Үзэсгэлэнт Монгол орноо таньж, эх орныхоо байгалийн сайхныг зорин үзэхээр зэхэж буй хэн бүхэнд зориулсан цуврал нийтлэлийнхээ ээлжит дугаарт бид баруун аймгуудаар аялахдаа заавал үзэх 10 газрыг онцолж байна. Баруун бүсэд унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь, цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон үндэстэн ястаны өвөрмөц ахуй, зан үйл, түүх соёлын эртний дурсгалууд гээд дотоод гадаадын зочид жуулчдыг татах олон зүйл бий. Тиймдээ ч уг жагсаалтыг гаргахдаа хүн бүрийн мэддэг, тухайн нутаг орны хамгийн алдартай газруудыг түр алгасахыг хичээсэн юм.

Улаанбаатар хотоос багагүй зайд орших баруун аймгуудын гоо үзэсгэлэнг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд та аймаг, сумын төвөөсөө алслагдмал орших, дэд бүтцээс хол газруудаар аялах тохиолдол олон гарна. Энэ бүрд таны аян замын хань болж, хамгийн хол суманд ч ШТС-аа ажиллуулж буй, Монгол орны бүх аймаг сумуудад салбартай Петровис Групптэй хамтран уг контентийг танд хүргэж байгаа билээ.

1. завхан- дуут чулуу

Зургийг soninsodon.life-ээс ашиглав.

Завхан аймгийн Сантмаргац сумын төвөөс зүүн хойш 23 км

Дуут чулуу хэмээн нэрлэсний учир нь уг чулууг мод, эсвэл чулуугаар цохиход хөндий төмөр шиг дуу гаргадаг ажээ. Иймд хүмүүс дуут чулуу, дуут хад гэх мэтээр нэрийддэг. Зарим тохиолдолд дэрэн чулуу гэх нь бий бөгөөд энэ нь гурван жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан хэлбэрээс үүдэлтэй нэр юм. Эдгээр чулууны хэмжээ нь урт нь 85 см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу байдаг.

Анхаарах зүйлс:

Нутгийн ардууд уг хадан дээр дуу оруулж тоглох нь бий. Хөгжимд авьяастай нэгнээ шалгаад үзэх сайхан боломж шүү. Бас машин тэргээ бэлдээд, биед эвтэйхэн хувцас өмсөөрэй.

2. завхан - цайз хэрмийн туурь

Зургийг soninsodon.life-ээс ашиглав.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг сумаас баруун хойш 5 км

Түүхийн гэрч болсон уг байгууламжийг 14-17 дугаар зууны үед ашиглаж байсан бөгөөд судлаачид энэ газрыг цэрэг арми, харуулын цамхаг болон шашны буюу сүм дуганы зориулалттайгаар ашиглаж байсан гэж үздэг. Барилга, архитектурын тун ховор дурсгал болсон уг туурийн байрладаг уулын доод бэлд хийд болон гэрийн буурь байдаг. Сүм дуганы зориулалтын хувьд сүмийн оройд хоёр дуган, урд үзүүрт нэг жижиг суварга, хойд талд нь түүнээс арай том суваргатай дуган байжээ. Нутгийн ард үүнийг Сүмт толгой гэж нэрлэдэг бөгөөд доод бэлд нь хоёр ч гэрийн буурь байдаг аж.

Анхаарах зүйлс:

Уг газар уулын оройд байдаг тул уух усаа авч, биед чөлөөтэй хувцас өмсөөрэй. Мөн очихоосоо өмнө тухайн үеийн түүх, соёлын тухай тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй очвол үзэж буй газрынхаа утга учрыг ойлгож мэдрэхэд илүү дөхөмтэй.

3. увс - алтан элсний дархан цаазат газар

Зургийг mongolianguide.mn-ээс ашиглав.

Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэлийн элсний зүүн хэсэг

1993 онд УИХ-ын тогтоолоор Увс нуурын ай савын кластерийн дархан газрыг байгуулсан байдаг. Нийт 177.5 мянган га газрыг хамрах дархан цаазат газар юм. Энэ дархан газарт Увс нуур, Хархираа уул, Түргэний уул, Торхлог гол, Тэсийн голын адаг, Цагааншувуут уул, Аттан элсийг хамарсан нутаг багтана. Эндээс манхан элст говь нутгаас хээр тал, уулын хээр, ой мод, тагийн бүс, мөнх цаст оргил зэрэг байгалийн таван бүсийн төрх байдлыг нэг зэрэг үзэж болдгоороо тун онцлогтой. Ууландаа аргаль, янгир, монгол тарвага зэрэг амьтад, нуур усандаа борцгор хотон, халбаган хошуут, хээр талдаа нэн ховор жороо тоодог зэрэг амьтан жигүүртэн, хонхот харгана, чацаргана зэрэг ургамалтай, байгалийн сонин сайхан төрх байдлаа алдаагүй үнэхээрийн үзэсгэлэнтэй нутаг юм.

Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуур-пролювийн гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой хэмээжээ.

