тавигдах нь тодорхой болчихлоо | Дотоодыг улс төрийн тэмцлээ олон улсын тавцанд гаргаж, шийдэхийг оролдох болсон нь аюул дагуулах талаарх сануулга
Өдрийн сонин: Эрх баригчид Цэцээр могой бариулж, энэ аргаар Үндсэн хуульд халдвал маш аюултай | Эрх баригчид олонхиор түрэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж буйн цаад шалтгааны талаар хуульчийн байр суурь
Зууны мэдээ: Л.Золжаргал: "Мод хөтөлбөр" таны захиалсан модыг хоёр дахин үржүүлж өгнө | Аппликейшн ашиглан мод тарих захиалга өгч, арчлалтыг нь хянах боломжтой болсон тухай сурталчилгаа.
Өнөөдөр сонин: Д.Түмэн: Монгол, түнгүс хэлтэн угсаатнуудын ерөнхий өвөг, угсаа гарвалийн холбоог тогтоосон | Монгол угсаатны гарвалын тухай болон "цуст ойртолт" хэмээх шуугиан нь үндэслэлгүй тухай ярилцлага.

"Хадаас" эрэн сурвалжилга

Бүх өдөр тутмын сонин: "Монголиан корпорейшн"-ууд даварсаар байх уу?!

Сэтгүүлч: Өдөр тумын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл
Огноо: Лхагва гараг. 2022.02.09
Нийтлэлийн өнцөг: "Хөгжлийн банк"-ыг тойрсон нийгмийн хэлэлцүүлэгт өдөр тумын сонинууд нухацтай хандав. Сонинуудын дундын эрэн сурвалжлах нэгдэл АТГ-т шилжээд буй "Хөгжлийн банк"-ны 70 чанаргүй зээлийн гол жинг дарж буй улс төрчдийн нөлөөлөл бүхий компаниудыг гарвал, төслөө хэрэгжүүлж, зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байдлыг нарийвчлан дэлгэжээ.

Холбоотой нийтлэл:
Өдөр тумын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл. "Хөгжлийн банкны хэрэг: Идсэн "чоно" ялтай, өгсөн "хоньчид" ямбатайгаа үлдэх үү? | "Хөгжлийн банк"-ны зээлдэгчдээс гадна тухайн үед банкинд хариуцлагатай алба хашиж байсан эрхмүүд хариуцлагаас мултрах боломжгүй тухай баримт түшсэн нийтлэл

Өнөөдөр сонин: Г.Равжаа. Төв банк олон их наядын алдагдал хүлээсний хариуцлагыг хэнээс нэхэх вэ?
| Хөгжлийн банкны асуудал"-ын эхлэл болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөөс болж Төвбанкны хүлээсэн алдагдлын талаар нийтлэл.

Яруу агуулга

Нийтлэлч: Н.Энхбаяр
Огноо: Баасан. №006(24487)
Товч: Хятадын орчин үеийн хамгийн алдартай утга зохиолын зүтгэлтнүүдийн нэг яруу найрагч Бэй Даогийн талаар орчуулагч Н.Энхбаярын нийтлэл. Уг нийтлэлд яруу найрагчийн хамгийн алдартай шүлгийн орчуулгууд мөн багтжээ.

Дугаар шилжих мөчид

Сайн мэдээ: Өнөөдөр сонин: "Цар тахлын дөрөв дэх давлагаа намжсан гэв''
Хүлээх үйл ажиллагаа: Таван цагариг: Үндэсний спортын VII наадмын тов гарав
Сонирхууштай наадгай: Өнөөдөр сонин: "Нийслэл хүрээ" хөлөгт тоглоомтой танилцаарай
Баярлууштай мэдэгдэл: Өнөөдөр сонин: "700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгох нь"
Мэдүүштэй зар: Өнөөдөр сонин: "МҮОНТ-ээс кино зохиолын нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ"