Энэ нийтлэлийг дуустал нь унших 2 шалтгааныг нэрлэе.
Юуны өмнө энэ нийтлэлийг уншихаар орж ирсэн танаар бахархаж байна, бас баярлалаа.
1. Оюун санаа өвчилсөн үед бие махбод өвчлөмтгий болдог. Энэ төрлийн өвчнөөр өвчлөхгүй гэсэн баталгаа ямар ч хүнд үгүй.
2. Дэлхий дээр сэтгэл гутралаар 264 сая хүмүүс өвчилсөн байдаг бөгөөд 15-29 насны залуусын үхлийн 2 дахь шалтгаан нь амиа хорлолт байдаг аж. Монгол Улсын хувьд ДЭМБ-ын 2018 оны судалгаагаар амиа хорлолтоор дэлхийд гуравт бичигдсэн нь бид энэ чиглэлд сайн анхаарах, ажиллах шаардлагатайг харуулж буй юм.
Экспэртүүдийн өнцгөөс
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар асуухад, насны онцлог, үечлэлээс хамааран өвчлөл ялгаатай байдаг уу?
Mental Health буюу сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол өнөө цаг үед дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй чимээгүй хэрнээ хамгийн их газар авсан асуудал юм. Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд гэж өөр өөрөөр орчуулагддаг нь ойлголтын хүрээгээр зааглагддаг. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаас нь тайлбарлая.
Эрүүл хүн гэхээр хүмүүс зөвхөн бие махбодын хувьд эрүүл хүнийг л хэлнэ гэж ойлгодог. Гэвч энэ нь тун өрөөсгөл ойлголт. Эрүүл хүн гэдэг нь дан ганц биеийн бус сэтгэл зүйн хувьд ч мөн эрүүл хүнийг хэлнэ.
- Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн:
- Хэвийн ажиллаж, амьдарч, суралцдаг
- Нийгэмд зохих байр суурь эзлэн хувь нэмрээ оруулдаг
- Нийгэм болон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан зохицож чаддаг
- Сэтгэцийн эмгэг өөрчлөлтгүй хүнийг хэлнэ.
Сэтгэл зүйн тулгамдсан асуудлын шинжүүдэд:
- Архи, тамхины хэрэглээ ихНойрны асуудалтай
- Хэт их уурладаг, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй
- Байнгын ядаргаа, биеийн хөшингө байдалтай
- Санхүүгийн тогтмол орлогогүй, асуудалтай
- Хосын харилцааны эрүүл бус харилцаатай байх зэргийг оруулдаг.
Эдгээр сэтгэл зүйн асуудлууд урт хугацаандаа үргэлжлэх нь сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл болдог. Цаашлаад хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байдаг.
Монголд ямар сэтгэл/сэтгэц зүйн өвчлөл илүү их байна вэ? Өөрийгөө өвдсөн гэдгээ яаж мэдэх вэ? Өвчлөлийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
ДЭМБ-ын судалгааны тайланд 2010 онд нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэл зүйн гаралтай өвчлөл эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болно гэж таамагласан байдаг. Харамсалтай нь Монгол Улс талын асуудлыг бараг хаячихсан гэхэд хилсдэхгүй. Олон Улсын Байгууллагууд, ДЭМБ, Дэлхийн банк болон гаднын их сургуулиудын түүвэр судалгааны дүгнэлтүүдээс л Монгол улсын нөхцөл байдал ямар байгааг харж болно. Гурван зүйл онцолъё.
- Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралын түвшингээр долоодугаарт, архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаа зэрэг эмгэгээрээ гуравдугаарт эрэмбэлэгддэг.
- Өсвөр насныхны дунд сэтгэл гутрал өндөр байгаа нь 5 өсвөр насны хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар нухацтай бодсон байна гэсэн ДЭМБ-ын 2013 оны судалгаанаас харагдсан.