Анхаарах зүйлс:

Дархан цаазат газар, ховор ан амьтад, өвс ургамал байдаг тул байгальтайгаа тун болгоомжтой, зөв зохистой харьцах хэрэгтэй. Бага насны хүүхэдтэй явж байгаа бол урьдчилан зааж зөвлөөрэй. Эндээс та өмнө нь харж байгаагүй амьтдаа харах боломжтой тул дуран авч явахад ч илүүдэхгүй.



Аялалд гарахаасаа өмнө Петровисийн баруун бүсийн ШТС-уудын байршилтай танилцаарай.


4. увс- гоожуурын хүрхрээ

Гэрэл зургийг Э.Нархүү

Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд Олон нуурын уулсын дунд.

Уг хүрхрээ байрлах Олон нуурын уулс нь далайн түвшнээс дээш 3000 мянган метрийн өндөрт өргөгдсөн байдаг бөгөөд дотроо 108 нууртай тул ийн нэрийджээ. Гожуурын хүрхрээ нь 17 метрийн өндрөөс унадаг, Шивэрийн голын зүүн цутгалаар цутгагддаг. Нутгийн ард олон нь Хүрэн Ханангийн хүрхрээ гэх нь бий. Мөнх цастай, сүрлэг хадтай Долон уул, улаан номд орсон ирвэс, янгир, аргаль, буга зэргийн 20 орчим зүйлийн нэн ховор ан амьтад, 30 орчим зүйлийн ургамалтай.

Анхаарах зүйлс:

Байгаль цаг уурын хүчин зүйлээс илүүтэй хүмүүсийн зохисгүй хандлагаас үүдэн хүрхрээний урсац сүүлийн жилүүдэд татран багасаж байгаа нь харамсалтай. Иймд та аялж зугаалахдаа хамт аялж буй хүмүүсээ ч цэвэрхэн, соёлтой байлгахад сайтар анхаараарай.

5. баян-өлгий - потанины мөсөн гол

Зургийг zamch.mn-ээс ашиглав.

Монгол Улсын баруун хязгаар болох Алтайн нуруу, Алтай Таван Богд ууланд

Алтайн нурууны цогцолборт Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн гол байдгаас хамгийн том, хамгийн урт нь Потанины мөсөн гол билээ. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас хуримтлагдан нягтарснаас үүсдэг аварга том мөсний бөөгнөрөл юм. Мөсөн голууд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байдаг.

Энэ мөсөн голыг 19 дүгээр зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедиц зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн ажээ.

Анхаарах зүйлс:

Дэлхийн температур, мөсөн гол хоёр нягт холбоотой. Газарзүйн тодорхойлолтод 20 км урттай, таван км өргөнтэй, 53,5 хавтгай дөрвөлжин км талбайтай хэмээн тэмдэглэгдсэн байдаг уг гол өнөөгийн байдлаар урт нь 10.4км, талбай нь 24.3 км болтлоо багассан гэх харамсалтай тоо бий. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан Монголын болон гаднын судлаач эрдэмтэд энэ мөсөн голууд одоогийн хурдаараа хайлбал 2090 он гэхэд хайлж дуусна гэж тооцоолсон байдаг. Иймд та уг голыг зорихдоо цаг уур, очих үеэ сайтар төлөвлөж, нутгийн ардаас зөвлөгөө авч очоорой.

6. Баян-өлгий - Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг

Зургийг mongolianguide.mn-ээс ашиглав.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын савд

Цаг хугацааны хувьд Шинэ чулуун зэвсгээс Хүрэл зэвсгийн үеийг хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг өнө эртний сүг зураг юм. Хагас км-ийн өргөнтэй, 15 км-ийн урттай газар нутагт тархсан 10 мянга гаруй сүг зургууд энд бий. Нэг ёсондоо эртний хүмүүсийн зургийн үзэсгэлэн гэж болно. Хамарсан талбайн хэмжээгээрээ дэлхийд томоохонд тооцогддог бөгөөд Монголдоо хамгийн томд орно. Сүг зурагт зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан, морь унасан хүмүүс, анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэгтэй хүн зэрэг дүрслэлүүд багтсан байдаг.

Анхаарах зүйлс:

Тус дурсгалыг үзэхээр явахдаа Өлгий хот - Согоогийн гол - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Усай – Цагаан салаа – Өлгий хот гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой хэмээн Баян-Өлгийчүүд зөвлөдөг байна. Мөн түүхийн ховор уг дурсгалыг үзэхдээ өргөл барьц, сүү тосоор бохирдуулж, гэмтээхээс болгоомжлоорой.

7. ховд - гурван цэнхэрийн агуй

Гэрэл зургийг Ц.Наранбат

Ховд аймгийн Манхан сумын нутагт Хойд цэнхэрийн голын хөвөөнд.

