Бид ирэх лхагва гарагт буюу зургаадугаар сарын 9-нд улсынхаа зургаа дахь ерөнхийлөгчийг сонгох гэж буй. Энэ дагуу "А-Я үсгэнд" цувралынхаа ээлжит дугаарыг ерөнхийлөгчийн сонгуульд зориулж байна.


А бол амралтын өдөр 

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 8.2-т сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Сонгуульдаа оролц хэмээн улсаас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгодог гэдгийг санаж идэвхтэй оролцохыг уриалъя. Иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх энэ боломжийг бүү алдаарай.

Б бол бэлгэдэл төдий юү? 

Ерөнхийлөгчийн албыг бэлгэ тэмдгийн шинжтэй гэх нь бий. Гэхдээ Үндсэн хуулиар ерөнхийлөгчид цөөнгүй эрх олгогдсон байдаг. Ерөнхийлөгч бол УИХ-ын баталсан хууль, шийдвэрт хориг тавих, бүрэн эрхэд нь хамаарах асуудлаар засгийн газарт чиглэл өгөх, уучлал үзүүлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, бүх нийтийн болон хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах гэхчлэн өргөн хүрээний эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжтой, өндөр хариуцлагатай алба билээ.

В бол вирусээс хамгаал

Ардчилсан сонгуулиа явуулж байгаа нь сайн хэрэг ч шинэ коронавирусийн халдварын эрсдэлтэй үед өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөөрэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор мөрдөх түр журамд сонгогч санал авах байранд орох үед биеийн халууныг зайнаас хэмжиж, гар ариутган оруулах, орсон хойно хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа бээлий өмсөж саналаа өгөх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг тодорхой тусгажээ.


Г бол гадаад дахь сонгогчид

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын 122 мянга гаруй иргэн гадаад улсад оршин суугаа бөгөөд тэд зөвхөн тухайн улсад байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой. Гадаад дахь сонгогчид өнгөрсөн сарын 30-нд саналаа өгсөн юм. Технологи өндөр хурдтай хөгжиж буй энэ цаг үед биечлэн санал өгөх бололцоогүй иргэдийн саналыг цахим хэлбэрээр цуглуулбал олон хүмүүсийн сонгох эрхийг баталгаажуулах чухал үйл явдал болох билээ. Эстони улс л гэхэд 2005 оноос хойш сонгууль өгөх үйл явцыг зөвхөн биеэр очиж өгөх бус онлайнаар өгөх боломжийг нээсэн бөгөөд 2015 онд гэхэд нийт сонгогчдын 30 гаруй хувь нь онлайнаар сонгуульд оролцжээ.

Д бол дипломат

Улсын тэргүүн дипломатын хувиар Ерөнхийлөгч идэвхтэй гадаад бодлого явуулж, улс орны нэр хүндийг өргөх, чухал харилцаа холбоог тогтоох, бэхжүүлэх бүрэн боломжтой. Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татдаг. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нарын мөрийн хөтөлбөртөө үндэсний гадаад паспорттай иргэдийн визгүй зорчдог орнуудын тоог нэмэгдүүлнэ хэмээн тусгасан бол ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат олон улсын дээд хэмжээний уулзалтууд, хурал, бусад хамтарсан арга хэмжээг хүлээн авч зохион байгуулах ажлыг тогтмолжуулахыг онцлон тусгажээ. Дэлхийн тавцанд улсаа төлөөлөх тул олон улсын харилцааны өргөн мэдлэг, ойлголттой хүн байваас зохилтой.

Е бол ерөнхий хороо 

УИХ, ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийг явуулж, ард түмний санал асуулгыг зохион байгуулдаг төрийн байгууллага бол Сонгуулийн Ерөнхий Хороо билээ. Тус хорооны хараат бус есөн гишүүний тавыг УИХ-аас, хоёрыг нь ерөнхийлөгч, үлдсэн хоёрыг нь Улсын Дээд шүүхээс санал болгож, УИХ зургаан жилийн хугацаатайгаар баталдаг. Сонгуулийг амжилттай зохион байгуулах нь төрийн бүх шатны албан хаагч, хөндлөнгийн байгууллага, ажиглагчид гэхчлэн олон талын хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм.


Ё бол ёс зүй 

Ёс зүйтэй өрсөлдөх тухай сонгууль бүрд яригддаг ч тэр бүр шударга, ёс зүйтэй явагдах нь үгүй. Тухайн албатай холбоогүй асуудлаар дуулиан шуугиан дэгдээж, бие биеэ харлуулж муулах, башир арга хэрэглэн давуу тал үүсгэх зэрэг зохисгүй үйлдлүүд иргэд, тэр дундаа залуус сонгуулиас халшран “зугтах” шалтгаан болдог гэвэл буруудахгүй биз ээ. Энэ удаагийн сонгууль энэ тал дээр өмнөх сонгуулиудтай харьцуулахад илүү давуу, тайван явагдаж буйг онцлууштай.

Ж бол жанжин

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Өөрөөр хэлбэл, манай улсын тэргүүн жанжин юм. Ерөнхийлөгч эрх, үүргийнхээ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх захирамж гаргах боломжтой. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилж, чөлөөлдөг.

З бол зардал

Сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансаа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш нээх боломжтой байдаг бөгөөд сонгуулийн зардлаа намаас, хувиас, хандиваар гэсэн гурван эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой. Нэр дэвшигчийн сонгуулийн дансанд цуглах хөрөнгийн хэмжээг тусгайлан хязгаарладаггүй ч, тухайн сонгуульд зориулан зарцуулах зардлын дээд хэмжээг нь Монгол Улсын ерөнхий аудитороос сонгууль бүрийн өмнө нэгдсэн байдлаар тогтоож өгдөг байна. Энэ жилийн сонгуулийн хувьд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоосон. Сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

1993 оны анхны ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв 40 сая төгрөг байсан бол энэ удаагийн сонгуулийг 26 тэрбум төгрөгөөр зохион байгуулж буй. Өөрөөр хэлбэл, 28 жилийн хугацаанд бидний төрийн тэргүүнээ сонгох төсөв 650 дахин өссөн байна.


и бол ирц

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын тоо 1993 оноос хойш алгуурхнаар буурсаар 2017 оны сонгуульд нийт сонгогчдын 62.85 хувь нь оролцсон байна. Анх 1993 онд Ерөнхийлөгч П.Очирбат сонгогдоход ирц 92.7 хувьтай байв. Өнгөрсөн долоон удаагийн сонгуулийн ялагчид дунджаар 54.6 хувийн саналаар ялалт байгуулжээ. Нэр дэвшигчдийн аль нэг нь сонгогчдоос 50%+1 санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчдийн дунд хоёр дахь удаагийн санал хураалт зохион байгуулна гэж

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан. Хэрэв хоёр дахь санал хураалтаар хэн нь ч олонхын санал аваагүй бол дахин сонгууль явуулдаг. Ингэхдээ намууд шинэ нэр дэвшигчдийг дахин тодруулах ёстой.

к бол кампанит ажил

Сонгуульд нэр дэвшигчид хэрэгжүүлэх бодлого, зорилтоо танилцуулж, сонгогчдын анхаарлыг татаж, улмаар өөртөө санал өгүүлэх зорилготой арга хэмжээг кампанит ажил гэнэ. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа өнгөрсөн сарын 24-нд эхэлсэн, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 7-нд дуусах ёстой бөгөөд одоо нэр дэвшигчид кампанит ажлаа ид өрнүүлж байна. Улсаас өгөгдсөн хоёр долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчид сурталчилгаагаа явуулах ёстой ч албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд хэлбэрээр давуу талыг нь дөвийлгөн харуулж, нэр дэвшигчийнхээ дэмжлэг, нэр хүндийг илэрхий сурталчлалгүйгээр өсгөх боломжтой. Британийн 41 дэх Ерөнхий сайд Уильям Гладстон (1878-1880), АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям МакКинли (1896) нар өдгөө бидэнд ижил дасал болсон “кампанит ажил”-ын үндэс суурийг тавьсан гэж үздэг.

Л бол лидер

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Хэдхэн хүний бүрэлдэхүүнтэй цомхон старт-апаас авахуулаад үндэстэн дамнасан корпораци, улс орныг удирдаж буй лидер бүхний хийх хамгийн чухал ажлын дээгүүрт өөрсдийн ажилтан, ард түмнээ нэг зүг рүү тэмүүлсэн, нэгдмэл мөрөөдөлтэй болгох ажил багтдаг. Үзэл санааны лидер гэдэг утгаараа Ерөнхийлөгч өөрийн албан тушаалынхаа хугацаанд нам бус хөндлөнгийн субьект байж, ард түмнээ нэгдмэл нэгэн цул байлгахад анхаарах ёстой билээ. Тиймдээ ч сонгогч бид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс Засгийн газрын гүйцэтгэх үүргийг нэхэх бус хэрхэн иргэдээ нэг алсын хараа, мөрөөдөлтэй байлгах вэ, түүний төлөө юу хийх вэ гэх асуултыг асуух нь зүйтэй мэт. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг угтаа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх нэгнийг сонгох бус төрийн нэгдмэл бодлогыг хангах лидерийг сонгож буй сонголт юм шүү.


М бол мөрийн хөтөлбөр

Тухайн нэр дэвшигч ерөнхийлөгчийн хариуцлагатай албанд сонгогдвол ямар бодлогыг нэн тэргүүнд тавих, ямар хуулийн төсөл өргөн барих, хааш анхаарал хандуулах вэ гэдгээ мөрийн хөтөлбөрөөрөө танилцуулж буй тул сонгогч бид нэг бүрчлэн, анхааралтай уншваас зохилтой. Товчхондоо, мөрийн хөтөлбөр гэдэг ард түмэнтэйгээ хийж буй ерөнхийлөгчийн гэрээ юм. Таны санааг зовоож, анхаарлыг тань татаж буй сэдвийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгааг харах нь хариуцлагатай сонголт хийх үндэс болно. 31% буюу 18-25 насны залуусын ердөө гуравны нэг нь сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөртэй сайн эсвэл маш сайн танилцдаг гэх өнгөрөгч сонгуулийн дараа хийгдсэн судалгааны дүн бий. Энэ бол нэн хангалтгүй үзүүлэлт билээ.

Мөрийн хөтөлбөрүүд үзэх: МАН | АН | Зөв Хүн Электорат

Н бол нэг тойрог

Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болно. Тойрог нь дотроо хэсэгт хуваагддаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороодыг бүрэн байгуулах тухай заасны дагуу бэлтгэл ажил хангагдсан бөгөөд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, есөн дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 19 мянга орчим төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажилахаар тогтжээ.

О бол оролцоо

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг сая 353 мянган хүн санал өгсний 211 мянга нь 18-25, 508 мянга нь 26-40 насны сонгогчид байв. 18-40 насны залуусын 68 хувь нь санал өгсөн буюу энэ насны гурван хүн тутмын нэг нь санал өгөөгүй гэсэн үг юм. Өдгөө дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош насныхан эзэлж байгаа хэр нь багахан хувь нь улс төрийн шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй байна. Залуусын улс төрийн идэвх оролцоо сул учир хэдий ахмад иргэдийн эзлэх хувь бага ч гэлээ тэдний сонголтоор сонгуулийн дүн шийдэгддэг тал бий.