Залуучуудын хамгийн сайн мэдэх “сэтгэл гутрал” бол хамгийн түгээмэл илэрдэг сэтгэцийн эмгэг юм. ДЭМБ-ын тооцооллоор 2030 онд гэхэд дэлхий нийтийн хамгийн том асуудал бол эдийн засаг, байгаль орчны асуудал бус “СЭТГЭЛ ГУТРАЛ”-аас үүдэх асуудал болсон байна гэж тодорхойлсон. Бидний сайн мэдэх Билли Эйлиш, Селена Гомес, Бэн Афлек зэрэг алдартнууд сэтгэл гутралтай байсан, одоо ч даван туулж байгаа гэдгээ нээлттэй илэрхийлж энэ талын арга хэмжээнд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо өргөдөг гэдгийг та бүхэн мэдэх байх. Сэтгэл гутрал нь ил, далд, хөнгөн, хүнд хэлбэртэйгээр хүнд илэрдэг. Сэтгэл гутралтай эсэхийг тодорхой асуулгаар сэтгэл судлаач тогтооно. Үүний дараа тохирох зөвлөгөө, засал хийгддэг. Сэтгэл гутралд өртсөн хүн идэвхгүй болдог, өмнө дуртай байсан зүйлээ сонирхохоо больдог, өөрийгөө болон ирээдүйгээ сөргөөр харж эхэлдэг гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.
Сэтгэл гутрал нь арчаагүй, сул дорой, эмзэг, амжилтгүй, муу хүнд л тохиолддог зүйл огт биш. Энэ бол ичих зүйл огт биш, мөн та ганцаараа биш гэдгийг зориуд хэлмээр байна. ДЭМБ-аас 2017 оныг сэтгэл гутралын эсрэг тэмцэх жил гэж зарласан ба тэдний уриа нь “Сэтгэл гутралд орвол нээлттэй ярилц. Бид хуваалцъя” байсан. Өөрөөр хэлбэл өөрт ямар нэг асуудал тохиолдоод байгааг анзаарсан бол бусадтай, ялангуяа мэргэжлийн хүнд хандаж, асуудлаа хуваалцах нь зөв гэсэн үг.
Яагаад сүүлийн жилүүдэд сэтгэл/сэтгэцийн өвчлөл нэмэгдэж байна вэ? Өвчлөл нэмэгдээд байна уу? Эсвэл хүмүүс энэ талаар илүү чөлөөтэй ярьж илэрхийлдэг болоод байна уу?
Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж болох ч бидний таамаглалаар хүмүүс амьд харилцааг орхигдуулж, нэг нэгэнтэйгээ нээлттэй чөлөөтэй харилцах нь багассан, өрсөлдөөн ихэссэн, амьдралын хэв маяг өөрчлөгдөн хөдөлгөөн багасаж, эсрэгээрээ чөлөөт цаг нэмэгдсэн, нийгэмд хүний үнэлэмж чухал бус зүйлүүдээр хэмжигдэж байгаатай холбоотой. Хүн бүрд өдөр бүхэн хэн нэгэнд туслах, сайхан мэдрэмж сэтгэгдэл үлдээх, буруу бодол үйлдлээс сэргийлэх боломж байдаг. Иймд бусдыг нээлттэй сонсож, шүүмжлэлгүйгээр ойлгож, өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх сурах хэрэгтэй. Ярилцах буюу хуваалцах бол хамгийн үр дүнтэй, сайн эмчилгээ.
Нөгөө талаас төр засгийн зүгээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна. Жишээ нь сэтгэл гутралын эмчилгээнд 1 долларын хөрөнгө зарцуулахад эргээд нийт хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадавхад 4 доллар болж буцаж ирдэг гэж судлаачид тооцоолсон байдаг.
Сүүлийн жилүүдэд “Сэтгэл/сэтгэц зүйн эрүүл мэнд”-тэй холбоотойгоор манай улсад ахиц гарж байна уу?
Ахиц дэвшил гарч байгаа эсэхийг хэмжихэд анх ямар байсныг харуулах тоон үзүүлэлттэй харьцуулах хэрэгтэй. Гэвч энэ тоон мэдээлэл хангалтгүй байгаа тул зөвхөн өөрийн байгууллагын тоон мэдээлэл дээр тулгуурлан хариулъя. Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар сонирхдог, эрж хайдаг, сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах иргэдийн тоо ихсэж байна. 5 жилийн өмнөхтэй харьцуулахад энэ тоо 2-3 дахин нэмэгдсэн сайн үзүүлэлт. Ялангуяа 18-30 насны залуучууд сэтгэл зүйн зөвлөгөө авах нь эрс нэмэгдсэн. Хөл хорио зарлагдсанаас хойш сэтгэл гутрал болон бусад сэтгэл зүйн хямралын шинжтэй залуу, эмэгтэй үйлчлүүлэгчдийн тоо өссөн нь анхаарал татаж байна. Зарим нь карантины ачаар илүү завтай болж, сэтгэл зүйдээ цаг зарцуулах боломжтой болсон бол заримынх нь хичээл, сургууль нь зогсож, амьдралын идэвхгүй хэв маягт шилжсэнээс идэвхгүй байх, өөртөө дургүй хүрэх шинжүүд үүсэж байгааг онцолъё.