Гурван цэнхэрийн агуй нь 3000-4000 жилийн өмнөх эртний хүмүүс амьдарч байсан ул мөртэй, ан амьтдын дүрслэлтэй хоёр амсартай агуй юм. Агуйд палеолитийн урлагийн дурсгал болох зосоор зурсан шорон эвэрт оронго гөрөөс, тэмээн хяруул, заан зэргийг зурсан байдаг нь эрт үед манай нутаг чийглэг халуун уур амьсгалтай байсныг харуулдаг. Уг дурсгалыг дэлхийн томоохон эрдэмтэд тодорхойлж бичихдээ "Хүн төрөлхтний эртний урлагийн хүчирхэг голомт байсан ба асар өндөр хөгжсөн, уран сайхны их авьяастай, эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч юм" гэжээ. Агуй уулын хормойгоос 100 гаруй метрийн өндөрт байрладаг бөгөөд шохойн чулуун тогтоцтой, багтаамжийн хувьд асар том буюу дотроо бөмбөргөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 15-20 орчим метр өндөртэй аж. 2010 онд Гурван цэнхэрийн агуйг Монголын есөн гайхамшгийн нэгээр шалгаруулсан байдаг.

Анхаарах зүйлс:

Олон мянган жилийг элээсэн, ууланд орших уг агуй нарийн тоосонцор, жижиг чулуу, тоос шороо ихтэй тул агуйн ханан дээрх гайхалтай зургуудыг үзэхийг хүсвэл амны хаалт, малгай, шил, гар чийдэн зэрэгтэй явах нь зөв. Хувийн бэлтгэлээ сайн хангаарай.


Аймаг, сумын төв, дэд бүтцээс алслагдмал байрлалд байдаг хот суурингийн амьдрал зарим талаараа ШТС-уудын байрлалаас шууд хамаардаг. Тийм ч учраас энэ тохиолдлуудыг харгалзаж үзэн Петровис Групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ашгийг биш хэрэглэгчдээ тэргүүнд тавин, газар орны онцлогоос шалтгаалан хөдөө орон нутгийн салбаруудаа тогтвортой ажиллуулсаар ирсэн юм.


8. ховд - Харуул овоо

Ховд аймгийн Үенч сумын нутаг

Далайн түвшнээс дээш 1941 метрийн өндөрт зориуд босгосон том овоо. Булган сумын төвөөсөө ч харагддаг. Энэ овоо нь Булган голын торгууд ястаны босгосон 13 овооны нэг бөгөөд 100 м орчим өндөр эгц хадан хясаан дээр хавтгай занар чулууг шавраар нааж эвлүүлж зүйж модон шургаагаар бэхлэн босгосон 25 орчим метр өндөр овоо юм. Харуул овоог аймгийн хамгаалалтад авсан байдаг. Судлаачид энэхүү байгууламжийг 17-18 дугаар зууны үед хамааруулан үзэх ба нутгийн хил хязгаарын тэмдэг болгон байгуулсан хэмээн үзэх нь ч бий.

Анхаарах зүйлс:

Харуул овоо нь тухайн газар орны нутгийн иргэдийн дунд домог түүх элбэгтэй дурсгалт газар. Иймд очихоосоо өмнө домог түүхийг нь судлаад үзвэл илүү сонирхолтой байх болов уу. Өндөрлөг газар байдаг тул түүнд тохируулж өөрсдийгөө бэлтгэх нь зүй.

9. говь-алтай - монгол элс

Гэрэл зургийг Ч.Батдорж

Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан оршино.

330 км үргэлжилсэн 2724 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг, манхат элс юм. Энэ элсний захад орших Хөхморьт сумын төв дээрээс сайн харагддаг.

Энэ элсний захад Жаргалан сумын нутагт Завхан голын хөндийд Эрээн нуур, Ажиг нуур гэж цэнгэг үзэсгэлэнт нуур бий. Жаргалант сумын төвөөс Эрээн нуур 60 орчим км зайтай. Үүнээс холгүй Дөрөө, Бударгана зэрэг хэд хэдэн сайхан нуурууд бий. Элс, нуур гэдэг байгалийн олон үзэмж нэг дор шахам байрлах энэ газар танд сэтгэл ханамжийг бүрэн өгч чадах байх. Нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн ихэд шүтдэг ажээ.

Анхаарах зүйлс:

Олон тооны нуур, мөн гүн элстэй учир машин суух, шигдэх эрсдэл их бий. Урьдчилан тооцоорой.

10. говь-алтай - ээж хайрхан уул

Зургийг govi-altai.nature.gov.mn-ээс ашиглав.

Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгор.

Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авч, хожим 1995 онд УИХ-ын тогтоолоор байгалийн дурсгалт газар болж, улсын тусгай хамгаалалттай газар болсон. Ээж хайрхан ууланд чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхор, Ембүү хад, Мэлхий хад, Эхийн хэвлий хад, Тагтаа хад, Хүүхэн хэл, Театрын суудал, Түшмэдийн суудал зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Үүнээс есөн тогоон хонхорын ус нь рашааны шинж чанартай болохыг судлаачид тогтоож байжээ. Ээж хайрхан уулын ойролцоо 93 зүйл ургамал ургаж, хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд амьдардаг.

Анхаарах зүйлс:

Хад асга ихтэй, өндөрлөг уул тул ул сайтай, халтирдаггүй гутал сонгож өмсөөрэй.