Ө бол өмч хөрөнгө 

Өнгөрсөн сарын сүүлчээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо мэдүүлсэн. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 1.69 тэрбум төгрөг бүхий хадгаламжтай бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 164 сая төгрөг, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат 40.5 сая төгрөгийн хадгаламжтай гэнэ. У.Хүрэлсүх 284 сая төгрөгийн үнэ бүхий гурав, С.Эрдэнэ 352 сая төгрөгийн үнэ бүхий гурван тээврийн хэрэгсэлтэй бол Д.Энхбат өөрийн нэр дээр машингүй гэж мэдүүлжээ. Орон сууцны тухайд, У.Хүрэлсүх - 162.4 сая (хоёр орон сууц), С.Эрдэнэ - 391 сая (гурван орон сууц), 900 сая (хоёр орон сууц) гэсэн дүн тусгагдсан байна. Урьд эрхэлсэн ажил, албан тушаал зэргийг нь бодолцон, ХОМ-тэй тулган тунгаах нь чухал.

Хөрөнгө орлогын мэдүүлэг үзэх

п бол панаалдаад л байна уу даа

Та ерөнхийлөгч ямар эрх мэдэл хэрэгжүүлдгийг мэддэг бол ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс юу хүлээж болохыг мэднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтуудыг биелүүлэх бодит боломж бололцоо нь хэр вэ гэдгийг ойлгож, аль нь "тэнгэрийн" амлалт вэ гэдгийг таних юм. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог ч гэлээ эрх мэдэл нь хязгаарлагдмал гэдгийг санаарай. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд нийгмийн асуудлыг шийдэх хууль санаачлах боломжтой.

Хөтөч: Монгол Улсын Ерөнхийлөгч ямар эрх хэрэгжүүлдэг вэ?

Unread

Р бол реклам

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох хуультай. Сурталчилгааны хугацааг 14 хоног байхаар заасан бөгөөд нэр дэвшигчид хуулийн хүрээнд ухуулах байр ажиллуулж, материал хэвлүүлэн тарааж, байрлуулж, таних тэмдэг, уриа ашиглаж, уулзалт, хурал, цуглаан хийж, радио, телевиз, сонин, сэтгүүл, цахим орчин ашиглах боломжтой байдаг. Сонгуулийн сурталчилгааны ажлыг нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага буюу штаб нь эрхлэн явуулдаг. Богино хугацаанд боломжтой бүхий л сувгаар өндөр давтамжтай явагддаг их сурталчилгаа дунд сонгогч төөрөлдөж, аль ч мэдээлэл нь хоногшиж үлдэхгүй байх талтай.


с бол сонгох, сонгогдох эрх

Сонгох, сонгогдох эрх бол ардчилсан нийгмийн амин сүнс юм. Сонгуульд оролцох, нэр дэвших гэдэг бол энэхүү үнэт эрхээ хэрэгжүүлж буй хэрэг билээ. Сонгогч саналаа хөндлөнгийн нөлөөгүйгээр, нууцаар өгөх боломжийг улсаас хангах бөгөөд эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа хүмүүсээс бусад бүх иргэд үндэс, угсаа, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэгээс хамаарахгүйгээр сонгох эрхтэй. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтоодог.

Т бол төрийн албан хаагч

Ерөнхийлөгч бол улс орны хамгийн хүндтэй албан тушаал болох төрийн гурван өндөрлөгийн нэг хэдий ч нөгөө талдаа татвар төлөгчдийн асуудлыг шийдвэрлэх учиртай мянга мянган төрийн албан хаагчдын нэг билээ. Улсын төсвийг бүрдүүлж буй нийт иргэддээ шаардлагатай үйлчилгээ үзүүлж, түүнийхээ төлөө төрөөс цалин хөлс авч буй нэгнийг товчхондоо “төрийн албан хаагч” гэж нэрлэдэг. Монгол Улсын төрийн тэргүүн ч энэхүү тодорхойлолтод багтах улс төрийн албан тушаалтан. Тиймдээ ч өөрийг нь сонгосон иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэх нь түүний гүйцэтгэх ажлууд дундаас хамгийн чухал нь гэдгийг санууштай. Сонирхуулахад, Ерөнхийлөгч төрийн бусад албан хаагчидтай ижил төсвөөс цалинждаг бөгөөд сарын цалин нь дунджаар 5.5 сая төгрөг байдаг аж.