Үйлчлүүлэгчдийн тоо өсөж байгаа нь залуучуудын сэтгэл зүйн эрүүл мэнд улам доголдож байна гэхээс илүү тэд сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар улам сайн мэдээлэлтэй болж, тусламж хүсэх нь ихсэж байгаатай холбоотой гэж бид үзэж байгаа шүү.
Ямар тохиолдолд эмнэлэгт болон сэтгэл зүйн төвд хандах шаардлагатай вэ?
Өөрөө асуудлаа бие даан шийдвэрлэх боломжтой хүнтэй сэтгэл судлаач ажилладаг бол, өөрөө асуудлаа бие даан шийдвэрлэх боломжгүй, заавал эмийн болон эмийн бус эмчилгээ хавсарч хийх шаардлагатай хүнтэй сэтгэцийн эмч ажилладаг. Тэгэхээр өөрөө асуудлаа бие даан шийдвэрлэх боломжтой бол сэтгэл судлаачтай ярилцаж болно. Гэхдээ дан ганц асуудал байгаа үед л сэтгэл судлаачтай ярилцдаг гэж бас ойлгож болохгүй. Аливаа шийдвэр гаргах, сонголт хийх, өөрийгөө хуваалцахад сэтгэл судлаач тусална. Сэтгэл судлаач таны өмнөөс шийдвэр гаргаж, танд бэлэн зөвлөгөө өгөхгүй ч таныг урт хугацаандаа сэтгэл ханамжтай байж, өөрийгөө ойлгоход нэмэр болно
Тархинд ямар үйл ажиллагаа явагдсанаар хүнд “Амиа хорлох” гэсэн сэдэл төрдөг вэ?
Амиа хорлох бодол нь дийлэнхдээ сэтгэл гутралын үр дагавар байдаг. Сэтгэл гутралд өртсөн хүн өөрийн талаар улам сөрөг төсөөлөлтэй болж, улам өөртөө итгэлгүй, дургүй болох хандлагатай байдаг. Сүүлдээ “би бусдад гай болоод байна”, “би хэнд ч хэрэггүй” гэх бодол орж ирдэг нь амиа хорлох сэдэл төрөх гол үндэс болж байна. Манай улсад саяхнаас л сэтгэцийн эрүүл мэндийн талаар нээлттэй ярьдаг болж байна. Амиа хорлолтын талаар ярих нь сэтгэл гутралтай хүмүүсийг улам өөхшүүлнэ гэж ихэнх хүмүүс буруу ойлгох байдал ажиглагддаг. Дэлхийн аль ч улсад хийгдсэн судалгаагаар амиа хорлолт болон бусад сэтгэл зүйн асуудлын талаар нээлттэй ярих тусам хүмүүс мэргэжлийн хүнээс тусламж хүсэж, улмаар эмчлэгдэх байдал нь өсдөг гэдэг юм.
Сэтгэц судлал, сэтгэц засалч, сэтгэцийн эмгэг гэсэн ойлголтын талаар товчхон тайлбарлавал
Сэтгэц судлал, сэтгэцийн эмчилгээ гэдэг нь сэтгэл зүйчийг бодвол илүү эрүүл мэнд, клиникийн эмчилгээ тал руугаа ойрхон байдаг эрүүл мэндийн салбар шинжлэх ухааны нэг юм. Энэ нь эрүүл сэтгэц, сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг гэсэн 3 хэсгээс бүрддэг. Сэтгэцийн эмч буюу сэтгэл засалч нь сэтгэцийн эмгэг тал дээр түлхүү ажиллан, эмчилгээ хийдэг.
