Та иогийн тухай хэдэн нийтлэл олж уншаад, өөрөө туршиж үзэхээр шийджээ. Иогийн гудас, биед эвтэйхэн өмд олж аваад ойрхон сургалт хайж очно. Гэвч сургалтын өрөө рүү яваад ортол бусад хүмүүс тухтай нь аргагүй иог хийж байгааг хараад нэг л эвгүй санагдаад явчихлаа. Зүрх тань хурдан цохилж, гар чичрээд “Би энд юугаа хийж байгаа юм бол?” гэсэн бодол төрөх вий.
Сул дорой санагдуулсан энэ мэдрэмжээс үүдээд та хурдхан гэртээ хариад, хөнжлөө толгой дээгүүрээ давуулж бусдын шүүмжлэлт нүднээс зугтмаар болж ч мэднэ. Тэгвэл Хьюстоны их сургуулийн профессор, сул дорой эмзэг байдлын судлаач Брене Браун танд тэр хаалгыг татаад, эрүүл чийрэг болохын төлөө өөрийгөө сорихыг зөвлөх аж.
Брене Браун нь Хьюстоны их сургуулийн нийгмийн ажилтны ангийг төгссөн, судлаач, профессор бөгөөд "Нью-Йорк Таймс"-аас шилдгээр нэрлэгдсэн “Daring Greatly: How the Courage to Be Vulnerable Transforms the Way We Live, Love, Parent, and Lead” номын зохиолч юм. Тэрээр сүүлийн 20 гаруй жилийг хүний мэдрэмж, тэр дундаа эмзэг, сул дорой байдал, зориг, ичгүүр болон сэтгэл ханамжийн тухай судлахад зориулжээ. 2010 онд TEDx Houston арга хэмжээн дээр тавьсан “Эмзэг байдлын хүч” илтгэл нь үзэлтээрээ TED talks-н шилдэг аравт багтаж олон мянган үзэгчдэд өөрсдийгөө ойлгоход нь тусалсан билээ.
Дэлхий дахин технологийн ачаар өөрчлөгдөж байгаа ч хүний харилцааны үндсэн элементүүд өөрчлөгдөөгүй хэвээр. Энэ дунд ихэвчлэн тоогдолгүй орхигддог эмзэглэл, эр зориг, ичгүүр болон бусдыг ойлгож мэдрэх чадвар нь хүн төрөлхтний хувьд юугаар ч орлуулшгүй ач холбогдолтой хэмээн Брене онцолдог.
Тэрээр том хот болон далайн эрэг орчимд амьдардаг хүмүүс сэтгэлзүйн хувьд илүү сул, эмзэг байгааг анзаарч, нарийн судлах болжээ. Насанд хүрэгсэд амьдралын тодорхойгүй, ээдрээтэй нөхцөл байдалтай тулгарч, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх төрөл бүрийн эрсдэл, сорилтой учирдаг. Угаас ийм байхад сэтгэлээ бүрэн нээх нь гудамжны, дүрэмгүй тулаанд оролцох гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Сул дорой байдал
Vulnerability буюу “эмзэг, дорой” гэх утга бүхий энэ үгийг “зүрх сэтгэлээ нээлттэй байлгах” гэвэл илүү оновчтой байж мэднэ. Өдөр тутмын харилцаанд үнэн байдлаа илэрхийлэх, асуудлуудтай зоригтойгоор нүүр тулах нь тийм ч хялбар биш. Гэхдээ асуудлаас бултаж, эрсдлээс зугтсаар байвал үр дүнд хүрч чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, алдахаас эмээгээд байвал шинэ санаачилга гарахгүй.
Зүрх сэтгэлээ нээх нь нийгмийн харилцаанд удирдан чиглүүлэх, манлайлахад маш чухал. Хэн нэгнийг болзоонд урихаас эхлээд эцэг эх болох, хамт олноо уриалах гэх мэтчилэн, бидний амьдралд удирдан манлайлах шаардлага байсаар байх болно. Өөрийн төгс бусыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө илүү таньж мэдэхийг хэлж буй. Хүн төгс төгөлдөрт тэмүүлэх тусмаа хүмүүн төрөлтний, ахин давтагдашгүй эмзэг мэдрэмжүүдээ хааж орхидог. Өөрийн эмзэг, сул дорой байдлыг хүлээн зөвшөөрөхөд мэдээж зориг шаардагдана. Хүмүүс бид нэг нэгийгээ зориглохыг хүлээсээр, өөрөө тэрхүү зоригийг гаргахаас айсаар байх нь бий. Ахин дахин туршиж, бүтэлгүйтэж, хэн нэгэнд гологдож, орхигдох нь аймаар ч гэсэн бууж өгөлгүйгээр үргэлжлүүлэн туршсаар байх нь цаашдаа хүлээн зөвшөөрөгдөх, хайрлаж бас хайрлуулахад маш чухал юм.