У бол улстөржихгүй ээ, би

“Чи улс төр оролдохгүй бол улс төр чамайг оролдоно” гэдэг, Эртний Грекийн улс төрийн нэрт зүтгэлтэн, жанжин Периклийн үгийг бүгд л мэдэх биз. Сонирхсон сонирхоогүй, оролцсон оролцоогүй улс төр амьдралд нь нөлөөлнө гэсэн санаа. Хэрэв нэгэнт л амьдралд тийм нөлөөтэй юм бол өөрийнхөө үзэл санааг шингээж, дуу хоолойгоо өргөвөөс зохилтой, тийм үү? Сонгуульд санал өгнө гэдэг “улстөржиж” байгаа хэрэг огтхон ч биш. Чухамдаа санал өгөх бол улс төрийн оролцооны наад захын хэлбэр юм.


Ү бол үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт

2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн даган мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа л сонгодог болсон билээ. Товчхондоо, ирэх сарын 9-ний санал хураалтаар сонгогдох (нэг удаагийн санал хураалтаар тодорно гэж тооцвол шүү дээ) ерөнхийлөгч зургаан жил алба хаших юм.

Ф бол фракц

"Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ", "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ" гэх заалтууд хуулинд бий. Тайлбарлах нь илүүц биз ээ. Сонгогдсон эрхэм ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлэх, гишүүнчлэлээс гарах ёстой.

Х бол хуурамч, худал мэдээлэл


Цар тахлын үед явагдаж буй гэдгээрээ онцлогтой энэ жилийн сонгуулийн гол "тулаан" сошиал медиа платформууд дээр өрнөх нь ойлгомжтой. Тиймээс сонгуультай холбоотой, үнэн худал нь мэдэгдэхгүй их мэдээлэлд живэхээс сэргийлж, аливаа сурталчилгаа, суртал, ухуулгад хэрсүү хандаж, баталгаатай, баримттай эсэхийг нь нягталж үзэж гэмээнэ сая ой тоондоо тогтоож аваарай. Баримтыг нягтлах нь интернэтийн эрин үед тийм ч хэцүү ажил биш. Сонгуулийн үеэр олон мянган хуурамч хаяг нээгдэж, нэр дэвшигчдийн зураг, бичлэгийн элдэв эвлүүлэг хаа сайгүй цацагдан, хөлсний бичээчид үнэнд огтхон ч нийцгүй сэтгэгдлүүдийг пост доор үлдээх гэх мэтээр нэр дэвшигчдийг харлуулж харагдуулахын төлөө “дайтдагийг” бид бэлхнээ мэднэ. Сонгогчид хуурамч, худал мэдээллийг ялгаж нягтлаад дадчихвал сонгууль илүү цэвэр, соёлтой явагддаг болох нь гарцаагүй.


ц бол цэнхэр дээлээ өмс 

Ахмад настнууд сонгуульд санал өгөх өдөрт ихээхэн ач холбогдол өгч, сайхан дээл хувцсаараа гоёж, одон медалиа зүүн очдогийг бид мэднэ. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр залуус үндэсний дээл хувцсаараа гоёцгоосон билээ. #ДээлтэйСаналааӨглөө уриалгын дагуу дээл өмссөн залуусын зураг сошиалаар тархахад залуу сонгогчдын сэтгэл сэргэж, явахаар төлөвлөөгүй нэгэн ч гарч сонгуульдаа оролцох сэдэл төрүүлсэн болов уу. Энэ удаад ч бас яагаад болохгүй гэж?