Сүүлийн жилүүдэд залуусын дунд сэтгэцийн эмгэгүүд хэр ажиглагдаж байна вэ? Юунаас үүдэн үүсэж байна гэж үзэж байна вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд 10-24 насны хүмүүсийг өсвөр, залуу үеийнхэн гэж авч үздэг бөгөөд 23, 24 настай залуусыг шинжлэх ухаанд яг ч насанд хүрсэн хүн гэж үздэггүй. Энэ үед гэр бүл, сургууль болон эргэн тойрон дахь нийгмийн уур амьсгалын өөрчлөлтүүд, тулгамдсан асуудлууд нь сэтгэл санаанд маш ихээр нөлөө үзүүлдэг. Тэрхүү тулгамдсан асуудлуудыг давж чадахгүй, буцан эрүүл шинжиндээ орж чадахгүй байгаа үед сэтгэцийн эмгэгтэй болдог. Сүүлийн жилүүдэд эргэн хэвийн байдалдаа орох нь хүнд асуудал болоод байна.
Монгол улсын 14-16 насны өсвөр насны хүүхдүүд хийсэн судалгаанд энэ үедээ хүүхдүүд хорт зуршилд татагдаж, тулгамдсан асуудлуудад ихээхэн өртдөг нь тогтоогджээ. 30.5 хувь нь тулгамдсан асуудалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл, эрүүл мэндийн хувьд асуудалтай байна гэж судалгаагаар гарсан. Бид эдгээр хүүхдүүдийг асуудлуудаа зөв шийдэн буцан хэвийн болох тал дээр бид илүү их анхаарал тавьж, салбар бүрд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалтуудыг орох шаардлагатай юм.
Сэтгэцийн өөрчлөлт, эмгэг хэрхэн илэрдэг?
Хоёр үндсэн байдлаар илэрдэг гэж үздэг.
- Сэтгэл хөдлөлийн хувьд: Дотоод сэтгэл хөдлөлөөс үүддэг. Гоё муухай зүйлийг хараад баярлах, уйлах зэрэг нь үүний нэг хэлбэр юм. Сэтгэл хөдлөлтэй холбоотой эмгэг нь айдас, түгшүүр зэрэг сэтгэлийн хөдөлгөөний эмгэгүүд байдаг ба эмэгтэй хүнд илүү илэрдэг. Сэтгэл хөдлөл нь өөрчлөгдөх байдлаар сэтгэцийн эмгэг рүү ордог.
- Зан үйлийн хувьд: Гадаад үйлдлээр илэрнэ. Мансууруулах бодис, амиа хорлолт, тамхи, архинд донтох зэргээр эрэгтэй хүнд түлхүү илэрдэг. Үүнийг багаасаа сэтгэл хөдлөлөө гаргахад суралцаагүйн үр дагавар гэж үздэг.
СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДЛЫГ АРТИСТЫН НҮДЭЭР
Бид салбар салбарын артистуудтай хамтран, хамгийн түгээмэл бөгөөд онцлууштай найман төрлийн сэтгэцийн эмгэгээс аль нэгийг нь сонгуулж, өөрсдийн хөг онгод, төсөөлөл дүрслэлээ буулган бүтээл болгохыг урьсан юм. Манай артистууд сонгож авсан эмгэгийнхээ хүрээнд олон төрлийн баримт судалгаан дээр ажиллаж, уран бүтээлийн эрэл хайгуул хийсэн гэдгийг далимд онцолъё.
Specific phobia - Тодорхой нэгэн үйл явдал, эд зүйл, үйл ажиллагаа, хүнээс айх логикгүйгээр айдас төрөх эмгэгийг фобиа гэж нэрлэх бөгөөд айдас нь ихэвчлэн бодит гарч болох үр дүнгээс хавьгүй давсан зохиомол айдас байдаг.
Эргэн тойронд буй том жижиг гэлтгүй бүхий л зүйлстэй холбоотой эрсдэлүүдийг байнга өөрийн эрхгүй төсөөлөх нь асар их хэмжээний сэтгэлийн дарамт болдог. Ширээн дээр эсвэл газар хэвтэх хурц үзүүртэй зүйлс, унаж болох нүх гээд бүгдийг нь далд хийж хаахгүй л бол шууд л сэтгэлийн дарамт мэдрэх нь их хэцүү. Замаар гарч байхад, мөн машин барьж байхад толгойд үргэлж боломжит эрсдэлүүд эргэлдэнэ гээд бод доо.
Гэхдээ тэнэг сонсогдож магадгүй л дээ, би үүнээс сайн талыг нь харах гэж, мөн хэрэгтэй талаас нь ашиглах гэж их хичээдэг юм. Түрүүнд дурдсан бүх эрсдэлийг нөгөө талаас нь хараад үзье. Урд буй бүх эрсдэлийг өөрөө ч мэдэлгүй мэдрээд, тооцоолох нь бараг л супер хүчтэй адил биш гэж үү. Хэрвээ санаа зовнил ихтэй бол үүн шиг нөгөө талаас нь ашиглах гээд үзээрэй. Сэтгэлийн дарамт арай багасах байх.