Эмзэг байдлаа нээж, зохицуулах нь
"Эмзэг байдал" гэдэг нь “тодорхойгүй байдал, эрсдэл, сэтгэлээ илчлэх” гэсэн гурван зүйлийг илэрхийлдэг хэмээн Брене Браун нэвтрүүлэгтээ ярьжээ. Мэдээж өөрийнхөө эмзэг, сул талаа илчлэхдээ хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Жишээ нь, хамтран үүсгэн байгуулагчтайгаа уулзахдаа цаашид юу хийх, яахаа мэдэхгүй байгаагаа шууд хэлж орхивол тэднийг айлгах нь ойлгомжтой. Эсвэл юу юугүй хамаг сэтгэл хөдлөлөө сошиал медиа дээр хуваалцах ч Бренегийн яриад байгаа “сэтгэлээ илчлэх” гэдэг нь биш аж.
Сэтгэл хөдлөлөө илрүүлэн гаргахын гол давуу тал нь өөртэйгөө үнэнээрээ байх боломж юм. Удирдаж манлайлна гээд анхаарлыг үргэлж өөр дээрээ байлгана гэвэл өрөөсгөл. Ийм төрлийн удирдагч эргэн тойрныхоо хүмүүсийн юу хүсэж буйг огт тоохгүй, шавар бурхан шиг суухыг илүүд үзнэ. Сайн удирдагч бусдынхаа дараагийн зорилго нь юу вэ, ямар үед нь туслах вэ гэдгээ мэддэг.
Хүмүүст хандаж ярихдаа тэднийг "бусад" гэж харахаас илүү, "би та нарын нэг" гэж үзвэл яриа илүү үр дүнтэй болох аж. Юу бодож, хэрхэн шийдвэрт хүрсэнийг мэдэх тусам хүмүүс хэлэх гэснийг тань илүү гүн гүнзгий ойлгож авна. Гэхдээ сэтгэлийн угт буй зүйлсээ дэлгэн гаргахдаа зөв хүмүүстэй хуваалцаж байгаа эсэхээ анхаараарай.
Ичгүүрээ хүлээн зөвшөөрч, зориг зүрхээ бадраа
Ичгүүр бол хүмүүсийн эмзэг байдал, сул талаа илэрхийлж чаддаггүйн гол шалтгаан юм. Бид алдаа дутагдлыг маань хүмүүс хараад ихэрхэж, гоочлохоос эмээдэг. Үүнд жендэрийн нийтлэг хэвшмэл ойлголт ч нөлөөлдөг. Жишээ нь, эмэгтэйчүүд бусдад үргэлж таалагдах дарамтад байх нь түгээмэл бол харин эрчүүдийн хувьд сул дорой харагдах вий гэх айдас түгээмэл гэх мэт.
Цаг үеэ дагаад байдал өөрчлөгдөж байгаа ч эмэгтэйчүүдийн хувьд завиа хангалттай донсолгож зүрхлэлгүй дундаж түвшинд барьсаар дуусдаг, эрчүүд өөртөө илүү итгэлтэй хэвээр л байна. Сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмжээ дарах нь өөрийгөө удирдан чиглүүлэх чадварт нөлөөлөх нь бий. Брауны хэлж буйгаар, “Хүний өөрийгөө хэрхэн үнэлж байгаа нь зорилгоос нь харагддаг”. Өөрөөр хэлбэр, том зорилготой байх тусмаа өөрийгөө түүнд хүрэх эрхтэй хүн гэж мэдэрдэг гэж тайлбарлаж болох юм.
Хэрэв та удирдан манлайлах ажил хийдэг бол эмзэг байдлаа илчлэн гаргана гэдэг танд өөрийгөө учир зүггүй нүцгэлж байгаагаас ялгаагүй санагдаж магадгүй. Аль ч хүйсийн удирдагчийн амжилтын түлхүүр нь “хэнэггүй” байх буюу баргийн зүйл дээр гомдож, тунихгүй байх хэмээн Брене Браун онцолжээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд зориггүй үедээ эрчүүд шиг “зүгээр л зоригтой” байхыг хүсдэг гэж хариулсан нь дээрхийн тод жишээ юм. Эмэгтэйчүүд тохь тухаа олчхоод зоригтой болно гэж бодох нь бий ч энэ нь бодит байдал дээр хэрэгжүүлэхэд тун бэрх.
Зоригтой байх нь өөрт тийм ч тухтай мэдрэмж биш, харин ч тухгүй байх нь хэвийн гэдгийг ойлгох хэрэгтэй аж. Ямар ч ирмэгт тулсан бай хийх ёстой зүйлээ л хийх нь зориг санжээ. Мэдрэмжтэй удирдагч авьяаслаг, чадварлаг нэгэнд сайн хийж чадах зүйлээ хийх орон зайг нь өгч чаддаг ба зоригтой байсных нь төлөө шагнаж, урамшуулахын ач холбогдлыг ойлгодог.
Айдсаа үргээж, үнэн сэтгэлээсээ манлайл
Ямар ч зүйлийг шинээр эхлүүлэхэд амаргүй. Гэвч Брауны хэлж буйгаар, хийж буй зүйл тань утга учиртай цагт тэрхүү тогтворгүй мэдрэмжийг зориг зүрх тань даваад л гарах учиртай. Эр зоригтой байх тусам та өөрийгөө хэн гэдгийг мэдэж авна. "Удирдаж, манлайлах гэдэг дандаа тухтай, жаргалтай байна гэсэн үг биш. Үргэлж зөв байх, үргэлж “асаалттай” байх тухай ойлголтоо орхих хэрэгтэй" хэмээн Брене Браун сануулж байна.

Сэтгэгдэл бичих