Ч бол чих тавь

Сонгуулийг угтан олон нийтийн дунд, цахим орчин, телевиз радио гэхчлэн "бүх фронт"-од явагдаж буй мэдээллийн их урсгалаас үнэн зөв мэдээллийг шүүн тогтоож авах хэрэгтэй хэмээн бид дээр сануулсан. Гэвч тэглээ гээд бусад бүх мэдээллийг огт хайхрахгүй орхи гэсэн үг биш шүү. Ямархуу худал хуурамч мэдээлэл хэрхэн түгэж байгааг анзаарах нь сонгуулийн эргэн тойронд өрнөж буй улс төрийн динамикийг ойлгох, нэр дэвшигчид, түүний төлөөлж буй нам эвслийн тухай тодорхой ойлголт авахад туслах юм.

Ш бол шүүх

Ардчилсан нийгмийн нэгэн баталгаа болох шүүх засаглалын байгууллагад Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд нөлөөлөх эрхтэй. Гэвч шинэхэн үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүний нэлээд олон эрх хязгаарлагдсаныг та мэдсэн үү? Өмнөх хуулиар Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгч нарыг томилох, Үндсэн хуулийн Цэцийн гурван хүнийг өөрийн зүгээс нэр дэвшүүлэх эрхтэй байсан бол одоо зөвхөн дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн томилох хязгаарлагдмал эрх мэдэлтэй болсон юм.


Э бол эв нэгдэл

Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн хуульд тодорхой заасан байдаг. Гадаадад ч, дотооддоо ч монгол түмний эв нэгдлийг илэрхийлэх, төрт улсын тэргүүн гэдгээ цаг үргэлж санах учиртай. Иймд Засгийн газартай эрх мэдэл булаацалдалгүйгээр, харилцан уялдаж, ойлголцож ажиллах нь чухал. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй.

ю бол юун сонгууль

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил оргил үе дээрээ ирсэн энэ цаг үед нэр дэвшигчдийн талаарх халуун яриа хаа саагүй өрнөж, цахим орчинд эгээтэй л дайн болох нь холгүй сонгогчид хэдэн талд хуваагдаад буй. Гэхдээ энэ бүх шуугианы нөгөө талд “юун сонгууль”, “улс төр надад огтхон ч хамаагүй” гэх үзэлтэй залуус ч цөөнгүй бий. Өнгөрөгч УИХ-иар сонгуулиар 18-25 насныхан 62 хувийн ирцтэйгээр сонгуульд оролцсон нь өмнөх жилүүдийнхээс өссөн дүн ч ерөнхийд нь авч үзвэл хамгийн идэвх муутай насны бүлэг хэвээр буй (41-55 насны ирц 83 хувь байсан). Нийт сонгогчдын бараг тал хувийг (18-35 нас 44.5%) идэр насныхан бүрдүүлдэг манайх шиг улсад залуусын улс төрийн оролцоо ус, агаар мэт чухал. “Муу удирдагчдыг саналаа өгөөгүй сайн иргэд өөрсдөө сонгодог” гэх үг байдаг шүү дээ. Ирээдүйд таны өмнөөс шийдвэр гаргасан өрөөлийн саналын үр дүнг харж харамсахгүйн төлөө залуус бид “юун сонгууль” хэмээн хэдэрлэх бус харин ч сонгох эрхээ ашиглан өөрсдийн дуу хоолойг чанга гэгч нь түгээх учиртай. 6-р сарын 9-ний өдөр төрийн эрх барилцах эрхээ заавал эдлээрэй хэмээн танаас хүсье.

Я бол яг одоо унш

Хэрэв сонгогч та нэр дэвшигчдийн намтар, мэдээлэл, мөрийн хөтөлбөртэй танилцаж амжаагүй, хэнийг сонгохоо шийдэж чадаагүй байгаа бол яг одоо уншаарай. Танд ул суурьтай шийдвэр гаргах гурван хоногийн хугацаа байна. Ирэх лхагва гарагт санал авах байранд уулзацгаая.


Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.


Тайлбарлах нь: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр #1 - У.Хүрэлсүх

Unread

Тайлбарлах нь: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр #2 - С.Эрдэнэ

Unread

Тайлбарлах нь: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр #3 - Д.Энхбат

Unread

Алдалгүй сонго