ASD (autism spectrum disorder) - Аутизм нь хүний бусадтай харьцаж, нийгэмшихэд нөлөөлдөг тархины хөгжилтэй холбоотой эмгэг юм. Энэ эмгэг нь тодорхой зан үйлийг давтах, эсвэл хязгаарлах байдлаар илэрдэг
Аутизмын талаарх судалгаагаа хийж байх явцдаа ийм эмгэгтэй хүмүүс хөгжмийн зэмсгийг хэрхэн авьяаслаг тоглож буйг үзүүлсэн бичлэг олныг үзсэн. Маш гайхалтай, бахархмаар санагдсан шүү. The Peacocks-ийн уран бүтээлийг саксофонч найзтайгаа цуг, хэрэв би аутизмтай байсан бол гэж дотроо төсөөлөн тоглолоо. Энэ аяыг сонгосон шалтгаан нь надад янз бүрийн мэдрэмж төрүүлдэгтэй холбоотой.
Эхний зурган дээр би номин ногоон, бас бор өнгийг сонгон авч байгалийг илэрхийлэхийг оролдсон. Харин 2 дахь гар зурган дээр хашааг дүрслэн хараар ритм гаргаж өгсөн байгаа. Харин сүүлийн гар зурган дээр ритмийг байгальтай нийлүүлэх гэж хичээсэн юм. Эдгээр эмгэг илэрч байгаа хүмүүс яг л нэг, хоёр биетийг хооронд харьцуулж хоршилдуулан, нэг эгнээнд нь оруулах гэж эрмэлздэг юм шиг санагддаг учир байгаль ба хашаагаар илэрхийлэх гэж үзсэн нь энэ. Магадгүй эдгээр хүмүүс нар сарыг хөдөлгөж чаддаг байсан бол зэрэгцүүлэн байрлуулахыг оролдох байсан болов уу гэж бас төсөөллөө.
Depression (major depressive disorder)- Сэтгэл гутрал бол хамгийн түгээмэл сэтгэцийн эмгэг бөгөөд сэтгэл хямралтай удаан явснаас өдөр тутам хийдэг үйлдлүүдээ үзэн ядах, өөртөө итгэлгүй болох, үргэлж гуниглах, бие шалтгаангүй өвдөх, идэвхгүй болох байдлаар илэрдэг.
Яг л хэн нэгэн ирээд эндээс намайг гаргах юм шиг хүлээлт тээн сөхрөн хэвтэнэ. Мөн газраас удаанаар, уян гэгч нь босож байгаа нь хэн ч намайг аврахгүйг өөртөө итгүүлэн зовлон шаналалтайгаа арай гэж тэмцэн босож сэтгэлийн цонхоороо гарахыг хүсэж байгаагийн илэрхийлэл. Энэ үед хэн нэгэн намайг аврах байтугай би өөртөө ч тусалж чадахгүй ч байгаль эх дэлхий, нар л биднийг илч гэрлээрээ гийгүүлэн аврах болно гэсэн санааг тусгалаа. Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ салшгүй хүйн холбоотой.
Нэг үгээр бол эрч хүч, урам зоригийг хэн нэгэн хүнээс хүлээхийн оронд илч гэрлээрээ төөнөгч нарнаас авч болно гэсэн санааг өчүүхэн миний бие гаргахыг оролдлоо.
Schizophrenia - Солио өвчнөөр өвдсөн хүмүүс бодит байдлыг хэвийнээр хүлээн авах чадваргүй болдог бөгөөд эрүүлээр сэтгэж, сэтгэл хөдлөлөө удирдах чадамжгүй болсны улмаас хий юм харж, сонсож төөрөгдөлд ордог байна.
Өөрийн зүгээс судалгаагаа эхлүүлээд хүмүүст яаж хүргэвэл эмзэг тусахгүй байх вэ гэдэг талаас нь их бодож бүтээлээ гаргалаа. Тэгтэл судалгааны үед алдарт Дисней анимэйшн бүтээлүүдээрээ дамжуулж хүүхдүүдэд багаас нь мэдээлэл өгөх зорилго тээдгийг олж мэдсэн юм. Тэр бүтээлүүдийн нэг нь "Alice in Wonderland" болж таарсан. Тус анимэйшинд гардаг ихэнх дүрүүд сэтгэцийн эмгэгтэй дүрүүд буюу тэдгээрийг төлөөлсөн байдаг нь сонирхолтой. Бүр анимэйшний өөрийн нэрээр нэрлэгдсэн сэтгэцийн эмгэг байдаг болж таарсан нь бүр ч сонирхол татав.
Энэ дундаас гол дүр болох Алиса маань өөрөө "Paranoid Schizophrenia" буюу хий юм сонсох гэх мэт өөрчлөлттэй, модон дунд явж байхад таардаг муур болох "Cheshire Cat" харин "Schizophrenia" гэх өвчтэй гэдэг онол, судалгаануудыг олж уншсанаар тус анимэйшний дээрх 2 дүрийг сонгож аван бүтээлээ хийлээ. Зургийн үндсэн өрнөлд хий юм сонсох болон муурын алга болдог 2 хэсгийг нэгтгэн айдаст автсан Алисаг дүрслэн харуулсан бол зургийн доод хэсэгт мөн мөөгөн дээр суусан шишачин 60 хөлтийг дүрслэн амнаас гардаг утаан үсгээр өөрийн нэрийг бичин оруулав.
Зургийн дээд хэсэгт “Alice in?” гэсэн бичиглэлийг хамгийн сүүлд хийв. Энэ мэдээллүүдийг уншаад тэр үнэхээр Гайхамшгийн оронд байсан гэж үү гэдэг бодол өөрий эрхгүй төрөн, эргэлзээнд автуулсан учраас асуултын тэмдгийг шигтгэж өглөө.
Өөрөө мэдрэх
Энэ сэдвийн талаар сонирхон уншиж байгаа, эсвэл сэтгэл зүйн асуудалтай байгаа хүмүүст визуал төсөөлөл өгч, илүү ойлгуулахын тулд зарим нэг кино, дуу, номыг бид онцолж байна.
Бүр сэтгэл зүйн асуудалтай байгаагүй, дээр бичсэн зүйлсийг төдийлөн хүлээж авч чадахгүй байгаа, эсвэл сэтгэл зүйн асуудалтай ч юу болоод байгаагаа ойлгохгүй байгаа хүмүүст энэ хэсгээ бид зориулав. Хайр дурлал артистуудын мөнхийн сэдэв байдаг шиг сэтгэл гутрал, сэтгэлийн шаналал гэх мэт сэтгэл зүйн асуудлууд ч үүнтэй зэрэгцэн үргэлж хөндөгдөж ирсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш.
Кино








Дуу






Зураг




Өөрөө судлах
Энэ хүртэл сонирхон уншсан танд баярлалаа.
Хэрэв та сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэцийн түгээмэл өвчнүүдийн талаар анхан шатны ойлголттой болж чадсан бол танд сэтгэлзүйн нөхцөл байдлаа тодорхойлох тестийг бөглөж үзэж, үргэлжлүүлэн энэ сэдвийн талаар судлахыг санал болгож байна. Уншигч танд амар болгох үүднээс зарим нэг чухал холбоосуудыг энд нэгтгэв.
Өөрийгөө үнэлэх сэтгэл зүйн тест - Монгол, Англи
Хууль - Сэтгэцийн эрүүл мэндийн тухай (Шинэчилсэн найруулга)
Судалгааны ажил - Mental Health in Mongolia (S. Byambasuren, G. Tsetsegdary, 2005) | Mental Health Infrastructure In Ulaanbaatar (Mini Saraswati, 2008) | Сэтгэцийн эмгэг өвчнүүд тэдгээрийн оношлогоо ба эмчилгээний аргуудын талаар Герман Монгол дахь харьцуулалт, Эрдэнэтуяа
Үргэлжлүүлэн унших нийтлэл, сонсох подкаст, үзэх бичлэгүүд
Судлах: Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (fifth edition)
Ойлгох: Mental Illness: Is There Really a Global Epidemic?
Ухах: Performant Mental Health, 5-part series
Энэхүү контент нь Posted.mn сайтад анхлан нийтлэгдсэн бөгөөд платформын нүүлгэн шилжүүлэлтийн явцад зочдын зураг, дүрслэлүүд устсанд редакцын зүгээс хүлцэл өчье.
Unread Media

Сэтгэгдэл бичих

